Номын сан
131-р хичээл: 3 Нифай 23


131-р хичээл

3 Нифай 23

Оршил

Есүс Христ Исаиагийн үгсийг эш татсаныхаа дараа (3 Нифай 22-ыг үзнэ үү) нифайчуудад бошиглогчдын үгсийг судлахыг тушаасан. Исаиа “Израилын угсаа болох миний хүмүүсийн талаар бүх зүйлийг … ярьсан” (3 Нифай 23:2) учраас Исаиагийн үгс нь адислал юм хэмээн Тэрээр хэлсэн. Тэрээр мөн Исаиагийн бүх үгс биелэгдсэн мөн биелэгдсээр байна хэмээн хэлсэн. Тэгээд Аврагч нифайчуудад бошиглогчдын үгсийг судлахыг тушаагаад тэднийг бичээсүүд дээрээ нэмэхийг зааварчилсан.

Заах зөвлөмж

3 Нифай 23:1–5

Есүс Христ хүмүүсийг бошиглогчдын үгсийг судлахыг тушаадаг

Дараах үгийг самбар дээр бич: Судар судалснаас минь ирсэн адислалууд. Суралцагчдаас Мормоны Номыг энэ жил гэртээ болон семинартаа судалсан туршлагуудаасаа эргэцүүлэн бодохыг хүс. Тэднийг самбарын өмнө гарч ирээд судар судалсны үр дүнд тэдний амьдралд ирсэн адислалыг нь дүрсэлсэн үг юм уу богино хэмжээний өгүүлэл бичихэд урь. Та цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ илүү нарийвчлан дүрслэхийг хүсч болно. Тэгээд самбар дээр бичсэн адислал руу заа.

  • Бид судруудыг уншсанаар эдгээр арга замаар адислагдсан гэж та нар яагаад бодож байна вэ?

Суралцагчдыг өмнөх хичээлээс Есүс Христ нифайчуудад заахдаа хэний үгээс эш татсаныг санахыг хүс. (Исаиагийн үгс) Нэг суралцагчийг 3 Нифай 23:1–3-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагч биднийг Исаиагийн үгсээр юу хийх ёстой гэж хэлснийг хайж олохыг хүс. Та суралцагчдад эдгээр шүлгэн дээрх анхаарлыг тань татсан үгс болон өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Их Эзэн яагаад хүмүүсийг Исаиагийн үгсийг судлаасай хэмээн хүссэн бэ? (3 Нифай 23:2–3-ыг үзнэ үү.)

  • Исаиагийн бүх үгс биелэгдэх болно гэсэн мэдлэг нь яагаад адислал вэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 23:4–5-ыг чанга уншихад урь. Аврагч Исаиагийн үгсийг судал гэж хэлснийхээ дараа Тэрээр “бошиглогчдыг судал” хэмээн хэлснийг онцол. Дараах үнэнийг самбар дээр бич: Аврагч бидэнд Исаиа болон бусад бошиглог-чийн үгсийг хичээнгүйлэн эрэлхийлэхийг тушаасан.

  • 3 Нифай 23:5-ын дагуу бид аврагдахын тулд юу хийх ёстой вэ? Бошиглогчдын үгс биднийг энэ зарлигуудыг дагахад хэрхэн туслах вэ?

  • Бошиглогчдын үгсийг хичээнгүйлэн судлах нь бошиглогчдын үгсийг зөвхөн уншихаас ямар байдлаар ялгаатай вэ? Исаиа болон бусад бошиглогчийн үгсийг хичээнгүйлэн судлах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Исаиа болон бусад бошиглогчийн үгсийг амьдралынхаа утга учир бүхий хэсэг болгон судлахын тулд судар судлах ямар арга нь та нарт хамгийн сайнаар тусалж чадах вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Мэррилл Ж.Бэйтмэний хэлсэн дараах үгийг уншихад урь:

“Хүн судар судалснаар хүлээн авдаг тодорхой адислалууд байдаг. Хүмүүн нь Их Эзэний үгсийг судалж мөн тэдгээрийг дагаснаар Аврагчид илүү ойртож, зөв шударга амьдралаар амьдрах илүү агуу хүслийг хүлээн авна. Уруу таталтыг эсэргүүцэх хүч нэмэгдэж мөн сүнслэг сул талууд ялан дийлэгдэнэ. Сүнслэг шархнууд эдгэнэ” (“Coming unto Christ by Searching the Scriptures,” Ensign, 1992 оны 11-р сар, 28).

  • Судраас гадна өөр хаанаас бид бошиглогчдын үгсийг олж болох вэ?

Суралцагчдаас дараах асуултад хариулан, дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс:

  • Бошиглогчдын үгсийг илүү хичээнгүйлэн судлахын тулд ямар өөрчлөлтүүдийг та нар хийж чадах вэ?

Цөөн хэдэн суралцагчийг бошиглогчдын үгсийг судалснаар ирсэн адислалуудынхаа талаар гэрчлэхэд урь.

3 Нифай 23:6–14

Аврагч шавь нартаа судрын бичээстээ нэгэн чухал үйл явдлыг нэмэхийг зааварчилсан

Цөөн суралцагчийг Мормоны Номон дахь дуртай түүхүүдээсээ нэрлэхийг хүс. Хариултуудыг нь самбар дээр бич. Тэгээд хариултуудын нэгийг арилга. Суралцагчдаас Мормон юм уу Нифай эсвэл бичээс хөтөлдөг өөр нэгэн хүн тэр түүхийг оруулахыг үл тоосон хэмээн төсөөлөхийг хүс.

  • Энэ түүх багтаагүй байсан бол Мормоны Номоос ямар чухал хичээл дутах байсан бэ?

Аврагч нифайчуудад заахдаа бичээсийн хөтлөгчид бошиглолын биелэлт болон ирсэн нэгэн чухал үйл явдлыг багтаахыг үл тоосон гэдгийг Тэрээр онцолсныг тайлбарла. Хэдэн суралцагчийг ээлжлэн, 3 Нифай 23:6–13-ыг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчууд юуг тэмдэглэхээ умартсаныг хайж олохыг хүс.

  • Нифайчуудад аль хэдийн Самуелын бошиглолын бичээс байсан (Хиламан 14:25-ыг үзнэ үү). Үүний биелэлтийн бичээстэй байх нь тэдэнд яагаад чухал байсан гэж та нар бодож байна вэ?

Хэдийгээр бидэнд сүмд зориулан судрын тэмдэглэл хөтлөхийг тушаагаагүй ч хувийн тэмдэглэл хөтлөхийг зөвлөдөг гэдгийг онцол.

  • 3 Нифай 23:6–13 дээрх Аврагчийн зөвлөгөөг бид хувийн тэмдэглэлээ хөтлөхдөө хэрхэн ашиглаж болох вэ?

Суралцагчдад тэмдэглэлээ хөтлөх нэг арга замыг олж мэдэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хуваалцсан дараах туршлагыг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Би Сүмийн ажлаас болж гэртээ оройтож ирэв. Бүр харанхуй болсон байлаа. Би байшингийнхаа үүд рүү алхаж байхдаа бидний ойролцоо амьдардаг хадам эцгээ хараад гайхав. Тэр мөрөн дээрээ хэсэг төмөр хоолой үүрчихсэн, ажлынхаа хувцастай их л хурдан алхаж байв. Би түүнийг манай эзэмшлийн газар доогуур булгаас ус татах төхөөрөмж суулгаж байгааг мэдлээ.

“Тэр инээмсэглэн, зөөлөн ярьчихаад миний хажуугаар ажилдаа яаран харанхуйд одов. Би бидний төлөө түүний хийж байгаа зүйлсийг бодсоор гэр рүүгээ алхсаар яг хаалгандаа хүрэх тэр мөчид оюун санаандаа—өөрийнхөө хоолойгоор бус—эдгээр үгсийг сонссон билээ: ‘Би эдгээр туршлагыг чамд зориулан өгөөгүй. Тэдгээрийг бичээд ав.’

“Би дотогшоо орлоо. Би орондоо орсонгүй. Хэдий би ядарч байсан ч хэсэг цаас аваад бичиж эхэлсэн. Ингэснээрээ би оюун санаанд минь сонсогдсон тэр захиасыг ойлгов. Би хүүхдүүддээ уншихад нь зориулж бичих ёстой байлаа, тэгснээр ирээдүйд Бурханы гар гэр бүлийг маань хэрхэн адисалж байгааг харах болно. Өвөө бидний төлөө хийж байгаагаа заавал хийх албагүй байв. Тэр өөр нэгнээр хийлгэх юм уу бүр огт хийхгүй байсан ч болно. Гэвч тэр бидэнд, өөрийнхөө гэр бүлд Есүс Христийн гэрээт шавь нар үргэлж хийдэг байсан замаар үйлчилсэн. Би үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан. Тиймээс би үүнийг бичсэн, тэгснээр хүүхдүүд маань хэрэгтэй үедээ хэзээ нэгэн өдөр үүнийг санаж чадна.

“Би өдөр бүр цөөн хэдэн мөрийг олон жилийн турш бичсэн билээ. Би маш их ядарч эсвэл дараагийн өдрөө хэчнээн эрт эхлэх ёстой байсан ч хамаагүй хэзээ ч өдөр алгасч байгаагүй. Би бичихээсээ өмнө энэ асуултыг эргэцүүлэн боддог: ‘Би өнөөдөр Бурханы гар бидэнд, хүүхдүүдэд маань эсвэл гэр бүлийнхэнд маань хүрснийг харсан уу?’ (“O Remember, Remember,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 66–67).

  • Биднийг сүнслэгээр хүчирхэгжүүлэх туршлагуудаа бичих нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Бид ерөнхийлөгч Айрингийн жишээнээс сайнаар нөлөөлөх ямар зүйлийг мэдэж авч болох вэ? Бидний тэмдэглэл бусдад хэрхэн туслах вэ?

Ерөнхийлөгч Айринг Бурхан түүний гэр бүлийг адисалсан тухай тэмдэглэлийг өдөр бүр бичсэн учраас адислалуудыг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. (Та энэ мэдэгдлийн нэг хэсгийг 117-р хичээл дээр хуваалцсан байж болно. Суралцагчдад үүнийг дахин сонсох завшаан тохиож болно.)

“Намайг ингэж хөтөлж байхад зарим зүйл тохиолдож эхэлсэн. Би өдрөө эргэн бодож байхдаа Бурхан бидний хэн нэгэнд юу хийснийг, тухайн завгүй байх мөчдөө анзаарч ойлгоогүй тэр баталгааг олж хардаг. Энэ нь байнга тохиолдож байсан бөгөөд үүнийг тохиолдоход би санахыг хичээснээрээ Бурханыг юу хийснээ надад үзүүлэх боломж олгодог байв.

“Хүндэтгэлээс илүү зүйл зүрхэнд маань өсөж эхэлсэн юм. Гэрчлэл өссөн. Би Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож мөн хариулдагт илүү итгэлтэй болсон. Би Аврагч Есүс Христийн Цагаатгалаар ирдэг зөөлрүүлэлт болон цэвэршүүлэлтэд илүү хүндэтгэлтэй болсон. Мөн би Ариун Сүнс бидэнд бүх зүйлсийг—бүр тохиолдож байхад нь анзаараагүй юм уу анхаарал хандуулаагүй зүйлсийг сануулдагт илүү итгэлтэй болсон” (“O Remember, Remember,” 67).

  • 3 Нифай 23 дахь түүх болон ерөнхийлөгч Айрингийн туршлагаас бид ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид энэ асуултад өөр өөр янзаар хариулж болно. Тэдний хариулт дараах үнэнийг тусгасан байх ёстой: Бид сүнслэг тохиолдлуудаа тэмдэглэж байвал хувиараа болон гэр бүлээрээ адислагдана.

Зарим суралцагч тэмдэглэж үлдэхээр хангалттай үнэ цэнэтэй ямар ч зүйл тэдэнд тохиолдоогүй гэж мэдэрдэг байж болно. Тэдэнд туслахын тулд та нэг суралцагчийг Далын ахлагч Жон Х.Гробэргийн хэлсэн дараах үгийг уншихад урь:

“Зарим хүн ‘Надад бичих юм юу ч байхгүй. Ямар ч сүнслэг зүйл надад тохиолддоггүй’ гэж хэлдэг, ‘Бичиж эхэл, тэгээд сүнслэг зүйлс тохиолдож эхэлнэ. Тэд байсан шигээ байсаар байх ч бид тэдгээрийг бичсэнээрээ илүү мэдрэмтгий болдог’” гэж би хэлдэг (“Writing Your Personal and Family History,” Ensign, 1980 оны 5-р сар, 48).

Суралцагчдыг сүнслэгээр хүчирхэгжүүлсэн туршлагуудаа бичихээ үл ойшоож байсан эсэхээ өөрсдөөсөө асуухад тэднийг урь. Тэднийг эдгээр туршлагаа бичээд мөн амьдралынхаа туршид бусад туршлагуудаа үргэлжлүүлэн тэмдэглэхэд урамшуул. Та тэдэнд ерөнхийлөгч Айрингийн жишээг даган, өдөр бүр ямар нэгэн зүйл бичихийг санал болгож болно.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судрын дүгнэлт

Судар ашиглан асуудлуудаа хэрхэн шийдэх талаар сурч мэдэх нь суралцагчдад амьдралынх нь туршид тусална. Суралцагч бүрд жижигхэн хуудас цаас өг. Тэднийг өөрсдөдөө байгаа асуултууд юм уу тулгардаг бэрхшээлүүдээ бичихэд урь. Та цааснуудыг хураан аваад заримыг нь ангийнхандаа уншиж өгнө гэдгийг тайлбарла. Суралцагчдад цаасан дээр нэрээ бичихгүй байхыг зааварчлаад мөн тэдэнд хэт хувийн юм уу ангид ярилцахад тохирохгүй зүйлс бичих хэрэггүй гэдгийг сануул. (Цааснуудыг хураан авсныхаа дараа та тэдгээрийг тохиромжтой эсэх мөн хэт хувийн эсэхийг шалгахын тулд өгсөн хариултуудыг товчхон хянаж болно.) Ангийнхандаа асуулт юм уу уриалгыг уншиж өгөөд суралцагчид төгс эзэмших судрын хэсгийг уг асуулт юм уу уриалгыг өгүүлэхдээ тусламж болгон ашиглаж байгаа эсэхийг хар.

Аврагч Түүний бидэнд заасныг бусдад заахыг бидэнд тушаасан гэдгийг тайлбарла (3 Нифай 23:14-ийг үзнэ үү). Энэ зарлигийг сахихад бэлтгэхэд нь туслах зорилгоор суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгийг асуудлуудыг шийдэхдээ ашиглан, сургаал эсвэл зарчмуудыг тайлбарлах, туршлагаасаа хуваалцах мөн гэрчлэх зэрэг заах чадваруудаар дадлага хийхэд тэднийг урамшуул. Та суралцагчдын ирүүлсэн бусад асуулт юм уу бэрхшээлүүдийг дараа илүү цаг гарсан өдөр дээрх арга замаар тэдэнтэй ярилцаж болно.

Тайлбар: Энэ хичээлийн үргэлжлэх хугацаанд энэ төгс эзэмших судрыг давтах цаг өгч болно. Та уг үйл ажиллагааг хичээлийн эхэнд, хичээлийн хэсгүүдийн хоорондох завсарлагаа эсвэл хичээлийн төгсгөлд хийж болно. Хичээлдээ хангалттай хугацаатай байхын тулд үйл ажиллагааг сунжруулахгүй хий. Бусад үйл ажиллагааг тоймлон харахын тулд энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтыг үзнэ үү.