19-р хичээл
1 Нифай 18
Оршил
Их Эзэний удирдамжийг дагаснаар Нифай бусдын хамт усан онгоц барьж, амлагдсан нутаг руу урагшлав. Аяллынхаа үеэр Лемен, Лемүел, Ишмэилийн хөвгүүд болон тэдний эхнэрүүд Их Эзэний эсрэг тэмцэв. Нифай тэднийг зэмлэхэд Лемен, Лемүел хоёр бөх олсоор түүнийг хүлжээ. Үүний үр дүнд Лиахона ажиллахаа больж, тэд аль зүгт усан онгоцоо залуурдахаа мэдэх боломжгүй болсон байна. Агуу хүчит салхи усан онгоцон дээрх хүн бүрийн амьдралыг заналхийлэх үед тэд наманчилж, Нифайг чөлөөлжээ. Нифай шуургыг намдаахыг гуйн залбирч, Их Эзэн тэдний аяллыг амлагдсан нутаг руу эргүүлэн удирджээ.
Заах зөвлөмж
1 Нифай 18:1–8
Лихайн гэр бүл амлагдсан нутаг руу аялахдаа бэлтгэв
Самбар дээр Их Эзэний хүч болон миний хичээл зүтгэл гэж бич. Суралцагчдаас тэдэнд тулгарч байгаа асуудлын талаар бодохыг хүс. Тэднийг (Их Эзэний хүч эсвэл миний хичээл зүтгэл) аль нь асуудлыг шийдэхэд илүү үр дүнтэйг нь сонгохыг урьж, яагаад гэдгийг нь асуу. Товч ярилцлагын дараа суралцагчдыг Нифайн үлгэр жишээ тэдэнд тулгарсан асуудлуудыг давахад тусалсан арга замуудыг 1 Нифай 18-аас олоход урь.
Лихай болон түүний хүмүүс амлагдсан нутагт ирсэн нь зургийг үзүүл (62045; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 71).
Суралцагчдыг 1 Нифай 18:1–8-г дотроо уншихыг урь. Тэднээс (1) Нифай болон түүний гэр бүл амлагдсан нутаг руу хийх аяндаа бэлтгэхийн тулд юу хийснийг мөн (2) Их Эзэн тэдэнд туслахын тулд юу хийснийг олохыг хүс.
-
Нифайд “цагаас цагт” илчлэлт хүлээн авах нь яагаад чухал байсан бэ?
-
1 Нифай 18:2–3-т гарсанчлан Нифайн үйлдэл болоод түүний Их Эзэнээс хүлээн авсан тусламж хоёрын хооронд ямар уялдаа холбоог та харж байна вэ?
-
Хэрхэн Их Эзэний удирдамж болон Нифайн хичээл зүтгэл хоёр хоёулаа усан онгоц барьж, амлагдсан нутагт хүрэхэд чухал байсан бэ?
Суралцагчдаас Нифайн жишээнээс сурч болох хэдэн зарчмыг олохыг хүс. Суралцагчдыг өөрсдийн суралцсан үнэнүүдийг тодорхойлсны дараа дараах зарчмыг самбар дээр бич: Их Эзэний зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бид Түүний тусламжийг эрэлхийлж, өөрсдөө хичээл зүтгэл гаргах ёстой.
-
Хэзээ та Их Эзэнээс удирдамж хүлээн авч мөн Түүний зарлигуудыг дагахын тулд хичээл зүтгэл гаргах шаардлагатай болж байсан бэ?
Суралцагчдыг бие биенийхээ хариултыг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бичихэд урь.
Бид бүгдэд Бурханы зарлигуудыг дагаж, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд гардаг сайн мэдээний жишгүүдийг дагахын тулд Түүний тусламж хэрэгтэй гэдгийг онцол. (Та хичээл эхлэхээс өмнө Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг ангид авчирч болно.) Суралцагчдыг дуулгавартай дагахад Бурханы тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг зарлиг эсвэл сайн мэдээний жишгүүдийг тодорхойлохыг урь. Тэдэнд (1) ямар нэгэн зарлигийг дуулгавартай дагахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхдээ юу хийж болох мөн (2) хувиасаа ямар хичээл зүтгэл гаргах ёстой талаар судрын тэмдэглэл дээрээ бичих цаг өг.
1 Нифай 18:9–25
Лемен, Лемүел хоёр амлагдсан нутагт хүрэх аянд саад учруулсан эсэргүүцлийг удирдав
Дараах асуултыг асуу:
-
Бидэнд саад бэрхшээл тулгардаг зарим шалтгааныг хэлнэ үү?
Ярилцлагын дараа нэг суралцагчийг Далын ахлагч Л.Витни Клэйтоны дараах үгсийг уншихыг урь. Ангиас ахлагч Клэйтоны бидэнд тулгардаг саад бэрхшээлийн талаар хэлсэн гурван шалтгааныг сонсохыг хүс:
“Ерөнхийдөө бидний ачаа дарамт гурван эх сурвалжаас үүдэлтэй. [1] Зарим ачаа дарамт нь бидний амьдарч буй дэлхий дэх байгалийн үзэгдэл, нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг. Өвчин зовлон, бие махбодын согог, хар салхи, газар хөдлөлт нь биднээс шалтгаалахгүйгээр цагаас цагт тохиолддог. …
[2] Бусад ачаа дарамт нь бусдын зохисгүй зан авираас үүдэн бидэнд ирдэг. Хүчирхийлэл, донтолт нь гэр бүлийн гэм зэмгүй гишүүдийг зовлонд унагаж, гэр орны уур амьсгалыг эвддэг. Нүгэл, буруу зан байдал, хавчлага дарамт болон гэм зэмгүй хүмүүсийг амьдралынх нь туршид хохироосон гэмт хэргүүд. …
[3] Бидний гаргасан алдаа, дутагдал бидэнд олон асуудал, бэрхшээлийг авчирдаг бөгөөд хүнд хэцүү ачаа дарамтыг бидний нуруунд үүрүүлдэг. Бидний өөрсөд дээрээ авчирдаг хамгийн хүнд ачаа дарамт бол гэм нүглийн ачаа дарамт юм” (“That Your Burdens May Be Light,” Ensign мөн Лиахона, 2009 оны 11-р сар, 12–13).
Самбар дээр (1) дэлхийн нөхцөл байдал, (2) бусдын буруу зан авир (3) бидний гаргадаг алдаа, дутагдал гэж бич.
Лихайн гэр бүл далай дахь аяндаа гарсны дараа Лемен, Лемүел, Ишмэилийн хөвгүүд мөн тэдний эхнэрүүд усан онгоцон дээрх хүн бүрд зовлон авчирсан буруу сонголтуудыг хийсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Нифай 18:9-г чангаар уншихыг урь. Суралцагчдыг хэн нэгэн буруу сонголт хийж байгаа жишээг сонсох үедээ гараа өргөхөд урь.
-
Лемен, Лемүел, Ишмэилийн хөвгүүд мөн тэдний эхнэрүүд ямар буруу сонголт хийсэн бэ? Энэ сонголт яагаад буруу байсан бэ?
Суралцагчдад бүжиглэж, хөгжим сонсож, хөгжилтэй байх нь буруу биш бөгөөд энэ шүлэг Лемен, Лемүел болон бусад хүмүүс эдгээрийг “ихэд балмад” (1 Нифай 18:9) явдалд хийснийг харуулж байна гэдгийг ойлгоход нь тусал. Балмад гэдэг үг нь бүдүүлэг, хатуу ширүүн байдлыг хэлж байгааг тайлбарла. Дайсан бүжиг, дуу хөгжим, бидний ярианы өнгө аясыг оюун бодол, зүрх сэтгэлийг маань булингартуулж, Ариун Сүнсний нөхөрлөлийг алдагдуулахад ашигладаг.
Нэг суралцагчийг 1 Нифай 18:10-г чангаар уншихад урь.
-
1 Нифай 18:10-т гарсанчлан Нифай хэрэв эсэргүүцэл үзүүлж байгаа хүмүүс наманчлахгүй бол юу тохиолдоно гэж айсан бэ?
-
Нифай тэдэнд туслахын тулд юу хийсэн бэ? (Суралцагчдад буурь суурьтайгаар гэдэг нь чухалчилж ярих гэсэн үг гэдгийг мэдэх нь тустай байж болно.)
Суралцагчдыг хэрэв гэр бүлийн гишүүд нь эсвэл Сүмийн удирдагч тэднийг сонсдог хөгжим, бүжиглэдэг бүжиг, ярьдаг яриагаа өөрчлөхийг хүсвэл тэд хэрхэн хүлээж авах тухай бодоход урь. Суралцагчдаас тэдний зөвлөгөөг сонсож, өөрчлөлт хийх эсэхээ тунгаан бодохыг хүс.
Нэг суралцагчийг 1 Нифай 18:11-г чангаар уншихад урь.
-
1 Нифай 18:10–11-т гарсанчлан Лемен, Лемүел хоёр Нифайн зөвлөгөөнд хэрхэн хандсан бэ?
-
Яагаад Их Эзэн Лемен, Лемүел хоёрт Нифайг хүлэхийг зөвшөөрсөн бэ?
Хэдэн суралцагчийг 1 Нифай 18:12–14, 17–19-г чангаар ээлжлэн уншихад урь. Суралцагчдаас Лемен, Лемүел хоёрын зан авирын үр дүнг харуулсан үгсийг олохыг хүс. Суралцагчдаас энэ түүхээс сурч болох сайн мэдээний зарчмуудыг тодорхойлохыг хүс. Тэдний хариулт нүгэл нь бидэнд мөн заримдаа бусад хүнд зовлон авчирдаг байж болно. Суралцагчдад уг зарчмыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд та дараах асуултыг асууж болно:
-
Хэдхэн хүний эсэргүүцэл хэрхэн бүгдэд нөлөөлсөн бэ?
-
Ухаалаг бус, дуулгаваргүй сонголт хэрхэн илчлэлт хүлээн авах бидний чадварт нөлөөлдөг вэ?
Ярилцлагын үеэр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн дараах үгсийг уншиж өг:
“Бид Сүмд сүсэг бишрэлтэй болон сүсэг бишрэлгүй зан байдлыг хардаг. Эдгээр зан байдлын олон нь магтууштай боловч бид үнэндээ аажмаар сүмээс холдсоор байна. Бидэнд энэ талаар нухацтай бодох шалтгаан бий.
Дэлхий улам их чимээтэй болсоор байна. Хувцаслалт, цэвэр ариун байдал, зан авир улам дордож, замбараагүй болсоор байна. Бүдүүлэг үг хэллэгтэй чанга дуу хөгжим энд тэндгүй цацагдаж байна. Эдгээр олон зүйл нь улам олон залуучуудын сонирхлыг татаж, тэдэнд нөлөөлж байна. …
Энэ нь илүү чанга, илүү сэтгэл татам, зөрчилдөөнтэй мөн хяналтгүй, хүндэтгэлгүй, ёс журамгүй болж байгаа нь тохиолдлын хэрэг биш бөгөөд хор хөнөөл, гэм буруутай зүйл юм.
“Цэргийн дайралт хийхээр завдаж буй захирагчийн анхны тушаал нь эсрэг талынхаа холбоо барих сувгийг таслах явдал байдаг.
Бишрэл хүндэтгэлгүй байдал нь, оюун санааны болон сүнсний хоёулангийнх нь илчлэлт авах нандин эмзэг сувгуудыг хааснаар, эсрэг талын зорилгыг хангадаг” (“Reverence Invites Revelation,” Ensign, 1991 оны 11 сар, хууд.22).
-
Хэрэв та дуулгаваргүй, зөрүүд болсон бол энэ нь таны гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь таны найзуудад хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь танай анги эсвэл чуулгад хэрхэн нөлөөлөх вэ?
Самбар дээр бичсэн зовлон бэрхшээлийн гурван эх сурвалжийг хар. Энэ бүлгийн үлдсэн хэсэг бидний эсвэл бусдын сонголтоос болсон эсэхээс хамаарахгүй зовлон бэрхшээлд хэрхэн хандахад мэдэхэд бидэнд тусалдаг. Суралцагчдыг 1 Нифай 18:15–16, 20–23-ыг дор дороо уншихад урь. Тэднийг эдгээр бүх нөхцөл байдалд хамаатай үнэнийг олоход урь. Тэднийг сурсан зүйлээ өөрийнхөө үгээр тайлбарлахад урь. Тэдний хариултууд дараах зарчмуудыг багтааж болно:
-
Бид Бурхан руу харж, зовлон бэрхшээлтэй үедээ итгэлтэй үлдэж чадна.
-
Залбирал зовлон бэрхшээлтэй үедээ амар амгаланг олоход бидэнд тусална.
Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа Нифайн зовлон бэрхшээлтэй үедээ үзүүлсэн зөв шударга үлгэр жишээг онцол. Нэг суралцагчийг ахлагч Л.Витни Клэйтоны гэрчлэлийг уншихад урь. Ангиас зовлон бэрхшээлтэй үедээ хийхийг зөвлөсөн ахлагч Клэйтоны зөвлөгөөг тодорхойлохыг хүс:
“Бидэнд ирж буй ачаа дарамт, байгалийн нөхцөл байдал, бусдын буруу зан авир эсвэл бидний алдаа, дутагдлаас болсон эсэхээс хамааралгүй бид бүгд хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрээр бидний өсөлт, хөгжилтийн төлөөх Өөрийн мөнхийн төлөвлөгөөний хэсэг болгон биднийг энэ дэлхий рүү илгээсэн юм. Бидний хувийн онцгой туршлагууд бидэнд Түүн рүү эргэж очихын тулд бэлтгэгдэхэд тусалдаг. … Бид ачаа дарамтыг ‘дажгүй’ [С ба Г 121:7–8-ыг үз] давахын тулд хийж чадах бүхнээ хийх ёстой. …
Бид Бурханы зарлигуудыг дагаж, гэрээгээ сахих юм бол Тэрээр бидэнд ачаа дарамтаа үүрэхэд маань туслах блно. Тэр биднийг хүчирхэгжүүлдэг. Биднийг наманчлах үед Тэрээр биднийг уучилж, дотоод сэтгэлийн амар амгалан, баяр баясгалангаар адислах болно” (“That Your Burdens May Be Light,” 13–14).
Суралцагчдыг энэ хичээлээс сурсан нэг үнэнээ тунгаан бодоход урь.
-
Хэзээ та энэ үнэнийг өөрийнхөө амьдралд эсвэл хэн нэгний амьдралд харсан бэ?
Та бид итгэлтэй байж, наманчилж, Түүн рүү эргэж очих юм бол Бурхан бидэнд зовлон бэрхшээлтэй үед маань туслах болно гэдэг өөрийн гэрчлэлийг нэмж болно.
Эцэст нь Нифай болон түүний гэр бүл туулсан зовлон бэрхшээлээсээ үл хамааран амлагдсан нутагт ирсэн гэдгийг суралцагчдад сануул. Бид Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, хүлээн авсан удирдамжаа дагахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөх юм бол Их Эзэн туршлага олгохоор биднийг дэлхий рүү илгээсэн аяллыг амжилттай дуусгах болно.