158-р хичээл
Moронай 9
Оршил
Мормон өөрийн хүү Моронайд бичсэн сүүлийн захидалдаа нифайчуудын ёс бус байдалд ихэд харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Моронайг нифайчуудад наманчлахад нь туслахын тулд шаргуу хөдөлмөрлөхийг яаравчлуулжээ. Мормон хүмүүсийн өөрсдийнх нь ёс бус байдлаас болдог зовлонгийн талаар өгүүлжээ. Өөрийн хүмүүсийн ёс бус байдлаас үл шалтгаалан тэрээр Моронайг Есүс Христэд итгэлтэй байж, мөнх амьдралын амлалтад найдвар тавихад урамшуулан дэмжжээ.
Заах зөвлөмж
Моронай 9:1–20
Мормон нифайчууд болон леменчүүдийн ёс бус байдлаас болж шаналав
Суралцагчдаас тэд хэн нэгэн хүнд туслахыг хичээсэн боловч тухайн хүн тусламжийг нь хүлээн авахаас татгалзсан үе байсан эсэхийг тунгаан бодохыг хүс.
-
Хэн нэгэнд туслахыг хичээсэн боловч тухайн хүн хичээл зүтгэлийг нь дахин дахин эсэргүүцэх үед хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?
Суралцагчдад Моронай 9 нь бошиглогч Мормон хүү Моронайдаа бичсэн захидал гэдгийг тайлбарла. Мормон хэрхэн өөрийн хүүг урамшуулсныг тэднээс олохыг хүс.
Нэг суралцагчийг Моронай 9:1-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, нифайчуудын нөхцөл байдлын талаар тодорхойлохдоо Мормоны хэрэглэсэн үгсийг олоход урь. Суралцагчдыг хариулсны дараа та эмгэнэлт гэдэг үг нь ямар нэгэн зовлонтой, гунигтай, харамсалтай зүйлийг дурдаж байгааг тайлбарлаж болно.
Дараах судрын заалтуудыг самбар дээр бич: Моронай 9:2–5; Моронай 9:7–10; Моронай 9:16–19. Суралцагчдыг гурван бүлэг болгож хуваарил. Бүлэг бүрд самбар дээрх судрын эшлэлүүдээс нэгийг даалга. Тэндээс Мормоны тодорхойлсон эмгэнэлт зүйлсийг хайж олохыг хүс. Бүлэг бүрээс нэг суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Хэрэв суралцагчдад Моронай 9:2–5 оноогдсон бол уур хилэн гэдэг үгийг битгий дурд, та магадгүй Мормоны тодорхойлсон аймшигт үйл явдлуудад уур хилэн хэрхэн нөлөөлсөн тухай дурдаж болно.)
Хэдэн суралцагчийг Моронай 9:11–15, 20-ийг ээлжлэн чангаар уншихад урь. Суралцагчдаас Мормон яагаад өөрийн хүмүүсийн нөхцөл байдлаас болж шаналж байсан шалтгааныг хайж олохыг хүс. Суралцагчдад эдгээр шүлгийг дэлгэрэнгүй судлахад нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
“Иргэншилгүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Моронай 9:11). (Иргэншилгүй мэт байх гэдэг нь соёлгүй, ямар нэгэн хориг хязгааргүй; бусдад хүндэтгэл үзүүлдэггүй; нийгмийг зохицуулж удирддаг хуулийг үл тоомсорлох гэсэн үг. )
-
“Зарчимгүй” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Моронай 9:20). (Жишиггүй амьдарч, Бурханы зарлигуудыг үл хүндэтгэж, дагахгүй байх.)
-
“Мэдрэхээс өнгөрсөн” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Моронай 9:20). (Их Эзэний Сүнс болон Христийн Гэрэлийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, буруу зөвийг ялгахгүй байх.)
-
Та өнөөдөр дэлхий дээр зарим хүн иргэншилгүй, зарчимгүй мөн мэдрэхээс өнгөрсөн ямар жишээг харж байна вэ?
Та Мормон өөрийнх нь хүмүүс хэдхэн жилийн дотор ёс бус хүмүүс болсон хэмээн хэлснийг онцолж болно (Моронай 9:12).
Жаред үндэстний бошиглогч Ифертэй адил Мормон өөрийнх нь хүмүүсийг давамгайлсан уур хилэн, ёс бус байдлыг гэрчилсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 9:4-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Моронай нифайчуудын талаар юунд санаа зовниж, айж байсныг олж сонсохыг хүс. (Тэр “Их Эзэний Сүнс тэдний төлөө зүтгэхээ больсон болов уу” хэмээн айж байсан.)
-
Мормон өөрийгөө “тэдэнтэй үргэлж хөдөлмөрлөж байсан” хэмээн дурдсан байдаг. Яагаад Мормон болон өнөөдрийн Сүмийн удирдагчид Бурханы үгийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, уур хилэнд автагддаг хүмүүсийн төлөө үргэлж хөдөлмөрлөдөг вэ?
Дараах үнэнийг самбар дээр бич: Бидний үйлчилж буй хүмүүс эерэг хариу үзүүлэхгүй байсан ч бид Бурханы үйлчлэлд хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой. Бидний үйлчилж буй хүмүүс ноцтой нүгэл үйлдэх үед ч ийм байх ёстойг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 9:6-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, бидний үйлчилж буй хүмүүс эерэг хариу үзүүлэхгүй байсан ч бид яагаад Бурханы үйлчлэлд хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой шалтгааныг хайж олохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэдэнд уг үнэнийг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгоход нь туслахын тулд дараах нөхцөл байдлуудыг (эсвэл өөрийнхөө жишээнээс) танилцуул. Нэг эсвэл нэлээд хэдэн суралцагчаас самбар дээрх нөхцөл байдал бүрд уг үнэнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар тайлбарлахыг хүс.
-
Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн хувьд та тойргийнхоо таван охиныг хариуцаж авчээ. Эдгээр охидын нэг нь сүмийн цуглаан болон үйл ажиллагаануудад ирээгүй жил гаруй болжээ. Та түүнийг гурван сарын турш сүмд ирэхийг урьсан боловч тэр ямар ч цуглаан эсвэл үйл ажиллагаанд ирсэнгүй.
-
Гэрийн багшийн хувьд та томилогдсон гэр бүл бүрдээ хичээнгүйлэн заадаг. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сар таны заадаг нэг гэр бүл утсаа авахгүй мөн таныг гэрт нь очиход хаалгаа онгойлгож өгөхгүй байжээ.
-
Та нэг сайн найзаа номлогчидтой уулзахад урихыг хүсчээ. Тэр урилгаас татгалзсан боловч та түүнийг дахиад урих хэрэгтэй гэсэн мэдрэмжийг мэдэрсээр байжээ.
Биднийг Бурханы хүүхдүүдийн төлөө шаргуу хичээл зүтгэл гаргахыг урамшуулсан Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийн талаар хуваалц. Суралцагчдаас тэднийг бусдад туслахын тулд шаргуу хөдөлмөрлөхийг урамшуулсан ямар нэгэн зүйлийг олж сонсохыг хүс.
“Түүний зарлигуудыг дагаж, хэрэв Тэрээр энд байсан бол хэрхэн үйлчлэх байсантай адилаар үйлчлэх гэрээг бид Бурхантай хийдэг. Уг жишгийн дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийснээр энэ нь эцсээ хүртэл тэвчихэд шаардлагатай хүч чадлыг бидэнд өгөх болно.
“Агуу санваарын сургагч нар надад уг хүч чадлыг хэрхэн олж авахыг харуулсан : Энэ нь бууж өгч, дараагийн удаа гэж хойшлуулах залхуурал, айдсыг даван туулах чадварыг хөгжүүлэх явдал юм. Их Эзэний агуу багш нар эцсээ хүртэл тэвчих сүнслэг хүч чадал нь хэн нэгнийг амарч байх үед ажилласаар байхад ирдэг гэдгийг харуулсан. …
“… Хэрэв та чадах бүхнээ хийх юм бол Бурхан таны хүч чадал, мэргэн ухааныг нэмэгдүүлэх болно гэдгийг би амлаж байна” (“Preparation in the Priesthood: ‘I Need Your Help,’” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 58–59).
-
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг таны үйлчлэлийг хэн нэгэн хэрхэн хүлээж авахаас үл шалтгаалан Их Эзэнд хичээнгүйлэн үйлчлэхэд туслах юуг заасан бэ?
Олон удаа өөрийнх нь урилгыг хүлээн аваагүй залуу эрэгтэйн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн санваарын удирдагчийн тухай Далын ахлагч Мэрвин Б.Арнолдын ярьсан дараах түүхийг унш. Залуу эрэгтэй эцэстээ санваарын удирдагчаасаа юу олж харсныг сонсоход суралцагчдыг урь.
“Бразилын Форталеза дахь салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Маркюс ах бусад санваарын удирдагчдын хамт өөрсдийн салбарт байгаа идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Тэдгээр идэвх султай гишүүдийн нэг нь Фернандо Араужо хэмээх залуу эрэгтэй байжээ. Саяхан би Фернандотой ярилцсан бөгөөд тэр надад өөртөө тохиолдсон зүйлийн талаар ярьж өгсөн юм:
“‘Би ням гаргийн өглөө болдог далай тэнгисийн давалгаан дээр гулгах тэмцээнд орж эхэлснээс хойш Сүмийн цуглаануудад явахаа больсон. Нэг ням гарагт Маркюс ах манай хаалгыг тогшоод гишүүн бус ээжээс минь надтай ярилцаж болох эсэхийг асуусан юм. Ээж маань намайг унтаж байна гэж хэлэхэд тэр намайг сэрээх зөвшөөрлийг хүсчээ. Тэр надад “Фернандо, чи сүмдээ хоцорлоо” гэж хэлсэн юм. Тэр миний шалтгуудыг сонсолгүйгээр намайг шууд сүмд авчирсан.
“‘Дараагийн ням гарагт яг адил зүйл боллоо. Тиймээс би гурав дахь ням гарагт түүнээс зугтахын тулд эрт гарахаар шийдсэн юм. Би хаалгаа онгойлгоод түүнийг машиндаа судар уншаад сууж байгааг харлаа. Тэр намайг хараад “Сайн байна! Өнөөдөр чи эрт босчээ. Өнөөдөр хоёулаа хамт явж өөр залуу эрэгтэйг олох болно!” гэсэн юм. Би надад сонгох эрх байгаа биз дээ гэж дургүйцсэн боловч тэр “бид энэ тухай дараа ярилцаж болно” гэж хэлсэн.
“‘Найман долоо хоногийн дараа би түүнээс зугтах аргагүй болсон бөгөөд тиймээс би найзынхаа гэрт хонохоор шийдсэн. Би дараагийн өглөө нь далайн эрэг дээр байхдаа намайг зүглэн алхаж яваа костюм, зангиатай нэгэн эрэгтэйг харлаа. Би Маркюс ахыг таниад ус руу гүйн орлоо. Гэнэт би хэн нэгний гар миний мөрөн дээр байгааг мэдэрсэн юм. Энэ бол Маркюс ах байсан ба тэр чээжээ хүртэл усанд зогсож байлаа! Тэр гараас минь атгаад “Чи хоцорлоо! Явцгаая” гэж хэлэв. Намайг надад өмсөх хувцах байхгүй гэж маргалдахад тэр “хувцаснууд чинь машинд байгаа” гэсэн юм.
“‘Тэр өдөр би уснаас гарч ирэхдээ Маркюс ахын чин сэтгэлийн хайр, санаа зовнилд сэтгэл минь их хөдөлж билээ. … Маркюс ах намайг сүмд хүргэж өгдөг байсан төдийгүй—чуулгадаа идэвхтэй үлдэхэд тусалсан юм. Тэд би бол хэрэгтэй, тэдний сүмд ирэхийг хүлээж буй хүн гэдгийг мэдрүүлсэн үйл ажиллагаануудыг зохиодог байсан ба би дуудлага хүлээн авч, чуулгын гишүүд миний найзууд болсон юм’” (“Strengthen Thy Brethren,” Ensign or Liahona, May 2004, 46–47).
Сүмийн гишүүдийн хувьд бидэнд энэ амьдралдаа хийж гүйцэтгэх чухал ажил байдаг гэдгийг тайлбарла. Мормон, Моронай болон Маркюс ахын үлгэр жишээ үйлчилж буй хүмүүс маань биднийг эсэргүүцэж, сэтгэлээр унагасан үед ч үйлчлэлд маань урамшуулж чадна.
Моронай 9:21–26
Мормон Моронайг итгэлтэй байхад урамшуулан дэмжжээ
Суралцагчдыг ойрын үед тэдний эргэн тойронд эсвэл улс үндэстэн, дэлхий дээр болсон хүмүүсийг сэтгэлээр унагасан үйл явдлуудыг нэрлэхийг хүс.
Суралцагчдыг Моронай 9:21–22, 25–26-г дотроо уншихад урь. Тэднээс иймэрхүү сэтгэлээр унагасан нөхцөл байдалд юу хийх ёстой талаар Мормоны Моронайд өгсөн зөвлөгөөг олж сонсохыг хүс. Суралцагчдаас эдгээр шүлгийг дэлгэрэнгүй ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Эдгээр шүлэгт аль үг мөн хэсгүүд Мормон өөрийн хүү Моронайн талаар мэдэрсэн зүйлийг харуулж байна вэ?
-
Мормон “[Моронайн] оюунд” юу үүрд байг хэмээн зөвлөсөн бэ? (Моронай 9:25). Аврагч болон Түүний Цагаатгалыг санах нь биднийг сэтгэлээр унаж, ёс бус явдлаар хүрээлэгдсэн үед хэрхэн тусалдаг вэ?
-
Биднийг хүрээлж буй хүнд хэцүү асуудлууд болон ёс бус байдалд хэрхэн хандах ёстой талаар эдгээр шүлгээс бид юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байвал Тэрээр биднийг хүнд хэцүү, ёс бусаар хүрээлэгдсэн үед өргөх болно гэдгийг илэрхийлэх ёстой. Та уг зарчмыг самбар дээр бичиж мөн суралцагчдад судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.)
-
Таны амьдралд эсвэл ойр дотны тань хэн нэгний амьдралд уг зарчим үнэн гэдгийг батлах ямар жишээнүүд байна вэ?
Суралцагчдыг сэтгэлээр унаж, ёс бус явдлаар хүрээлэгдсэн үед ч илүү итгэлтэй байж, Есүс Христийг санахад туслах арга замуудыг тунгаан бодоход урь. Есүс Христэд итгэлтэй байснаар хүлээн авсан хүч чадлынхаа талаар гэрчил.