Хичээл 34
2 Нифай 21-24
Оршил
Мормоны Номон дахь Исаиагийн бошиглолуудаас олон нь эцсийн өдрүүдийн тухай юм. Тэрбээр сайн мэдээний Сэргээлт ба бошиглогч Иосеф Смитийн тухай, Хоёрдахь ирэлт болон ёс бусчуудын устгалын тухай бошиглосон юм. Тэрбээр Их Эзэн эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулахын тулд “үндэстнүүдэд зориулж далбаа босгох” (2 Нифай 21:11-12-ыг үзнэ үү) болно гэдгийг угтан харжээ. Их Эзэн Сатаныг ялж, амар амгалан ба баяр баясгалангийн үе Мянган жилийг эхлүүлэх болно гэдгийг Исаиа бас бошиглосон юм.
Заах зөвлөмж
2 Нифай 21:1-5, 10-12
Исаиа эцсийн өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийг угтан харсан юм
Моронай Иосеф Смитийн өрөөнд хүрч ирсэн тухай зургийг үзүүл (62492; Gospel Art Book [2009], no. 91). Моронай Иосеф Смит дээр анх хүрч ирэхдээ “Исаиагийн арваннэгдүгээр бүлгийг эш татан, энэ нь гүйцэлдэхийн даваан дээр буй хэмээн хэлснийг” (Иосеф Смит—Түүх 1:40) тайлбарла. Исаиа 11 дэх бошиглол бас 2 Нифай 21-д байдаг.
2 Нифай 21:1-ийг чимээгүй уншихад суралцагчдыг урь. “Иессийн гол ишнээс ургасан салаа” гэсэн үгэнд тэдний анхаарлыг хандуул. Дараа нь 2 Нифай 21:10-ыг чимээгүй уншихад тэднийг урь. Тэдний анхаарлыг “Иессийн үндэс” гэдэг үгэнд хандуул. Эдгээр нийлмэл үгэнд судартаа тэмдэглэгээ хийхийг та суралцагчдад зөвлөж болно. Эдгээр нийлмэл үгийн талаар бошиглогч Иосеф Смит илчлэлт хүлээн авсныг тайлбарла. Сургаал ба Гэрээ 113:1–6-г гаргахад суралцагчдыг урь. Судрын энэ хэсгийг чанга унш. Уншихаасаа өмнө судар дээрээ дагаж харан, эдгээр нийлмэл үгийн утгыг ойлгохыг суралцагчдаас хүс. Эдгээр нийлмэл үгийн утгыг дор харуулснаар самбар дээр бичиж болно. Эдгээр нийлмэл үгийн утгыг судар дээрээ тэмдэглэхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс. “Иессийн иш,” “үндсийг” танихын тулд анхааралтай сонсохыг ангийнхнаас хүс.
“Энд дурдсан бошиглогч бол Иосеф Смит юм, түүнд санваар олгогдож, тэрээр хаант улсын түлхүүрүүдийг хүлээн авч, манай эрин үед Их Эзэний хүмүүсийг цуглуулах далбааг өргөсөн шүү дээ гэж хэлбэл буруу гэж үү? Тэр бас ‘Иессийн болон Ефраимын үр удам, их хүч олгогдсон Иосефын үр удам, Христийн мутар дахь үйлчлэгч биш гэж үү?” (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339–40).
2 Нифай 21:10, 12 -ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Иосеф Смит, сайн мэдээ болон Их Эзэний Сүмийн сэргээлттэй холбоотой үгс болон өгүүлбэрүүдийг олохыг ангиас хүс. Суралцагчдыг уншихаас өмнө далбаа гэдэг үг уралдааны барианы цэг эсвэл хүмүүсийн цугларах газарт дохио болгон босгодог туг буюу дарцаг гэдгийг та тэдэнд сануулж болно.
-
Иосеф Смитийн ажил Иессийн үндсийн тухай бошиглолыг хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?
-
Бид өнөөдөр ямар арга замаар Сүмийн гишүүдийг цуглуулдаг вэ? Бид бусдад цугларах газраа мэдэхэд нь туслахын тулд далбааг ямар арга замаар өргөдөг вэ?
Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээг сэргээсэн бөгөөд эдүгээ эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулж байгааг гэрчил.
2 Нифай 21:6-9; 22
Исаиа Мянган жилийг дүрсэлсэн нь
Өөр сүмийн гишүүн нэг найз чинь Мянган жилийн тухай юунд нь итгэдэг вэ? гэж тэднээс асуужээ хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Нифай 21:6-9, 22:1–6-г тэднээр чимээгүй судлуулахдаа дээрх ярианд хуваалцаж болох үнэнийг олуул. Санаа бодлоо судрын тэмдэглэл буюу хичээлийн дэвтэртээ бичихэд тэднийг урь. Олж мэдсэн зүйлийнхээ тухай ярилцахад тэдэнд туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:
-
2 Нифай 21:6-8 дахь дүрслэлүүд Мянган жилийн үе дэх дэлхий дээрх нөхцөл байдлын тухай юу өгүүлж байна вэ?
-
2 Нифай 21:9-д өгүүлснээр Мянган жилийн үед дэлхий яагаад амар амгалангийн нутаг болох вэ? Мянган жилийн үед дэлхий Их Эзэний тухай мэдлэгээр дүүрэх учраас амар амгалангийн газар байх болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
-
Их Эзэний тухай мэдлэг өнөө үед илүү амар амгалан амьдрахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?
-
2 Нифай 22:1–6-д Исаиа Мянган жилийн үе дэх хүмүүсийн шүтлэг бишрэлийн сүнс ямар байхыг дүрсэлжээ. Өнөөдөр бид ийм байдлыг хэрхэн хөгжүүлж чадах вэ?
-
Мянган жилийн нөхцөл байдлаас та нар ямар зүйлийг өнөөдөр амьдралдаа нэвтрүүлж болох вэ? (Дээр дурдсан адислалуудыг хүлээн авахын тулд юу хийж болохыг тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.)
2 Нифай 23-24
Ёс бус хүмүүс мөхөх бөгөөд Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй хандах болно гэдгийг Исаиа заажээ
2 Нифай 23-т Исаиа Вавилоны устгалыг дүрсэлж, үүнийг Аврагчийн Хоёр дахь ирэлтээр ёс бусчууд хэрхэн устгагдахтай зүйрлүүлснийг тайлбарла. Судруудын удирдамжаас “Вавилон” гэсэн тайлбарыг уншихад суралцагчдыг урь. Зарим судрын хэсгүүдэд Вавилон гэдэг үг ерөнхийдөө дэлхийн ёс бус байдлыг заадаг. Вавилон дахь ёс бусчууд дээр эцсийн өдрүүдэд нэлэнхүй устгал ирэх болно гэдгийг Исаиа бошиглосон юм.
Эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр ирэх тэдний үйлдлүүдийн үр дагаврыг олоход нь суралцагчдад туслахын тулд 2 Нифай 23:1, 5-9, 11, 15, 19, 22-ыг тэднээр уншуул.
Исаиа Люсифер буюу Сатаны уналтыг дүрсэлсэн нь ёс бусчууд хэрхэн сүйрэхийн өөр нэг дүрслэл юм гэдгийг тайлбарла. 2 Нифай 24:12-16-г уншихад нэг суралцагчийг урь.
-
Эдгээр шүлэгт ямар үгс Сатаны бардам занг харуулж байна вэ?
-
Хэрэв бид Сатаныг ямар болохыг харж чаддагсан бол бидэнд ямар санагдаж болохыг 2 Нифай 24:16 хэрхэн дүрсэлсэн байна вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах үгсийг нэг суралцагчаар уншуул:
Мөнх бус амьдралын өмнөх зөвлөгөөн дээр ‘өглөөний хүү’ Люсифер бардамналын улмаас унасан юм. (2 Нифай 24:12–15; мөн С ба Г 76:25–27; Moсе 4:3-ыг үзнэ үү.) … Дэлхийн өмнө болсон зөвлөгөөн дээр Люсифер өөрийн төлөвлөгөөг Эцэгийн төлөвлөгөөнд сөргүүлэн тавьсан бол Есүс Христ уг төлөвлөгөөг хамгаалсан билээ (Moсе 4:1–3-ыг үзнэ үү.) (2 Нифай 24:13-ыг үзнэ үү.) Товчхон өгүүлбэл түүний бардамнагч хүсэл бол Бурханыг хаан ширээнээс нь буулгах явдал байв. (C ба Г 29:36; 76:28-ыг үзнэ үү.)” (“Beware of Pride,” Ensign, 1989 оны 5-р сар, 4–5).
2 Нифай 23:22-ын төгсгөл дэх: “Би өөрийн хүмүүст нигүүлсэнгүй байна. Харин ёс бусыг үйлдэгчид мөхөх болно” гэсэн Их Эзэний үгсэд суралцагчдын анхаарлыг хандуул. Энэ тунхаглалыг судартаа тэмдэглэхэд та суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. (Энэ шүлгийн сүүлчийн өгүүлбэр нь Библийн Хаан Жеймсийн хувилбар дахь Исаиагийн номон дахь холбогдох шүлэгт байдаггүйг анхаар. Энэ нь Библид байдаггүй зарим мэдээлэл гуулин ялтсуудад агуулагддагийг харуулж байна.)
-
Их Эзэний хүмүүсийн дунд байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?
2 Нифай 24:1-7, 24-27-гийн нэгээс хоёр шүлгийг ээлжээр чанга уншихыг хэдэн суралцагчаас хүс. Өөрийн хүмүүст өгсөн Их Эзэний амлалтуудыг олоход ангийг урь. Олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж. Тэдний олж мэдсэн зүйлсийг нэг суралцагчаар самбар дээр бичүүлж болно.
-
Бусдын ёс бус явдлаас болж зовж буй хүмүүстэй хуваалцах ямар захиасууд эдгээр шүлэгт байна вэ?
-
Та эдгээр шүлэгт аз жаргал, итгэл найдварын ямар нотолгоог харж байна вэ?
Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй байх болно, харин ёс бусчууд мөхөх болно гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар. 2 Нифай 21-24 дэх Исаиагийн бошиглолууд дуулгавартай хүмүүс цэцэглэн хөгжиж, дуулгаваргүй хүмүүс мөхөх болно гэсэн Мормоны Номын гол захиасуудын нэгийг тусган харуулсныг ойлгоход нь суралцагчдад тусал. Бид Мянган жилийг хүсэн хүлээхийн сацуу өнөөдөр зөв шударга амьдарч цэцэглэн хөгжиж чадна гэдгийг гэрчил.