Номын сан
1 Нифай


ОРШИЛ Нифайн нэгдүгээр ном

Энэ номыг яагаад судалдаг вэ?

Суралцагчдын хувьд тэд 1 Нифайг судлах ба “итгэлийнх нь учир бүр тэднийг хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг” (1 Нифай 1:20) олж мэдэх болно. Тэд мөн Бурхан Өөрийн хүүхдүүдийг адислахыг хүсдэгийг олж мэдэх болно. Лихай болон түүний хүмүүс Бурханы зарлигуудыг дагаснаар Түүний нигүүлсэл, адислалуудыг хүртсэн билээ. Лихай болон Нифай Бурханаас удирдамж хүссэн бөгөөд үүнийгээ зүүд, үзэгдэл, Лиахона мөн Ариун Сүнсний удирдамжаар хүлээн авдаг байжээ. Нифай өөрт нь Бурханы мэргэн ухааныг үзүүлсэн дэлхийн түүхийн талаар агуу их үзэгдэл үзэж; баптисм, номлол, Есүс Христийн цовдлолт, нифайчуудын устгал болон хожмын өдрүүдийн тухай бичиглэжээ. Бурхан, Нифай болон түүний ах нарт гуулин ялтсуудыг авахад нь тусалжээ. Тэгснээр тэд судартай болж чадсан юм. Тэрээр мөн Лихай болон түүний хүмүүсийг аглаг буйд дахь өлсгөлөн, далай тэнгис дэх устгалаас аварч, амлагдсан нутаг руу аюулгүй хүргэжээ. Суралцагчид энэ номноос Нифай болон Лихайн амьдралын туршлагыг судалснаар тэнгэрийн адислалуудыг хэрхэн эрэлхийлж, хүлээн авах талаар суралцаж чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Лихайн хүү Нифай өөрийн хүмүүсийн цэдгийг хөтлөх Их Эзэний тушаалыг даган энэ номыг бичсэн. Нифай Иерусалимын ойролцоо төрсөн юм. Тэр бошиглогч Иеремиагийн тохинуулал, хаан Зедекиагийн засаглалын үед амьдарч байжээ. Нифай Иерусалимын устгал болон түүний гэр бүл Иерусалимыг орхин гарах хэрэгтэй хэмээх аавынхаа үгийн талаар өөрийн гэрчлэлийг олж авахыг хүсдэг. Тэрээр Их Эзэний зөвлөгөөг эрэлхийлж, дагаснаар Бурханы мутарт зэмсэг болдог. Тэр ах нарын хамт хоёр удаа Иерусалим руу буцсан бөгөөд эхний удаа гуулин ялтсуудыг авах гэж харин хоёр дахь удаадаа Ишмэилийн гэр бүлийг аглаг буйд дахь Лихайн гэр бүлтэй нэгдэхийг ятгахаар явсан юм. Их Эзэний тусламжтайгаар Нифай гэр бүлээ болон бусад хүмүүсийг амлагдсан нутаг руу далай тэнгис дээгүүр авч явахын тулд усан онгоц барьжээ. Лихайг нас барсны дараа Их Эзэн Нифайг өөрийнх нь хүмүүсийн удирдагч байхаар томилов.

Энэ ном хэнд зориулагдан хэрхэн бичигдсэн бэ?

Нифай энэхүү номыг оюун бодолдоо гурван хэсэг хүмүүсийг бодон бичжээ: эцгийнхээ үр удам, хожмын өдрүүд дэх Их Эзэний гэрээт хүмүүс мөн дэлхий дээрх бүх хүнийг болгоожээ (2 Нифай 33:3, 13). Тэр бүх хүмүүнийг Есүс Христэд ирж, аврагдахыг ятгахын тулд үүнийг бичжээ (1 Нифай 6:4-ийг үз).

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Нифай 1 Нифайг ойролцоогоор МЭӨ 570 онд буюу түүний гэр бүл Иерусалимыг орхин гарснаас хойш 30 жилийн дараа бичжээ (2 Нифай 5:30-ыг үз). Тэрээр үүнийг Нифайн газар нутагт байхдаа бичжээ.

Энэ номын зарим онцлог юу вэ?

1 Нифай нь зүүд, үзэгдэл, шууд илчлэлтээр хүлээн авсан зарим тэнгэрлэг илэрхийлэлтийг агуулдаг. Бурханыг эрэлхийлдэг хүмүүсийг Тэрээр зааварлаж, удирдаж, хамгаалдаг болохыг дараах илэрхийлэлт харуулдаг:

  • Лихайг залбирах үед галан багана тодорч, тэрээр өөрийг нь дагжин чичрэхэд хүргэсэн олон зүйлийг харж бас сонсжээ. (1 Нифай 1:6–7-г үз).

  • Лихай нэгэн үзэгдэл үзсэн бөгөөд үзэгдэлдээ Бурханыг харж бас Иерусалимын устгал болон түүний оршин суугчдын боолчлолын талаар бичсэн бошиглолыг нэгэн номноос уншжээ (1 Нифай 1:8–14-ийг үз).

  • Их Эзэн Лихайд гэр бүлээ авч, аглаг буйд тийш одохыг зарлиглажээ (1 Нифай 2:1–2-ыг үз).

  • Их Эзэн Лихайд түүний хөвгүүд алтан ялтсуудыг авахаар Иерусалим руу буцан явах ёстой хэмээн зарлиглажээ (1 Нифай 3:2–4-ийг үз).

  • Лемен, Лемүел хоёр Нифай, Сам нарыг зодож байх үед тэнгэр элч гарч ирдэг (1 Нифай 3:29-ийг үз).

  • Их Эзэн, Нифай болон түүний ах нарт, Ишмэил хийгээд түүний гэр бүлийг авчрахаар Иерусалим руу буцахыг зарлигладаг (1 Нифай7:1–2-ыг үз).

  • Лихай, Нифай хоёр амьдралын мод; Есүс Христийн төрөлт, номлол, Цагаатгал; амлагдсан нутгийн түүх; сайн мэдээний Сэргээлт; чөтгөрийн цэргүүд болон Бурханы Хурганы Сүмийн хоорондох зөрчилдөөнийг багтаасан үзэгдэл үздэг (1 Нифай 8; 11–14-ийг үз).

  • Нифайд амлагдсан нутаг руу өөрийн хүмүүсийг авч явах усан онгоцыг хэрхэн хийхийг үзүүлдэг (1 Нифай 18:1).

1 Нифайн ном нь амлагдсан нутаг руу аялсан хүмүүсийн түүхийг багтаадаг. Мормоны Номонд хожим нь амлагдсан нутаг руу аялсан хоёр бүлэг хүнийг нэрлэсэн байдаг: мюлекчүүд (Омнаи 1:14–17-г үз) болон жаредчууд (Ифер 6:4–12-ыг үз).

1 Нифай ном нь мөн хоёр чухал зүйлийг харуулан өгүүлдэг: Лебений илд болон луужин буюу чиглүүлэгч хэмээх Лиахона (1 Нифай 18:12; Алма 37:38-ыг үз). Лиахонагаар дамжуулан Их Эзэн Лихайн гэр бүлийг аглаг буйдад, далай тэнгисийн дундуур удирддаг. Лебений илд нь Нифайн иргэншлийн төгсгөл хүртэл үеэс үед гардуулагдсан юм. Лиахона болон Лебений илд нь хоёулаа алтан ялтсуудтай хамт булагдсан бөгөөд эдгээрийг Иосеф Смит гурван гэрчийн хамт үзсэн билээ (С ба Г 17:1–2-ыг үз).

Тойм

1 Нифай 1–7 Лихай өөрийн гэр бүлийг аглаг буйд руу удирддаг. Түүний хүү Их Эзэний зарлигийг дагаж, Иерусалим руу буцан, гуулин ялтас авч, Ишмэил болон түүний гэр бүлийг аглаг буйд руу тэдэнтэй нэгдэхийг ятгахаар Иерусалим руу дахин буцдаг.

1 Нифай 8–15 Лихай, Нифай хоёр хоёулаа амьдралын модны үзэгдлийг үздэг. Нифай Аврагчийн номлол болон хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлт рүү хөтөлсөн түүхэн үйл явдлын тухай өөрийн үзэгдлийг өгүүлсэн байдаг.

1 Нифай 16–18 Их Эзэн Лихай болон түүний гэр бүлийг амлагдсан нутаг руу аглаг буйд, далай тэнгисийн дундуур удирдсан байдаг.

1 Нифай 19–22 Нифай Есүс Христ болон Израилийн хуваагдалт ба цугларалтын талаар бошиглодог.