Номын сан
36-р хичээл: 2 Нифай 26


36-р хичээл

2 Нифай 26

Оршил

Амилсан Есүс Христ өөрийнх нь үр удмынхан дээр нэгэн өдөр айлчилж ирэх бөгөөд энэхүү туршлагын дараа тэд гурван үеийнхээ турш зөв шударга амьдрах болно хэмээн Нифай бошиглосон ажээ. Гэвч түүний үр удмынхан дөрөв дэх үедээ зарим хүн зөв шударга байхаа больж, Мессиаг эсэргүүцэн, эцэстээ устгагдах болно гэдгийг Нифай мэдээд гашууджээ. Нифай өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүсийг бардамнал, нууц хуйвалдаанууд болон санваарыг урвуулан ашиглахаас сэрэмжлүүлсэн ажээ. Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд тэднийг Өөртөө ирэхэд урьдаг хэмээн заадаг байв.

Заах зөвлөмж

2 Нифай 26:1–13

Түүний хүмүүс Есүс Христийг эсэргүүцсэний балгаар устгагдах болно гэдгийг Нифай бошиглов.

Бурханы шүүлт гэж самбар дээр бич.

  • Энэ үгсийг харсан юм уу сонссон үед танд ямар бодол төрдөг вэ?

Эдгээр үгийг харсан үед олон хүнд эвгүй бодол төрдөг ч Бурханы шүүлт олон хүнд адислал авчрах болно гэдгийг тайлбарла. 2 Нифай 26-гаас бид ёс бусчууд болон зөв шударга хүмүүст шударга ёсны үр дагавар болон тохиох зүйлсийн тухай уншдаг.

Нифай 2 Нифай 26-гийн гол захиасын хам сэдвийг бий болгохын тулд, Есүс Христийн төрөлт, үхэл, aмилалтыг олон тэмдэг дагалдах болно хэмээн хэлснийг тайлбарла. Аврагчийг насаа юүлсний дараахан олон хүн бошиглогчдыг болон Есүс Христ тэдний дунд амьдарч байсан Түүний зөв шударга хүмүүсийг хөөсний улмаас мөхөх болно гэдгийг тэрээр бошиглосон юм. Бүр амилсан Аврагч тэдэн дээр айлчлан ирсний дараа ч түүний хойч үеийнхнээс олон нь гэрлийг биш, хар бараан үйлсийг сонгосны” балгаар устгагдах болно гэдгийг тэр бас бошиглосон ажээ. (2 Нифай 26:1–11-ийг үзнэ үү.)

2 Нифай 26:7-г чанга уншихад нэг суралцагчийг урь. Хүмүүсийн устгалыг хараад Нифай ямар хариу үйлдэл үзүүлснийг олохыг ангиас хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Нифай уг шүлгийн төгсгөлд: “Таны замууд шударга” хэмээн тунхагласныг судрын зах дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.

  • “Таны замууд шударга” гэдэг үгс танд ямар хамаатай вэ? (Шударга хүн бусад хүнд үргэлж шударга ханддагийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Бурханы шударга ёс нь ёс бусчууд үйлдлийнхээ учир шийтгэгдэхийг харин зөв шударга хүмүүс ажил үйлсийнхээ төлөө шагнагдахыг шаарддагийг тайлбарлаж, уг асуудлыг ойлгоход нь суралцагчдад тусал. Энэ тайлбарын хэсэг болгон Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг уншихад суралцагчдыг урь. 2 Нифай 26:8–9, 13-ыг суралцагчдаар уншуулахдаа Нифай өөрийнх нь зөв шударга хойч үеийнхэнд ирэх болно хэмээн хэлсэн адислалуудыг олуул.

  • Шүлэг 8, 13-т ямар үгс зөв шударга хүмүүсийн үйлдлүүдийг дүрсэлж байна вэ?

  • Шүлэг 13-т дурдсан адислалуудыг та хэзээ гэрчилсэн бэ?? Их Эзэн Өөрийгөө бидэнд ямар өөр замуудаар илэрхийлдэг вэ?

Дараах зарчмыг самбарт бич: Биднийг Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал Тэрбээр Ариун Сүнсний хүчээр Өөрийгөө бидэнд илэрхийлдэг.

  • Энэхүү үнэнийг мэдэх нь Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

2 Нифай 26:14–33

Нифай эцсийн өдрүүдийн тухай бошиглож, бүх хүнийг Христэд ирэхэд урьсан нь

Олон хүн бардам бөгөөд итгэл бишрэлгүй болсон үед Мормоны Ном ирэх болно гэдгийг Нифай бошиглосныг тайлбарлан, 2 Нифай 26:14–19-ийг хураангуйлан дүгнэ.

Ямар нэг зүйлд бүдэрсэн үеийнхээ тухай санахыг суралцагчдаас хүс (эсвэл харанхуйд бүдэрч болох ямар нэг саад тээгийг тэднээр төсөөлөн бодуулж болно). 2 Нифай 26:20–21-ийг чимээгүй уншихдаа, эцсийн өдрүүдэд хүмүүсийн бүдэрч болох тээг саадуудыг уг шүлгүүдээс олоход тэднийг урь.

  • 2 Нифай 26:20–21-д өгүүлснээр харийнхныг бүдрүүлж болох ямар саадыг Нифай харсан бэ?

  • Хүмүүсийг бүдрэхэд хөтлөхийн тулд Сатаны ашигладаг тээг саадын зарим жишээг нэрлэнэ үү.

Сатан биднийг Бурханаас холдуулах “тээглэх чулууг” бидний зам дээр байрлуулдгаас гадна биднийг хүлэх гэж санаархдагийг тайлбарла. Утас өргөж харуулаад 2 Нифай 26:22-ыг гүйлгэн уншихдаа, Нифай утастай адилхан ямар зүйлийн тухай бичсэнийг олоход суралцагчдыг урь. Ангийн өмнө гарч ирэхэд нэг суралцагчийг урь. Тэр суралцагчийн хоёр бугуйг дан утсаар чанга хүл. Утсыг таслахыг түүнээс хүс. Энэ үйлдлийг давтахдаа одоо түүний хоёр бугуйг утсаар нэлээд хэд давхарлан хүл. Ангийнхны өмнө гарсан суралцагч утсыг тасалж чадахгүй болтол үүнийг үргэлжлүүлэн хийхдээ гараа гэмтээхгүйн тулд болгоомжтой байхыг түүнээс хүс. (Хэрэв танд утас байхгүй бол, энэхүү үйлдлийг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүсч болно.) 2 Нифай 26:22-ыг судлахдаа энэ шүлэг уг үйлдлийг хэрхэн дүрсэлснийг олохыг суралцагчдаас хүс.

  • 2 Нифай 26:22-т, “тэрээр тэднийг хүлэх хүртэл” гэсэн үгсээс юу нь чухал байна вэ? Сатан хэрхэн ажилладаг тухай энэ шүлэг юу зааж байна вэ?

  • Сатан хүмүүсийг “бөх олсоор” хэрхэн хүлж, хөтөлж байхыг та харсан уу? (Олс бол маалингыг хийхэд ашигладаг материал юм.)

  • Эдгээр нүглээс (олсон хүлээснүүд) аль нь таны насны хүмүүст хамгийн аюултай гэж та боддог вэ?

Сатан биднийг хүлж, зөв шударга замаас холдуулахын тулд биднээр харанхуйн ажлуудыг хийлгэхээр уруу татдагийг суралцагчдад сануул. 2 Нифай 26-гийн сүүлчийн шүлгүүд Сатаны зам, Бурханы зам хоёр хоорондоо эсрэг тэсрэг болохыг харуулсныг тайлбарла. 2 Нифай 26:23–24-ийг чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр Их Эзэн хэрхэн ажилладаг вэ? Их Эзэний хийдэг юм бүхний зорилго юу вэ? (Их Эзэний хийдэг бүх зүйл дэлхийн ашиг тусын төлөө юм гэдгийг заадаг 2 Нифай 26:24-ийн хэсгийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөмж болгож болно.)

Санаагаар унасан буюу Их Эзэнээс холдсоноо мэдэрсэн үеийнхээ тухай түр зуур тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Их Эзэний хайрын тухай Нифайн захиас тэдний амьдралд хэрэгжсэнийг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд 2 Нифай 26:24–28, 33-ыг судлахад тэднийг урь. Бүх, ямар ч , нэг нь ч гэсэн үгсийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно (шүлэг 33 дахь хэнээс ч болов гэдэг үг энд орохгүй). Эдгээр үгийг агуулсан өгүүлбэрүүдийг дахин уншихад зориулж хэдэн минут суралцагчдад гаргаж өг.

Эдгээр шүлгээс ойлгож мэдсэн зүйлээ ангийн өөр нэг гишүүнтэй товчхон ярилцахыг суралцагч бүрээс хүс. Суралцагчид санал бодлоо бие биентэйгээ хуваалцсаны дараа ярилцлагынхаа гол санааг нийт ангийнхантайгаа хуваалцахыг цөөхөн суралцагчаас хүс. Энэ ярилцлагын гол сэдэв нь Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд бүх хүнийг Түүнд ирж, Түүний авралыг хүртэхэд урьдаг гэсэн санаа байх ёстой Та энэ өгүүлбэрийг самбар дээр бичиж болно. Та бас дараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ буюу хичээлийн дэвтэртээ бичихэд суралцагчдыг урьж болно.

  • Та Их Эзэний ач буяныг амьдралдаа хэзээ мэдэрсэн бэ?

  • Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд бүх хүнийг Түүнд ирэхэд урьдгийг мэдэх нь танд хэрхэн тусалж болох вэ?

Дүгнэлт хийхийн тулд 2 Нифай 26:25, 33-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Түүнийг уншиж эхлэхээс өмнө тэдэнд урам дэм өгч буй үг, өгүүлбэрүүдийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлө. Эдгээр шүлгүүд дэх нэмэлт санааг олж харахад суралцагчдад туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид Бурханы бүх хүүхдийг, түүний дотор хувцаслалт, нүүр царай, хэл яриагаараа эсвэл юмсыг хийдэг байдлаараа өөр өөр хүмүүст талархалтай хандаж, тэднийг урьдаг мөн хайрладаг гэдэгтээ би итгэлтэй байдаг. Бусад хүнд өөрийгөө дорд үзэх үзэлд хүргэх нь сайн зүйл биш юм. Эргэн тойрныхоо хүмүүсийг дэмжиж, тэдэнд урам хайрлацгаая. Тусламжийн гараа тэдэнд сунгацгаая. Сүм дэх ах, эгч нар маань удаан хугацаанд төөрсний эцэст байх ёстой газраа олсон гэдэгт бат итгэлтэй байхын тулд тэдэнд хүнлэг, энэрэнгүй өрөвч сэтгэлээр хандацгаая. …

“Өөрсдийнхөө төлөө хүсдэг бүхнийг бусдын төлөө чин сэтгэлээсээ хүсдэг байх нь цорын ганц зөв бөгөөд жам ёсны зүйл юм.

Бид хувийн амьдралдаа эсвэл дэлхийд нүгэл хилэнцийг хүлцэн тэвчих буюу үл тоомсорлохыг би санал болгож байгаа юм биш. Гэсэн хэдий ч, бид заримдаа туйлшран, нүглийг нүгэл үйлдэгчтэй хольж хутган, өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийг умартан, хэтэрхий түргэн зэмлэн буруутгадаг. …

… Бусдын төлөө өрөвч нигүүлсэнгүй сэтгэл гарган, зүрх сэтгэлээ тэдэнд хандуулж, тусламжийн гараа сунгацгаая. Учир нь хүн бүр өөрийн бартаат замаар алхан урагшилдаг билээ” (“You Are My Hands,” Ensign, 2010 оны 5-р сар, 68–69).

  • Бид 2 Нифай 26:33-ыг болон ерөнхийлөгч Угдорфын энэ сургаалыг амьдралдаа ямар арга замаар хэрэгжүүлж болох вэ?

Тусламж хэрэгтэй бусад хүнд хүрч, Их Эзэний хайрыг мэдрэхэд тэдэнд туслахын тулд юу хийж болохыг авч үзэхэд суралцагчдыг урь.

Хэвлэх