Номын сан
74-р хичээл: Алма 8


74-р хичээл

Aлма 8

Оршил

Алмагийн захиасыг Зарахемла, Гидеон болон Мелек дэх олон хүн хүлээн авсны дараа Аммонайхагийн хүмүүс түүнийг эсэргүүцэж, хотоосоо хөөн гаргасан ажээ. Алма энэ хүмүүсийн ёс бусад гашуудан байхад түүн дээр болон Мозаягийн хөвгүүд дээр өмнө нь ирсэн мөнөөх тэнгэр элч дахин ирэв. Тэнгэр элч Алмагийн итгэлтэй байдлыг сайшаасан бөгөөд Аммонайха руу эргэн очихыг түүнд тушаажээ. Алма Их Эзэний зарлигуудыг итгэлтэйгээр дагасан бөгөөд Их Эзэн Амюлекийг түүний үйлчлэлд туслуулахаар дуудсан. Алма Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст итгэлтэйгээр зааж эхэлсэн бөгөөд Их Эзэний ажлыг хийх Ариун Сүнс болон хүчээр дүүргэгдсэн байлаа.

Заах зөвлөмж

Алма 8:1–6

Мелек дэх олон хүн Алмагийн захиасыг хүлээн авч, баптисм хүртсэн нь

Хэрэв тэдэнд Сүмийн төлөө номлолд үйлчилсэн хамаатан садан эсвэл найз байвал гараа өргөхийг суралцагчдаас хүс. Захиасыг нь хүмүүс хүлээн авсан үед энэ нь номлогчдод ямар санагддаг тухай садан төрлийнхөө эсвэл найзуудынхаа ярьсан туршлагын тухай хуваалцахыг хоёр, гурван суралцагчаас хүс. (Та бас суралцагчдыг сайн мэдээг хуваалцах хүч чармайлтыг нь хэн нэгэн уриалгахан хүлээн авсан үеийнхээ тухай ярихыг урих талаар бодож болно. Та бас өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.)

Суралцагчдыг Алма 8:1–5-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Алма сайн мэдээг номлосон гурван хотыг тэднээр олуул. Тэр гурван хотын нэрийг самбар дээр бичүүл. (Зарахемла, Гидеон, Мелек.)

  • Эдгээр гурван хот дахь Алмагийн номлолын үр дүн юу байсан бэ? (Та суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд Алма 6–8-р бүлгийн товч тоймд анхаарлаа хандуулахыг санал болгож болно.)

Эдгээр хотын хүмүүс Алмагийн захиасыг хүлээн авсан ч түүний номлолын үйлчлэл бэрхшээл сорилтгүй байгаагүйг онцлон тэмдэглэ.

Алма 8:7–32

Алмаг Аммонайхад хүмүүс эсэргүүцсэний дараа Их Эзэн түүнийг буцаж явахыг тушаасан

Бүрэн цагийн номлолд үйлчилсэн хамаатан садан эсвэл найз нь сайн мэдээний захиасыг эсэргүүцсэн хүмүүстэй тааралдсан эсэхийг суралцагчдаас асуу. Цөөн суралцагчийг тэдний хамаатан садан эсвэл найз нараас нь ийм тохиолдлуудад хэрхэн хариулсан тухай ярихад урихыг бод.

Алма 8:7–14-ийг ээлж дараалан чанга уншихыг цөөн суралцагчаас хүс. Алма Аммонайхагийн хүмүүст сайн мэдээг заахаар хичээсэн үед түүнд ямар мэдрэмж төрсөн байж болох тухай бодоход ангийг урамшуулан дэмж. Суралцагчдыг шүлгүүдийг унших үеэр түр зогсоон дараах асуултуудын хариултыг ав:

  • Энэ шүлгүүд нь Алмагийн зан төлөвийн тухай бидэнд юу хэлж байна вэ? (Алма 8:8–10-ыг үзнэ үү.)

  • Алмад хүмүүсийн хандсан тэрхүү хандлагад та хэрхэн хариулах байсан бэ? (Алма 8:11–13-ыг үзнэ үү.)

  • Ийм нөхцөл байдалд Алмагийн хариу үйлдэл таныхтай хэр зэрэг адилхан эсвэл хэр зэрэг өөр байна вэ? (Алма 8:14-ийг үзнэ үү. Аароны хотод Их Эзэний ажлыг үргэлжлүүлэх Алмагийн шийдвэр нь Их Эзэнд итгэх түүний итгэлийг болон тэр бууж өгөөгүйг харуулж байна гэдгийг та ярьж болно.)

Аммонайхагийн хүмүүсийн төлөөх Алмагийн залбирлууд чин сэтгэлийнх байсан ч (Алма 8:10-ыг үзнэ үү) түүний гуйлт тэр даруй хариулагдаагүй гэдгийг хэл. (Аммонайхагийн зарим хүмүүс хожим нь нүглээ наманчилжээ. Алма 14:1-ийг үзнэ үү.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгсийг унш:

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Зарим тохиолдолд бидний хамгийн эрч хүчтэй, чин сэтгэлийн залбирал хариулагдахгүй өнгөрдгийг би ажигласан. Бид “Яагаад?” хэмээн гайхдаг. Би энэхүү мэдрэмжийг мэднэ! Би тийм агшны айдас ба нулимсыг мэднэ. Гэвч бидний залбирлыг хэзээ ч хайхрахгүй орхихгүй гэдгийг би мэднэ. Бидний итгэл хэзээ ч талархалгүй үлдэхгүй. Бүхнээс цэцэн мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хэтийн төлөв биднийхээс хамаагүй өргөн цар хүрээтэйг би мэднэ. Бид мөнх бус байдлынхаа асуудлууд болон зовлонг мэддэг бол Тэрбээр бидний мөнх байдлын өсөлт ба чадавхыг мэддэг” (“Jesus Christ—the Master Healer,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 86).

  • Бидний зөв шударга залбирлууд нь тэр даруй эсвэл бидний найдаж, хүлээсэн арга замаар хариулагдахгүй байсан ч бид итгэлтэй байхад туслах юуг ахлагч Нэлсон заасан бэ?

Нэг суралцагчийг Алма 8:14–17-г чанга уншихад урь. Тэнгэр элчийн үгс дэх тайтгаруулагч захиасууд болон Алмагийн хувьд дагах нь хэцүү байж болох тушаалуудыг эрж олоод хамтдаа уншихыг суралцагчаас хүс.

  • Алма 8:15 дахь тэнгэр элчийн үгс Алмаг хэрхэн тайтгаруулсан байж болох вэ? Тэнгэр элчийн үгс таныг хэрхэн тайтгаруулж болох вэ?

  • Энэ нөхцөлд дуулгавартай байх нь Алмад яагаад хэцүү байсан байж болох вэ?

Алма 8:18-ыг уншин, Аммонайха хот руу эргэн оч гэсэн Их Эзэний тушаалд Алма хэрхэн хариулсныг дүрсэлсэн үгсийг суралцагчдаар олуул. (Та суралцагчдад хурдан гэдэг үгийг тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Тэрээр Аммонайха руу хурдан эргэсэн гэсэн баримтаас бид Алмагийн тухай юу мэдэж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах үгсийг унш. Их Эзэнийг хурдан дагах нь бидэнд ямар ашиг тустайг сонсохыг суралцагчдаас хүс:

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бид одоо Бурханыг дуулгавартай дагах хангалттай итгэлтэй байгаа ч итгэлээ байнга бэхжүүлж, үргэлж шинэчилж байх хэрэгтэй. Бид эдүгээ дуулгавартай дагахдаа илүү хурдан байж, мөн эцсээ хүртэл тэвчихдээ илүү тууштай байхаар шийдсэнээр үүнийг хийж чадна. Өглөө эрт босч суран, үүнийгээ хэвшил болгох нь сүнслэг байдлын бэлтгэлд туйлын чухал юм. …

“… Хайрт Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёр бидний өмнө тавигдсан амьдралын шалгуурыг давахад Өөрсдийн чадах бүхнээр бидэнд тусалсан билээ. Гэвч бид дуулгавартай дагахаар шийдэж, үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Бид дуулгавартай байдлын шалгууруудыг давах итгэлийг цагаас цагт мөн өдөр тутмынхаа сонголтуудаар дамжуулан хөгжүүлдэг. Бид өөрсдөөсөө Бурханы хүссэн юуг боловч хурдан хийх болно гэдгээ одоо шийдэж чадна. Мөн бид ирэх нь тодорхой агуу шалгууруудын дундуур биднийг авч гарах тэрхүү итгэлийг хөгжүүлэх дуулгавартай байдлын жижиг шалгууруудад тууштай байхаар шийдэж чадна” (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Ensign, 2005 оны 11-р сар, 38, 40).

  • Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр Их Эзэнийг шуурхай бөгөөд дуулгавартай дагахыг сонгосноор бидний итгэлд юу тохиолдох вэ?

  • Хурдан шуурхай, дуулгавартай байснаар Их Эзэнд итгэх итгэл тань хүчтэй болсныг та хэзээ мэдэрсэн бэ?

Дараах нөхцөл бүрд түргэн шуурхай, дуулгавартай байх нь тэднийг хэрхэн адисалж болохыг суралцагчдаас асуу:

  1. Залуу эмэгтэйг сургуульдаа явах гэж байхад ээж нь илүү энгийн цамц өмсөхийг түүнээс хүсэв.

  2. Бишоптойгоо хийсэн ярилцлагын үеэр шинэ пристэд Бурханы өмнө хүлээсэн үүргийн шагналаа авах даалгавар өгөв.

  3. Хоёр номлогч өдөр тутмынхаа ажлыг төлөвлөх үеэрээ ээж нь Сүмийн гишүүн биш идэвх султай гэр бүлд айлчлахаар сүнсээр өдөөгджээ.

Их Эзэн Алмаг түргэн шуурхай, дуулгавартай байсных нь төлөө адисалсныг тайлбарла. Гурван суралцагчийг самбарын өмнө гарч Алма 8:19–26 дахь Алма, Амюлек хоёр уулзсан тухай хэсгээр жүжигчилсэн тоглолт хийхэд урь. Нэг суралцагчаар Алмагийн үгийг, хоёр дахь суралцагчаар Амюлекийн үгийг, гурав дахь суралцагчаар түүхийн хүүрнэл хэсгийг уншуул. Суралцагчдыг хэсгүүдээ Алма, Амюлек хоёрын мэдэрсэн байх ёстой гэж бодож байгаа сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэн уншихыг дэмж.

Жүжигчилсэн тоглолтын эцэст дараах асуултуудыг асуу:

  • Их Эзэн Алмаг дуулгавартай байсных нь төлөө хэрхэн адисалсан бэ?

  • Алма, Амюлек хоёр уулзсан туршлага Их Эзэн Алмагийн залбирлуудыг хэрхэн сонсож мөн хариулсныг харуулж байна вэ? (Алма 8:10-ыг үзнэ үү.)

  • Бид Алмагийн туршлагаас ямар зарчмуудыг мэдэж болох вэ? (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг санал болгож болно. Нэг боломжит хариулт нь Бид Их Эзэний үгэнд түргэн шуурхай хариулахад Тэрбээр Түүний зарлигуудыг дуулгавартай дагахад бидэнд тусалдаг.)

Суралцагчдыг Алма 8:27–32-ыг дор бүрнээ чимээгүй унших үедээ хэрэв бид итгэлтэй, хичээнгүй байвал Их Эзэн бидэнд Түүний зарлигуудыг дагахад тусалдаг талаарх нэмэлт нотолгоонуудыг эрж хайхад урь.

  • Алма, Амюлек хоёр гараад хүмүүст зааж эхлэхдээ ямар сорилтуудтай тулгарсан бэ? (Алма 8:28–29-ийг үзнэ үү.) Хүмүүс илүү ёс бус болсон учир Их Эзэн Алма, Амюлек хоёрт тэднийг наманчлалд дуудахыг зарлигласан.)

  • Их Эзэн Алма, Амюлек хоёрт хэрхэн тусалсан бэ? (Алма 8:30–31-ийг үзнэ үү.) Тэд Ариун Сүнсээр дүүргэгдэж, өөрсдийг нь хамгаалах бурханлаг хүчийг хүлээн авсан. Та суралцагчдыг эдгээр адислалын тодорхойлолтыг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Таныг итгэлтэй, хичээнгүй байсан үед Их Эзэн өөрт тань тусалсныг та хэзээ мэдэрсэн бэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах үгсийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.

“Их Эзэн юу юунаас илүүтэйгээр түүний зөвлөгөөг гуйвшгүй, шийдэмгийгээр, дуулгавартай дагах нэгнийг үнэхээр хайрладаг” (“Commitment to God,” Ensign, 1982 оны 11-р сар, 58).

Тэгээд тэдэнд дараах асуултад хариулж бичих хэдэн минутын хугацаа өг:

  • Та нар Тэнгэрлэг Эцэгийнхээ зөвлөгөөг түргэн шуурхай, дуулгавартай дагаж мөн Түүнд итгэлтэйгээр, хичээнгүйлэн үйлчилдгээ Түүнд харуулахын тулд өнөөдөр хийж болох зарим зүйл нь юу байж болох вэ?

Их Эзэний зөвлөгөөг итгэлтэйгээр дагасан үед бидний хүлээн авдаг адислалуудын тухай гэрчил. Та бас суралцагчдад энэхүү үнэний тухай гэрчлэлээ хуваалцах боломж олгож болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 8:10. “Хүчит залбирал”

“Хүчит залбирал” гэдэг үг Бурхантай хийсэн хүчирхэг, итгэлээр дүүрэн харилцааг үзүүлдэг. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Иосеф Б.Вөртлин бидний залбирлуудын хүчийг дүгнэж, мөн сайжруулахыг эрэлхийлж болох арга замуудыг санал болгосон.

“Өнөөдөр би та нараас залбирлуудын тань үр өгөөжийн тухай бодож үзэхийг хүсч болох уу? Та нар Тэнгэрлэг Эцэгтээ хэр зэрэг ойр байна гэж мэдэрч байна вэ? Та нар залбирлууд тань хариулагдсан гэж бодож байна уу? Та нар залбирахдаа зарцуулдаг хугацаа махбодыг тань баяжуулж, сэтгэл санааг тань өргөдөг гэж боддог уу? Залбирлаа сайжруулах шаардлага байгаа юу?

“Бидний залбирал хүчээр дутагддаг олон шалтгаан бий. Заримдаа залбирал нь хэвшин тогтсон зүйл мэт болсон байдаг. Бид нэгэн ижил үгсийг адил арга замуудаар байн байн давтаад, бүр тэдгээр үгсийг харилцаа гэхээс илүүгээр улиг болсон уншлага мэтээр давтвал бидний залбирал хоосон зүйл болдог. Энэ нь Аврагчийн дүрсэлсэн “хоосон давталт” юм (Матай 6:7). Ийм залбирлууд нь Түүний хэлснээр сонсогдох нь үгүй. …

“Таны залбирал хоорондоо адилхан юм шиг сонсогдож, адилхан юм шиг мэдрэгддэг үү? Залбирлын тань үгс яг л машинаас автоматаар гарч байгаа юм шиг санагддаг уу? Зарим үед залбирал өөрт чинь уйтгартай юм шиг санагддаг уу?

“Хэрэв залбирал тань танаас нэг их бодож тунгаахыг шаардахгүй байгаа бол энэ нь Тэнгэрлэг Эцэгийн анхаарлыг тэр хэмжээгээр татахгүй байна гэсэн үг юм. Хэрэв таны залбирал хэвшмэл загварт орчихсон нь мэдэгдвэл залбирлаа орхиод бод. Өөрөө үнэхээр талархалтай байгаа зүйлсээ хэсэг хугацаанд тунгаан бодоорой” (“Improving Our Prayers,” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үг, 2003 оны 1-р сарын 21], 2, speeches.byu.edu).

Хэвлэх