Номын сан
7-р хичээл: 1 Нифай 2


7-р хичээл

1 Нифай 2

Оршил

1 Нифай 2 дээр гардаг түүх Их Эзэнээс ирсэн зарлигуудад хандах хоёр өөр байр суурийг харуулдаг. Лихай өөрийн гэр бүлийг аглаг буйд руу удирдах Их Эзэний зарлигийг дуулгавартай дагадаг. Энэхүү зарлигийн хүнд хүчрийн улмаас Лемен, Лемүел хоёр эсэргүүцдэг. Харин Нифай өөртөө гэрч хүлээн авахыг эрэлхийлдэг.

Заах зөвлөмж

1 Нифай 2:1–7

Бурхан Лихайд аглаг буйд руу замд гарахыг зарлигладаг

Эцэг эх нь тэдэнд маргааш гэр орноо болон эд хөрөнгөө орхиж явах хэрэгтэй боллоо гэж хэлж байна хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Тэд аглаг буйд руу алхаж, зөвхөн амьд үлдэхэд шаардлагатай зүйлсийг авч явна.

  • Танд ямар санагдах вэ?

  • Хэрэв аглаг буйд руу явах зарлиг Их Эзэнээс ирснийг мэдвэл таны хандлага хэрхэн өөрчлөгдөх вэ?

Нэг суралцагчаас 1 Нифай 2:1–6-г чанга уншихыг хүс. Лихай яагаад гэр бүлээ аглаг буйд руу удирдсан шалтгааныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Лихай Их Эзэнээс ямар зарлиг хүлээн авсан бэ? (1 Нифай 2:2-ыг үз.)

  • Юу авч явах бас юуг орхих талаар Лихайн гаргасан шийдвэрээс та юу сурч болох вэ?

Нэг суралцагчаас 1 Нифай 2:7-г чанга уншихыг хүс.

  • Лихай гэр орон, эд хогшлоо орхиж явсныхаа дараа Их Эзэнд талархал өргөсөн юм. Бид энэ туршлагаас юу сурч болох вэ?

  • Лихай юунд талархалтай байсан бэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Бид итгэлтэй, дуулгавартай байгаа үед Их Эзэн хэцүү бэрх цаг үед бидэнд туслах болно.

  • Та хэзээ Их Эзэн танд хүнд хэцүү цаг үед тусалж байгааг мэдэрсэн бэ? (Энэхүү асуултанд хариулахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлэхийг тэднээс хүс. Хэтэрхий хувийн шинжтэй хариултууд хэлэх хэрэггүйг ойлгоход нь тэдэнд тусал.)

1 Нифай 2:8–15

Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдав

Их Эзэнээс ирсэн зарлиг эсвэл Сүмийн удирдагч, эцэг эхээсээ ирсэн хүсэлтэнд ил тод эсвэл дотроо гомдоллож, бувтналдаж байсан эсэхийг өөрөөсөө асуухыг суралцагчдаас хүс. Өөрсдөд нь тохиолдсон туршлагуудын талаар бодож үзэх цаг өг.

  • Бидэнд ямар нэгэн удирдамж, чиглүүлэг өгөх үед бид яагаад гомдоллодог вэ?

Гол мөн хөндий гэж самбар дээр бич. Нэг суралцагчийг 1 Нифай 2:8–10-ыг чанга уншихыг хүс.

  • Лихай ямар замаар голтой адилхан байхыг Леменээс хүссэн бэ? Лихай ямар замаар хөндийтэй адилхан байхыг Лемүелээс хүссэн бэ? (Та мөн суралцагчдаас хариултуудаа самбар дээр Гол мөн Хөндий хэмээх хоёр үгийн хажууд бичихийг хүсч болно.)

  • Лихай Лемен, Лемүел хоёрт юу заахыг хичээж байсан бэ?

Суралцагчдаас 1 Нифай 2:11–14-ийг дор дороо уншихыг хүс.

  • Лемен, Лемүел хоёрын эцгийнхээ эсрэг бувтналдсан шалтгаан нь юу вэ?

  • 1 Нифай 2:11 дээрх зөрүүд араншин хэмээх үг нь бардамнал эсвэл зөрүүд занг хэлдэг. Бардамнал яагаад хүмүүсийг бувтнахад хүргэдэг вэ?

  • Яагаад хүмүүс заримдаа Их Эзэний үйл хэргүүдийг ойлгохгүй үедээ бувтнахад хүрдэг гэж та бодож байна вэ?

Сатан биднийг бувтналдахыг хүсдэг нэг шалтгаан нь гомдол, бувтнал нь бидэнд бошиглогч, бусад сүнслэг удирдагчийн болон эцэг эхийнхээ үгийг дагахад садаа болдог учраас гэдгийг тайлбарла. Ярилцлагынхаа хэсэг болгож Далын ахлагч Х.Росс Воркманы үгээс хуваалцаж болно.

“Бувтналдах нь гурван алхмаас бүрддэг бөгөөд алхам бүр биднийг дуулгаваргүй байдал руу улам ойртуулдаг.” Эхлээд хүмүүс эргэлзэж эхэлдэг. Тэд эхлээд “өөрсдийн оюун бодолд” эргэлзэж эхэлдэг бөгөөд дараа нь “бусдын оюун бодолд эргэлзээ төрүүлдэг”. Хоёрдугаарт, бувтналддаг хүмүүс “өөрсдийгөө зөвтгөж, хийх ёстой үүргээсээ өөрсдийгөө чөлөөлөх шалтаг олж эхэлдэг. … Иймээс тэд дуулгаваргүй байх шалтаг [олж] эхэлдэг.” Тэдний шалтаг тэднийг гуравдахь алхам руу хөтөлдөг: “Тэд Аврагчийн зарлигуудыг дагахдаа залхуу хойрго болдог. …

Би та бүхнийг та нарт хамгийн түвэгтэй санагддаг, амьд бошиглогчдын зарлигуудад анхаарлаа хандуулахад урьж байна. Та тэрхүү зарлиг нь танд хамаатай эсэхэд эргэлздэг үү? Тэрхүү зарлигт дуулгаваргүй байх шалтгийг та амархан олдог уу? Танд тэрхүү зарлигийн талаар анхааруулсан хүмүүс тээртэй санагддаг уу? Та уг зарлигийг дагахдаа залхуу хойрго уу? Дайсны мэхлэлтээс болгоомжил. Бувтнахаас сэрэмжил” (“Beware of Murmuring,” Ensign, 2001 оны 11-р сар, 85–86).

Суралцагчдыг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ дараах асуултуудад хариулахад урь.

  • Хэрэв та өөрийгөө Их Эзэний бошиглогчид болон зарлигуудад бувтнаж байгаагаа мэдвэл юу хийх вэ?

1 Нифай 2:16–19

Нифай Их Эзэнээс ойлголтыг эрэлхийлдэг

Суралцагчдаас 1 Нифай 2:16, 19-ийг дотроо уншиж, тунгаан бодохыг хүс.

  • Нифай аавынхаа захиасыг хэрхэн хүлээж авсан бэ?

  • Та хэзээ Бурханыг дуудаж, зүрх сэтгэл тань зөөлөрснийг мэдэрсэн бэ?

Суралцагчдад Их Эзэн тэдний зүрх сэтгэлийг зөөллөсөн туршлагуудынхаа талаар хуваалцах боломж олго (тэднээс хэт хувийн туршлагуудаа хуваалцахгүй байхыг хүс). Мөн та Их Эзэн таны зүрх сэтгэлийг зөөллөсөн тухай хуваалцаж болно. Суралцагчдад бид Бурханыг дуудах үед Тэрээр Түүний үгсэд итгэж болохын тулд бидний зүрх сэтгэлийг зөөллөж чадна гэдгийг батал.

1 Нифай 2:19-ийг чангаар унш. Суралцагчдаас “хичээнгүйлэн”, “зүрх сэтгэлийн номхон байдалд” гэх үгсийг өөрсдийн үгээр тайлбарлахыг хүс. Нифайн адилаар Их Эзэнийг эрэлхийлэхийг урамшуулан дэмж.

Нэг суралцагчаас 1 Нифай 2:17–18-ыг чангаар уншихыг хүс.

  • Нифай, Сам, Лемен, Лемүел нарын өөр өөр хандлагаас бид ямар зарчмуудыг сурч болох вэ?

  • Нифайн үг Самын итгэлийг хүчирхэгжүүлсэн шиг гэр бүлийн гишүүн эсвэл найзын тань үг таны итгэлийг хэзээ хүчирхэгжүүлсэн бэ?

1 Нифай 2:20–24

Зарлигуудыг дагадаг хүмүүс дэгжих болно.

Суралцагчдаас 1 Нифай 2:20–21-ийг уншихыг хүс. Тэднийг “миний зарлигийг дагахын хэрээр та нар дэгжих болно” хэмээх амлалтыг олж, тэмдэглэхэд урь. Тэд Мормоны Номыг судалснаар энэхүү амлалт биелэгдсэн олон жишээг унших болно гэдгийг тайлбарла.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс. Р.Макконкигийн хэлсэн үгийг хуваалц.

“Дуулгавартай байдал бол тэнгэр дэх анхны хууль юм. Мөнх болох Түүний хуулийн дагуу амьдардаг хүмүүст бүх хөгжил дэвшил, төгс төгөлдөржилт, аврал, бурханлаг байдал болон бүх зөв, үнэн, шударга, сайн сайхан зүйлс ирдэг. Бурханы зарлигуудыг дагахаас илүү чухал зүйл мөнх оршихуйд байхгүй билээ” (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 126).

Бурхан дуулгавартай, итгэлтэй хүмүүсийг адисалдаг хэмээх гэрчлэлээ хуваалц. Нифайн адил суралцагчид Их Эзэнээс удирдамж хүлээн авах итгэлээ хөгжүүлж чадна. Тэднийг бүр илүү дуулгавартай байж, Ариун Сүнснээс ирсэн удирдамжийг илүү сайн дагахын төлөө тэмцэхэд урамшуулан дэмж.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 2:2–6. Лихайн гэр бүлийн аялсан байж болох зам

Лихай гэр бүлээ Иерусалимаас 290 километр зайд орших Акабагийн булангийн ойролцоох Улаан тэнгис рүү удирдсан байж магадгүй. Энэ нь бэлтгэлгүй аялагчдыг дээрэмддэгээрээ алдартай аагим халуун, эзгүй талаар аялна гэсэн үг юм. Тэд Улаан тэнгист очсоныхоо дараа голын хөндийд ирж, суурьших хүртлээ дахиад гурван өдөр аялжээ. Иерусалимаас голын хөндий хүртэл 14 өдөр аялсан байж магадгүй. Та тэднийг Нифайг ах нартайгаа Иерусалим руу буцсан тухай унших үед энэ хол зайн талаар суралцагчдад сануулж хэлж болно.

Зураг
Ойрхи Дорнодын газрын зураг

1 Нифай 2:7. Их Эзэнд талархал өргөх нь

Лихайн Их Эзэний удирдамж, хамгаалалтанд өргөсөн талархал 1 Нифай 2:7 дээр гардаг: “Тэрээр тахилын чулуун ширээ босгон, Их Эзэнд өргөл үйлдэн, бас Их Эзэн Бурхандаа талархлаа мэдүүлсэн авай.” Энэ бол Мормоны Номонд гардаг Христийн дагалдагчдын Бурханд талархал илэрхийлэхийн тулд тахил өргөж, өргөл хайлсан анхны жишээ юм (1 Нифай 7:22; Мозая 2:3–4-г үз). Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлж, дуулгавартай байдлаа үзүүлэх нь Түүний тааллыг эрэлхийлдэг Бурханы бүх хүүхдүүдэд чухал юм (С ба Г 59:21-г үз).

Хэвлэх