Номын сан
Гэрээр сурах 3-р хичээл


Гэрээр судлах хичээл

1 Нифай 7–14 (3-р хичээл)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын 1 Нифай 7–14 (3-р хичээл)-г суралцах зуур сурсан сургаал болон зарчмуудын дараах тоймыг та заах шаардлагагүй. Та зөвхөн эдгээр сургаал, зарчмын цөөхөн хэдийг л зааж болно. Суралцагчдын хэрэгцээг таньж мэдэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (1 Нифай 7)

Суралцагчид Лихайн хөвгүүд Ишмэилийн гэр бүлийг амлагдсан нутаг руу авчрахын тулд Иерусалим руу хэрхэн буцаж явсныг судлах үедээ Их Эзэн бидэнд гэрлэж, Түүнд хүүхдүүд өсгөж өгөхийг зарлигласан бөгөөд Бурхан бидний итгэлийн дагуу залбиралд хариулдаг гэдгийг сурсан юм.

2 дахь өдөр (1 Нифай 8)

Суралцагчид Лихайн амьдралын модны үзэгдлийг судалцгаасан. Тэд Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалаас хүртэх нь аз жаргал, баяр баясгаланг авчирдаг гэдгийг сурсан. Тэд зүүдэн дэх өөр өөр төрлийн бүлэг хүмүүсийн тухай болон тэд хэрхэн амьдралын модонд ирж, жимснээс хүртэж эсвэл бүтэлгүйтэж байгааг уншихдаа дараах зарчмыг мөн сурсан: Бардамнал, дэлхийн зүйлд шунах, уруу таталтанд бууж өгөх нь бидэнд Цагаатгалын адислалаас хүртэхэд саад болдог тухай сурсан. Хэрэв бид Бурханы үгнээс зууран баривал уруу таталт болон дэлхийн нөлөөг ялж чадна. Бурханы үгээс тууштай зууран барих нь бидэнд Их Эзэнд илүү ойртож, Цагаатгалын адислалуудыг хүртэхэд тусалдаг.

3 дахь өдөр (1 Нифай 10–11)

Нифай эцгийнхээ харсан зүйлийг өөрөө “харж бас сонсож, түүнчлэн мэдэхийг” (1 Nephi 10:17) хүсэх үед юу тохиолдсоныг тэд сурсан. Нифайн жишээгээр дамжуулан тэд Бурхан Түүнийг хичээнгүйлэн эрэлхийлдэг хүмүүст үнэнийг илчилдэг гэдгийг сурсан. Нифай, Өөрийн Хүүгийн бэлгээр биднийг хайрлах хайраа харуулсан Бурханы хайрын тухай үзэгдлийг хүлээн авсан. Суралцагчид энэ нь тэдэнд ямар утга учиртай болохыг бичиж авах боломжтой байсан.

4 дэх өдөр (1 Нифай 12–14)

Нифай мөн үзэгдэлдээ Их Эзэн Сэргээлтийн замыг хэрхэн бэлтгэж байгааг харсан. Тэр Библээс тодорхой болоод эрхэм үнэт үнэнүүд алдагдах боловч бидэнд Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэж, Түүнд ирэхэд туслахын тулд Мормоны Ном болон хожмын үеийн судрууд тэдгээр тодорхой болоод эрхэм үнэт үнэнүүдийг сэргээх болно гэдгийг сурчээ. Нифай мөн эцсийн өдрүүдийг харжээ. Бид зөв шударга амьдарч, ариун нандин гэрээнүүдийг сахиснаар Бурханы хүч бидэнд чөтгөрийг ялахад туслах болно гэдэг зарчмыг суралцагчид тунгаан бодсон.

Оршил

Энэ долоо хоногийн хичээлийн гол сэдэв нь 1 Нифай 8 дахь Лихайн үзэгдэл юм. Та энэ хичээлийг заахдаа Есүс Христийн Цагаатгалын бидний амьдралд авчрах баяр баясгалан болон бид Бурханы үгээр амьдарснаар хэрхэн Цагаатгалын адислалыг хүртэхийг онцол. Суралцагчид хичээлийн туршид судрууд, суралцагчдын суралцах удирдамж, судрын тэмдэглэлийг ашиглах болно.

Заах зөвлөмж

1 Нифай 7

Их Эзэн Лихайн хөвгүүдэд Ишмэилийн гэр бүлийг авчрахаар Иерусалим руу буцахыг зарлигладаг.

Гэрлэсэн хосын хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан зургийг үзүүл. Танай гэр бүлийн зураг эсвэл зураг авчрахыг урьсан суралцагчийн гэр бүлийн зураг байж болно.

Суралцагчдаас асуу: Яагаад гэр бүл бидний авралын төлөөх Бурханы төлөвлөгөөнд чухал вэ?

Суралцагчдаас 1 Нифай 7:1–5-ыг дүгнэж, тоймлохыг хүс. Эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурсныг нь асуу. (Суралцагчид өөр өөр зарчмуудыг хуваалцаж магадгүй. Их Эзэн биднийг гэрлэж, Түүнд хүүхдүүд өсгөж өгөхийг зарлигласан юм хэмээх зарчмыг суралцагчдын гарын авлага дээр онцолсон байдаг.)

1 дэх өдрийн хичээлээр суралцагчид өнөөдрийн залуус гэрлэж, “Их Эзэнд” үр хүүхдүүд өсгөж өгөхөд бэлтгэх 3 арга замыг зөвлөхийг эцэг эх, Сүмийн удирдагч, багш нараасаа асуух үүргийг авсан. Цөөхөн хэдэн суралцагчаас сурсан зүйлээ хуваалцахыг хүс.

1 Нифай 8

Лихай амьдралын модны үзэгдэл үзэв

Нифай болон түүний ах нар Ишмэилийн гэрийнхнийг аглаг буйдад авчирсны дараа Лихай нэгэн зүүд зүүдэлсэн гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагч 1 Нифай 8:10–13-ыг чанга унших зуур өөр нэг суралцагчаас шүлгэн дээр гарч буй зүйлсийг самбар дээр эсвэл цаасан дээр зурахыг хүс. Хэрэв та танай ангид илүү тохиромжтой гэж бодож байвал Лихайн үзэгдэл зургийг үзүүлж (62620; Сайн мэдээний уран зургийн ном [2009], дугаар 69), суралцагчдаас шүлгэнд дүрсэлсэн хэд хэдэн зүйлсийг тодорхойлохыг хүсч болно.

Суралцагчдаас асуу: Лихайн тодорхойлолт хэрхэн модны жимсийг танд хүсүүштэй санагдуулж байна вэ?

Тэдэнд модны жимс нь “Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь” (1 Нифай 15:36) буюу Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг дүрсэлж байгаа гэдгийг сануул. Хэрэв та нэг суралцагчаар зураг зуруулсан бол зурган дээр жимс юуг төлөөлж байгааг тэмдэглэж болно.

Суралцагчдаас асуу: Бид Цагаатгалын адислалуудыг хүлээн авах талаар 1 Нифай 8:10–13-аас юу сурч болох вэ? (Суралцагчид сурсан зүйлээ өөр өөр үгээр илэрхийлж болох ба харин дараах зарчмыг илэрхийлж байгаа эсэхийг анхаар: Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалаас хүртэх нь аз жаргал, баяр баясгаланг авчирдаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

2 дахь өдрийн хичээлээр суралцагчдаас “Хэзээ Аврагчийн Цагаатгал таны амьдралд баяр баясгалан, аз жаргал авчирсан бэ?” гэж асуусан байгаа. Суралцагчдыг судрын тэмдэглэлээ нээж, хариултаа дотроо уншихад урь.

Суралцагчдад нэг нэгэнтэйгээ чухал үнэнүүдийг болон гэрчлэлээ хуваалцахад нь туслахын тулд хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ уншиж эсвэл ярихад урамшуул. Мөн та Цагаатгал таны амьдралд аз жаргал, баяр баясгалан авчирсан туршлагаа хуваалцаж болно.

Лихайн үзэгдэл Цагаатгал агуу баяр баясгаланг авчирдаг гэж заадаг төдийгүй Цагаатгалын адислалыг хүртэхийн тулд бид юу хийх хэрэгтэйг харуулдаг. Суралцагчдыг 1 Нифай 8:19–26-г уншиж, Лихайн үзэгдлийн бусад тэмдгийг зурахыг урь эсвэл Лихайн үзэгдэл зураг дээрх бусад тэмдгийг олохыг урь. Тэднийг зурж эсвэл тэмдгүүдийг олж байх зуур тэмдгүүд юуг илэрхийлж байгааг асуу. (Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэднийг өөрсдийн бөглөсөн суралцагчдын суралцах удирдамжин дахь хүснэгтийг ашиглахыг урь.)

Нэг суралцагчийг 1 Нифай 8:30-г чангаар уншихыг урь. Дараа нь дараах асуултуудыг асуу:

  • Төмөр бариул буюу Бурханы үг Лихайн үзэгдэлд ямар үүрэгтэй байсан бэ?

  • Та нар 1 Нифай 8-г судлахдаа Бурханы үгийн ач холбогдлын талаар юу сурсан бэ?

  • 1 Нифай 8:30 дахь аль хэсгүүд Цагаатгалын адислалуудыг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэйг харуулж байна вэ?

  • “Бариулаас үргэлж тууштайгаар зуурсаар урагш зүтгэх” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Самбар дээр суралцагчдын суралцах удирдамжаас тэдний сурсан хоёр өөр сайн мэдээний зарчмыг бич: Хэрэв бид Бурханы үгээс тууштай зууран баривал уруу таталт, дэлхийн нөлөөг ялах болно. Бурханы үгээс тууштай зууран барих нь бидэнд Их Эзэнд илүү ойртож, Цагаатгалын адислалыг хүртэхэд тусалдаг.

Суралцагчдаас тэд номлогчид бөгөөд Бурханы үгийг судалж, үүний зарчмуудын дагуу амьдрахын чухлын талаар гэрчлэх боломж олдсон гэж төсөөлөн бодоход чиглүүл. Тэднээс өөр өөрсдийн туршлага дээрээ үндэслэн юу гэж хэлэх байсныг асуу. Танд Аврагчид илүү ойртоход тусалсан судруудын хүч болон бошиглогчдын үгсийн талаарх мэдрэмжээ хуваалцахаа битгий мартаарай.

1 Нифай 10:14

Нифай итгэлтэй, хичээнгүй байдлынхаа үр дүнд эцгийнхээ заасан зүйлс болоод өөр бусад олон зүйлийн талаар хувийн илчлэлт хүлээж авдаг.

Нэг суралцагчийг 1 Нифай 10:17, 19-г чангаар уншихыг урь. Суралцагчдаас Их Эзэний удирдамжийг хичээнгүйлэн эрэлхийлэх үед ирдэг адислалуудыг тодорхойлоход урь. Нэг эсвэл хоёр суралцагчаас “хичээнгүйлэн эрэлхийлэх” гэдэг нь юу гэсэн утгатайг хуваалцахыг асуу. (3 дахь өдрийн хичээлээр тэднээс үүний утгыг суралцагчдын суралцах удирдамжин дээрээ бичихийг хүссэн.)

Нифай Их Эзэнийг хичээнгүйлэн эрэлхийлсэн учраас хувийн илчлэлт хүлээн авсан гэдгийг хэлснээр 1 Нифай 11–14-г тоймло. Тэрээр Есүс Христийн Цагаатгал болон номлол (1 Нифай 11), бардамнал, ёс бус байдлаасаа болж устгагдах өөрийн хүмүүс (1 Нифай 12), амлагдсан нутаг дахь эртний харийнхан болон тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийн сэргээлт (1 Нифай 13), эцсийн өдөр агуу хийгээд жигшүүрт сүмийн эсрэг тэмцэх зөв шударга хүмүүсийг (1 Нифай 14) харжээ.

Тэмдэглэл: Дараах үйл ажиллагааг бэлтгэхийн тулд та энэ гарын авлага дахь холбогдох хичээлүүд болон энэ хичээлийн 4 дэх өдрийн суралцагчдын суралцах удирдамжийн материалуудыг үзэж болно.

Суралцагчдаас 1 Нифай 11–14-өөс нэг бүлэг сонгож, дараах зүйлийг хийхийг хүс. (Та тэднээс үүнийг самбар эсвэл цаасан дээр хийхийг хүсч болно.)

  • Сонгосон бүлгийнхээ тоймыг бич.

  • Уг бүлэгт заасан нэг зарчмыг бич. (Тэд суралцах удирдамжийн тодруулсан зарчмыг ашиглаж эсвэл өөрсдөө нэг зарчим олж болно.)

  • Уг зарчим өнөөдөр тантай хэрхэн холбогдож байгааг бич.

Тэдэнд бэлтгэх хангалттай цаг өгсний дараа тэднийг бичсэн зүйлээ хуваалцахыг урь. Нэг эсвэл хоёр суралцагчаас энэ долоо хоногт 1 Нифай 7–14-г судлахдаа сурсан зарчмуудынхаа талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүс.

Ангиа тараахаасаа өмнө тэдний судрын тэмдэглэлийг цуглуулж, даалгаврыг эргэн шалгахаа битгий мартаарай.

Дараагийн хичээл (1 Нифай 15–19)

Дараагийн хичээлд суралцагчид Лихай болон түүний хүмүүсийн аглаг буйдад аялж, амлагдсан нутагт завиар хүрэх замдаа туулсан зовлон бэрхшээлийн талаар илүү их суралцана. Нэг өглөө сэрээд “уран чамин хийцтэй бөмбөрцгийг” буюу Лиахонаг олохдоо тэдний мэдэрсэн гайхал бахдлыг төсөөлөн бод. Лиахона хэрхэн ажиллаж, бас тэднийг хэрхэн удирдаж байсан бэ? Яагаад Нифай усан онгоцон дээр байхдаа ах нарыгаа зэмлэсэн бэ? Нифай амлагдсан нутгийг хэрхэн дүрсэлсэн бэ?