41-р хичээл
2 Нифай 32
Оршил
“Мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн” (2 Нифай 31:18) замын тухай заасныхаа дараа Нифай, өөрийнх нь хүмүүс энэ замаар орсны дараа юу хийх ёстой талаараа эргэлзэж байсныг мэдсэн ажээ. Тэр тэднийг “Христийн үгс дээр найрлаж,” “үргэлж залбирахад” (2 Нифай 32:3, 9) урамшуулан дэмжих замаар тэдний асуултуудад хариулжээ. Хэрэв тэд эдгээр зүйлийг хийвэл Ариун Сүнс тэдэнд юу хийхийг мэдэхэд нь тусална хэмээн итгэл төрүүлсэн юм.
Заах зөвлөмж
2 Нифай 32:1–7
Есүс Христийн үгсээр болон Ариун Сүнсний өдөөлтүүдээр дамжуулан бурханлаг удирдамж эрж хайхыг Нифай бидэнд зөвлөсөн юм
Нэг газраас нөгөө газарт хүрэх замыг хэн нэгэнд зааж өгсөн тохиолдлынхоо тухай бодоход суралцагчдыг урь. Ийнхүү хүнд зам зааж өгөх нь яагаад нэг бодлын амар, нөгөө бодлын хэцүү байдгийг тэднээс асуу.
Тэд өмнөх хичээлээр өөрийн хүмүүст өгсөн Нифайн удирдамжуудыг судалсныг суралцагчдад таниул. Тэр удирдамжуудыг хуваалцсаны дагуу “Энэ бол зам нь”(2 Нифай 31:21) гэж хэлсэн байдаг. Сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Хэрэв бид Нифайн удирдамжийг дагавал энэ нь биднийг хааш нь удирдах вэ? (Мөнх амьдрал өөд; 2 Нифай 31:20-ийг үзнэ үү.)
-
2 Нифай 31:17–18-д өгүүлснээр, бид мөнх амьдралд хүргэдэг замаар ороод юу хийж эхлэх ёстой вэ?
2 Нифай 32 бол 2 Нифай 31 дэх Нифайн сургаалуудын үргэлжлэл юм гэдгийг тайлбарла. 2 Нифай 32:1-ээс Нифайн хүмүүс өөрсдөд нь түүний заасан зүйлсийн талаар ямар асуулт асуусныг олохыг суралцагчдаас хүс. Энэ асуултыг өөрийнхөө үгээр илэрхийлэхэд хэдэн суралцагчийг урь. (Хүмүүс мөнх амьдралд хүргэдэг зам дээр гарсныхаа дараа юу хийх ёстойгоо мэдэхгүй байх явдал гардгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар.)
2 Нифай 32:2–3-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Хүмүүсийн асуултад Нифай хэрхэн хариулсныг олохыг ангийнхнаас хүс. 2 Нифай 32:3 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсгийг амархан олохын тулд тэмдэглэгээ хийхэд суралцагчдыг дэмж.
-
2 Нифай 32:3 дахь ямар үгс бид Христийн үгс дээр хэрхэн найрлах ёстойг дүрсэлж байна вэ? Найрлах нь идэж уухаас ямар ялгаатай вэ?
-
Христийн үгс дээр найрлах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ?
-
Бид Христийн үгс дээр найрласны үр дүн нь юу байх болно гэж Нифай хэлсэн бэ?
-
Бид Есүс Христийн үгсийг хаанаас олж болох вэ? (Судрууд, өнөө үеийн бошиглогчдын үгс, Ариун Сүнсний удирдамж зэрэг хариулт байж болно.)
Биднийг Христийн үгс дээр найрлахад бидний хийх ёстой бүх зүйлийг Христийн үгс бидэнд хэлж өгөх болно гэдгийг суралцагчад ойлгосон байх ёстойг анхаар.
Тэд Есүс Христийн үгс дээр хэрхэн сайн найрлах талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд тухай бүр зогсолт хийн дараах жагсаалтыг унш. Жагсаалтыг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичиж авахыг суралцагчдаас хүс.
-
Хувиараа судар судлах
-
Ариун ёслолын цуглаанд оролцох
-
Ерөнхий чуулганд суух
-
Гэр бүлээрээ судар судлах
-
Семинарт явах
-
Гэр бүлийн үдэш хийх
-
Аароны санваарын чуулгын цуглаан эсвэл Залуу эмэгтэйчүүдийн анги
-
Хувиараа залбирах
Дээрх хэлбэр тус бүрээр Есүс Христийн үгсийг хэрхэн эрж хайх талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Дээрх хэлбэр тус бүрээр найрлах, хөнгөн зууш идэх, өлсөх гэдэг үгсийг тэднээр бичүүл. Жишээ нь, суралцагч хувиараа судар судлахдаа найрлаж, харин Ерөнхий чуулган дээр зөвхөн хөнгөн зууш идэж болно. Ариун ёслол дээр анхааралгүй байдаг суралцагч “ариун ёслолд оролцох” гэдэг үгсийн дэргэд өлсөх гэдэг үгийг бичиж болно.
“Хөнгөн зууш идэх” буюу “өлсөх” үйл ажиллагаануудын аль нэгийг сонгохыг суралцагчдаас хүсээд, дараа нь “Христийн үгс дээр найрлахад” туслах зорилго тавихад тэднийг урь. (Бурханы өмнө хүлээсэн үүрэг эсвэл Хувийн хөгжил дэвшлийн зорилгуудынхаа талаар эргэцүүлэн бодоход та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.)
Ариун Сүнснээс хувиараа удирдамж эрэлхийлэх үүргээ улам сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 2 Нифай 32:4–7-г тэднээр чимээгүй уншуул. Тэгээд дараах асуултуудыг дэргэдэх суралцагчтайгаа ярилцахыг тэднээс хүс. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө тараах материал дээр эсвэл самбар дээр бичсэн байхыг хүсч болно.)
-
Шүлэг 4 дэх “асуух,” “тогших” гэсэн үгс ямар утгатай гэж та бодож байна? Асуудаггүй эсвээс тогшдоггүй хүмүүст ямар үр дагаврууд ирнэ гэж Нифай хэлсэн бэ?
-
Ариун Сүнсийг хүлээн авснаар бидэнд ямар адислал ирж болно гэж Нифай амласан бэ?
-
Нифай яагаад өөрийн хүмүүсийн улмаас гашуудсан бэ?
Суралцагчид Есүс Христийн үгс дээр найрлавал мөнх амьдралд хүргэх замыг дагахад Ариун Сүнс тэдэнд туслах болно гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийл.
2 Нифай 32:8–9
Нифай бидэнд үргэлж залбирахыг зөвлөсөн юм
Дараа нь Нифай, Есүс Христийн үгсийг хүлээж авахын тулд бидний хийж чадах нэг зүйл дээр анхаарал төвлөрүүлснийг тайлбарла. 2 Нифай 32:8-ыг чимээгүй уншихдаа биднийг юу хийх ёстой гэж Нифай хэлснийг олоход суралцагчдыг урь. Тэднийг хариултаа олсны дараа, залбирлын ач холбогдлыг тунгаан бодоход тэдэнд туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Ариун Сүнс яагаад биднээс залбирахыг хүсдэг гэж та боддог вэ?
-
Сатан яагаад биднийг залбирахгүй байгаасай гэж хүсдэг вэ? Сатан ямар замаар залбирахгүй байхыг хүмүүст итгүүлэх гэж оролддог вэ?
2 Нифай 32:9-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. 2 Нифай 32:8–9 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсгийг амархан олохын тулд ямар нэг ялгарах байдлаар үүнд тэмдэглэгээ хийхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.
-
Бид хэр олон удаа залбирах ёстой вэ? “Үргэлж залбирах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг унш. (Хэрэв боломжтой бол ахлагч Бэднарын хэлсэн үгсийг чанга уншиж, түүн дээр анхаарал төвлөрүүлэхийн тулд энэ эшлэлийг олшруулж, суралцагчдад тараа. Хэрэв та эшлэлийг олшруулбал үүнийг хичээл дээр товчхон ярилцахыг анхаар. Энэ хэсгийг мөн эшлэлд оруул.) Хэрхэн “үргэлж залбирах” тухай ахлагч Бэднарын өгсөн зөвлөгөөг анхааралтай сонсоход суралцагчдыг урь.
“Бидэнд өглөөний залбирлаараа Тэнгэрлэг Эцэгтэйгээ зөвлөх зан төлөвийн, бусадтай харилцах харилцааны гэхчилэн сүнслэг байдлын ямар нэг асуудал байж болно. …
Бид залбирлаа өдрийн турш зүрх сэтгэлдээ хадгалж, удирдамж, чиглэл хүлээн авахад бэлэн байх ёстой. …
Хэн нэгэнтэй хэг ёг хийж яримаар, уурлаж уцаарламаар ч санагдах үе аль нэг өдөр бидэнд тохиолдож болно. Гагцхүү тэр үед бид биеэ барьж, хэлээ хазан, эдгээр уруу таталтад автагдахгүй байх ёстой. Бид тэнгэрлэг тусламж хийгээд хүч чадлыг ялган таньж, залбирлынхаа хариуг даруухнаар мэдэрдэг. Ийм нам гүмхэн нөхцөлд бид талархлын залбирлаа өргөдөг (“Pray Always,” Ensign ба Лиахона, 2008 оны 11-р сар, 41–42).
Энэ зөвлөгөөг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд дараах асуултыг тэднээс асуу:
-
Ахлагч Бэднарын энэ зөвлөгөөг өнөөдөр юм уу ойрын өдрүүдэд дагасан тухайгаа санаж чадах уу? ( Энэ асуултад чанга хариулалгүй дотроо тунгаан бодохыг та суралцагчдаас хүсч болно.)
Ахлагч Бэднарын зөвлөгөөг цааш нь унш:
“Өдөр дуусахад бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн тайлагнахын тулд дахин өвдөг сөгдөн залбирах хэрэгтэй. Бид тухайн өдрийн үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж, өөрсдийн хүлээн авсан адислалууд болон тусламжийн төлөө зүрх сэтгэлийн талархлаа Түүнд өргөдөг. Бид наманчилж, Их Эзэний Сүнсний тусламжтайгаар маргааш хэрхэн илүү сайн байх арга замуудыг бодож олдог. Тийнхүү бид үдшийн залбирлаа өглөөний залбирлынхаа үргэлжлэл болгон хийдэг. Бидний үдшийн залбирал нь бас маргааш өглөөний үр өгөөжтэй залбирлын бэлтгэл юм.
“Өглөөний болон үдшийн залбирал түүнчлэн энэ хоёр залбирлын хоорондох бүх залбирал нь хоорондоо холбоогүй, тусгаар үйл явдлууд биш харин тэдгээр нь өглөө ба үдэш, долоо хоногууд ба сарууд, тэр ч бүү хэл олон жилийн турш хоорондоо нягт холбоотой байдаг. Энэ бол ‘үргэлж залбир’ гэсэн судрын зөвлөгөөг бид хэрхэн биелүүлж болохын нэг хэсэг юм (Лук 21:36;3 Нифай 18:15, 18; С ба Г 31:12). Иймэрхүү үр өгөөжтэй залбирлууд нь итгэлтэй хүүхдүүддээ зориулж Бурханы бэлтгэсэн хамгийн дээд адислалуудыг олж авах зэмсэг юм” (“Pray Always,” 42).
2 Нифай 32:9-ийн сүүлчийн хэсгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд ариулах гэдэг үг нь “адислах, ариун болгох, эсвэл зөв болгох” гэсэн утгатайг тайлбарла (Guide to the Scriptures, “Consecrate, Law of Consecration,” scriptures.lds.org).
-
Бид “ямар ч зүйлийг Их Эзэнд гүйцэтгэхдээ” яагаад залбирах ёстой вэ?
-
Бид өөрийнхөө бодгалийн сайн сайхны төлөө хийж байгаа зүйлийг Их Эзэн ариулна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?
-
Ахлагч Бэднарын зөвлөгөө улам ариун амьдралаар амьдрахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Бид үргэлж залбирдаг байвал Их Эзэн бидний бодгалийн төлөө биднээр хийлгэх бүх зүйлд чадварлаг байлгах болно гэдгийг гэрчил.
Энэ хичээлээр суралцагчдын ярилцсан зүйлийг хураангуйлан дүгнэхийн тулд Далын ахлагч Спэнсэр Ж.Кондийн хэлсэн дараах үгийг хуваалц.
“Номлолд явах, ирээдүйн ажил мэргэжлээ шийдэх болон гэрлэж, гал голомтоо бадраах зэрэг асуудлуудаар шийдвэр гаргах шаардлага танд тулгарч болно. Та судар уншиж, удирдамж хүсч залбирсан үедээ залбирлынхаа хариуг хуудас цаасан дээр хэвлэсэн үгсээр хүлээн авна гэж найдах хэрэггүй ч, тод томруун санаа бодол, тэрчлэн Ариун Сүнс ‘та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт үзүүлэх болно’ гэсэн амлалтыг санагдуулам сүнсний өдөөлтийг мэдрэх болно. 2 Нифай 32:5]” (“Becoming a Great Benefit to Our Fellow Beings,” Ensign, 2002 оны 5-р сар, 45).