11-р хичээл
1 Нифай 7
Оршил
1 Нифай 7 нь Бурханд хандах Нифайн чин үнэнч байдлын жишээг харуулдаг. Нифай Их Эзэний түүнд болон түүний ах нарт Ишмэилд очиж, түүний гэр бүлийг аглаг буйдад тэдэнтэй нэгдэх, тэгснээр тэд гэрлэж, хүүхдүүдтэй болох зарлигийг дуулгавартай дагасан юм. Бүр Лемен, Лемүел хоёр түүний эсрэг босч, түүнийг алахыг оролдсон ч Нифай итгэлтэй хэвээрээ үлдэж, тэдэнд мөн итгэлтэй болоход нь туслахыг хичээж байлаа.
Заах зөвлөмж
1 Нифай 7:1–5
Их Эзэн Нифайд Иерусалим руу буцаж, Ишмэил болон түүний гэрийнхнийг авчрахыг зарлигладаг
Гэрлэсэн хос болон тэдний хүүхдүүдийн зургийг үзүүл. (Та мөн өөрийнхөө гэр бүлийн зургийг ашиглаж болно.)
Нэг суралцагчаас 1 Нифай 7:1–2 -ыг чанга уншихыг хүс.
-
Их Эзэн Лихайн хөвгүүдэд юу хийхийг зарлигласан бэ? Бид энэ зарлигаас ямар үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид Их Эзэн бидэнд гэрлэж, Түүнд хүүхдүүд өсгөж өгөхийг зарлигласан гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул.)
Нифай болон түүний ах нар Иерусалим руу буцах замдаа хэдэн өдөр аглаг буйдад хүнд хэцүү аялал хийсэн гэдгийг суралцагчдад сануул.
-
Яагаад гэрлэлт болон гэр бүл нь чухал учраас Нифай ах нарынхаа хамт Иерусалим руу Ишмэилийн гэрийнхнийг авчрахаар буцахад хүрсэн бэ?
Дараа нь та суралцагч бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг өгч болох ба эсвэл тэднээс судрын тэмдэглэл дээрхээ харахыг хүсч болно.
Нэг суралцагчаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас дараах өгүүлбэрийг чангаар уншихыг хүс. Хожмын үеийн бошиглогчид гэр бүлийн ач холбогдлын талаар юу гэж тунхагласныг олж сонсохыг хүс.
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөлийнхөн бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, 2010 оны 11-р сар, 129).
Хэдэн суралцагчаас энэ өгүүлбэрээс юу сурч авснаа хуваалцахыг хүс. Гэр бүл нь бидний мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг тэд ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Энэ нь Их Эзэн Нифай болон түүний ах нарыг Ишмэилийн гэрийнхнийг авчрахыг зарлигласан шалтгаан байсан гэдгийг онцол. Мөн гэрлэлтийн хамгийн чухал шалтгаануудын нэг нь дэлхийд хүүхдүүдийг авчрах гэдгийг тайлбарла.
-
“Их Эзэний төлөө” үр хүүхдүүдийг өсгөнө гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (1 Нифай 7:1).
Суралцагчдыг асуултанд хариулсны дараа таныг гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг унших үед нэмэлт санааг олж сонсоход урь. Хэрэв тэдэнд өөрсдийн гэсэн тунхаг байгаа бол та тэдэнд чухал санагдсан үг, өгүүлбэрээ тэмдэглэхийг зөвлөж болно.
“Өөрийн хүүхдүүддээ, өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг нь хүчин төгөлдөр байгааг бид тунхаглаж байна. …
Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биенээ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм. Эхнэр, нөхөр—эцэг эхчүүд үүргээ хэрхэн биелүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээнэ” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129).
Нэг суралцагчаас 1 Нифай 7:3–5-ыг чангаар уншихыг хүс.
-
1 Нифай 7:3–5 дээр гарсан түүх хэрхэн 1 Нифай 3:7 дээр гарсан үнэний жишээ болж байна вэ? (Их Эзэн Нифай болон түүний ах нарт гэрлэж, үр хүүхэдтэй болох зарлигийг гүйцэлдүүлэхэд нь тусалж, замыг бэлтгэж өгсөн гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Залуус гэрлэж, сайн мэдээнд “үр удмаа өсгөхийн” тулд хэрхэн бэлтгэж болох вэ?
1 Нифай 7:6–15
Нифай Лемен, Лемүелийн эсэргүүцэл, тэмцэлтэй нүүр тулахдаа тэднийг амлагдсан нутаг руу удирдах Их Эзэний хүчийг гэрчилдэг.
Нэг суралцагчийг 1 Нифай 7:6–7-г чангаар уншихыг хүс.
-
Яагаад Лемен, Лемүел болон Ишмэилийн зарим хүүхдүүд аглаг буйд дахь аяндаа эсэргүүцэж, тэмцсэн бэ?
Суралцагчдаас Лемен, Лемүел болон эсэргүүцэж, тэмцэж байсан Ишмэилийн зарим хүүхдийг амлагдсан нутаг руу аянаа үргэлжлүүлэхэд ятгахын тулд юу гэж хэлэх байсныг бодоход урь. Дараа нь суралцагчдаас 1 Нифай 7:8–12 -ыг дотроо уншиж, Лемен, Лемүелээс Нифайн асуусан асуултыг олж мэдэхийг хүс.
-
Тэрээр асуухдаа ямар үнэнүүдийг хэлсэн бэ? (Тэр ах нартаа Их Эзэнээс аль хэдийн хүлээн авсан адислалуудыг нь болон итгэлийнх нь дагуу тэднийг адислах Их Эзэний чадварын талаар сануулдаг.)
-
Эдгээр үнэнийг санах нь яагаад чухал вэ?
Суралцагчдаас 1 Нифай 7:13–15-ыг уншиж, хэрэв Лемен, Лемүел, Ишмэилийн эсэргүүцэж, тэмцэж байсан хүүхдүүд Иерусалим руу буцсан бол юу болох байсныг олохыг хүс.
1 Нифай 7:16–22
Нифай Их Эзэнээр чөлөөлөгдөв
Нифайг Иерусалимд буй тэдгээр хүмүүс дээр ирэх устгалын талаар Лемен, Лемүелд сануулсны дараа тэд түүнд уурлажээ.
Нэг суралцагчаас 1 Нифай 7:16-г чанга уншихыг хүс. Суралцагчдаас Нифайн оронд өөрсдийгөө тавьж, төсөөлөхийг хүс.
-
Хэрэв та Нифайн оронд байсан бол танд ямар санагдах байсан бэ? Чи юу хийх байсан бэ?”
Нифай тусламж эрэн залбирснаар асуудлаас гарсныг онцол. Нэг суралцагчаас Нифайн залбирлыг 1 Нифай 7:17–18-аас чанга уншихыг хүс.
-
Нифай юуны төлөө залбирсан бэ? Түүний залбирлын юу нь чухал байсан бэ?
Суралцагчдыг хариултаа хуваалцах зуур “Нифай итгэлийн[хээ] улмаас” чөлөөлөгдөхийг хүссэн гэдгийг тэд ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Тэрээр ах нарынхаа гараас чөлөөлөгдөхийг хүсэхдээ мөн Бурханаас өөрийг нь хүчирхэгжүүлж өгөхийг хүссэн бөгөөд тэгснээр тэрээр асуудлууддаа санаа тавьж чадах байсан гэдгийг онцол. Итгэлтэйгээр залбирна гэдэг нь бид Их Эзэнд итгэлтэй байж, үйлдэх хүсэлтэйгээр залбирна гэсэн үг юм. Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг уншиж өгөхийг хүс:
“Аврагчийн хүч чадал өгөгч хүчийг мэдэж, ойлгон, түүнд найдвар тавьж байсан жишээ үзүүлэхүйц хүн бол Нифай юм. 17-р шүлгэн дэх Нифайн залбирлыг онцол: “Ай Их Эзэн танд итгэх миний итгэлийн улмаас та намайг ах нарын минь гараас зайлуулаач, тийм ээ, намайг хүлсэн энэ хүлээсийг тасар татах хүчийг өгөөч надад” (онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
… Нифай нөхцөл байдлаа өөрчилж өгөөч гэж залбираагүй нь миний сонирхлыг бүр ч их татдаг. Тэр харин оронд нь нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлын төлөө залбирчээ. Тэр Аврагчийн Цагаатгалын хүч чадал өгөгч хүчийг мэдэж, ойлгож, мэдэрсэн учраас энэ маягаар залбирсан юм” (“In the Strength of the Lord” [Brigham Young University devotional address, 2001 оны 10-р сарын 23], 4, speeches.byu.edu).
Бурхан бидний итгэлийн дагуу бидний залбиралд хариулдаг гэдгийг гэрчил. Энэ нөхцөлд Бурхан Нифайн залбиралд шууд хариулсан гэдгийг онцол. Гэсэн хэдий ч залбиралд үргэлж шууд хариулт ирдэггүй. Тэнгэрлэг Эцэг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар, Өөрийн хүслийн дагуу залбиралд хариулдаг. Суралцагчдаас дараах асуултыг асуун, залбирлын хүчийн талаар гэрчлэлээ хуваалцах боломж олго:
-
Та хэзээ итгэлтэйгээр залбирч, шууд эсвэл хэсэг хугацааны дараа Их Эзэнээс тусламж, хүч чадал хүлээж авч байсан бэ? (Та энэхүү зарчмын талаарх өөрийн туршлагыг хуваалцаж болно.)
Нифай хүлээснээс чөлөөлөгдсөний дараа ах нар нь түүн рүү дахин дайрсан гэдгийг хэл. Нэг суралцагчэд 1 Нифай 7:19–20-ийг чанга уншихад урь.
-
Хэн Лемен, Лемүел хоёрыг Нифайг алах оролдлогоо болихыг ятгасан бэ?
Ихэвчлэн бусад хүмүүсийн итгэлтэй үйлдлийн дагуу бидний залбирал хариулагдаж, хэрэгцээ маань хангагддагэд онцол. Суралцагчид 1 Нифай 7-гийн үлдсэн шүлгүүдийг судлах үед Нифайн ах нар түүнийг алахыг оролдсон ч Тэр ах нартаа хэрхэн хандсаныг олж мэдэхийг урь. Тэднээс дараах асуултын талаар дотроо бодохыг хүс:
-
Хэн нэгэн таныг гэмтээхийг оролдох үед та тэдэнд хэрхэн хандсан бэ?
Нэг суралцагчаас 1 Нифай 7:21-ийг чангаар уншихыг хүс. Та мөн тэдэнд Нифайн хэлсэн өршөөлийн үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Даруй уучлах гэдэг нь юу гэсэн үг вэ? (Хэрэв суралцагчид сайн мэдэхгүй байвал даруй гэдэг нь шударгаар, хурдан уучлах гэсэн үг гэдгийг тайлбарла.)
-
Нифай ах нарыгаа юу хийхийг ухуулсан бэ? Энэ зөвлөгөө яагаад чухал байсан бэ?
Өршөөл эрэлхийлж, бусдыг уучлах нь эв нэгдэл, амар амгаланг авчирдаг гэдгийг гэрчил. Суралцагчдыг гэр бүлд нь тохиолдсон өршөөл шаардсан нөхцөл байдлын тухай бодоход урь.
-
Өршөөл нь ялангуяа гэр оронд яагаад чухал байдаг вэ?
-
Та гэр бүлийн гишүүнээ уучилсан эсвэл гэр бүлийн гишүүн тань таныг уучилсан цаг үеийг бод. Энэ нь та нарын хоорондох харилцаа болон гэр бүл дэх сүнсэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
Их Эзэн Нифай болон түүний ах нараас гэрлэж, гэр бүлтэй болохыг шаардсан бөгөөд өнөөдөр ч гэсэн шаардсаар байна гэдгийг сануулж, хичээлээ төгсгө. Мөн Их Эзэн Түүнд итгэх бидний итгэлийн дагуу бидний залбиралд хариулж, асуудал бэрхшээлийг даван туулах хүч өгдөг гэдгийг гэрчил. Тэднийг өөрсдийн гэр бүлд туслахын тулд өнөөдрийн хичээлийн аль нэг зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодоход урь.