Номын сан
Гэрээр судлах хэсэг 8


Гэрээр судлах хичээл

2 Нифай 26–31 (Хэсэг 8)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Гэрээр судлах өдөр тутмын хичээлийн тойм

2 Нифай 26–31-ийг дуусталх суралцагчдын гэрээр судалсан сургаалууд болон зарчмуудын дараах тоймыг (хэсэг 8) та хичээлийнхээ хэсэг болгон заах шаардлагагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн хэдхэн дээр нь анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Суралцагчдынхаа хэрэгцээг тодорхойлохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (2 Нифай 26–27)

Суралцагчид эцсийн өдрүүдийн талаарх Нифайн бошиглолуудыг судалсан. Их Эзэний хийдэг юм бүхэн дэлхийн ашиг тусын тулд бөгөөд Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд бүх хүнийг Түүнд ирж, Түүний авралаас хүртэхэд урьдаг болохыг тэд судалсан билээ. Мормоны Ном ирсэн нь Бурхан Өөрийн ажлыг хожмын өдрүүдэд гүйцэлдүүлэх нэг арга зам мөн гэсэн үнэнийг суралцагчид бас мэдэж авсан билээ. Түүнээс гадна Мормоны Ном болон сэргээгдсэн сайн мэдээ нь эдгээрийг хүлээн авч судалсан хүмүүст баяр баясгалан, ойлголт мэдлэгийг авчрах болно гэдгийг тэд мэдсэн.

2 дахь өдөр (2 Нифай 28)

Суралцагчид эцсийн өдрүүдэд бий болох хуурамч сургаалуудын тухай Нифайн сэрэмжлүүлгүүдийг судлахын хамт Мормоны Ном чөтгөрийн хуурамч үзэл баримтлалыг илчилж, түүний хилэнцэт төлөвлөгөөний эсрэг биднийг хүчирхэгжүүлдэг болохыг ойлгосон билээ. Түүнээс гадна, Сатан биднийг эрхшээлдээ оруулахын тулд биднийг уурлуулахаар өдөөн хатгах, хуурмагаар түр зуур тайвшруулах, зусардах зэрэг олон арга тактикийг ашигладгийг тэд мэдсэн.

3 дахь өдөр (2 Нифай 29-30)

Их Эзэн хүмүүсийг Өөрийн гэрээнд цуглуулахын тулд судруудаар хангасныг болон Мормоны Ном Есүс Христийг мэдэж, Түүний сайн мэдээгээр амьдрахад бүх хүнд тусалж чадна гэдгийг суралцагчид дээрх хичээлүүдээс ойлгож мэдсэн билээ. Эцсийн өдрүүдэд олон хүн Мормоны Номыг эсэргүүцэх болно гэдгийг Их Эзэн Нифайд үзүүлсэн юм. Мянган жилийн үед хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмших хүч Сатанд үгүй болох учраас дэлхийд зөв шударга ёс, амар амгалан ноёрхох бөгөөд тэдний болон тэр үеийн нийгмийн амьдрал одоогийнхоос ялгаатай болох тухай суралцагчид эргэцүүлэн бодсон юм.

Оршил

Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн хийдэг бүх зүйл дэлхийн ашиг тусын төлөө бөгөөд Өөрийн хүүхдүүдийг хайрлах Түүний хайраар өдөөгддөг. Энэ хичээл бас өнөө үе дэх Сатаны хуурамч сургаалуудыг Мормоны Ном хэрхэн илчилдэг болон Христийн сургаалыг дагадаг хүмүүст мөнх амьдрал хэрхэн ирэх тухай асуудлыг авч үздэг.

Заах зөвлөмж

Судалсан судруудаас ойлгож мэдсэн зүйлсийнхээ талаар хичээл эхлэхээс өмнө ангийнхантайгаа хуваалцахыг хүсч байгаа хүн байна уу гэдгийг суралцагчдаас асуу. Судалсан зүйлийнхээ талаар асуухад нь суралцагчдыг үргэлж урамшуулан дэмжиж бай. Судруудыг болон даалгавраа уншиж, тунгаан бодох үед төрсөн сүнслэг санаа бодлоо тэмдэглэж байхыг тэдэнд зөвлө. Энэ нь илчлэлтийн сүнсийг тэдний амьдралд урих болно.

Самбар дээр эсвэл цаасан дээр дараах асуултын хариултуудыг жагсаан бичихэд туслахыг суралцагчдаас хүс: Дэлхий дээр амьдрах хугацаа нь дуусч байгаа бөгөөд үр удамдаа болон дэлхийнхэнд захидал бичиж үлдээх боллоо гэвэл та захиастаа ямар сэдвийг сонгон оруулах вэ?

Нифай амьдралынх нь төгсгөл ойртсон үед ямар сэдвүүдээр захиас үгээ үлдээснийг мэдэхийн тулд эхлээд 2 Нифай 26–31-ийг, дараа нь судрын тэмдэглэлээ гүйлгэн уншихад суралцагчдыг урь. Тэдний олж мэдсэн зүйлийг самбар дээр бичсэн хариултуудтай нь харьцуул. Нифайн сүүлчийн зөвлөгөө эцсийн өдрүүдэд амьдарч байгаа бидэнд зориулагдсан бөгөөд үнэнийг танин мэдэх, Сатаны бүдрүүлэх тээгүүдээс зайлсхийх болон Есүс Христийн сургаалыг дагахад бидэнд туслах түлхүүр ойлголтуудыг агуулдаг билээ.

2 Нифай 26

Нифай өөрийн хүмүүсийн устгалын тухай бошиглосныхоо дараа эцсийн өдрүүдийн тухай бошиглож, бүх хүнийг Христэд ирэхэд урьжээ.

2 Нифай 26:29–31-ийг уншихдаа Нифай биднийг сэрэмжлүүлсэн Сатаны арга тактикуудын нэгийг олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлээ хэдэн суралцагч хариулсны эцэст дараах асуултуудыг асуу:

  • 2 Нифай 26:29-т өгүүлснээр, санваарыг урвуулан ашиглагчид гэж хэн бэ?

  • Зарим хүнд санваарыг урвуулан ашиглахад юу хүчтэй түлхэц болдог вэ?

  • Юу биднийг Сүмд хөдөлмөрлөхөд өдөөдөг байхыг Их Эзэн хүсдэг вэ? Энэ талаар сайн үлгэр дуурайл үзүүлэгч ямар хүнийг та таних вэ?

2 Нифай 26:23–28, 33-ыг болон эхний өдрийн даалгавар 3-ыг нэгтгэн дүгнэ. Асуулт: Их Эзэнийг Өөрийнх нь хөдөлмөрт юу түлхэц өгдөг вэ?

Хэдэн суралцагчийг хариулсны дараа ангийг дараах асуултуудад хариулахад урь:

  • 2 Нифай 26:23–28, 33 Их Эзэн бүх хүнийг хайрладаг бөгөөд бүх хүнийг Түүнд ирж, Түүний авралыг хүртэхэд урьдаг болон Их Эзэний хийдэг бүх зүйл дэлхийн ашиг тусын төлөө юм гэдгийг ямар өгүүлбэрүүд зааж байна вэ?

  • Шунал буюу бусдаас сайшаал магтаал хүлээх хүслээр биш харин бусдыг хайрлах хайраар өдөөгдөж сурах нь бидэнд яагаад чухал вэ?

  • Бид хэрхэн илүү энэрэнгүй, хайраар дүүрэн, Сүмийн үүрэгт ажилдаа Христтэй адил байж чадна гэж та боддог вэ?

2 Нифай 28

Нифай Сатаны заль мэхээс сэрэмжлүүлсэн нь

2 Нифай 28-д Нифай чөтгөрийн заадаг хуурамч сургаалуудыг цаашид илчилсэн байна. 2 Нифай 28:3–9-д дүрсэлсэн “хуурамч, хоосон, мунхаг сургаалуудыг” хураангуйлан дүгнэж, дараах асуултуудыг суралцагчдаас асуу. Тэд өнгөрсөн долоо хоногт судрын тэмдэглэлдээ бичсэн хариултуудыг ашиглаж болно.

  • “Өөр нэгнийг хэлсэн үгийнх нь дагуу далимдуул” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (2 Нифай 28:8). (Бусдын хэлсэн үгийг шоолох, мушгин гуйвуулах буюу хэтрүүлэх нь үүний жишээ байж болно.)

  • Өнөөдөр хүмүүс ямар байдлаар хөршүүддээ “нүх малтдаг вэ?”(2 Нифай 28:8).

  • Их Эзэнээс нүглээ нуух буюу ажил үйлсээ харанхуйд байлгахыг хичээх нь ямар аюултай вэ? (2 Нифай 28:9-ийг үзнэ үү.)

  • 2 Нифай 28:3–9 дэх ямар хуурамч сургаал өнөө үед залуучуудад хамгийн их хор уршигтай гэж та бодож байна? Яагаад энэ нь хор уршиг ихтэй гэж та боддог вэ? Залуучууд энэ хуурамч сургаалаар хэрхэн уруу татагдаж болох вэ? (2 дахь өдрийн даалгавар 1-ийг үз.)

2 Нифай 28:20–23 болон 2 дахь өдрийн хичээлээс сүнсний матрын тухай ерөнхийлөгч Боид К.Пакэрын түүхийг нэгтгэн дүгнэ: Өнөө үед залуучуудыг сэрэмжлүүлэх хэрэгтэй сүнсний аюулуудыг дүрслэн, судрын тэмдэглэлдээ суралцагчдын зурсан сэрэмжлүүлэх тэмдгүүдийг (2 дахь өдрийн даалгавар 5) хуваалцахад суралцагчдыг урь.

Асуулт: Нифай цэдгээ дуусгах үед бичиж болох байсан зүйлээс яагаад Сатаны заль мэх болон арга тактикуудын тухай бичсэн гэж та боддог вэ? ( Бид Мормоны Номыг анхааралтай судалснаар Сатаны арга тактикуудыг эсэргүүцэн зогсоход тусламж болон хүч чадал хүлээн авдгийг та гэрчилж болно.)

2 Нифай 31

Аврагч бидэнд хэрхэн төгс үлгэр үзүүлдэг тухай Нифай заасан нь

Хаалга руу хөтлөх замын хялбархан зургийг зур. 2 Нифай 31:17–18-ыг уншихдаа Есүс Христэд хүрч очих цорын ганц зам байдгийг Нифай онцлон тэмдэглэхийн тулд зам ба хаалганы дүрслэлийг хэрхэн ашигласныг олоход суралцагчдыг урь. Тэгээд дараах асуултуудыг асуу:

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр хаалга, зам хоёр юуг төлөөлж байна вэ? (Хаалга нь наманчлал, баптисм, Ариун Сүнс хүлээн авахыг төлөөлдөг.)

  • 2 Нифай 31-ийг хувиараа судалснаас үзэхэд, Ариун Сүнс хүлээн авахыг яагаад “галын баптисм” гэдэг вэ? (2 Нифай 31:13; мөн шүлэг 17-г үзнэ үү.)

2 Нифай 31:19–21-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. “Хаалгаар” орсны дараа биднээс юу шаардагддагийг олохыг суралцагчдаас хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлээ хариулсны эцэст дараах асуултуудыг асуу:

  • Нифай “Энэ бол Христийн сургаал” гэж бичсэн нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (2 Нифай 31:21).

  • Өнөөдрийн судалсан зүйлээсээ харахад, давчуу бөгөөд нарийн зам дээр өсч хөгжихийн тулд Тэнгэрлэг Эцэг танаас юу хийхийг хүсдэг гэж та боддог вэ? (Энэ асуултад хариулахын тулд зорилго тавихад нь та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.)

Дараагийн хэсэг (2 Нифай 32Иaков 4)

Та юу идэх дуртай вэ? Суралцагчид дараагийн хэсэгт “Христийн үгс дээр найрлах” (2 Нифай 32:3) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мэдэх болно. Эд баялгийг эрхэмлэн шүтдэг эсвэл ариун явдлын хуулийг зөрчдөг хүмүүсийн муу нөлөөнд орж байгаа хүмүүсийг бошиглогч хэрхэн залруулах ёстой вэ? Иаков эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ажигла.

Хэвлэх