Номын сан
Мормоны Номын семинарын багшийн гарын авлагын оршил


Мормоны Номын семинарын багшийн гарын авлагын оршил

Бидний зорилго

Шашны семинар ба институтийн зорилго:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн.”

Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид суралцагчдад сайн мэдээний сургаал ба зарчмуудыг судрууд дээр хэлэгдсэнээр болон бошиглогчдын үгсийг ашиглан заадаг. Эдгээр сургаал болон зарчмууд нь ойлгуулан, сэнхрүүлэх арга замаар заагддаг. Бид суралцагчдад суралцах үйл явцдаа өөрсдийнхөө үүргийг биелүүлэхэд нь тусалж, сайн мэдээг бусдад заахад тэднийг бэлтгэдэг.

Эдгээр зорилгод хүрэхэд туслахын тулд таныг болон таны заадаг суралцагчдыг судраас хамтдаа суралцаж байх үедээ сайн мэдээг заах ба суралцах дараах зарчмуудыг дагахыг урамшуулан дэмжиж байна:

  • Сүнсээр зааж бас суралц;

  • Хайр, хүндэтгэлтэй болон зорилготой суралцах орчинг бүрдүүл;

  • Судраас өдөр бүр судалж, хичээлийн материалыг унш; (Энэхүү гарын авлагын төгсгөлд байгаа хавсралт дээр уншсан судраа тэмдэглэх хүснэгтүүд байгаа.)

  • Судрууд болон бошиглогчдын үгсийн хам сэдэв ба агуулгыг ойлго;

  • Сайн мэдээний сургаал ба зарчмуудын үнэн болоод чухал ач холбогдлыг таньж мэдэн, ойлгож, мэдэрч амьдралдаа хэрэгжүүл;

  • Сайн мэдээний сургаал ба зарчмуудыг тайлбарлан, хуваалцаж мөн гэрчил;

  • Судрын гол хэсэг болон үндсэн сургаалуудыг чээжил

Энэхүү багшийн гарын авлагыг танд эдгээр зорилгодоо амжилттай хүрэхэд тань туслахын тулд бэлтгэсэн билээ.

Хичээлийн бэлтгэл

Их Эзэн Түүний сайн мэдээг заадаг тэдгээр хүмүүст хандан “Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь, миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой” (C ба Г 42:12) хэмээн зарлигласан. Тэрээр хожим нь эдгээр үнэн “… итгэлийн залбирлаар өгөгдөх … Сүнсээр чиглүүлэгдэх” (C ба Г 42:13–14) адил заагдах ёстой гэдгийг зааварчилсан. Та хичээл бүрийг бэлдэхдээ, тэдгээрийн агуулж буй судар, сургаал болон зарчмуудыг ойлгоход тань туслах Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийл. Үүний нэгэн адил суралцагчид тань судруудыг ойлгож, Ариун Сүнсээр заагдаж, өөрсдийн суралцсан зүйлсийг хэрэгжүүлэх хүсэлтэй байхад нь хэрхэн туслахаа төлөвлөхдөө Сүнсний өдөөлтүүдийг дага.

Энэ курсын турш таныг хичээлээ бэлтгэх болон заахад тань Мормоны Ном таны гол эх сурвалж байх болно. Заах гэж буй бүлгүүд эсвэл шүлгүүдээ залбирч судал. Түүхэн холбоос, хүмүүс, газар нутаг ба үйл явдлуудыг оролцуулан судрын хэсгийн хам сэдэв ба агуулгыг ойлгохыг эрэлхийл. Судрын хэсэг бүрийн хам сэдэв ба агуулгыг судалж, танилцсан бол тэдгээрт агуулагдах сургаал ба зарчмуудыг тодорхойлохоор эрэлхийлж, суралцагчдын тань хувьд ойлгож, хэрэгжүүлэхэд эдгээр үнэнүүдээс аль нь хамгийн чухал болохыг шийд. Юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэйгээ та нэгэнт олж мэдсэн бол, судрууд дээрх ариун нандин үнэнүүдийг суралцагчид тань суралцаж, хэрэгжүүлэхэд хамгийн сайн тусалж чадах арга барил, заах арга ба үйл ажиллагаануудыг тодорхойлж чадна.

Энэ үйл явцад туслахын тулд энэ гарын авлага бүтээгдсэн билээ. Таны заах гэж байгаа судрын хэсэгтэй хичээлийн материал холбоотой эсэхийг анхааралтай шалга. Та судрын хэсэгт зориулсан зөвлөмжүүдээс заримыг эсвэл бүгдийг ашиглахаар сонгож болно. Эсвэл та зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ ба нөхцөл байдалд тохируулан санал болгосон санаануудыг хэрэглэж болох юм. Хичээлийн материалыг хэрхэн ашиглах талаар эргэцүүлэн бодох үедээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс ахын өгсөн дараах зөвлөгөөг дагаарай:

“Ерөнхийлөгч Пакэр бид эхлээд сонгож, дараа нь хэрэглэдэг хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол, үүнийгээ заахдаа Сүнсийг дагаж чадна” (“Aхлагч Даллин Х.Өүкс дэлгэцээр хийсэн ярилцлага” [Шашны институт ба семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], 6, si.lds.org).

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэдэнд туслах үйл ажиллагаануудыг тохируулан ашигла. Эцэг эх, удирдагчидтай харилцаатай байх нь танд суралцагчдынхаа хэрэгцээг мэдэхэд тусалж, мөн тэдний хувьд утга учиртай, сургамжтай хичээл заах боломжоор хангах болно.

судрууд болон гарын авлагаас хичээлээ бэлтгэж байгаа багш
багшийн гарын авлагын жишээ

Номын оршил

Номын оршлууд нь Мормоны Номон дахь бүх номын талаарх тоймоор хангадаг. Тэдгээрийн дотор оршлууд нь ном тус бүрийг хэн бичсэнийг тайлбарлаж, бичээс дэх зохиогчийн зорилгуудыг дүрслэн, ном бүрийн агуулгын тоймыг өгдөг.

багшийн гарын авлагын жишээ

Судрын хэсгийн оршил

Судрын хэсгийн оршлууд нь хичээл бүрийн судрын хэсгийн хам сэдэв ба агуулгын товч тоймоор хангадаг.

Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм

Судрын хэсгүүд ихэвчлэн сэдэв эсвэл үйл явдлууд өөрчлөгдөх үед жижиг хэсгүүд болон бүлгүүд болон хуваагддаг. Бүлэг шүлэг бүрт зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн шүлгүүдийн бүлэг доторх сургаалууд дагалддаг.

Заах тусламж

Заах тусламжууд нь сайн мэдээний сургаалын зарчим, заах арга барилуудыг тайлбарладаг. Тэдгээр нь багшлах арга барилаа сайжруулах хичээл зүтгэлд тань тусалж чадна.

Хичээлийн гол хэсэг

Хичээлийн гол хэсэгт хичээлээ судалж, заахад тань зориулсан удирдамж багтсан байдаг. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, диаграм болон хүснэгтүүдийг багтаасан заах санаануудыг санал болгодог.

Сургаал ба зарчмууд

Судрын хэсгээс сургаал ба зарчмууд аяндаа гарч ирэх үед суралцагчидтайгаа ярилцах үедээ тэднийг тодорхойлж, онцлон хэлэхэд тань туслах үүднээс тэдгээрийг тодруулсан байдаг.

Зураг

Та зааж байхдаа, боломжтой бол Сүмийн удирдагчид ба судруудын үйл явдлуудын талаарх зургуудыг үзүүлэн материал болгон ашиглаж болно.

багшийн гарын авлагын жишээ

Төгс эзэмших судар

Мормоны Номын төгс эзэмших судрын 25 шүлгийг хичээлийн хам сэдэвт тодруулсан байгаа. Хичээл тус бүрд эдгээр шүлгийг заах санаанууд багтсан. Төгс эзэмших судруудыг тогтмол заахад тань туслах үүднээс энэхүү гарын авлагад төгс эзэмших судрыг шалгах үйл ажиллагаанууд олон орсон байгаа. Төгс эзэмших судар заах нэмэлт санаануудыг гарын авлагын төгсгөлд буй хавсралтаас үзэж болно.

Хуудсан дээр өгөгдсөн зай

Хуудсан дээр өгөгдсөн зайг хичээлээ бэлтгэж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх үедээ тэмдэглэл, зарчим, тохиолдсон явдлууд эсвэл бусад санаагаа бичин ашиглаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Тодорхой ойлголт эсвэл судрын хэсгүүдийн талаарх нэмэлт ойлголт өгөхийн тулд нэмэлт эшлэлүүд болон тайлбаруудыг зарим хичээлийн төгсгөлд оруулсан байгаа. Заах үедээ асуултуудад хариулах эсвэл нэмэлт ойлголт өгөхөөр бэлтгэхдээ энэ хэсэгт байгаа мэдээллийг ашиглаарай.

Нэмэлт заах санаанууд

Нэмэлт заах санаануудыг зарим хичээлийн төгсгөлд оруулсан байгаа. Эдгээр заах санаа нь хичээлийн гол хэсэгт тодорхойлогдож эсвэл цохон тэмдэглэгдээгүй байж болох сургаал ба зарчмуудыг заахад зориулсан зөвлөмжүүдийг багтаадаг. Тэдгээр нь мөн DVD, үзүүлэн таниулах материалууд гэх мэт аудио, видео бичлэгүүдийг ашиглах зөвлөгөөнүүд байж болно.

Өдөр тутмын семинарын хөтөлбөр (чөлөө авсан цагаа нөхөх болон өглөө эрт хичээллэх)

Энэхүү гарын авлага нь өдөр тутмын семинарын багш нарт зориулсан өдөр бүр заах 160 хичээл, заах тусламж, төгс эзэмших судрыг заах эх сурвалж болон үндсэн сургаалуудыг багтаасан болно.

Өдөр бүр заах багшийн хичээлүүд

Хичээлийн хэр хэмжээ

Энэ гарын авлагын хичээл бүр нь тодорхой нэг санаа, сургаал эсвэл зарчим дээр төвлөрөхөөсөө илүү судрын хэсгүүд дээр төвлөрдөг. Энэхүү загвар нь танд болон суралцагчдад тань судруудыг дэс дараатай судалж, судрын хэсгээс гарч ирэх сургаал ба зарчмуудын талаар хэлэлцэхэд туслах болно. Суралцагчид сургаал эсвэл зарчим дээрх хам сэдвийг суралцсанаар тухайн үнэний талаарх тэдний ойлголт тэлэх болно. Үүнээс гадна, суралцагчид сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиасын бүрэн цар хүрээг илүү сайн харж, ойлгох болно. Ийм арга замаар судруудыг заах нь суралцагчдад хувиараа судраас судлах үедээ мөнхийн үнэнүүдийг олж мэдэн, хэрэгжүүлж сурахад нь туслах юм.

Хичээл бүрд судрын хэсгийн бүх жижиг хэсгийг оруулаагүй. Сүнсээр өдөөгдсөн бичээчийн захиас дотор чухал биш эсвэл өсвөр үеийнхэнд тийм ч их хэрэгтэй биш хэсгүүд байгаа учраас зарим жижиг хэсэгт багахан анхаарал хандуулсан. Зааж байгаа суралцагчдынхаа хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн эдгээр материалыг хэрхэн ашиглах нь та нарын үүрэг билээ. Хичээлийн материал дээр зааварлагдсанаас илүү анхаарлыг тодорхой нэг сургаал, зарчим дээр тавих эсвэл тус гарын авлагаар гүнзгийрүүлэн судлах судрын хэсгүүдэд багахан анхаарал хандуулах зэрэг хэлбэрээр та тус гарын авлага дээрх хичээлийн санаануудыг тохируулан ашиглаж болно. Та нар хичээлдээ бэлтгэх мөн заах үедээ ингэж тохируулахад туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлээрэй.

Сургаал ба зарчмууд

Хичээл бүрийн гол хэсэгт хэд хэдэн гол сургаал ба зарчмыг тодруулсныг та олж харах болно. Эдгээр сургаал ба зарчим нь: (1) судрын хэсгийн гол захиасыг тусгасан; (2) суралцагчдын хэрэгцээ ба нөхцөл байдалд яг таг нийцсэн; эсвэл (3) суралцагчид ба Их Эзэний хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд тусалж чадах гол үнэнүүд байдаг учир энэхүү сургалтын материал дээр тодорхойлогдсон. Мормоны Ном нь энэхүү сургалтын материалд тодорхойлогдсоноос илүү олон үнэнийг заадаг болохыг анхаарна уу. Ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа судрууд нь “бүх нөхцөл байдалд хүн бүрийн хэрэгцээнд нийцэх үнэнүүдийн төгсгөлгүй хэлхээнүүдийг” агуулсан байдаг хэмээжээ (“Аз жаргалын агуу төлөвлөгөө” [Сургаал ба Гэрээ/Сүмийн түүх сэдвээр хийсэн СБС-ийн бага хурал, 1993 оны 8-р сарын 10], 2, si.lds.org).

Та заах үедээ суралцагчдад судрууд дахь сургаал ба зарчмуудыг таньж мэдэх боломжуудыг байнга олгож бай. Суралцагчид өөрсдийн олж мэдсэн үнэнүүдийг илэрхийлэхдээ сургаал ба зарчмуудыг гарын авлага дээр тодорхойлсноос өөр үгс ашиглан тайлбарлаж болох юм. Тэд мөн хичээлийн тоймд багтаагүй үнэнүүдийг хэлж болно. Тэдний хэрэглэсэн үгсийг гарын авлагад ашигласнаас өөр эсвэл тэд сургалтын хөтөлбөрт дурдаагүй ямар нэг үнэнийг тодорхойлсон гэсэн шалтгаанаар тухайн суралцагчийн хариултыг буруутгахаас зайлсхий. Гэхдээ суралцагчийн хэлсэн зүйл сургаалын хувьд буруу байвал хайр ба итгэлээ харуулан, эелдгээр түүний хэлсэн зүйлийг зөв болгон засаж хэлэх нь таны үүрэг мөн. Энэ нь ангийн бусад суралцагчийн хувьд чухал ач холбогдолтой суралцах туршлага болж болох юм.

Суралцагчийн үүрэг

Уг гарын авлага суралцагчийн сургуулийн амралт, нийгэм дэх ажлын хуваарь ба судрын агуулгыг дүгнэн харах эсвэл төгс эзэмших судар дээр ажиллах хэдэн өдрийг үлдээсэн, өдөр тутам хичээллэх 160 семинарын хичээлийг багтаасан. Та энэ курсыг заах хугацаанаасаа хамааран хэрэгтэй бол хичээлүүд болон суралцагчийн үүргийг зохицуулж болно. (Гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас суралцагчийн үүргийн талаарх удирдамжийг үзнэ үү.)

Нэмэлт ажил

Мормоны Номыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж –ийг өдөр тутмын семинарын хөтөлбөрүүдэд суралцагчдыг нэмэлт ажлаар хангах эх сурвалж болгон ашиглаж болно. Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамж дээрх хичээлүүд нь уг гарын авлагад танилцуулсан хичээлүүдтэй адил юм. Хичээл их тасалсан суралцагчид өөрсдийн хамрагдаж амжаагүй хичээлийн агуулгатай тохирохуйц судлах удирдамжин дээрх даалгавруудыг гүйцэтгэж болно. Даалгавруудыг институт ба семинарын вэбсайтаас хэвлэн авч болох учраас нэмэлт ажил хийх шаардлагатай суралцагчдад гарын авлагыг бүтнээр нь өгөх шаардлагагүй. Мормоны Номыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж –тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Гэрээр судлах семинарын хөтөлбөр” гэсэн гарчигтай хэсгээс олж авч болно.

Заах тусламж

Заах тусламж нь энэхүү гарын авлагын хуудасны захад байрласан болно. Эдгээр заах тусламж нь Мормоны Номыг судлах үед сайн мэдээг заах ба суралцах үндсүүдийг та болон таны зааж байгаа суралцагчид хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлан, үлгэрлэн үзүүлэхэд тусалдаг. Тэдгээр нь мөн олон янзын заах арга барил, ур чадвар ба санаануудыг хэрхэн үр бүтээлтэй ашиглах зөвлөгөөг санал болгодог. Заах тусламжууд дээрх зарчмуудыг ойлгосон бол зааж байхдаа тэдгээрийг байнга ашиглаж, хэрэгжүүлэх арга замуудыг эрж ол.

Төгс эзэмших судар ба үндсэн сургаалууд

Мөнхийн үнэнүүдийг эрхэмлэн хайрлаж, тэдний судруудаас судлах мөн заахдаа итгэлтэй байх байдлыг өсгөх зорилгоор шашны институт, семинарын (И ба С) суралцагчдад бүх курсийнхээ турш эзэмшихэд нь зориулан нэлээд хэдэн судрын хэсгийг сонгосон билээ. Мөн түүнчлэн суралцагчдын ойлгох, итгэх мөн семинарын дөрвөн жилд болоод үлдсэн амьдралынхаа турш дагаж амьдрах хэрэгтэй гол сургаалуудыг тодотгосон үндсэн сургаалын жагсаалтыг багтаасан болно. Курс бүрд зориулсан уг гарын авлага нь суралцагч судруудаас дэс дараатай судалсан үед үндсэн сургаалуудыг тодруулах зорилгоор бэлтгэгдсэн юм. Төгс эзэмших судрын олон шүлгийг үндсэн сургаалын зорилгоор сонгосон билээ. Тиймээс та суралцагчдад төгс эзэмших судрын хэсгээс заахдаа үндсэн сургаалыг мөн заах болно.

Хүн мөнхийн үнэнүүдийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ нандигнан хайрлах аваас Ариун Сүнс эдгээр үнэнийг хэрэгтэй мөчид сануулан, тэдэнд итгэлтэйгээр үйлдэх хүч зоригийг өгөх болно (Иохан 14:26-г үзнэ үү). Ерөнхийлөгч Ховард В.Хантэр заахдаа:

“Би та нарыг заахдаа судруудаас ашиглаж, суралцагчдыг судруудтай нөхөрлөж, тэдгээрийг ашиглаж сурахад нь туслахын тулд бүх хүч чадлаа дайчлахыг урамшуулан дэмжиж байна. Би өсвөр үеийнхнийг судруудад итгэж найддаг болгохыг хүсдэг. …

“… Бид суралцагчдыг судруудын үнэнүүд хийгээд хүч чадалд итгэн найддаг байхыг мөн Тэнгэрлэг Эцэг үнэхээр судруудаар дамжуулан тэдэнтэй ярьдаг гэдэгт болон өөрсдийн асуудал ба залбирлуудын хариултыг судруудаас авч чадна гэдэгт итгэлтэй байгаасай хэмээн хүсдэг. …

“… Танай ангийн суралцагчдын хэн нь ч хичээлээ тарахдаа судруудаа хангалттай сайн мэддэггүйгээсээ болж хэрэгтэй судрын хэсгээ олж чадахгүй, ичиж зовон эсвэл айж эмээн гардаггүй байгаасай хэмээн бид найдаж байна” (“Мөнхийн хөрөнгө оруулалт” [СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 1989 оны 2-р сарын 10], 2, si.lds.org).

Төгс эзэмших судар ба үндсэн сургаалын талаарх мэдээллийг гарын авлагын төгсгөл дэх хавсралтаас олж үзнэ үү.

Гэрээр судлах хичээлүүдийг ашиглах нь

багшийн гарын авлагын жишээ

Суралцагчийн хичээлийн тойм

Уг тойм нь суралцагчийн судлах удирдамжаас суралцагчдын энэ долоо хоногт суралцсан хам сэдэв, сургаал ба зарчмуудтай танилцахад тань туслах болно.

Хичээлийн оршил

Хичээлийн оршил нь энэ хичээлд судрын аль хэсгийг онцлох шаардлагатайг мэдэхэд тань туслах болно.

Хичээлийн гол хэсэг

Хичээлийн гол хэсэг нь таныг судлах мөн заах үед тань удирдамжаар хангах болно. Энэ нь асуулт, үйл ажиллагаа, эшлэл, диаграм болон хүснэгтүүдийг багтаасан заах санаануудыг санал болгодог.

багшийн гарын авлагын жишээ

Бүлэг шүлэг ба хам сэдвийн тойм

Судрын хэсгүүдэд хам сэдэв эсвэл агуулга өөрчлөгдөх үед шүлгүүд бүлэг болон хуваагддаг Бүлэг шүлэг бүрд зориулсан тайлбарыг үйл явдлын товч тойм эсвэл тухайн шүлгүүдийн бүлэг доторх сургаалууд дагалддаг

Сургаал ба зарчмууд

Судрын хэсгээс сургаал ба зарчмууд аяндаа гарч ирэх үед, суралцагчидтайгаа ярилцах үедээ тэднийг тодорхойлж, онцлон хэлэхэд тань туслах үүднээс тэдгээрийг тодруулсан.

Дараагийн хэсгийн оршил

Хичээл бүрийн сүүлийн догол мөр дараагийн хэсгийн талаар цухас дурддаг. Энэ догол мөрийг ирэх долоо хоногт судлах судруудыг урьдчилан мэдэхэд туслахын тулд хичээл бүрийн төгсгөлд суралцагчидтайгаа хуваалц.

Гэрээр судлах семинарын хөтөлбөр

Гэрээр судлах семинарын хөтөлбөр суралцагчдад долоо хоногийн турш ангид хичээллэхийн оронд гэртээ бие даан суралцан, семинарын кредит хүлээн авах боломжийг олгодог. Энэ хичээлүүдийг Мормоны Номыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж гэсэн тусдаа гарын авлагаас олж авч болно. Суралцагчид долоо хоногт нэг удаа семинарын багштайгаа уулзан, өөрсдийн ажлыг танилцуулж, ангийн хичээлд хамрагдана. Суралцагчийн судлах удирдамж ба долоо хоног тутмын хичээлүүдийг доор тайлбарласан болно.

Гэрээр судлах суралцагчдад зориулсан судлах удирдамж

Мормоны Номыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж нь гэрээр суралцдаг суралцагчдад Мормоны Номыг долоо хоногийн өдрүүдэд семинарт хамрагдан суралцдаг суралцагчидтай ижил туршлагыг хүлээн авахад туслахын тулд бүтээгдсэн. Иймээс, суралцагчийн үүргийн талаарх удирдамж ба сургаал, зарчмууд нь энэ гарын авлага дээрх материалтай адил билээ. Суралцагчийн удирдамж нь мөн төгс эзэмших судрын зааврыг агуулдаг. Төгс эзэмших судрын хэсгүүд нь судар дээр бичигдсэнтэй адил хичээлийн хам сэдэвт багтсан. Хичээлийн төгсгөлд нэмэлт үйл ажиллагаануудыг оруулсан.

Долоо хоног бүр гэрээр судлах семинарын суралцагчид суралцагчийн судлах удирдамжаас дөрвөн хичээлийг дуусгаж, семинарын багшийнхаа долоо хоног тутмын нэг хичээлд нь хамрагдана. Суралцагчид өөрсдийн судар судлах тэмдэглэл дээр судлах удирдамжийн нэлээд хэдэн даалгаврыг гүйцэтгэсэн байна. Суралцагчид хоёр ширхэг судар судлах тэмдэглэлийн дэвтэртэй байх ёстой. Тэгснээр тэд нэгийг нь багшдаа шалгуулахаар үлдээж, нөгөө дэвтэр дээрээ ажлаа үргэлжлүүлж болно. Суралцагчид долоо хоног бүр багштайгаа уулзахдаа нэг тэмдэглэлийн дэвтрээ гэрээр заах багшдаа өгч, нөгөө дэвтрээ буцаан авч, ирэх долоо хоногийнхоо хичээлүүдэд ашиглана. (Жишээлбэл: Нэг долоо хоногийн турш суралцагч 1-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Дараа нь суралцагч энэ дэвтрээ ангид авчирч, багшдаа өгнө. Дараагийн долоо хоногийн турш суралцагч 2-р дэвтэр дээрээ даалгавраа хийнэ. Суралцагч багшдаа 2-р дэвтрээ өгөхөд, багш 1-р дэвтрийг түүнд буцааж өгнө. Суралцагч 1-р дэвтэр дээрээ дараагийн долоо хоногийнхоо даалгавраа хийнэ.)

Семинарын бүх суралцагчийг өдөр бүр судраас суралцаж, сургалтын материалыг уншихад урамшуулан дэмждэг ч гэрээр судлах суралцагчид нэмэлт 30-40 минутыг гэрээр судлах дөрвөн хичээлийн хэсэг бүр дээр зарцуулж, долоо хоног бүр гэрээр судлах хичээлд хамрагдах хэрэгтэйг ойлгох ёстой.

Долоо хоног тутмын гэрээр заах багшийн хичээлүүд

Мормоны Номыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамж дээрх нэг хэсэг нь өдөр тутмын багшийн гарын авлагын таван хичээлтэй дүйцэнэ. Уг гарын авлагын таван хичээл тутмын дараа долоо хоног тутмын гэрээр заах багшийн нэг хичээл байгаа. Гэрээр судлах хичээлүүд нь суралцагчдад долоо хоногийн турш суралцагчийн судлах удирдамж дээрх хичээлүүдийг судалж дуусгаснаар тэдний суралцсан сургаал ба зарчмуудын талаарх ойлголтыг нэгтгэн дүгнэх, гүнзгийрүүлэх, хэрэгжүүлэхэд туслах болно. Эдгээр хичээл мөн суралцагчийн судлах удирдамж дээр тэмдэглэгдээгүй нэмэлт үнэнүүдийг гаргаж ирж болох юм. (Хичээлийн хуваариа төлөвлөх тусламжийг гарын авлагын төгсгөл дэх хавсралтын гэрээр заах багш нарт зориулсан суралцагчийн үүргийн талаарх удирдамжаас харж болно.)

Гэрээр судлах сургалтын багшийн хувьд та суралцагчдынхаа долоо хоног бүр гэртээ юу суралцаж буйг ойлгож мэдэх ёстой. Тэгснээр тэдэнтэй уулзах үедээ тэдний асуултуудад хариулж, ач холбогдолтой ярилцлагыг тэдэнтэй хийж чадна. Суралцагчдаас долоо хоног тутмын нэг удаагийн хичээлдээ судрууд, судар судлах тэмдэглэлийн дэвтэр ба суралцагчийн судлах удирдамжаа авчрахыг хүс. Тэгснээр хичээлийн үеэр тэдгээрийг сөхөн харж болно. Зааж буй суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан мөн Ариун Сүнсний нөлөөгөөр хичээлүүдийг тохируулан заа. Та нар мөн хичээлд бэлтгэх, заах үедээ энэ гарын авлага дээрх өдөр тутмын багшийн хичээлүүдийг ашиглаж болно. Өдөр тутмын хичээлүүдэд ашиглах, заах тусламжууд ба арга барилуудыг судлах нь долоо хоног бүр заах хичээлийг тань баяжуулах болно. Зааж буй суралцагчдынхаа онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүл. Жишээлбэл: Суралцагчдын хэн нэг нь бичиж чадахгүй бол дуу хураагуур ашиглах эсвэл өөрийн бодол санааг гэр бүлийнхээ хэн нэгэнд юм уу найздаа хэлж бичүүлэхийг түүнд зөвшөөрч болно.

Долоо хоног тутмын хичээлийн дараа суралцагчдын судар судлах тэмдэглэлийн дэвтрийг хураан авч, тэднийг үргэлжлүүлэн судлахад урамшуулан дэмж. Тэдэнд дараагийн долоо хоногийн даалгавруудаа хийх судар судлах тэмдэглэлийн дэвтэр өг. Цаг хугацаа шахуу учраас долоо хоног тутмын хичээлүүд дээр төгс эзэмших сударт онцгой анхаарал хандуулах шаардлагагүй. Суралцагчийн судар судлах тэмдэглэл дээрх даалгаврыг шалгах үедээ тэдний ажлын талаар цаг тухайд нь товч тэмдэглэл бичих эсвэл дараагийн удаа уулзахдаа өөрийн сэтгэгдлийг хэлж бай. Түүнчлэн та өөрийн дэмжлэг болоод утга учиртай санал зөвлөгөөг хэлэх өөр бусад арга замыг эрэлхийлж болох юм. Энэ нь тэдний ажлын талаар санаа тавьж байгааг тань мэдэх боломжийг суралцагчдад олгох бөгөөд энэ нь тэднийг өөрсдийн хариултуудад анхааралтай хандах хөшүүрэг болж болно.

Бусад эх сурвалж

Багш нар хичээлд бэлтгэх, нэмэлт заах санаануудыг авахын тулд шашны институт ба cеминарын вэбсайт (si.lds.org) руу орж болно. Дараах эх сурвалжуудыг өөрийн зааварлагч, Сүмийн орон нутгийн хангамжийн алба ба Сүмийн онлайн дэлгүүр (store.lds.org)-ээр дамжуулан авч болно:

  • DVD бичлэг

    Семинарын үзүүлэнгийн эх сурвалж болох DVD-нүүд

  • номын хавтас

    Сайн мэдээний уран зургийн ном

  • тэмдэглэлийн дэвтрийн хавтас

    Судар судлах тэмдэглэлийн дэвтэр

  • номын хавчуурга

    Семинарын номын хавчуурга (он тоолол, төгс эзэмших судрын тайлбарын жагсаалт ба түлхүүр үгсийг багтаасан)

  • жишээ карт

    Төгс эзэмших судрын картууд

  • номын хавтас

    Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд

  • товхимлын хавтас

    Залуучуудын бат бөх байдлын төлөө

  • зурагт хуудасны хавтас

    Он тооллын зурагт хуудаснууд