Номын сан
2-р хичээл: Судраас суралцах нь


2-р хичээл

Судруудыг судлах нь

Оршил

Энэ хичээл нь судруудын зорилгыг ойлгох ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална. Энэ нь бас тэдэнд судраа илүү үр бүтээлтэй судлахад нь туслах болно. Үүнд судруудын шалтгаан, нөхцөл байдлыг болон сургаал, зарчмуудыг олж тогтоон ойлгох, амьдралдаа тэдгээр сургаал, зарчмыг хэрэгжүүлэх зэрэг сурах үйл ажиллагаанууд багтана. Суралцагчид судраас судлах чадвараа нэмэгдүүлснээр судрыг улам бүр хайрлаж, сайн мэдээний ойлголт нь ихсэх болно. Энэ хичээл дээр үзсэн материалуудыг жилийн турш дахин харах арга замуудыг бод.

Заах зөвлөмж

Семинарт судрыг яаж судлах ёстой вэ?

Хичээл эхлэхээс өмнө ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгсийг самбар дээр бич. (Түүний хэлсэн үгсийг 1970 оны 10-р сарын чуулганы илтгэлийн 107-р хуудаснаас олж болно.)

Сайн мэдээг заах зорилго нь …ангийн гишүүдийн оюун санаанд ‘мэдээлэл цутгах’ явдал биш билээ. Харин хувь хүнийг сайн мэдээний зарчмуудаар амьдруулах талаар бодож, ямар нэгэн зүйл хийхийг урамшуулах явдал юм” (ерөнхийлөгч Томас С.Монсон).

Уг хэлсэн үгсийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

  • Түүний хэлсэн үгнээс харахад, семинарын багшийн хувьд миний зорилго юу байх ёстой вэ? Семинарын суралцагчдын хувьд та нарын зорилго юу байх ёстой вэ?

Энэ хичээлээс суралцагчид судрууд дээр заагддаг “сайн мэдээний зарчмуудаар амьдрах талаар бодож, ямар нэгэн зүйл хийх” арга замуудыг нээж олох болно гэдгийг хэл.

Судруудын шалтгаан, нөхцөл байдлыг ойлгох

Судраас судлах аргаа сайжруулахын тулд суралцагчдын хийж чадах нэг зүйл бол судрууд дахь түүх болон илэрхийлэлтүүдийн шалтгаан, нөхцөл байдлыг ойлгох явдал гэдгийг суралцагчдад тайлбарла. Шалтгаан, нөхцөл байдлыг ихэнхдээ агуулга гэдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах зөвлөгөөг уншихыг нэг суралцагчаас хүс.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Судруудын заадаг хичээлүүдтэй сайн танилц. Эзэний сургаалт үлгэрүүд ба бошиглогчдын сэрэмжлүүлгийн шалтгаан, нөхцөл байдал зэргийг та бүхэн судлах нь зүйтэй. Тэд танд хандан ярьж байгаа нь үнэн учраас, тэдгээрийг хүлээн авч судал” (“Be Your Best Self,” Ensign мөн Лиахона, 2009 оны 5 сар, 68).

Шалтгаан, нөхцөл байдлыг ойлгох нь судар дахь сургаалуудыг ойлгоход тусалдаг гэдгийг онцол. Энэ нь судар дахь түүх, сургаалууд хийгээд зарчмуудыг тодорхой болгож, гүн ойлголтыг авчрах мэдээллүүдийг агуулдаг.

Дараах асуултуудыг самбар дээр бич:

  • Энэ шүлгүүдэд хэн ярьж байна вэ?

  • Тэр хэнд зориулан ярьж байна вэ?

  • Энэ түүхэнд юу гарч байна вэ?

Эдгээр асуулт нь судар дээрх сургаал эсвэл түүхийн агуулгыг ойлгоход туслах болно гэдгийг тайлбарла.

Судрын хэсгүүдийн шалтгаан, нөхцөл байдлын тухай илүү сайн ойлголттой болохын тулд юу хийсэн тухайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Та тэдгээр санааны заримыг нь самбар дээр жагсааж бичиж болно.

Суралцагчдад хэцүү, танил бус үгсийн утгыг ойр орчных нь шүлгээс харах, бүлгийн эхэнд байдаг бүлгийн тоймыг унших эсвэл тайлбар болон солбицсон эшлэлийг олохын тулд зүүлт тайлбарыг хайх зэргийг дурдаж болно. Хэрэв суралцагчид эдгээрийг дурдахгүй бол энэ арга барилуудыг заавал дурдаарай.

Судрын агуулгыг ойлгох нэг аргыг загвар болгон үзүүлэхийн тулд 3 Нифай 17:1-10-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас самбарт бичсэн асуултуудад хариулт эрэн дотроо дагаж уншихыг хүс. Та тэднийг бас бүлгийн тухай хурдан товч мэдээлэл авахын тулд бүлгийн тоймыг харахад урамшуулж болно.

  • 1, 5–6 мөн 9–10-р шүлгүүд дээрх түүхүүдийг хэн ярьж байна вэ? (Мормон)

  • Түүхэнд хэн ярьж байна вэ? Захиасыг хэн хүлээн авч байна вэ?

  • Энэ түүхэн дэх үйл явдлууд болохоос өмнө юу тохиолдсон бэ? (3 Нифай 8-16-гийн бүлгийн тоймыг үз.) Энэ шалтгааны тухай таны мэдлэг хүмүүс яагаад Аврагчийг илүү удаан тэнд байгаасай гэж хүссэнийг ойлгоход хэрхэн тусалж байна вэ? (3 Нифай 17:5-6-г үз.) Түүнийг тэнд үлдэнэ гэж хэлсний дараа ямар гайхамшгууд тохиолдсон бэ? (3 Нифай 17:7-10-ыг үз.)

Сургаал болон зарчмуудыг таньж, ойлгох нь

Суралцагчид судрын түүхийн шалтгаан, нөхцөл байдлыг ойлгосноор үүнд агуулагдаж байгаа сургаал, зарчмуудыг илүү сайн таньж, ойлгодог гэдгийг онцол. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Ж.Скоттын хуваалцсан сайн мэдээний зарчмуудын дараах тодорхойлолтыг уншихыг нэг суралцагчаас хүс.

“Зарчмууд нь үнэнд тулгуурлаж, янз бүрийн нөхцөл байдалд хэрэгждэг” (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, 1993 оны 11 сар, 86).

Сургаал ба зарчмууд нь бидний амьдралд зүг чигийг зааж өгдөг Есүс Христийн сайн мэдээний мөнхийн, хувиршгүй үнэнүүд гэдгийг тайлбарла. Эдгээр нь эртний бошиглогчид биднийг судруудын үйл явдал, түүх, сургаалаас суралцахын чухлыг заасан хичээлүүд юм. Судрууд дахь зарим бичигч сургаал болон зарчмуудыг шууд заахын тулд “бид ийн үзэж болох” (Хиламан 3:27-29-ийг үз) гэх хэллэгийг эсвэл тиймийн тул (Алма 32:16-г үз) гэх үгсийг ашигладаг гэдгийг онцлон тэмдэглэ. Гэсэн хэдий ч олон сургаал ба зарчмыг судрууд дээр үүнтэй адил шууд илэрхийлдэггүй. Харин эдгээр үнэн нь судар дээрх тэр хүмүүсийн амьдралаас харагддаг.

Суралцагчдад ингэж шууд бусаар илэрхийлсэн сургаал, зарчмуудыг танихад туслахын тулд тэдэнд өөрсдөөсөө дараах зүйлийг асуухыг санал болго: Энэ түүхэн дэх захиас нь чухам юу вэ? Энэ түүхийг бичигч нь биднийг энэ түүхээс юу сураасай хэмээн хүссэн бэ? Судрын энэ түүхэнд ямар үнэнийг зааж байна вэ? Та эдгээр асуултыг самбар дээр жагсаан бичиж болно.

Суралцагчдад сургаал болон зарчмуудыг олж, таних дадлага хийхэд нь туслахын тулд тэднээс 3 Нифай 17:1-10-ыг дахин үзэхийг хүс. Асуу:

  • 3 Нифай 17:2-3 дээрх Аврагчийн сургаалуудаас Түүний үгсийг ойлгох тухайд бид юу сурч чадах вэ?

  • 3 Нифай 17:5-7-гоос бид Аврагчийн тухай ямар үнэнүүдийг сурч болох вэ?

  • Хүмүүсийн агуу итгэлийн хариуд Аврагч тэднийг эдгээхийг санал болгосон. 3 Нифай 17:8-9-өөс та Их Эзэнээс адислал эрж хайх талаар ямар зарчмуудыг харж байна вэ? (Их Эзэн Түүнд ойртох гэсэн бидний чин хүсэлд хариулдаг нь суралцагчдын сурч болох нэг зарчим юм.)

Хэрэв суралцагчдад сургаал болон зарчмуудыг таньж мэдэх дадлага хийх цаг хангалттай үлдсэн бол тэднээс дуртай судрын түүхээ олохыг хүс. Эдгээр түүхээс сурсан зарчмуудаа тодорхойлохыг хүс. Дараа нь тэднээс уншсан түүхээ болон сурсан зарчмуудаа хуваалцахыг хүс.

Сургаал болон зарчмуудыг хэрэгжүүлэх нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын eрөнхийлөгч Боид К.Пакэр хэлсэн нь:

“Үнэн сургаал нь зан авир, хандлагыг өөрчилдөг. Сайн мэдээний сургаалд суралцах нь зан байдлын талаар суралцахаас илүү хурдан зан байдлыг сайжруулдаг. … Иймээс л бид сайн мэдээний сургаалыг судлахыг онцолдог учиртай юм” (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17).

Бид сургаал ба зарчмуудыг ойлгосон үедээ үгсийн тодорхойлолтоос илүү зүйл мэддэг болохыг тайлбарла. Бид сургаал, зарчмууд нь бидний амьдралд ямар утга учиртайг мэддэг. Бид сургаал болон зарчмуудыг таньж, ойлгосон үедээ тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж чадна. Бид сурсан зарчмынхаа дагуу ямар нэгэн зүйл хийх үед хэрэгжүүлэлт биеллээ олдог гэдгийг тайлбарла. Сурсан зарчмуудынхаа дагуу үйлддэг суралцагчид тэдгээр зарчмын үнэнийг батлах Ариун Сүнсийг мэдрэх илүү агуу боломжтой болдог (2 Нифай 32:5; Моронай 10:5-ыг үз). Энэ бол судар судалснаар ирдэг мэдлэгийн бодит үнэ цэнэ юм. Суралцагчдад тэд гэртээ, сүм болон семинар дээр мөн Хувийн хөгжил дэвшил, Бурханы өмнө хүлээсэн үүргээ хийж байх үедээ эсвэл өөр ямар ч тохиолдолд судраас судлахдаа сайн мэдээний дагуу амьдарч, Бурханд ойртох хичээл зүтгэлээ сайжруулах зорилгыг тавих ёстой гэдгийг ойлгоход нь тусал.

Суралцагчдад судраас сурсан зарчмуудаа ойлгож, хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг бие даан судраас судлахдаа Ариун Сүнсний тусламжийн төлөө залбирахад урамшуул. Тэднийг судалж байх зуур дараахтай адил асуултуудыг өөрсдөдөө тавихад урамшуул: Их Эзэн энэ мэдлэгийн тухай намайг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ? Энэ нь миний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ? Би яг одоо амьдралаа илүү сайжруулахын тулд юу хийж эсвэл юу хийхээ болих ёстой вэ? Хэрэв би үүнийг хийвэл миний амьдрал хэрхэн сайжрах вэ? (Та бүх асуултыг эсвэл зарим асуултыг самбар дээр бичиж болно. Та мөн суралцагчдад эдгээр асуултуудыг судрын тэмдэглэл дээрээ бичихийг зөвлөж болно. Ингэснээр тэд эдгээр асуултыг ойр ойрхон тавих боломжтой.)

Хичээлийн төгсгөлд суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваа. Тэднээс өнөөдөр 3 Нифай 17:1–10-аас сурсан зарчмуудаа нэг нэгэнтэйгээ хуваалцахыг хүс. Тэднийг эдгээр зарчмын талаарх ойлголтоо сайжруулахын тулд юу хийснээ мөн сурч, мэдэрсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ ярихад урамшуул. Тэднээс эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр тэдний амьдралд ямар өөрчлөлт гарах тухай ярихыг хүс.