96-р хичээл
Aлмa 39
Оршил
Үйлчлэлээ орхиод бэлгийн харьцааны нүгэл үйлдсэн, замаа алдсан хүү Кориантоноо Алма зэмлэжээ. Алма Кориантонд хийсэн үйлдлийнх нь ноцтой байдлыг анхааруулаад түүнийг ийм ноцтой нүгэл үйлдсэнд нь гутарч байгаагаа илэрхийлсэн. Алма хүүдээ нүдээрээ нүглийн хойноос шунахаа орхиж, наманчлахыг тушаав. (Кориантонд бусад сэдвээр Алмагийн өгсөн зөвлөгөө 40–42-р бүлгүүдэд үргэлжилдэг.)
Заах зөвлөмж
Алма 39:1–8
Алма хүү Кориантондоо бэлгийн харьцааны нүглийн ноцтой байдлыг тайлбарласан нь
Дараах асуултыг самбар дээр бич: Зарим нүгэл нь яагаад бусдаасаа илүү ноцтой байдаг вэ?
Суралцагчдыг энэ асуултын хариултуудыг чимээгүй бодож үзэхэд урь. Алма 39-д цэдэглэгдсэн Алмагийн зөвлөгөө зарим гэм нүглийн ноцтой байдлыг ойлгоход тусалж чадна гэдгийг суралцагчдад зөвлө.
Суралцагчдыг 39-р бүлгийн гарчгийн дээрх тайлбарыг уншихад урь. Тэднийг энэ бүлэгт хэн ярьж байгааг бас тэр хэнд хандан ярьж байгааг мэдэхийг хүс (Алма хүү Кориантондоо хандан ярьж байна). Кориантон ах Шиблон, Алма хоёртой хамт сайн мэдээг номлохоор зорамчуудын дунд очсон ч ноцтой нүгэл үйлдсэнийг тайлбарла. Кориантон ямар буруу зүйл хийснийг ойлгох нь энэ бүлэг болон дараагийн гурван бүлэгт түүнд өгсөн Алмагийн зөвлөгөөг илүү сайн ойлгоход нь тусална гэдгийг онцлон хэл.
Нэг суралцагчийг Алма 39:1–5-ыг чанга уншихад урь. Кориантон ямар буруу зүйл хийснийг олж мэдэхийг суралцагчдаас хүс. (Та 3-р шүлэгт байгаа янхан гэдэг үг нь ёс суртахуунгүй буюу садар самууныг үйлдэгч эмэгтэй гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
-
Кориантон ямар буруу зүйл хийсэн бэ? Түүний үйлдсэн нүглүүдээс аль нь хамгийн ноцтой байсан бэ? (Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй явдал)
-
Кориантон өөрийн хүч чадал, мэргэн ухаанаар зорамчуудын дунд бардамнан сагсуурч байлаа (Aлмa 39:2-ыг үзнэ үү). Бардам зан ямар байдлаар бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал зэрэг ноцтой нүглүүдэд хөтөлдөг вэ? Хүмүүсийг бэлгийн харьцааны нүгэл үйлдэхэд хүргэдэг бардам зангийн орчин үеийн зарим жишээ юу вэ? (Суралцагчдыг эдгээр асуултыг ярилцах үед хүмүүс бардамнаж сагсуурсан үедээ хүч чадлаа, түүний дотор уруу таталтыг эсэргүүцэх чадвараа хэтрүүлэн үнэлдгийг онцлон хэл. Үүний орчин үеийн зарим жишээ гэвэл зохих наснаас эрт болзох, нэг хүнтэй хэтэрхий олон удаа болзох явдал юм.)
Суралцагчдыг бэлгийн харьцааны нүглийн ноцтой байдлыг Алма хэрхэн тайлбарласныг олж мэдэхийг хичээн, Алма 39:5-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс. (Жигшүүрт хэрэг гэдэг үг нь гэм нүгэлтэй, хилэнцэт эсвэл муу муухай ямар нэг зүйлийн тухай өгүүлж байгааг хэлэх нь тустай байж болно.)
-
Их Эзэн бэлгийн харьцааны нүглийн талаар ямар бодолтой байдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед тэдэнд бэлгийн харьцааны нүгэл нь Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг гэсэн үнэнийг олж мэдэхэд нь тэдэнд тусал)
-
Завхайрал ба садар самуун нь ноцтой байдлаараа яагаад хүн амины хэргийн дараа ордог гэж та боддог вэ?
Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх Их Эзэний жишиг болон амлалтуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийн эхний хоёр догол мөрийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Тэднийг унших үед дараах асуултын хариултыг олохыг хүс. (Та энэ асуултыг самбар дээр бичиж болно. Олсон хариултаа товхимол дээр тэмдэглэхийг та тэдэнд санал болгож болно.)
-
Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байдлаа хэвээр хадгалахын ашиг тус юу вэ?
Уншаад, олж мэдсэн хариултуудаа ярилцах цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа, тэднийг “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал”-ын үлдсэн хэсгийг дараах асуултад хариулт олж мэдэхийг хичээн, дор бүрнээ чимээгүй уншихыг хүс.
-
Их Эзэний бидэнд тогтоож өгсөн бэлгийн харьцааны цэвэр ариун байдлыг сахих ямар жишгүүд байдаг вэ?
Тэдний уншсан зүйлээс нь ямар захиасыг Их Эзэн тэдэнд мэдүүлэхийг хүсэх болно гэдгийг мэдэрснээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Бэлгийн харьцааны нүглийн ноцтой байдлын тухай мөн бэлгийн харьцааны цэвэр ариун байдлаас ирдэг адислалуудын тухай гэрчил.
Алма эмзэг асуудлын талаар хүүтэйгээ зөвлөлдсөнөөр эцгийн үүргээ биелүүлснийг онцлон тэмдэглэ. Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх эцэг, эхийн эсвэл Сүмийн удирдагчдын өгсөн зөвлөгөөнд суралцагчид хэрхэн хариулж болох талаар бодохыг тэднээс хүс. Бэлгийн харьцааны нүглийн ноцтой байдлын тухай Кориантонд заасан Алмагийн зорилгыг олж мэдэхийн тулд Алма 39:7–8-ыг дор бүрнээ чимээгүй уншихад тэднийг урь.
-
Нүглийнх нь ноцтой байдлыг Кориантонд заах ямар шалтгаан Алмад байсан бэ? (Бурханы өмнө гэм нүгэлгүй байхын тулд наманчлахад нь Кориантонд туслах)
-
Хэн нэг нь биднийг наманчлахыг урих үед бид хэрхэн хариулах ёстой вэ?
Эцэг, эхчүүд Алмагийн нэгэн адил хүүхдүүдээ нүглээ наманчлахыг яагаад урьдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгсийг унш:
“Наманчлахыг урих нь хайрын илрэл юм. … Хэрэв бид бусдыг өөрчлөгдөхөд урих эсвэл өөрсдөөсөө наманчлахыг шаардахгүй байх аваас нэг нэгнийхээ мөн өөрөө өөрийнхөө өмнө хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болно. Гэм нүглийг зөвшөөрсөн эцэг, эх, өөгшүүлсэн найз, эмээсэн Сүмийн удирдагч үнэндээ өөрсдийнхөө тусалж чадах хүмүүсийн сайн сайхан, аз жаргалын төлөө санаа тавихын оронд өөрсдийнхөө төлөө илүүтэй санаа тавьдаг. Тийм ээ, хэн нэгнийг наманчлалд дуудах нь тэсэшгүй эсвэл гутаан доромжилсон бүр эсэргүүцэн өсөрхсөн мэт байж болох ч Сүнсээр удирдагдсан үед жинхэнэ үнэнч шударга халамж юм” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 45).
Aлмa 39:9–19
Алма Кориантоныг наманчлахад урамшуулан дэмжсэн нь
Хүүдээ өгсөн хэрхэн наманчлах болон Их Эзэн рүү эргэх тухай Алмагийн зөвлөгөөг танилцуулахын тулд самбар дээр дараах гүйцэд биш өгүүлбэрийг бич: Наманчлалд … багтдаг
Алма 39:9–13-ыг чанга уншихад цөөн суралцагчийг урь. Шүлэг бүрийн хооронд түр зогсоод суралцагчдаас дараах асуултуудыг асуу:
Aлмa 39:9
-
“Нүглүүдээ орхих” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нүгэл үйлдэхээ болих)
-
“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв,” “эдгээр бүх зүйлийг өөртөө хоригло” гэсэн өгүүлбэрүүд нь нүглээ орхихтой ямар хамаатай вэ? (Өнөө үед “нүдээрээ шунах” гэдэг нь ямар нэгэн байдлаар порнографыг харуулсан дүрс болон үзвэр үйлчилгээг хэлж байгааг тайлбарлах нь тустай байж болно. Порнографын аюулыг онцлон тэмдэглэхийн тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын 12-р хуудас дахь энэ сэдвээр өгсөн зөвлөгөөг уншихыг суралцагчдаас хүс. Та мөн “өөртөө хоригло” гэсэн хэллэг нь хянуур байдал эсвэл өөрийгөө хянах гэсэн утгатайг тайлбарла; зүүвэр тайлбар 9б-г үзнэ үү.)
-
Хожмын үеийн залуу гэгээнтнүүд бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын хувьд хянуур байж, нүдээрээ шунасныхаа араас явахаас зайлсхийх ямар аргууд байдаг вэ? (Суралцагчдад энэ асуултыг илүү тодорхой ярилцахад нь туслахын тулд та суралцагчдынхаа соёл, ёс заншилтай холбоотой зарим нөхцөлийг дүрслэхийг хүсч болно. Жишээ нь, та дараах өгүүлбэрийг эсвэл үүнтэй адил төстэй өгүүлбэрийг хэлж болно: Хожмын үеийн гэгээнтэн залуу эмэгтэй “өөртөө хориглохоор” шийдсэн ч таалагддаг нэг залуу нь түүнийг зохисгүй үдэшлэгт урьжээ. Тэр хэрхэн хариулах ёстой вэ?)
Алма 39:9 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцлон хэл. Суралцагчид хожим нь судрын энэ хэсгийг амархан олохын тулд үүнийг судартаа тэмдэглэхийг санал болгож болно.
Aлмa 39:10
-
Эцэг эх, Сүмийн удирдагчид, төрсөн ах дүү эсвэл найдаж болох найз нөхдөөсөө сүнсний тэжээл эрэлхийлэх нь ямар арга замаар бидэнд наманчлахад туслах вэ?
Aлмa 39:11
-
“Өөрийгөө … удирдуулахыг бүү тэвч” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Тэвч гэдэг нь зөвшөөр гэсэн утгатайг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)
-
Өнөөдөр хүмүүсийг удирдаж байгаа нь та нарт харагддаг зарим “хоосон буюу мунхаг” зүйлс юу байдаг вэ?
Aлмa 39:12
-
Алдсуудаасаа түдгэлзэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Нүглээс зайлсхийх)
Aлмa 39:13
Наманчлал гэдэг нь “зүрх сэтгэлээ Бурханы хүсэлд хандуулах” гэсэн утгатайг тайлбарла (Судруудын удирдамж, “Наманчлал”-ыг үзнэ үү). Судруудад “Их Эзэнд хандах” гэдэг хэллэг нь ихэнхдээ наманчлалыг илэрхийлдэг.
-
“Өөрийн бүх оюун, хүч мөн чадлаараа Их Эзэнд хандах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Зорамчуудад үйлчлэх үедээ Кориантоны биеэ авч явах байдал зарим хүнийг Алмагийн үгэнд итгэхгүй байхад хүргэснийг суралцагчдад сануул (Алма 39:11-ийг үзнэ үү).
-
Бидний нүгэл бусдад нөлөөлсөн бол бид наманчлалын хэсэг болгон юу хийх ёстой вэ? (Гомдоосон хүмүүстээ буруугаа хүлээж, тэдэнд учруулсан хохирлыг барагдуулахыг хичээх)
Дараах үнэнийг самбар дээр бич: Гэм нүглээ хүлээн зөвшөөрч, орхин бүх оюун ухаан, хүч чадлаараа Их Эзэн рүү эргэх нь наманчлал юм. Та суралцагчдад энэ үгсийг Алма 39:13-ын дэргэд судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Зүрх сэтгэл, хүсэл бодлоо Их Эзэн рүү илүү бүрэн эргүүлэхийн тулд Тэрээр суралцагчдаас юу хийлгэхийг хүсдэг гэж боддог талаараа дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд тэднийг урь.
Наманчлалын үйл явц дахь Аврагчийн үүргийг онцлон тэмдэглэхийн тулд нэг суралцагчаас Алма 39:15–16, 19-ийг чанга уншихыг хүс. Эдгээр шүлэгт гурван удаа давтагдсан хэллэгийг олохыг суралцагчдаас хүс. (Уг хэллэг нь “баярт мэдээ” бөгөөд энэ нь “сайн мэдээ” гэсэн утгатайг та тайлбарлахыг хүсч болно.)
-
Алма ямар “баярт мэдээ”-г хүүдээ заасан бэ? (Суралцагчдын хариултуудад Есүс Христ дэлхийн нүглүүдийг өөр дээрээ авахаар ирсэн гэсэн үнэн байх ёстой. Та үүнийг самбар дээр бичихийг хүсч болно.)
-
Есүс Христийн ирэлт яагаад Кориантонд сайн мэдээ болсон бэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед та тэдэнд Кориантон хожим нүглүүдээ наманчлаад эргээд номлогч болсныг хэлэхийг хүсч болно [Алма 49:30-ийг үзнэ үү].)
Есүс Христийн Цагаатгалын захиас нь танд эсвэл таны таньдаг хүмүүст хэрхэн “баярт мэдээ” болж байгааг ангийнхантай хуваалцахыг бод. Алма 39-өөс ангийнхны ярилцсан зарчмуудын талаарх өөрийн гэрчлэлийг нэмж хэл. Суралцагчдыг хичээлийн үеэр хүлээн авсан цэвэр ариун байдлаа хадгалах болон наманчлалаар дамжуулан Их Эзэн рүү эргэх сүнсний өдөөлтүүдийг дагахад урамшуулан дэмж.