Гэрээр судлах хичээл
1 Нифай 1–6; 9 (2-р хичээл)
Оршил
Энэ долоо хоногийн хичээл суралцагчдад Лихайн гэр бүлийн болон тэдний итгэлийн үйлдлийн жишээнээс сурсан зүйлээ дүгнэж, ярилцах боломжийг олгодог. Та энэ хичээлийг заахдаа Нифай Их Эзэний зарлигт итгэлтэй, дуулгавартай байсан төдийгүй “эцгийн[хээ] ярьсан бүх үгс[ийн]” (1 Нифай 2:16) үнэнийг мэдэхийг хичээнгүйлэн эрэлхийлсэн гэдгийг онцол. Суралцагчид Нифайн дуулгавартай байдлын жишээг дагаснаар сайн мэдээний талаар өөрсдийн гэрчлэлийг олж авч чадна.
Та заахдаа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн зөвлөгөөг дага.
“Бид агуу сургаалыг Сүмд болон гэртээ, индэр дээрээс болон цуглаан, анги танхимд дахин дахин зааж, өндөр үнэлж байх хэрэгтэй. Сүнсээр заадаг хичээл Сүмд алдагдсан арга барил болох ёсгүй бөгөөд үүнийг хоцрогдсон уламжлал болгохгүйн төлөө бид хичээх ёстой. …
… Бид заах туршлагаа гэр орон, Сүм дээр өсгөх болтугай. Зааж, зөвлөх хичээл зүтгэлээ дээшлүүлэх болтугай” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 25, 27).
Заах зөвлөмж
1 Нифай 1
Их Эзэн итгэлтэй хүмүүст Өөрийн нигүүлслийг өгдөг
Дараах зарчмыг самбар дээр бич: Их Эзэний нигүүлсэл Түүнд итгэдэг хэн бүхэнд нээлттэй байдаг. Суралцагчдыг 1 Нифай 1-ийг уншиж, дээрх найдварын талаар зааж буй шүлгийг олоход урь ( 20-р шүлэг).
1 Нифай 1–6; 9-ийг судлахдаа сурсан зүйлээ эргэн санаж, дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Энэ долоо хоног таны сурсан бүлгүүдэд Их Эзэн Өөрийн нигүүлслийг Лихай болон түүний гэр бүлд хэрхэн өгч байгаа талаар сурсан зүйлээ хуваалцана уу?
-
Лихай болон түүний гэр бүл дуулгавартай байдал, итгэлийн ямар жишээнүүдийг харуулсан бэ?
-
Хэзээ Их Эзэн танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Өөрийн нигүүлслийг үзүүлж байгааг та харсан бэ?
Та мөн таныг итгэлтэйгээр үйлдэх үед танд болон таны гэр бүлд Их Эзэний илгээсэн нигүүлслийн талаар хэлж эсвэл Сүмийн материалаас сурсан зүйлээ хуваалцаж болно. Суралцагчдыг Мормоны Номыг жилийн турш судлахдаа Их Эзэн итгэлтэй хүмүүст нигүүлслээ хайрласан жишээг олж мэдэхэд урь.
1 Нифай 2
Их Эзэн Түүний үгсэд итгэж болохын тулд бидний зүрх сэтгэлийг зөөлөн болгоно.
Лихайг өөрийн гэр бүлийн хамт Иерусалимыг орхих зарлиг хүлээн авсны дараа түүний хүү Нифай эцгийнхээ илчлэлтийг үнэн эсэхийг мэдэж, ойлгохын тулд хичээл зүтгэл гаргасан байдаг. Нэг суралцагчийг 1 Нифай 2:16, 19-ийг чангаар уншихад урь.
Суралцагчдаас асуу: Хэдийгээр Нифай бувтнаагүй ч 1 Нифай 2:16 дээр түүнд Иерусалимыг орхиход юу хэцүү санагдсан гэж гарч байна вэ? (Нифай ойлголтын төлөө залбирч, Их Эзэн түүний зүрхийг зөөлөн болгосон тухай бичсэн байдаг. Иерусалимыг орхих зарлиг түүнд хэцүү байсан бөгөөд Их Эзэн түүнд зарлигийг хүлээн зөвшөөрөхөд тусалсан юм.)
Асуу: Хэдийгээр Лихай болон түүний гэр бүл Их Эзэнд дуулгавартай байсан ч тэдний амьдрал хэцүү байсан ямар жишээг та олж мэдсэн бэ? (1 Нифай 2:4, 11-ийг үз.)
Суралцагчдаас Нифайн хүсэл эрмэлзлийн талаар болон тэрээр эцгийнхээ хүлээн авсан Их Эзэний зарлигийг хүлээн зөвшөөрөхөд тусалсан ямар үйлдэл хийсэн тухай санал сэтгэгдлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдыг 2 дахь өдрийн 4-р даалгаврын талаар судрын тэмдэглэл дээрээ бичсэнээ хуваалцахад урь: Нифайн адил Тэнгэрлэг Эцэгийг дуудсанаар Сүнс зүрх сэтгэлийг тань зөөллөсөн эсвэл Их Эзэний хэлсэн ямар нэгэн зүйлийн талаар гэрчлэлтэй болсон туршлагаа хуваалц.
Бид Бурханыг дуудах үед Тэрээр Түүний үгсэд итгэж болохын тулд бидний зүрх сэтгэлийг зөөллөнө гэдгийг гэрчил.
Суралцагчдаас тэд Нифайн адилаар гэрчлэлээ хүчирхэгжүүлж, хувийн баталгаа хүлээн авахын тулд юу хийж чадах талаараа бодохыг хүс. Хэрэв тэд хүсвэл санал бодлоо хуваалцах боломжийг олго. Тэднийг санал бодол, сэтгэгдлээ үйлдэл болгоход урамшуул.
1 Нифай 3–4
Бид Түүний зарлигуудыг итгэлтэйгээр дагаснаар Их Эзэн замыг бэлтгэж өгнө.
Суралцагчдыг хоёр хоёроор нь томил. Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: 1 Нифай 3:6–7 мөн 1 Нифай 4:6–13. Суралцагчдыг судрын эшлэлүүдийг уншиж, хоёр хоёроороо дараах асуултын талаар ярилцахад урь.
-
Нифайн хэлсэн “Гэсэн хэдий ч би урагшлан явж” хэмээх өгүүлбэр яагаад чухал гэж бодож байна вэ? (1 Нифай 4:7).
-
Нифайн итгэл гуулин ялтсуудыг авахад түүнд хэрхэн тусалсан бэ?
Суралцагчдыг хоорондоо ярилцсаны дараа Их Эзэн Нифай болон түүний ах нарын адил бидэнд яагаад, хэзээ, хэрхэн хийх хэрэгтэйг илчлэхгүйгээр биднээс ямар нэгэн зүйл хийхийг хүсч болно гэдгийг тайлбарла. Нифай Сүнсэнд өөрийг нь удирдах боломж олгосны дараа мөн итгэлтэйгээр урагшлах шийдвэрийг гаргасны дараа л яагаад, хэзээ мөн Их Эзэн хэрхэн туслахыг олж мэдсэн. Бид бүр үр дүнг нь мэдэхгүй байсан ч гэсэн Бурханд итгэлтэй байж, Түүний хүссэн зүйлийг хийхийг хичээх юм бол Тэр биднийг Ариун Сүнсний нөлөөгөөр удирдах болно гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц.
Хэрэв цаг байвал та суралцагчдаас тэдэнд асуулт байгаа эсэхийг мөн тэд 4 дэх өдрийн 1 Нифай 5–6; 9-ийн талаар санал сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байгаа эсэхийг асуу. Жишээлбэл, та суралцагчдыг судруудыг судалж, Их Эзэний Сүнсийг мэдэрсэн туршлагаа хуваалцах ёстой 4-р даалгаврын хариултаа хуваалцахад урьж болно.
Нэг суралцагчаас 1 Нифай 3:7 төгс эзэмших судрыг чангаар уншихыг (эсвэл чээжээр хэлэхийг) хүсч, хичээлээ төгсгө. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх талаар 1 Нифай 3:7 ямар зарчмыг зааж байна вэ? (Суралцагчид хэрэв бид Их Эзэний зарлигласан зүйлийг хийхийг хичээвэл Тэрээр бидэнд гүйцэлдүүлэх замыг бэлтгэж өгнө хэмээх зарчмыг гаргаж ирэх ёстой.
-
1 Нифай 1–6 болон 9-ийг уншсанаар, Лихай болон Нифайн Бурханы зарлигуудад хандах дуулгавартай байдлын үр дүн нь юу байсан бэ?
-
Их Эзэн хэзээ танд зарлигуудыг дагахад туслахын тулд замыг бэлтгэж өгсөн бэ?
Суралцагчдыг Бурханд дуулгавартай байдлаа илүү сайн батлах нэг арга замын талаар бодоход урь. Та мөн Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхыг хичээснээр таны амьдралд ирсэн адислалуудын талаар гэрчилж, хичээлээ төгсгөж болно.
Дараагийн хичээл (1 Нифай 7–14)
Дараагийн хичээлд суралцагчид Лихай болон Нифайн үзэгдлийн талаар суралцана. Лихай болон Нифайн амьдралын модны талаарх үзэгдэл өнөөдөр бидний амьдралд мөн л хамаатай билээ. Нифайн өөрийн үзэгдлийн талаар бичсэн бичээст Есүс Христийн төрөлт, номлол болон Цагаатгал; харийнхан Америк тивийг нээж, байгуулсан тухай; Библээс олон чухал үнэн алдагдаж, Мормоны Номонд тэдгээр үнэн сэргээгдсэн тухай гардаг. Нифайн өөрийн үзэгдлийн талаар бичсэн бичээс нь сайн мэдээний сэргээлтээр төгсдөг.