38-р хичээл
2 Нифай 28
Оршил
Хожмын өдрүүдэд тохиолдох зарим бэрхшээлтэй нөхцөл байдал, түүний дотор тэр үед бий болох олон сүмийн буруу сургаал болон бардамналын тухай Нифай бошиглосон юм. Тэрээр буруу сургаалууд, дэлхийн зан авирыг хэрхэн танихыг зааж, Сатан биднийг зөв шударга байдлаас хөндийрүүлж болзошгүй арга замуудыг сэрэмжлүүлэн анхааруулсан юм.
Заах зөвлөмж
2 Нифай 28:1–19
Нифай манай өнөө үеийн хуурамч сүмүүд болон буруу үзэл баримтлалуудыг дүрсэлсэн нь
Улс орондоо хэрэглэгддэг олон нийтээрээ мэдэх сэрэмжлүүлгийн тэмдгүүдийг самбар дээр зур. Жишээ нь, замын хөдөлгөөний анхааруулах тэмдэг эсвэл ямар нэг хорт бодисоос сэрэмжлүүлсэн тэмдгийг зурж болно.
-
Эдгээр тэмдгийн зорилго юу вэ?
Мормоны Ном биднийг сүнслэг байдлын хувьд хор уршигтай нөлөөнүүдээс сэрэмжлэхэд тусалж чадахыг тайлбарла. Мормоны Номын нэг зорилго бол Сатан болон Христийн бусад дайсан хожмын өдрүүдэд хэрхэн ажиллахыг илчлэх явдал мөн гэж ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон тайлбарлажээ. Ерөнхийлөгч Бэнсоний хэлсэн дараах үгийг уншихад нэг суралцагчийг урь.
“Мормоны Ном, Христийн дайснуудыг илчилсэн юм. Энэ ном буруу сургаалуудыг илчлэн шүүмжилсэн юм. … Мормоны Ном, Христийн даруухан дагалдагчдыг өнөө үеийн чөтгөрийн хилэнцэт санаа бодол, бусармаг төлөвлөгөө болон сургаалуудын эсрэг итгэлээр нь бэхжүүлж байна. Мормоны Номонд харуулсан урвалтын шинж байдал өнөө үеийнхтэй адил байна” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 3).
-
Мормоны Ном Христийн дайснуудыг хэрхэн илчилдэг вэ? (Бусдыг Христэд итгэх итгэлээс нь холдуулахыг хичээдэг хүмүүсийн тухай шастируудыг эл ном агуулдаг.) Энэ ном тэдний алдаа мадаг, хуурамч үзэл санаануудыг олж харахад бидэнд тусалдаг.)
-
Мормоны Ном биднийг дайсны эсрэг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
Мормоны Ном чөтгөрийн буруу үзэл баримтлалуудыг илчилж, түүний хилэнцэт төлөвлөгөөний эсрэг биднийг хүчирхэгжүүлдгийг гэрчил. Үүний жишээг суралцагчид 2 Нифай 28-аас харж болно гэдгийг тайлбарла. Энэ бүлэгт хожмын өдрүүдийн тухай Нифайн бошиглолуудын нэг нь агуулагддаг. Энэ бошиглолд Нифай өнөө үед өргөжин тэлэх буруу сургаалуудаас биднийг сэрэмжлүүлсэн юм.
2 Нифай 28:3–9-ийг уншихдаа буруу сургаалуудын талаарх Нифайн сэрэмжлүүлгүүдийг олоход суралцагчдыг урь. 2 Нифай 28:7–9 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Энэ судрыг амархан олохын тулд ямар нэг ялгарах байдлаар тэмдэглэгээ хийхийг та суралцагчдад зөвлөж болно. Судрын энэ хэсгийг судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг самбарт гарч ирэхийг урь. Судрын энэ хэсэг дэх буруу сургаал буюу үзэл баримтлалуудаас хүн бүр нэгийг бас уг шүлэг хаана байдгийг бичихийг тэднээс хүс. Дараа нь мөн энэ хэсэгт ажигласан өөр буруу сургаал буюу үзэл баримтлал байгаа эсэхийг бусад суралцагчаас асуу. Хэрэв байгаа бол тэдгээрийг самбар дээрх жагсаалтан дээр нэмэхэд тэднийг урь.
Эдгээр буруу сургаал, үзэл баримтлалаас заримынх нь тухай ярилцахад суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Эдгээр буруу үзэл баримтлалын өнөө үеийн ямар жишээ байна вэ? (Тэд энэ асуултад хариулахдаа аль нэг тодорхой сүмийн нэрийг хэлэх ёсгүй гэдгийг анхаар.)
-
Энэхүү буруу үзэл баримтлал Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахад хүмүүст хэрхэн саад учруулдаг вэ?
2 Нифай 28:12–14-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Бардамнал хийгээд хуурамч сургаалуудын балгаар олон сүм мөн хүмүүст эцсийн өдрүүдэд юу тохиолдох талаар анхааруулсан Нифайн сэрэмжлүүлгийг олоход ангийнхныг урь.
-
Бардамнал ба хуурамч сургаалууд ямар замаар хүмүүст нөлөөлдөг вэ?
-
“Христийн даруухан дагалдагчид” яагаад бардамнал ба ёс бус явдалд хөтлөгдөн буруу замаар ордоггүй вэ? Бид “хүмүүний дүрмүүдээр” мэхлэгдэхээс хэрхэн зайлсхийж болох вэ? (“Хүмүүний дүрмүүд” гэдэг холбоо үг Их Эзэний сургаалд харш хүмүүсийн сургаалуудыг хэлж байгааг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)
2 Нифай 28:15–16, 19-ийг чимээгүй уншихдаа хуурамч сургаалын үр дагавруудыг олоход суралцагчдыг урь.
-
Бардамнал ба хуурамч сургаалуудын үр дагаврыг дүрсэлсэн ямар үг, холбоо үгсийг та нар энэ шүлгүүдээс олов?
2 Нифай 28:20–32
Сатан биднийг мэхлэхийг хичээх болно гэдгийг Нифай сэрэмжлүүлсэн нь
Дараах түүхийг суралцагчидтай хуваалц:
Ерөнхийлөгч Боид К.Пакэр нэг удаа Африкт томилолтоор явж байхдаа ангийн отог дээр зэрлэг амьтдыг харахаар очжээ. Гүехэн устай хонхорт дөхөж ирсэн зэрлэг амьтад ямар нэг юмнаас айгаад ус руу очихгүй байхыг тэр харсан гэнэ. Амьтад яагаад ус руу ойртохгүй байгааг тэрээр хөтчөөс асуухад матраас айгаад ус руу ойртож чадахгүй байгаа юм гэж хөтөч хариулжээ. Ерөнхийлөгч Пакэр энэ талаар дурссан нь:
“Хөтчийг тоглож байгаа юм болов уу гэж бодоод би түүнээс ‘Яагаад тэр амьтад ус уухгүй байгаа юм бол?’ гэж дахин асуув. Хөтөч дахиад л: ‘Матраас айгаад тэр’ гэж хариулав. …
“Намайг түүнд итгэхгүй байгааг хөтөч мэдээд надад нэг зүйл үзүүлэхээр шийдэв бололтой. Бид машинаа асааж, өөр газар очин, шавартай хонхрыг дээрээс нь харж болох далан дээр гарч зогслоо. ‘Харав уу?’ ‘Одоо та өөрөө хар л даа’ гэж хөтөч хэллээ.
“Шавар, жаахан тогтоол ус, түүнээс нэлээд хол айн түгшсэн янзтай зогсох зэрлэг амьтдаас өөр юу ч харагдсангүй. Сайн ажиглатал юу харагдсан гээч!—Нэгэн аварга том матар шаварт шигдэн, цангасан зэрлэг амьтан сэжиггүйгээр ус уух гэж ирэхийг хүлээн хэвтэж байх нь тэр!
“Тэгээд би гэдэг хүн хөтчийн үгэнд тэр дороо итгэж билээ! Үгийг нь сонсоход намайг бэлэн байгааг хөтөч ажиглаад надад өгөх сургамжаа үргэлжлүүлэв. ‘Матар зөвхөн гол мөрнүүдэд төдийгүй, цэцэрлэгт хүрээлэн даяар байдаг.’ Энэ хавьд матаргүй ус ерөөсөө байхгүй. Та үүнд итгэж болно.’ …
“Африкт очсон өөр нэг аяллын үеэр би энэ тухай өөр нэг цэцэрлэгт хүрээлэнгийн ангийн зохион байгуулагчтай ярилцаж билээ. …
“Тэгэхэд тэр, эмгэнэлт явдал болсон нэг газрыг надад үзүүлсэн юм. Нэг залуу англи хүн зочид буудалд улирлын чанартай ажил хийж байсан гэнэ. Тэрээр олон удаа, байнга өөрт нь анхааруулж байсныг эс хайхран, теннисний гутлын түрий дарахааргүй гүехэн усыг гаталж, цаадах явган хашаан дотор нэг юм үзэхээр хоёрхон ч алхаагүй байтал
“өмнөөс нь матар гарч ирэхэд бид түүнийг аврахын тулд юу ч хийж чадаагүй юм’ гэж ангийн отгийн зохион байгуулагч хэлж билээ” (“Spiritual Crocodiles,” Ensign, 1976 оны 5-р сар, 30–31).
-
Юунаас болж энэ залуу матрын идэш болоход хүрэв? Тэр энэхүү эмгэнэлт явдлаас хэрхэн зайлсхийж чадах байсан бэ? (Өөрт нь өгсөн сэрэмжлүүлгийг анхаарч дагасан бол.)
Ерөнхийлөгч Пакэрын хэлсэн дараах зөвлөгөөг чанга уншихад нэг суралцагчийг урь:
“Танаас илүү туршлагатай, ахмад хүмүүс, эцэг эх, багш нарын тань амьдралдаа биеэр үзсэн зүйлс ирээдүйд тохиолдох аюулаас таныг хамгаалж чадна. Тийм ч том биш матар чамайг хормын төдийд хэдэн хэсэг болгон тасчаад идчихэж чадна. Харин сүнсний матрууд бүр ч илүү аюултай, илүү зальтай, Африкийн газрын ивээл өнгөөр хамгаалагдсан матраас ч илүү ажиглагдахааргүй байдаг.
“Сүнсний эдгээр матар оюун санаа, сэтгэл зүрхийг тань зэрэмдэглэн сүйрүүлж чадна. Сүнсний матрууд таны болон хайртай хүмүүсийн аз жаргал, сайн сайхан байдлыг үгүй хийж чадна. Дэлхий даяар хаа сайгүй байгаа сүнслэг байдлын ийм аюулаас хүмүүсийг тэдгээр аюул тулгарахаас нь өмнө сэрэмжлүүлэх ёстой” (“Spiritual Crocodiles,” 31).
-
Ерөнхийлөгч Пакэрын ярьсан түүхэн дэх матрууд Сатаны уруу таталт, арга техниктэй ямар байдлаараа төстэй вэ? Сүнслэг байдалд учирч аюулаас зайлсхийхэд туслах ямар сэрэмжлүүлгийг бид хүлээн авдаг вэ?
2 Нифай 28:19-ийг чанга унших үед суралцагчдыг судрыг нь дагуулан харуул. Сатан … биднийг өөрийн эрхшээлд оруулж авахыг хүсдэг гэж самбар дээр бич.
Нифай бошиглолоо цааш нь үргэлжлүүлэхдээ хожмын өдрүүдэд бидний эсрэг ашиглах Сатаны арга тактикийн тухай өгүүлжээ. Суралцагчдыг хос хосоор болгон хуваарил. 2 Нифай 28:20–29-ийг уншихдаа самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх арга замыг олоход хос бүрийг урь.
Хэдэн минутын дараа самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээснээ тайлбарлахад хосуудыг урь. Сатан биднийг эрхшээлдээ оруулахын тулд биднийг уурлуулахаар өдөөн хатгах, хуурмагаар түр зуур тайвшруулах, зусардах зэрэг олон арга тактикийг ашигладгийг суралцагчид энэ ярилцлагын хэсэг болгон ойлгосон байх ёстойг анхаар.
-
Сатан “[хүмүүсийг] сайн зүйлсийн эсрэг уурлуулан өдөөн хатгахыг” хичээдэг ямар жишээнүүд байна вэ? Уурлах явдал нь хүмүүст сайн, мууг ялган танихад яагаад саад болдог вэ?
-
Сайжруулах шаардлагатай байгаад санаа тавихгүй мөртлөө “Сионд бүх юм зүгээр” гэж бодох нь хүмүүст яагаад аюултай гэж та боддог вэ? Сатан яагаад ийм хүмүүсийг “болгоомжтойгоор там руу” удирдаж чаддаг гэж та боддог вэ?
-
Хүнийг зусардах гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Худлаа магтах.) Зусардалт нь зарим хүнийг яагаад Их Эзэнээс холдуулдаг гэж та боддог вэ?
-
Сатан яагаад өөрийгөө байдаггүй гэдэгт хүмүүсийг итгүүлэхийг хичээдэг вэ?
-
Уурлахгүй байхын тулд бидний хийж чадах зарим зүйл юу вэ? Бүх юм сайн байгаа гэсэн хуурмаг санаа бодлоос бид хэрхэн зайлсхийж чадах вэ? Бид зусардалтаас хэрхэн сэрэмжилж болох вэ?
Хичээлийн дүгнэлтийг хийхийн тулд 2 Нифай 28-ын төгсгөлийн хэсэг нь сүүлчийн сэрэмжлүүлэг болон Их Эзэний удирдамжийг агуулдгийг суралцагчдад мэдээл. 2 Нифай 28:30–32-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Их Эзэн бидний сонгох эрхийг болон Түүнээс суралцах хүчин чармайлтад хүндэтгэлтэй ханддаг. 2 Нифай 28:30-д өгүүлснээр, Тэр бидэнд “шат шатаар, дүрэм дүрмээр” заадаг. Энэ нь танд ямар хамаатай вэ? Энэ шүлэгт өгүүлснээр “Бидэнд хангалттай зүйл бий” гэж хэлдэг хүмүүст юу тохиолдох вэ?
-
2 Нифай 28:32-т Их Эзэн Өөрийг нь үгүйсгэдэг хүмүүст хандан ярьжээ. Энэ шүлэгт Тэрээр “Би мутраа өдөр бүр тэдэнд сунгах болно” гэж хэлсэн нь ямар учиртай гэж та боддог вэ? ( Энэ шүлэгт Их Эзэн Өөрийн нигүүлслийн тухай, биднийг Түүний хүслийг дагахаар хичээсэн үед, хэдийгээр бид өнгөрсөн үед Түүнийг эсэргүүцдэг байсан ч, бидэнд өдөр бүр туслах хүсэлтэй байдаг тухайгаа ярьжээ. Наманчилж, Их Эзэнд ирдэг бүх хүнд Тэрээр нигүүлсэнгүй байх болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Дараах мэдээллийг самбар дээр бич: Би өнөөдөр сурсан зүйлийнхээ ачаар, … болно . Энэ өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ гүйцээн бичихэд болон 2 Нифай 28 дахь Нифайн бошиглолыг судалсны үр дүнд юу хийх тухайгаа бичихэд суралцагчдыг урь. Бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно. Гэвч, нэн хувийн шинжтэй буюу нууц бодол санаа болон туршлагаа хуваалцах хэрэггүйг тэд ойлгосон байх ёстойг анхаар.
Бид Их Эзэний удирдамж хийгээд Түүнээс бидэнд өгдөг хүч чадлаа ашиглан уруу таталтыг даван туулж чадна гэдгийг гэрчил. Бид бүр нүгэл үйлдлээ ч гэсэн хэрэв чин сэтгэлээсээ наманчлах юм бол Их Эзэн бидэнд нигүүлсэнгүй хандах болно.