Номын сан
Үндсэн сургаалууд


Үндсэн сургаалууд

Үндсэн сургаалууд институт ба семинарын ангийн аль алинд нь заагдах ёстой. Багш нар суралцагчдадаа сайн мэдээний эдгээр үндсэн сургаалыг таньж мэдэн, ойлгож, итгэж, эдгээрийг тайлбарлаж мөн амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах ёстой. Үүнийг хийснээр суралцагчдад гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд талархах талархал нь өсөн нэмэгдэхэд нь тусална. Эдгээр үндсэн сургаалаас суралцах нь суралцагчид эдгээр чухал үнэнийг бусдад заахад илүү сайн бэлтгэгдэхэд тэдэнд тусалдаг.

Шашны институт ба семинарын сонгосон 100 төгс эзэмших судрын хэсгүүд суралцагчдын үндсэн сургаалын ойлголтыг дэмжих зорилготой. Доор жагсаасан судрын эшлэлүүдийн ихэнх нь төгс эзэмших судрын хэсгүүдтэй холбоотой. Тэдгээр нь үндсэн сургаалтай хэрхэн холбогдож буйг үзүүлэхийн тулд оруулав.

1. Бурхан Тэргүүтэн

Бурхан Тэргүүтэн бол тусдаа гурван хүн юм. Энэ бол Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурав юм (Иосеф Смит–Түүх 1:15–20-ийг үзнэ үү). Эцэг Хүү хоёр мэдрэгдэх яс, махан биетэй бол Ариун Сүнс нь сүнсэн хүн юм (С ба Г 130:22–23-ыг үзнэ үү). Тэд зорилго, сургаалын хувьд нэг юм. Тэд Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг авралын төлөвлөгөөг тохиолгон авчрахад төгс эв нэгдэлтэй байдаг.

Бурхан Эцэг

Бурхан Эцэг бол ертөнцийн Аугаа Дээд Жолоодогч мөн. Тэр бол сүнснүүдийн маань Эцэг (Еврей 12:9-ийг үзнэ үү). Тэрбээр төгс бөгөөд бүх хүч Түүнд буй, мөн бүх зүйлийг мэддэг. Тэр түүнчлэн төгс нигүүлсэл, нинжин сэтгэл хийгээд хайр энэрлийн Бурхан юм.

Есүс Христ

Есүс Христ бол сүнсээр төрсөн Эцэгийн Ууган Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү билээ. Тэр бол Хуучин Гэрээний Жехова, Шинэ Гэрээний Мессиа мөн.

Есүс Христ нүгэлгүй амьдралаар амьдарсан ба бүх хүн төрөлхтний нүглүүдийн төлөө төгс Цагаатгалыг хийсэн (Aлмa 7:11–13-ыг үзнэ үү). Түүний амьдрал бол бүх хүн төрөлхтөн хэрхэн амьдрах ёстойн төгс үлгэр жишээ мөн (Иохан 14:6; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Тэр дэлхий дээр амилсан анхны хүн билээ (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Есүс Христ хүч, алдар суундаа дахин ирж, Мянган жилийн турш дэлхий дээр хаанчлах болно.

Бүх залбирал, адислал ба санваарын ёслол Есүс Христийн нэр дээр хийгдсэн байх ёстой (3 Нифай 18:15, 20–21-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Хиламан 5:12; C ба Г 19:23; C ба Г 76:22–24

Ариун Сүнс

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн юм. Тэр бол мах хийгээд ясан биегүй сүнсэн хүн юм. Түүнийг ихэвчлэн Сүнс, Ариун Сүнс, Бурханы Сүнс, Их Эзэний Сүнс эсвэл Тайвшруулагч гэж нэрлэдэг.

Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж, бүх зүйл үнэнийг илчлэн, наманчилж, баптисм хүртсэн хүмүүсийг ариусгадаг (Moронай 10:4-5-ыг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Галат 5:22–23; C ба Г 8:2–3

2. Авралын Төлөвлөгөө

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэйгөө адилхан болж, үхэшгүй байдал, мөнх амьдралыг олж авах боломжийг олгосон төлөвлөгөөг танилцуулсан юм (Moсe 1:39-ийг үзнэ үү). Судрууд энэ төлөвлөгөөг “авралын төлөвлөгөө,” “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “нигүүлслийн төлөвлөгөө” гэж нэрлэдэг.

Авралын төлөвлөгөөнд Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, түүнчлэн сайн мэдээний бүх хууль, ёслол, сургаал багтдаг. Ёс суртахууны сонгох эрх—өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал юм (2 Нифай 2:27-г үзнэ үү). Бид энэ төлөвлөгөөний ачаар Цагаатгалаар дамжуулан төгс, бүрэн баяр баясалтай болж, Бурханы оршихуйд үүрд мөнх амьдарч чадна (3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна.

Холбогдох эшлэлүүд: Иохан 17:3; C ба Г 58:27

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан билээ (Aбрахам 3:22–23-ыг үзнэ үү). Энэхүү мөнх бус байдлын өмнөх оршихуйд бид Тэнгэрлэг Эцэгийн бусад хүүхэдтэй хамт тэнгэрт болсон зөвлөгөөнд оролцсон юм. Уг зөвлөгөөн дээр Тэнгэрлэг Эцэг Өөрийн төлөвлөгөөг танилцуулж, мөнх бус байдлын өмнөх амьдралын Есүс Христ Аврагч болохоор гэрээ хийсэн билээ.

Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагах чөлөөт сонголтоо ашигласан. Бид дэлхийд ирэхээр бэлтгэгдсэн бөгөөд энд өсч хөгжих ёстой байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагасан хүмүүст дэлхий дээр ирж мөнх бус амьдралдаа туршлага хуримтлуулан, өсч хөгжин, улмаар мөнх амьдралд хүрэх боломжийг олгосон юм. Бурханы өөр нэг сүнсэн хүү Люсифер авралын төлөвлөгөөг эсэргүүцэн бослого гаргажээ. Тэрээр Сатан болж, дагалдагчдынхаа хамт тэнгэрээс хөөгдсөнөөр, бие махбодтой болж, мөнх бус байдлын туршлагыг эзэмших боломжгүй болсон юм.

Холбогдох эшлэлүүд: Жеремиа 1:4–5

Бүтээлт

Есүс Христ Эцэгийн удирдлагаар тэнгэр, газрыг бүтээсэн билээ. Дэлхийг оргүй хоосноос бүтээгээгүй юм. Үүнийг оршин байсан материас зохион байгуулжээ. Есүс Христ тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн (C ба Г 76:22–24-ийг үзнэ үү).

Дэлхийг бүтээх нь Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй чухал байв. Дэлхий бол бид бие махбодтой болж, соригдон, бурханлаг зан төлөвийг хөгжүүлэх газар юм.

Бид дэлхийн нөөцүүдийг ухаалгаар, үнэлэмжтэйгээр мөн талархалтайгаар ашиглах ёстой (C ба Г 78:19-ийг үзнэ үү).

Адам бол дэлхий дээр бүтээгдсэн анхны хүн. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Бүх хүн төрөлхтөн—эрэгтэй мөн эмэгтэй— бүгд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26–27-г үзнэ үү).

Уналт

Едений цэцэрлэгт сайн ба мууг ялган таних мэдлэгийн модны жимснээс идэхгүй байхыг Бурхан Адам, Ева хоёрт зарлиг болгожээ. Энэ модны жимснээс идвэл сүнс болон биеийн үхэл ирэх ёстой байв. Бурханаас салан тусгаарлагдахыг Сүнсний үхэл гэнэ. Биеийн үхэл бол мөнх бус биеэс сүнс салах үйл явц мөн. Адам ба Ева Бурханы зарлигийг зөрчсөн учраас тэд Түүний оршихуйгаас хөөгдөж, мөнх бус болсон. Адам, Ева хоёрын зөрчил болон үүнээс үүдэлтэй өөрчлөлтүүд, түүний дотор сүнсний болон биеийн үхлийг Уналт гэдэг.

Уналтын үр дүнд Адам, Ева хоёр болон тэдний үр удам баяр баясгалан, уй гашууг биеэрээ туулж, сайн ба мууг ялган таньдаг болж, үр хүүхэдтэй болсон юм (2 Нифай 2:22–25-ыг үзнэ үү). Адам, Ева нарын үр удмын хувьд бид мөнх бус амьдралын турш уналтын нөхцөл байдлыг өвлөн авсан. Бид Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдаж, махан биеийн үхлийг туулах хэрэгтэй болсон. Бид мөн амьдралын хүнд хэцүү болон дайсны уруу таталтуудаар соригддог. (Moзая 3:19-г үзнэ үү.)

Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Уналт нь урагшаа ахисан—хойшоо ухарсан хоёр талтай юм. Уналт биеийн болон сүнсний үхлийг бий болгосноос гадна дэлхий дээр төрж, сурч, өсч хөгжих боломжийг бидэнд олгосон билээ.

Мөнх бус амьдрал

Бид мөнх бус амьдралд бэлтгэж, Их Эзэний бидэнд тушаасан бүхнийг хийхэд өөрсдийн чөлөөт сонголтыг ашиглана гэдгээ баталсан үед мөнх бус амьдрал нь суралцах цаг мөч болдог. Энэхүү мөнх бус амьдралынхаа турш бид бусдыг хайрлаж, үйлчлэх хэрэгтэй (Moзая 2:17; Moронай 7:45, 47–48-ыг үзнэ үү).

Мөнх бус байдалд бидний сүнс бие махбодтой нэгдэн нийлж, бидэнд өмнөх дэлхийн амьдралд боломжгүй байсан арга замуудаар өсч хөгжих боломжуудыг олгодог. Бидний бие махбод авралын төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн энэ бэлэгт хүндэтгэлтэй хандах ёстой (1 Коринт 6:19–20-ийг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Иошуа 24:15; Maтай 22:36–39; 2 Нифай 28:7–9; Aлмa 41:10; C ба Г58:27

Үхлийн дараах амьдрал

Биднийг нас барахад бидний сүнс сүнсний дэлхийд очиж амилуулалтаа хүлээх болно. Зөв шударга хүмүүсийн сүнс диваажин гэж нэрлэгддэг аз жаргалын байдалд хүлээн авагдах болно. Итгэлтэй хүмүүсээс олон нь сүнсний шоронд байгаа тэдгээрт номлох болно.

Сүнсний шорон бол үнэнийг мэдэлгүйгээр нас барсан мөн мөнх бус амьдралдаа дуулгаваргүй байсан хүмүүст зориулсан мөнх бус амьдралын дараах түр хугацаанд орших газар юм. Тэнд сүнснүүдэд сайн мэдээ заагдаж, наманчилж мөн ариун сүмүүдэд тэдний төлөө гүйцэтгэгдсэн авралын ёслолуудыг хүлээн зөвшөөрөх боломжтой байдаг (1 Петр 4:6-г үзнэ үү). Сайн мэдээг хүлээн авсан хүмүүс амилуулалт хүртэл диваажинд амьдрах болно.

Амилуулалт бол бидний сүнс мах, ясан биетэйгээ дахин нэгдэх үйл явц мөн (Лук 24:36–39-ийг үзнэ үү). Амилуулалтын дараа сүнс, бие хоёр хэзээ ч дахин салахгүй бөгөөд бид үхэшгүй болно. Есүс Христ үхлийг ялсан учраас дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдана (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Зөв шударга хүмүүс ёс бусчуудаас өмнө эхний амилуулалтаар босч ирнэ.

Амилуулалтын дараа эцсийн шүүлт болох болно. Мөнхийн алдар сууг хүлээн авах эсэхийг тодорхойлохын тулд Есүс Христ хүн бүрийг шүүнэ. Энэхүү шүүлт нь хүн бүр Бурханы зарлигуудад хэр зэрэг дуулгавартай байсан дээр үндэслэгдэх болно (Илчлэлт 20:12–13; Moзая 4:30-ийг үзнэ үү).

Алдар суугийн гурван хаант улс бий (1 Коринт 15:40–42-ыг үзнэ үү). Эдгээрийн хамгийн дээд нь селестиал хаант улс мөн. Есүсийг гэрчлэхдээ зоригтой, сайн мэдээний зарчмуудад дуулгавартай тэдгээр нь селестиал хаант улсад Бурхан Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн оршихуйд амьдрах болно (D&C ба Г 131:1–4-ийг үзнэ үү).

Алдар суугийн гурван хаант улсын хоёр дахь нь террестиал хаант улс юм. Есүс Христийн гэрчлэлдээ зоригтой биш байсан дэлхийн шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ хаант улсад очих болно.

Телестиел хаант улс бол алдар суугийн гурван хаант улсын хамгийн доодох нь юм. Энэ хаант улсыг өвлөн авсан хүмүүс өөрсдийн мөнх бус амьдралын турш зөв шударгаас илүүгээр ёсон бусыг сонгосон хүмүүс байх болно. Энэ хүмүүс сүнсний шоронгоос гэтэлгэгдсэнийхээ дараа өөрсдийн алдар сууг хүлээн авах болно.

Холбогдох эшлэл: Иохан 17:3

3. Есүс Христийн Цагаатгал

Цагаатгах гэдэг нь нүглийн төлөөх шийтгэлийг өөр дээрээ авснаар нүглийн үр дагаврыг наманчлагч нүгэлтнээс шилжүүлэн авч, Бурхантай дахин эвлэрэх боломжийг түүнд олгох явдал мөн. Есүс Христ бол бүх хүн төрөлхтний төлөө төгс Цагаатгал хийж чадах цорын ганц нь байв. Түүний Цагаатгалд хүн төрөлхтний нүглийн төлөө Гетсеманий цэцэрлэгт зовсон Түүний зовлон шаналал, Түүний урссан цус, загалмай дээрх Түүний шаналал болон үхэл мөн Түүний булшнаас гарч ирсэн зэрэг нь багтдаг (Лук 24:36–39; C ба Г 19:16–19-ийг үзнэ үү). Аврагч Өөрийгөө нүглээс ангид байлгаж, үхлийг ялах хүчтэй байсан учраас Цагаатгалыг гүйцэлдүүлэх боломжтой байсан юм. Тэрээр үхэлт чанарыг мөнх бус эхээсээ өвлөн авсан бол амиа эргүүлэн олж авах чадварыг үхэшгүй Эцэгээсээ өвлөн авчээ.

Аврагчийн цагаатгагч золиослолоор боломжтой болсон ач ивээлээр бүх хүмүүс дахин амилж, мөнх байдлыг хүлээн авах болно. Есүс Христийн Цагаатгал нь түүнчлэн бидэнд мөнх амьдралыг хүлээн авах боломжтой болгосон (Moронай 7:41-ийг үзнэ үү). Энэ бэлгийг хүлээн авахын тулд бид Есүс Христэд итгэлтэй байж, нүглүүдээ наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч мөн итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчин, Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах хэрэгтэй (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Түүний Цагаатгалын нэг хэсгийн хувьд Есүс Христ зөвхөн бидний нүглүүдийн төлөө зовж шаналсан бус мөн өвдөлт, өвчин эмгэг ба бүх хүмүүсийн сул дорой байдлуудыг Өөр дээрээ авсан (Aлмa 7:11–13-ыг үзнэ үү). Тэрээр өөрөө зовлон амссан учраас бидний зовлонг ойлгодог. Түүний ач ивээл буюу боломж олгогч хүч нь бидэнд өөрсдийн ачааг үүрч, бие даан хийж чадахгүй зүйлсийг гүйцэлдүүлэх хүчийг өгдөг (Maтай 11:28–30; Филлипой 4:13; Ифер 12:27-г үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Иохан 3:5; Үйлс 3:19–21

Есүс Христэд итгэх итгэл

Итгэл бол “үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах” билээ (Aлмa 32:21; мөн Ифер 12:6-г үзнэ үү). Энэ нь Бурханы бэлэг юм.

Итгэл нь хүнийг аврал руу хөтлөхийн тулд Есүс Христэд төвлөрөх ёстой. Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгал, хүч, хайранд бүрэн итгэж, найдах ёстой гэсэн үг юм. Энэ нь Түүний сургаалд итгэж, бүгдийг ойлгохгүй байсан ч Тэр мэднэ хэмээн итгэхийг хэлнэ (Сургаалт үгс 3:5–6; C ба Г6:36-г үзнэ үү).

Итгэл нь идэвхгүй сүсэг бишрэлээр биш бидний амьдралын хэв маягаар илэрдэг (Иаков 2:17–18-ыг үзнэ үү). Бид залбирч, судруудаас судалж, Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар итгэлээ хөгжүүлж чадна.

Хожмын үеийн гэгээнтнүүд бас Бурхан Эцэг, Ариун Сүнс, санваарын хүч болон сэргээгдсэн сайн мэдээний бусад чухал зүйлүүдэд итгэдэг. Итгэл нь сүнсний болон бие махбодын эдгэрэлтэд, мөн үргэлж урагш давшиж, тулгарсан бэрхшээл, уруу таталтуудыг даван туулах хүч чадалтай байхад бидэнд тусалдаг (2 Нифай 31:19–20-ыг үзнэ үү). Их Эзэн бидний итгэлийн дагуу бидний амьдралд хүчирхэг гайхамшгуудыг үйлдэх болно.

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан хувь хүн нүглүүдээсээ ангижирч, эцэстээ Бурханы оршихуйд амьдрах боломжтой болно.

Холбогдох эшлэлүүд: Maтай 11:28–30

Наманчлал

Наманчлал бол Бурханыг, өөрсдийгөө бас дэлхийг шинээр харах боломжийг бидэнд олгодог зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглээ орхиж, өршөөлийн төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг.

Нүгэл биднийг цэвэр ариун биш—Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэж очин, Түүний дэргэд амьдрахад зохистой биш болгодог. Тэнгэр дэх Эцэг маань Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, бидний нүгэл уучлагдаж болох цорын ганц арга замаар хангадаг билээ (Исаиа 1:18-ыг үзнэ үү).

Нүгэл үйлдсэнийхээ төлөө харамсах, Тэнгэрлэг Эцэгтээ шаардлагатай бол бусад хүмүүст нүглээ гэмшин хүлээх, нүглээ орхих, үйлдсэн нүглийнх нь улмаас хүнд учруулсан хохирлыг аль болохоор бүрэн нөхөн төлөхийг хичээх, Бурханы зарлигуудад дуулгавартай амьдрах нь наманчлалд багтана (С ба Г 58:42–43-ыг үзнэ үү).

Холбогдох эшлэлүүд: Исаиа 53:3–5; Иохан 14:6; 2 Нифай 25:23, 26; C ба Г 18:10–11; C ба Г 19:23; C ба Г 76:40–41

4. Эрин үе, Урвалт ба Сэргээлт

Эрин үе

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг нэгэн тодорхой үе юм. Энэ бол Их Эзэн дэлхий дээр ариун санваартай, сайн мэдээг түгээх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ёслолуудыг гүйцэтгэх дор хаяж нэг үйлчлэгч газар дэлхий дээр байгаа цаг үе юм. Өнөө үед бид хамгийн сүүлийн эрин үе—Иосеф Смитийн сайн мэдээний илчлэлтээр эхэлсэн цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдарч байна.

Өмнөх эрин үеүд нь Адам, Енох, Ноа, Абрахам, Мосегийн түүнчлэн Есүс Христийн эрин үе байлаа. Түүнээс гадна, нифайчууд болон жаредчуудын эрин үе болох бусад эрин үеүд бас байсан. Авралын төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээг эрин үе болгонд илчилсээр иржээ.

Урвалт

Хүмүүс сайн мэдээний зарчмуудаас нүүр буруулж, тэдэнд санваарын түлхүүрүүд байхгүй бол тэд урвалтын байдалд ордог.

Ерөнхий урвалтын үеүд дэлхийн түүхийн туршид тохиосоор ирсэн билээ. Нэг жишээ нь, Аврагч Өөрийнхөө сүмийг зохион байгуулсны дараа тохиосон Их урвалт юм. (2 Tесалоник 2:1–3). Аврагчийн төлөөлөгчдийг нас барсны дараа сайн мэдээний зарчмууд гуйвуулагдан, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудад эрх мэдэлгүй өөрчлөлтүүд хийгдсэн. Энэхүү өргөн цар хүрээтэй ёс бус зүйлүүдийн улмаас Их Эзэн санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг дэлхийгээс татан авсан юм.

Их Урвалтын үед хүмүүст амьд бошиглогчдоос ирсэн бурханлаг удирдамж байсангүй. Олон сүм байгуулагдсан боловч Ариун Сүнсний бэлэг өгөх болон санваарын бусад ёслолыг гүйцэтгэх эрх мэдэл тэдэнд байсангүй. Ариун судруудын зарим бүлэг мушгин гуйвуулагдаж эсвэл алга болж, Бурханы тухай үнэн мэдлэг хүмүүст байхгүй болсон байлаа.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү хоёр Иосеф Смит дээр хүрч ирэн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийг эхлэх хүртэл энэ урвалт үргэлжилсэн юм.

Сэргээлт

Сэргээлт нь Бурханы дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдийн дунд Өөрийн сайн мэдээний үнэн ба ёслолуудын дахин сэргээлт юм (Үйлс 3:19–21-ийг үзнэ үү).

Сэргээлтэд бэлтгэхийн тулд Их Эзэн дахин сэргэлт хэмээн түүхэнд нэрлэгдсэн үед хүнлэг шударга хүмүүсийг өсгөн бэлдсэн юм. Тэд шашны сургаал, зан үйл, зохион байгуулалтыг Аврагчийн үндэслэн байгуулсан арга хэлбэр рүү буцааж оруулахыг оролдож байлаа. Гэвч тэдэнд санваар, сайн мэдээний бүрэн байдал аль ч байсангүй.

1820 онд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр залбирлынх нь хариуд Иосеф Смит дээр хүрч ирснээр Сэргээлт эхэлсэн юм (Иосеф Смит—Түүх 1:15–20-ыг үзнэ үү). Сэргээлтийн зарим гол үйл явдал гэвэл Мормоны Номын орчуулга, Аароны болон Мелкизедек санваарын сэргээлт болон 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүмийг зохион байгуулсан явдал мөн.

1829 оны тавдугаар сарын 15-нд Иохан Баптист Аароны санваарыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээв. Төлөөлөгч Петр, Иаков, Иохан гурав Мелкизедек санваар болон хаант улсын түлхүүрүүдийг 1829 онд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт сэргээжээ.

Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” болов (С ба Г 1:30). Сүм яваандаа бүх дэлхийг дүүргэх бөгөөд мөнхөд байх болно.

Холбогдох эшлэлүүд: Исаиа 29:13–14; Eзекиел 37:15–17; Ефес 4:11–14; Иаков 1:5–6

5. Бошиглогчид ба илчлэлт

Бошиглогч бол Түүнийг төлөөлөн ярихын тулд Бурханаас дуудагдсан хүн юм (Aмос 3:7-г үзнэ үү). Бошиглогчид Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл болон үнэн зан чанарыг тодорхой болгодог. Тэд нүглийг буруушаан, үр дагавруудаас нь сэрэмжлүүлдэг. Цагаас цагт тэд ирээдүйн үйл явдлуудыг бошиглосон (C ба Г 1:37–38-ыг үзнэ үү). Бошиглогчдын олон сургаал нь судруудад байдаг. Бошиглогчдын үгсийг суралцсанаар бид үнэнийг суралцаж, удирдамжийг хүлээн авдаг (2 Нифай 32:3-ыг үзнэ үү).

Бид Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчийн хувьд дэмжин баталдаг бөгөөд тэр бол Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлтийг хүлээж авдаг дэлхий дээрх цорын ганц хүн юм. Бид бас Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг билээ. (С ба Г 1:38-ыг үзнэ үү).

Илчлэлт нь Бурханы Өөрийн хүүхдүүдтэй хийх харилцаа юм. Их Эзэн сүмд Өөрийн тааллыг илчлэхдээ Өөрийн бошиглогчоор дамжуулан ярьдаг. Ариун Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу Үнэт сувд судрууд нь эртний болон хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан өгөгдсөн илчлэлтүүдийг багтаадаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч нь өнөөдрийн дэлхий дээрх Бурханы бошиглогч мөн.

Хувь хүмүүс өөрсдийн онцгой хэрэгцээ, үүрэг хариуцлага ба асуултуудад илчлэлт хүлээн авч, өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусалж чадна. Сүмийн удирдагч ба гишүүдэд ирдэг ихэнх илчлэлт нь Ариун Сүнсний өдөөлт ба бодол санаагаар дамжин ирдэг. Ариун Сүнс бидний оюун санаа ба зүрх сэтгэлд намуун, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг (C ба Г 8:2–3-ыг үзнэ үү). Илчлэлт мөн үзэгдэл, зүүд ба тэнгэр элчийн айлчлалаар ирдэг.

Холбогдох эшлэлүүд: Дуулал 119:105; Ефес 4:11–14; 2 Tимот 3:15–17; Иаков 1:5–6; Moронай 10:4–5

6. Санваар ба санваарын түлхүүрүүд

Санваар нь мөнхийн хүч ба Бурханы эрх мэдэл юм. Санваараар дамжуулан Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн бөгөөд захирдаг. Тэрбээр энэ хүчээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэн, өргөмжилж, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчирдаг” (Moсe 1:39).

Бурхан Түүний нэрээр Түүний хүүхдүүдийн авралын төлөө үйлдэж болохын тулд Түүний санваарын эрх мэдлийг Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд олгодог. Санваарын түлхүүрүүд нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрхүүд эсвэл дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэхийн тулд Бурханаар хүмүүнд өгөгдсөн хүч юм (Maтай 16:15–19-ийг үзнэ үү). Энэ түлхүүрүүдээр дамжуулан санваартнууд сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг удирдах эрхтэй байдаг. Сүмд үйлчилдэг бүх хүн санваарын түлхүүрүүдийг атгасан нэгний удирдамжаар дуудагддаг. Ингэснээр тэд үйлчлэхэд шаардлагатай хүчийг хүлээн авч, дуудлагуудынхаа үүрэг хариуцлагуудыг биелүүлэх эрхтэй болно гэсэн үг юм.

Холбогдох эшлэлүүд: C ба Г 121:36, 41–42

Аароны санваар

Аароны санваарыг бэлтгэл санваар хэмээн нэрлэх нь олонтоо тохиолддог. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм. Өнөө үед Сүмийн зохистой эрэгтэй гишүүд 12 настай байхаасаа эхлэн Аароны санваар хүлээн авч болно.

Аароны санваар нь тэнгэр элчүүдийн үйлчлэл, наманчлал, сайн мэдээний болон баптисмын түлхүүрүүдийг эзэмшдэг (С ба Г 13:1).

Мелкизедек санваар

Мелкизедек санваар нь илүү дээд эсвэл агуу санваар ба сүнслэг зүйлүүдэд үйлчилдэг (C ба Г 107:8-ыг үзнэ үү). Энэхүү дээд санваарыг Адамд өгсөн бөгөөд Их Эзэн Өөрийн сайн мэдээг илчлэх бүрд дэлхий дээр байсаар байгаа билээ.

Мелкизедек санваарыг эхний үед “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун Санваар” гэж нэрлэдэг байжээ. (С ба Г 107:3). Хожим нь үүнийг бошиглогч Абрахамын үед амьдарч байсан агуу дээд санваартны нэрээр Мелкизедек санваар хэмээн нэрлэх болсон байна.

Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прист, патриарх, Дал, төлөөлөгч юм. Мелкизедек санваартнуудын ерөнхийлөгч нь Сүмийн ерөнхийлөгч байдаг.

Холбогдох эшлэл: Eфес 4:11–14

7. Ёслолууд ба гэрээнүүд

Ёслолууд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх аливаа ёслол ариун нандин, сүнслэг утга учрыг агуулсан албан ёсны үйлдэл юм. Сүнсний үнэнүүдийг заахын тулд Бурхан ёслол бүрийг бий болгожээ. Авралын ёслолуудыг санваарын эрх мэдэл ба санваарын түлхүүрүүдийг атгадаг тэдгээрийн удирдлаган дор гүйцэтгэдэг. Зарим ёслол нь өргөмжлөлд зайлшгүй чухал бөгөөд авралын ёслолууд гэж нэрлэгддэг.

Сайн мэдээний хамгийн анхны авралын ёслол нь эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулалтаар хүртэх баптисм юм. Баптисм нь хувь хүний хувьд сүмийн гишүүн болж, селестиел хаант улсад ороход нь зайлшгүй чухал зүйл мөн (Иохан 3:5-ыг үзнэ үү).

Баптисм гэдэг үг нь грек үгнээс гаралтай бөгөөд “шумбах,” “умбах” гэсэн утгатай ажээ. Усанд умбуулах нь тухайн хүний нүгэлт амьдралын төгсгөл буюу “үхлийн,” түүнчлэн Бурхан болон Түүний хүүхдүүдэд бие сэтгэл бүхнээ зориулан үйлчлэх сүнслэг амьдралд дахин төрж буйн бэлгэдэл юм. Энэ нь бас үхэл, амилуулалтын бэлгэдэл мөн.

Хүн баптисм хүртсэний дараа нэг буюу түүнээс олон Мелкизедек санваартан толгой дээр нь гараа тавьж, түүнийг Сүмийн гишүүнээр баталдаг. Гишүүний баталгаа гэж нэрлэдэг энэхүү ёслолын нэг хэсэг нь Ариун Сүнсний бэлэг өгөх ёслол юм.

Ариун Сүнсний бэлэг нь Ариун Сүнс-ний нөлөөнөөс ялгаатай. Баптисм хүртэхээсээ өмнө хүн Ариун Сүнсний нөлөөг үе үе мэдэрч чадах бөгөөд, энэхүү нөлөөгөөр дамжуулан үнэний тухай гэрчлэлтэй болж болно (Moронай 10:4–5-ыг үзнэ үү). Хүн Ариун Сүнсний бэлэг хүлээн авсныхаа дараа зарлигуудыг дагавал Ариун Сүнсийг байнгын хамтрагчаар байлгах эрхтэй болдог.

Бусад авралын ёслолуудад Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүд), ариун сүмийн хишиг хүртэх ба гэрлэлт лацдан холболт багтдаг (C ба Г 131:1–4 –ийг үзнэ үү). Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Ариун сүмд эдгээр авралын ёслолыг мөн нас барагсдын төлөө төлөөлөн гүйцэтгэж болно. Төлөөлөх ёслолууд нь зөвхөн нас барсан хүн сүнсний дэлхийд тэднийг хүлээн авч, холбогдох гэрээнүүдийг эрхэмлэснээр хүчин төгөлдөр болдог.

Өвчтэйг адислах, нэр өгөх ба хүүхдийг адислах зэрэг бусад ёслол нь мөн бидний сүнслэг өсөлт хөгжилтөд чухал ач холбогдолтой.

Холбогдох эшлэл: Үйлс 2:36–38

Гэрээнүүд

Гэрээ бол Бурхан, хүн хоёрын хоорондох ариун тохиролцоо юм. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгдөг. Харин бид, Бурхан биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Бидний дуулгавартай байдлын хариуд Бурхан тодорхой адислалуудыг бидэнд амладаг билээ (C ба Г 82:10-ыг үзнэ үү).

Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Бид баптисмаараа Их Эзэнтэй гэрээ хийдэг бөгөөд ариун ёслолоос хүртсэнээр эдгээр гэрээгээ шинэчилдэг. Мелкизедек санваар авсан ах нар санваарын тангараг ба гэрээнд ордог. Бид илүү олон гэрээг ариун сүмд хийдэг.

Холбогдох эшлэлүүд: Eгипетээс гарсан нь 19:5–6; Дуулал 24:3–4; 2 Нифай 31:19–20; C ба Г 25:13

8. Гэрлэлт ба гэр бүл

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурханаас заяадаг” бөгөөд “гэр бүл нь” Түүний аврал ба аз жаргалын төлөвлөгөөний “төв” мөн. Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.

Түүнчлэн үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой. Эцэг эхчүүд өсч үржин, дэлхийг дүүргэн, хүүхдүүдээ хайр ба зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэх мөн хүүхдүүдийнхээ биеийн болон сүнслэг хэрэгцээг хангах үүрэгтэй.

Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлах албан ёсны хариуцлага хүлээнэ. Эцэг нь өрх гэрээ энэрэл хайр, зөв шударгаар тэргүүлэн, ахуй амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эх хүний үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.

Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн харилцаа холбоог боломжтой болгодог. Гэр бүлүүд бүрэлдэж, лацлагдан, үүрд мөнхөд өргөмжлөгдөж болохын тулд дэлхий бүтээгдэж, сайн мэдээ илчлэгдсэн юм. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129.)

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 2:24; Дуулал 127:3; Maлахи 4:5–6; C ба Г 131:1–4

9. Зарлигууд

Бурханаас хүн төрөлхтөнд өгсөн хууль, шаардлагуудыг зарлигууд гэдэг. Бид Түүний зарлигуудыг дагаснаар Бурханыг хайрлах хайраа харуулдаг (Иохан 14:15-ыг үзнэ үү). Зарлигуудыг дагах нь Их Эзэний адислалуудыг авчирдаг (C ба Г 82:10–21-ийг үзнэ үү).

Хамгийн чухал хоёр зарлиг бол “бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Удаах нь хөршөө өөрийн адил хайрла” юм (Maтай 22:36-39).

Арван зарлиг бол сайн мэдээний амин чухал хэсэг бөгөөд, бидний өргөмжлөлд шаардлагатай мөнхийн зарчмууд юм (Египетээс гарсан нь 20:3–17-г үзнэ үү). Их Эзэн эрт дээр үед энэ зарлигуудыг Мосед илчилсэн бөгөөд хожмын үеийн илчлэлтүүдэд дахин давтсан байдаг.

Өдөр бүр залбирах (2 Нифай 32:8–9-ыг үзнэ үү), бусдад сайн мэдээ заах (Maтай 28:19–20-ыг үзнэ үү), ариун явдлын хуулийг сахих (C ба Г 46:33-ыг үзнэ үү), аравны нэгээ төлөх (Maлахи 3:8–10-ыг үзнэ үү), мацаг барих (Исаиа 58:6–7-г үзнэ үү), бусдыг уучлах (C ба Г 64:9–11-ийг үзнэ үү), талархлын сүнстэй байх (C ба Г 78:19-ийг үзнэ үү), мэргэн ухааны хуулийг дагах (C ба Г 89:18–21-ийг үзнэ үү) зэрэг зарлигууд багтдаг.

Холбогдох эшлэлүүд: Эхлэл 39:9; Исаиа 58:13–14; 1 Нифай 3:7; Moзая 4:30; Aлмa 37:35; Aлмa 39:9; C ба Г 18:15–16; C ба Г 88:124

Энэ сэдвээр илүү их мэдээллийг lds.org руу орж, Gospel Library, Gospel Topics; эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл -ээс үзнэ үү (2004).