9-р хичээл
1 Нифай 5
Оршил
Лихайн эхнэр Сариа хөвгүүдээ Иерусалимаас ирэхийг хүлээж байхдаа тэднийг гуулин ялтсуудыг авах гэж байгаад эрсэдсэн байх хэмээн ихэд айсан байдаг. Тэднийг гуулин ялтсуудын хамт аюулгүй буцаж ирэх үед тэрээр Бурхан тэдний гэр бүлийг удирдаж, хамгаалж байгаа гэдэг илүү хүчирхэг гэрчлэлтэй болжээ. Лихай гуулин ялтсуудыг эрэлхийлж, тэдгээрийг түүний гэр бүлд агуу үнэ цэнэтэй болохыг олж мэджээ. Тэрээр тэднийг унших зуураа Ариун Сүнсээр дүүргэгдэж, тэдэнд буй судрууд түүний үр удамд хадгалагдан үлдэнэ хэмээн бошигложээ.
Заах зөвлөмж
1 Нифай 5:1–9
Лихайн хөвгүүд аглаг буйд дахь гэр бүлдээ аюулгүй буцаж ирэв
Нэг суралцагчаас 1 Нифай 5:1–3-ыг чанга уншихыг хүс. Сариа яагаад гомдоллож эхэлсэн шалтгааныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Сариа юу гэж гомдоллосон бэ? (Хариултууд нь Лихай зөнч хүн байсан, тэр тэднийг өвлөж ирсэн нутгаас нь дагуулан гаргасан бөгөөд хөвгүүд нь үгүй болж, тэд аглаг буйдад үрэгдэж ч болох шийдвэрийг гаргасан байж болно.)
Суралцагчаас өөрсдөд нь тохиолдсон нөхцөл байдлын талаар бүрэн мэдээгүй хэрнээ гомдоллож байсан үеэ бодохыг хүс.
Нэг суралцагчаас 1 Нифай 5:4–6-г чанга уншихыг хүс. Суралцагчдаас Лихай Сариагийн гомдолд хэрхэн хандсан тухай анхааралтай сонсохыг хүс.
-
Лихай Сариагийн гомдолд хэрхэн хандсан тухай юу нь таныг гайхшируулж байна вэ? (Та Лихай айдас, эргэлзээний оронд Их Эзэнд итгэлтэй байж, гэрчлэлээр хариулсан гэдгийг онцолж болно. Тэр уур уцаартай эсвэл тэвчээр алдсан байдлаар хандаагүй.)
-
Лихайн Сариад өгсөн хариултаас бид юу сурч болох вэ?
Нэг суралцагчаар 1 Нифай 5:7–9-ийг чангаар уншуул.
-
Сариа энэ туршлагаас юу сурсан бэ?
1 Нифай 5:10–22
Лихай гуулин ялтсуудыг эрэлхийлсэн
Суралцагчдаас олж авч эсвэл хадгалахын тулд амьдралаа золиослоход бэлэн байгаа ямар нэгэн зүйл тэдэнд байгаа эсэхийг асуу.
Нэг суралцагчаас 1 Нифай 3–4-ийг дүгнэж, гуулин ялтсуудыг авахын тулд Лихайн гэр бүлийн хийсэн золиослолуудыг хэлэхийг хүс. (Нифай болон түүний ах нар өөрсдийн амьдрал, баялгийг золиосолж, хол газар аялсан.)
-
Та иймэрхүү золиослол яагаад чухал гэж бодож байна вэ?
Лихайн гэр бүл золиослол хийсний дараа Их Эзэнд талархал өргөж, Лихай үтэр түргэн ялтсуудын агуулгыг уншиж эхэлсэн гэдгийг тайлбарла. Хэсэг суралцагчаас 1 Нифай 5:11–16-г ээлжлэн чанга уншихыг хүс. Лихай гуулин ялтсуудаас юу олж мэдсэн тухай олж сонсохыг ангийнхнаас хүс. Тэдний хариултыг самбар дээр жагсааж бичиж болно.
Суралцагчдаас 1 Нифай 5:10-ыг дор дороо уншихыг хүс. Лихай судруудыг судалсныг тодорхойлж буй үгсийг эрж олохыг хүс. (Тэр “тэдгээрийг судалсан.”) Суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдаж, дараах асуултанд хариулахыг хүс.
-
Судруудыг судлах болон зөвхөн унших хооронд ямар ялгаа байдаг вэ? (Та суралцагчдаас судруудыг судалж байсан туршлагаа хуваалцахыг хүсч болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах үгсийг унш:
“Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэх үед уншихаас илүү зүйлийг хэлж байна гэсэн үг. Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулд тодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг.Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл уншихаа бодохоос илүү, судруудад ямар цаг хугацаа зарцуулж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Би та нарыг цөөхөн хэдэн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, дахин уншиж, утгыг нь бодох зуураа ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуун, сүнслэг нөлөөллийг хүлээж авч, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг, шүлэг унших шаардлагагүй. Харин Бурханы үгст зориулан зүрх сэтгэлдээ зай гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно. Энэ нь хэрхэн мэдрэгддэг талаар хэлсэн Алмагийн тодорхойлолтыг сана: ‘Энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ энэ нь надад амтат байх болж эхлэв’ [Алма 32:28]” (“When Thou Art Converted,” Ensign мөн Лиахона, 2004 оны 5-р сар, 11–12).
Суралцагчдад тэд хэрхэн судар судалдаг тухайгаа бодох цаг гаргаж өг. Тэднээс судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ судар судалдаг үр бүтээлтэй арга замуудынхаа талаар бичихийг хүс. Дараа нь тэднээс хэрхэн судраас илүү сайн суралцах талаар бодохыг хүс. Тэднээс хувиараа илүү сайн судар судлах нэг арга замыг сонгохыг хүс. Тэднийг сонгосон арга замаа зорилго болгож, судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Та мөн суралцагчдад зорилгыг нь сануулж, зорилгоо биелүүлэхэд нь туслах хэн нэгэнтэй (жишээлбэл, тантай эсвэл эцэг эх, өөр нэг суралцагчтай ) зорилгоо хуваалцахыг зөвлөж болно.
Их Эзэн Лихайг судруудыг судалсных нь төлөө адисалсан гэдгийг тайлбарла. Суралцагчдад тэдгээр адислалыг олж мэдэхэд туслахын тулд 1 Нифай 5:16–20-ийг дор дороо уншихад урь.
-
Гуулин ялтсуудыг судлах нь Лихайд хэрхэн нөлөөлсөн бэ?
Лихай судруудыг судалсан үедээ Ариун Сүнсээр дүүргэгдэж, “үр удмынхаа тухай” илчлэлт хүлээн авдаг байсан гэдгийг онцол. Суралцагчдад бид судруудыг судалснаар Ариун Сүнсээр дүүргэгдэж, илчлэлт хүлээн авч чадна. Бид Лихайн адилаар судруудыг судлахад цаг, хүч чадлаа золиосолсноор Бурханы зарлигуудыг сахих хүч тэнхээг хүлээн авч чадна.
-
Та судруудыг судалснаар ямар замаар адислагдаж байсан бэ?
-
Та судруудыг судлах зуураа хэзээ Ариун Сүнсийг мэдэрч байсан бэ?
Судруудыг судлахаас ирдэг адислалын талаар гэрчилсэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Мөн Түүнийг бидэнд хандан ярихыг хүссэн үедээ бид судруудыг судалдаг; учир нь Түүний үгс бошиглогчдоор дамжин бидэнд ирдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг анхааран сонссон үед Тэрбээр бидэнд заах болно.
“Хэрэв та өөрт тань хандан ярьсан Түүний дуу хоолойг сүүлийн үед сонсоогүй бол судруудыг шинэ мэлмий, сонороор дахин судал. Тэдгээр нь бидний сүнслэг туслагч юм” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign мөн Лиахона 2006 оны 11-р сарын 26–27).
1 Нифай 5:21–22-ыг чангаар уншиж, суралцагчдаас өөрсдийн судрыг гүйлгэн харахыг хүс. Та уншихдаа дараах үгсийг онцлоорой: “Аглаг буйдад зорчихдоо, бид эдгээрийг өөрсөдтэйгөө авч явах нь Их Эзэний мэргэн ухаан буй заа.”
-
Өөрсдийн амьдралын аянд судруудыг авч явах нь яагаад мэргэн ухаан болдог вэ?
-
Бид ямар замаар судруудыг өөрсөдтэйгөө авч явж болох вэ?
Лихай болон түүний гэр бүл агуу золиослолын эцэст гуулин ялтсуудыг авсан гэдгийг онцол. Судруудгүйгээр Лихай болон түүний гэр бүл аян замдаа амжилттай явахгүй байсан. Суралцагчдыг мөнх бус аялалдаа судруудыг өөрсөдтэйгөө хамт авч явахад урамшуул.
Тэднийг бие даан судраас суралцах талаар бодоход урь. Өөрийнх нь үе тэнгийнхэнд урам зориг, гэрчлэл өгөх үүднээс судрыг тогтмол судалдаг нэгэн суралцагчийг урих талаар бод. Суралцагчдыг өдөр тутам цаг гаргаж судар судлахаа зуршил болгоход урь.
Тэмдэглэл: Энэ хичээлээр өмнөх хичээлийн төгс эзэмших судрын үйл ажиллагааг явуулж болно.