ОРШИЛ Жеромын ном
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
Суралцагчид Жеромын номыг судалснаар Бурхан тушаалуудыг нь дагадаг хүмүүсийг адисална гэсэн амлалтаа биелүүлдэг болохыг мэдэж авна. Мөн тэд нифайчуудын хаан, бошиглогч, багш нар болон Жеромын үеийн санваартнууд хүмүүсийг наманчилж, сүйрлээс зайлсхийхэд нь тусалж байсан тухай сурах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Энэ номыг Иносын хүү Жером бичсэн. Жером өөрийн эцэг болон өвөө Иаков, элэнц эцэг Лихайн нэгэн адил бошиглол болон илчлэлтийн сүнстэй байв (Жером 1:2-ыг үзнэ үү). Тэрээр цэдгүүдээ бичиж дуусаад ялтсуудыг хүү Омнаид гардуулан өгчээ.
Энэ номыг хэнд зориулж, юуны учир бичсэн бэ?
Жером энэ номыг “эцэг Иносынхоо зарлигийн дагуу [тэдний] удмын бичиг хадгалагдаж болохын тулд” бичсэн (Жером 1:1). Тэрээр эдгээр ялтас нь “[түүний] ах дүүс леменчүүдийн тусын тулд бичигдсэн” хэмээн хэлжээ (Жером 1:2; Инос 1:13–18-ыг үзнэ үү). Жером “авралын төлөвлөгөөг илчилсэн” эцгийнхээ цэдгийг хангалттай хэмээн үзсэн учраас өөрийн бошиглол ба илчлэлтүүдийг цэдэглээгүй юм (Жером 1:2). Харин тэрбээр өөрийн тохинууллын үед байсан нифайчуудын удирдагчдын хөдөлмөрийн тухай өгүүлсэн байдаг. Энэ удирдагчид нь “Их Эзэнд итгэх итгэлдээ хүчирхэг хүмүүс байв” (Жером 1:7). Тэд хүмүүсийг наманчилж мөн тушаалуудыг дагахыг сануулдаг байсан (Жером 1:3–5, 10–12-ыг үзнэ үү). Хүмүүс зөв шударга удирдагчдаа дагахаар сонгох үед дэгжиж мөн леменчүүдээс өөрсдийгөө хамгаалах боломжтой болж байгааг Жером ажиглажээ. “Бидний эцэг өвгөдөд тэрээр ярьж, өгүүлсэн нь: Миний зарлигуудыг дагахын хэрээр та нар уг нутагт дэгжих болно хэмээсэн Их Эзэний үг нотлогдсон билээ” гэж Жером гэрчилсэн (Жером 1:9; 1 Нифай 2:19–20-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Жеромын ном нь ойролцоогоор МЭӨ 420-оос МЭӨ 361 оны хоорондох 59 жилийн түүхийг багтаасан байдаг (Инос 1:25; Жером 1:13-ыг үзнэ үү). Уг ном нь Нифайн нутагт бичигдсэн.
Энэ номын онцлог талууд юу вэ?
Жеромын ном нь Мормоны Номон дахь хамгийн богино ном юм. Энэ номонд нифайчуудын соёл иргэншлийн тухай “үлэмж өнөр өтгөн болж, мөн газрын гадаргуугаар нэг тархав” хэмээн бичсэн байдаг (Жером 1:8). Тэд мөн газрын баялаг ихтэй болж, барилга барин; төмөр, мод, хөдөлгүүр, багаж хэрэгсэл болон зэвсэг зэргийг чадварлаг хийдэг болжээ (Жером 1:8-ыг үзнэ үү).
Тойм
Жером 1:1–2 Жером ялтсуудыг хүлээн авч, үүнийг бичих зорилгоо тайлбарладаг.
Жером 1:3–12 Нифайчууд Их Эзэний тушаалуудыг дагахад Тэрбээр тэднийг адисалж, дэгжүүлэх болно гэсэн амлалтаа биелүүлж байгаа тухай Жером тэмдэглэсэн. Жером хүмүүсийг нүглээс аврах Аврагчийн хүч чадлын тухай гэрчилж, Түүний мөнх бус амьдралын тохинууллаас нь ч өмнө “түүнийг аль хэдийн байсан … юм шиг түүнд итгэхэд” нь хүмүүст тусалж байв (Жером 1:11).
Жером 1:13–15 Жером Нифайн том ялтсуудад хадгалагдсан нифайчууд болон леменчүүдийн хоорондын дайн тулааны талаарх цэдгийг дурдсан байдаг. Тэрээр бага ялтсуудыг хүү Омнаинхаа гарт шилжүүлэн өгөв.