22-р хичээл
2 Нифай 1
Оршил
2 Нифай 1 дэх үнэнүүдийг амьсгалаа хураахын өмнөхөн хайр энэрлээр дүүрэн нэгэн эцэг бөгөөд удирдагч хүн ярьжээ. Лихай Бурханы зарлигуудыг дагахыг өөрийн хөвгүүд болон Ишмейлийн хөвгүүд мөн Зорамаас гуйжээ. Хэрэв тэд Бурханы зарлигуудыг дагавал уг нутагт хөгжин дэвжих болно гэдгийг тэр тэдэнд амлажээ. Тэр бас Нифайг бошиглогчийнх нь хувьд дагахыг тэдэнд ухуулав.
Заах зөвлөмж
2 Нифай 1:1-23
Лихай өөрийн хүмүүст зөв шударга амьдрахыг ухуулсан нь
Гэр бүлийн гишүүдээ гэнэт орхин явах шаардлагатай болсон бөгөөд тэдэнтэй хэзээ ч дахин уулзахгүй байж магадгүй хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
-
Хэрэв та гэр орноо орхин явах боллоо гэвэл гэр бүлдээ сүүлчийн захиас болгож юу гэж хэлэх вэ? Яагаад?
Хэдэн суралцагчийн яриаг сонссоны дараа 2 Нифайн бүлэг 1–4 нь аавынх нь гэр бүлдээ өгсөн сүүлчийн зөвлөгөөг цэдэглэсэн Нифайн цэдэг юм гэдгийг тайлбарла. Энэ хичээл Лихайгаас өөрийн болон Ишмейлийн хөвгүүд, тэрчлэн Зорамтай хуваалцсан зөвлөгөөг агуулдаг 2 Нифай 1 дээр анхаарал төвлөрүүлдэг.
-
Эцэг эхийн эсвэл бошиглогчийн сүүлчийн зөвлөгөө яагаад онцгой чухал байдаг вэ?
2 Нифай 1:1–5-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Лихайн гэр бүлийн төлөө “Их Эзэн агуу зүйлс хийснийг” олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Эдгээр агуу зүйл Их Эзэний нигүүлслийг хэрхэн харуулсан бэ?
-
Өөрийн болон гэр бүлийн тань төлөө Их Эзэний хийсэн нэгэн агуу зүйлийг жишээ болгон нэрлэнэ үү?
-
Танд болон таны гэр бүлд хандсан Бурханы нигүүлслийн тухай бодоход та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Самбарын нэг талд Үйлдлүүд гэж бич. Нөгөө талд ньҮр дагаврууд гэж бич. Ангийг хоёр бүлэг болгон хуваарил. Эхний бүлгээс 2 Нифай 1:6–9–г, хоёр дахь бүлгээс 2 Нифай 1:10–12-ыг уншихыг хүс. Лихайн үр удмынхандаа захиж хэлсэн үйлдлүүдийг олохыг хоёр бүлгээс хүс. Мөн эдгээр үйлдлийн үр дагавруудыг эрж олохыг тэднээс хүс. Жишээ нь, Хэрэв хүмүүс Их Эзэний зарлигуудын дагуу Түүнд үйлчилбэл, эх нутаг нь тэдэнд эрх чөлөөний нутаг байх болно гэж Лихай хэлжээ (2 Нифай 1:7-г үзнэ үү). Хариултаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэдний хариултыг самбар дээр нэг суралцагчаар бичүүл.
-
Та самбар дээрх хариултуудыг уншаад, гэр бүлдээ өгсөн Лихайн захиасыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр үгээр хариулж болно. Гэвч дараах захиас тод томруун гарсан байх ёстойг анхаар: Бид зарлигуудыг сахивал Их Эзэн биднийг адислах болно. Харин бид Түүний зарлигуудыг эс сахивал Тэрбээр адислалуудаа буцаан авах болно.
-
2 Нифай 1:9-д “энэ нутаг” гэдэг нийлмэл үг нь Америк тивийг хэлж байгаа юм. Их Эзэн “энэ нутагт” амьдрах дуулгавартай хүмүүст ямар амлалт өгсөн бэ?
Лихай Их Эзэний зарлигуудыг сахихад нь хөвгүүдээ урамшуулан дэмжихийн тулд хэрэглэсэн зүйрлэлийн утгыг ойлгоход суралцагчдад туслахын тулд сэрүүлэгтэй цаг, гинж, тоосонд дарагдсан ямар нэг юмыг тэдэнд үзүүл (уг юман дээр биш, харин тоосон дээр анхаарал төвлөрүүлэх ёстойг анхаар).
2 Нифай 1:13–14-ийг чимээгүй уншихдаа дээрх гурван зүйлтэй холбоотой үгс, нийлмэл үгсийг олоход суралцагчдыг урь. Тэднийг уншсаны дараа гурван зүйл тус бүрийг өргөж харуулан, олсон үгс буюу нийлмэл үгсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. (Хариултууд нь “сэрэх,” “тамын нойр,” “гинжээ сэгсрэн зайлуулах,” “хүлэгдсэн гинж,” “газар шорооноос бос” гэсэн нийлмэл үгс байж болно.) “Гүн нойронд” байх, “аймшигт гинжээр” хүлэгдсэн буюу “газар шорооноос босох” хэрэгтэй байх нь юу гэсэн утгатайг суралцагчдаас асуу.
-
Лихай эдгээр үг, нийлмэл үгийг ашигласнаар хөвгүүддээ юу хий гэж ухуулсан бэ? (Наманчлах болон амьдралын замналаа өөрчлөхийг)
-
Хэрэв хөвгүүд нь “гинжээ сэгсрэн зайлуулаагүй” бол Лихайн сэрэмжлүүлэг хэрхэн төгсөх байсан бэ? (2 Нифай 1:13-ыг үзнэ үү.)
2 Нифай 1:14–18-ийг дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс. Лихай энэ зөвлөгөөг хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө нинжин сэтгэл, энэрэл хайраар дүүргэгдэн, ихэд санаа тавьж өгснийг тайлбарла. Лихай яагаад гэр бүлийн гишүүдээсээ Их Эзэний зарлигуудыг сахихыг хүсдэг байсан шалтгааныг эрж олохыг суралцагчдаас хүс.
-
Лихай яагаад үр удмынхаа төлөө үлэмж санаа тавьдаг байсан бэ? (Тэрээр гэрийнхэн нь үйлдлийнхээ үр дагаврын улмаас зовохвий гэж санаа зовон, өөрийнхөө адил Бурханы хайрыг мэдрээсэй гэж хүсдэг байлаа.)
2 Нифай 1:15-ыг суралцагчдаар дахин чимээгүй уншуул.
-
Лихай зөв шударга зангийнхаа ачаар ямар ямар адислал хүлээн авсан бэ?
-
Та нар Бурханы хайрын мутарт тэврүүлснээ хэзээ мэдэрсэн бэ?
Ангид буй хүмүүсийг хос хосоор нь болго. 2 Нифай 1:19–22-ийг хос бүрийн нэг суралцагчаар судлуулж, Лихайн хөвгүүдийг наманчлахад сүнслэгээр өдөөн урамшуулсан амлалтуудыг олохыг хүс. Хос бүрийн нөгөө нэг суралцагчийг Лихайн өгсөн зөвлөгөөг хөвгүүд нь дагаагүйгээс гарах үр дагаврын талаарх шүлгүүдийг эрж олохыг хүс. (Та энэ даалгаврыг самбар дээр бичиж болох юм. ) Суралцагчдад энэхүү даалгаврыг хийлгэхийн тулд гурваас дөрвөн минут өгсний дараа олсон зүйлсийг бие биентэй нь хуваалцуул. Тэднийг ярилцаж байх үед та ангийн дундуур явж, тэдний ярилцлагыг удирдан тусалж болно.
2 Нифай 1:23 дахь хөвгүүддээ хандсан Лихайн уриалгыг суралцагчдад чанга уншиж өг. Энэ шүлэгт тэмдэглэгээ хийхэд нь суралцагчдыг дэмжих хэрэгтэй. Лихайн өгүүлсэн адислалуудыг хүлээж авахад “сэрэх,” “гинжээ сэгсрэн хаях” буюу “газар шорооноос босох” нь тэдэнд хэрэгтэй байгаа нэг зүйлийг судар судлах тэмдэглэлийн дэвтэр эсвэл хичээлийн дэвтэртээ бичихийг нь та бас тэдэнд урамшуулан дэмжиж болно.
-
“Зөв шударгын хуягийг өмсөх нь” танд ямар ач холбогдолтой вэ? (С ба Г 27:15–18 -ыг мөн үзнэ үү.)
2 Нифай 1:24–32
Нифайн бошиглолын удирдлагыг дагахыг Лихай хөвгүүддээ ухуулжээ.
Их Эзэн гэр бүлд нь хүч чадал, сүнслэг нөлөөний эх сурвалж болдог тухай Лихай заасныг тайлбарла. Энэхүү эх сурвалжийг 2 Нифай 1:24-өөс олохыг суралцагчдаас хүс. (Энэхүү эх сурвалж нь Лихайг нас барсны дараа тэдний бошиглогчоор үйлчлэх ёстой Нифай байв.)
2 Нифай 1:25–28-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Нифайг дагах хэрэгтэй хэмээн Лихай хүмүүст захисан шалтгааныг олохыг ангийн гишүүдээс хүс.
-
Лихай Нифайгаар удирдуулах тухай хүмүүст хэлэхдээ түүний ямар чанаруудыг онцолж байсан бэ? Та яагаад ийм чанаруудтай удирдагч хүнд итгэх ёстой вэ?
-
Сүмийн удирдагчид ийм чанаруудаар үлгэр дуурайл үзүүлэхийг та хэзээ харсан бэ?
2 Нифай 1:30–32-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Зорамд өгсөн Лихайн амлалтуудыг олохыг тэднээс хүс.
-
Та ямар ямар амлалт олов?
-
Эдгээр амлалт бошиглогчийг дагах талаар бидэнд болон манай гэр бүлүүдэд хэрхэн хамаатай вэ?
Энэ ярилцлагын дараа суралцагчид, биднийг удирдуулахаар Бурханаас дуудсан Сүмийн удирдагчдыг дагаснаар бид сүнслэг байдлын хувьд хөгжин дэвжиж, аюулгүй байдал, амар амгалангаар адислагдах болно гэдгийг ойлгосон байх ёстойг анхаар. Энэ зарчмыг хөгжүүлэхийн тулд Сүмийн удирдагчдыг дагаснаар бидэнд ирдэг адислалуудын тухай гэрчлэлээ хуваалц.