35-р хичээл
2 Нифай 25
Оршил
Нифай Исаиагийн бошиглолууд хэчнээн чухал болохыг онцлон тэмдэглэж, бошиглолын сүнстэй хэн боловч Исаиагийн үгсийг ойлгож, өндрөөр үнэлж чадна гэдгийг тайлбарлажээ. Тэрбээр өөрийн бичээсийн зорилгыг: “Христэд итгэж, Бурхантай нийцсэн байхыг хүүхдүүддээ мөн түүнчлэн ах дүүстээ ятгах” (2 Нифай 25:23) явдал хэмээн хуваалцжээ. Тэрбээр Есүс Христэд итгэх болон “өөрсдийн бүхий л хүч чадал, оюун ухаан, бүх бие сэтгэлээрээ түүнийг бишрэн шүтэхэд” (2 Нифай 25:29) бүх хүнийг урьсан юм.
Заах зөвлөмж
2 Нифай 25:1-8
Бидэнд бошиглолын сүнс байгаа цагт бид Исаиагийн үгсийг ойлгож чадна гэдгийг Нифай заажээ
Түлхүүргүйгээр онгойдоггүй зүүдэг цоожийг үзүүл (эсвэл цоож, түлхүүр хоёрын зургийг самбарт зур). Хүмүүс үнэт зүйлсээ найдвартай хадгалахын тулд цоожилдгийг хэл. Тэд зөвхөн түлхүүрээ найдвартай хадгалах хэрэгтэй эсвэл түлхүүрээ хувилж, итгэлтэй найз буюу гэр бүлийнхээ аль нэг гишүүнд өгч болно.
Исаиагийн бошиглолууд “агуу чухал зүйл” (2 Нифай 25:8) гэдгийг Нифай мэдэж байсныг тайлбарла. Гэвч тэр тэдгээрийг нууцлаагүй юм. Харин тэр Исаиагийн үгсийн утгыг тайлахыг хүссэн хүмүүст түлхүүрийнх нь тухай заасан юм. 2 Нифай 25:4-ийн эхний өгүүлбэрийг уншихад нэг суралцагчийг урь. Исаиагийн үгсийг ойлгох түлхүүрийг эрж олохыг ангиас хүс.
-
Та нар ямар түлхүүр олов? (“Бошиглолын сүнс.”)
“Бошиглолын сүнстэй” байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах үгсийг Судруудын удирдамжаас унш:
“Бошиглол нь илчлэлтээр дамжуулан Ариун Сүнснээс хүлээн авдаг сүнслэгээр нөлөөлөгдсөн үгс болон бичээсүүдээс бүрддэг. Есүсийн тухай гэрчлэл бол бошиглолын сүнс мөн (Илчлэлт 19:10). Бошиглол нь өнгөрсөн, одоо, ирээдүйг хамарч болно. Хүн бошиглохдоо өөрийнх нь сайн сайхны төлөө эсвэл бусдын сайн сайхны төлөө Бурханаас түүнд мэдүүлэхийг хүссэн зүйлийг тэрээр ярих буюу бичдэг. Хувь хүмүүс амьдралынхаа талаар бошиглол буюу илчлэлт хүлээн авч болно” (Судруудын удирдамж, “Бошиглол, х. 36, “Prophesy,” scriptures.lds.org”) .
Хэрэв тэд (1) Ариун Сүнсний удирдамжийг хүсвэл, (2) Есүс Христийн тухай гэрчлэлтэй байж, Түүний тухай мэдэхийг хүсдэг бол Исаиагийн үгсийг ойлгох болно гэдгийг харахад суралцагчдад тусал. Тэд Исаиагийн үгсэд ийм байдлаар хандаж, Аврагчийн тухай гэрчилсэн түүний бошиглолын арга замыг үргэлж эрж хайх юм бол Бурхан тэднийг өөрсдийнхөө болон бусдын сайн сайхны төлөө сурч мэдэхийг хүсэн хүлээдгийг суралцагчид ойлгох болно.
Исаиагийн үгсийг ойлгоход бидэнд туслах өөр санаануудыг Нифай хуваалцсан юм гэдгийг хэл. 2 Нифай 25:1-ийг чимээгүй уншихдаа Нифайн олон хүнд яагаад Исаиагийн бошиглолуудыг ойлгоход хэцүү байсныг суралцагчдаас олохыг хүс.
-
Та нар юу олж мэдэв? (Тэд “иудейчүүдийн дундах бошиглолын арга ухааныг” мэддэггүй байжээ.)
-
Исаиагийн үгсээс харвал, эртний иудейчүүдийн бошиглол ямар шинж чанартай байсан бэ? Исаиа болон бусад бошиглогч бэлгэдэл болон яруу найргийн хэлийг ашигладаг байжээ гэсэн дүгнэлт хариу байж болно.
-
Исаиагийн үгсийг унших нь бошиглолын энэ хэв маягийг ойлгоход яагаад тустай вэ?
2 Нифай 25:5-6-д өөр нэг ашиг тустай санаа байдгийг тайлбарла. Эдгээр шүлгийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Исаиагийн үгсийг ойлгоход түүнд тусалсан Нифайн туршлагыг эрж олохыг ангиас хүс.
-
Нифай Иерусалимд амьдардаг байсан нь яагаад түүнд тусалсан гэж та боддог вэ? Исаиагийн үгсээс харвал, Нифай “иудейчүүдийн зүйлсийг харсан” болон Иерусалимын “эргэн тойрны нутгийнх нь талаар мэддэг” байсан нь түүнд яагаад давуу тал олгосон гэж та бодож байна?
-
Бид эдгээр зүйлийн талаар мэддэг болохын тулд юу хийж болох вэ? (Бид эртний Израилийн соёл, түүх, газарзүйг судалж болно.)
2 Нифай 25:7–8-ыг суралцагчдад уншиж өг. Унших явцдаа бид Исаиагийн бошиглолууд биелэгдэж байгааг харж байгаа учраас тэдгээр нь маш чухал юм гэдгийг онцлон тэмдэглэ. Энэхүү үнэнийг дүрслэхийн тулд дараах асуултуудыг асуу:
-
Сүүлийн хэд хоногт бид аль хэдийн биелэгдсэн ямар бошиглолыг судалсан бэ? (Суралцагчид Солт Лэйкийн ариун сүм [2 Нифай 12:2–3-ыг үзнэ үү], Есүс Христийн төрөлт [2 Нифай 19:6] болон Иосеф Смитийн тухай бошиглолуудыг санаж болно [2 Нифай 21:1, 10-ыг үзнэ үү].) Эдгээр бошиглол аль хэдийн биелэгдсэнийг харах нь ямар байдлаар танд илүү хамаатай болох вэ?
Хичээлийн энэ хэсгийг дүгнэхийн тулд суралцагчид бошиглолын сүнсийг эрэлхийлбэл Исаиагийн үгсийг илүү сайн ойлгох болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Тэд эртний иудейчүүдийн бошиглолын хэв маяг, соёл, түүх, газарзүйг судалснаар ойлголтоо гүнзгийрүүлж чадна гэдгийг хэл.
2 Нифай 25:9-19
Нифай иудейчүүдийн тараагдалт ба цугларалтын тухай бошиглож байв
Нифай иудейчүүдийн тухай мөн Иерусалим болон эргэн тойрных нь нутаг дахь тэдний гэр орон, амьдрал ахуйн тухай бошиглож байсныг ярьж, 2 Нифай 25:9-19-ийг нэгтгэн дүгнэ. Иерусалимыг эвдэн сүйтгэсний дараа Вавилонд боолчлолд аваачигдсан иудейчүүд “өвийн нутагтаа” (2 Нифай 25:9-11-ийг үзнэ үү) эргэж ирэх болно. Есүс Христ, Мессиа тэдний дунд амьдрах боловч тэднээс олон нь Түүнийг эсэргүүцэж, улмаар цовдлох болно (2 Нифай 25:12-13-ыг үзнэ үү). Аврагч насаа юүлж, амилсныхаа дараа Иерусалим дахин устгагдаж, иудейчүүд бусад үндэстний дунд тараагдан, гай зовлон амсах болно (2 Нифай 25:14-15-ыг үзнэ үү). Тэд эцэстээ Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх болно, Их Эзэн тэднийг “төөрөлдсөн болон унасан байдлаас” (2 Нифай 25:16-19-ийг үз) нь сэргээх болно хэмээн тэрбээр зөгнөн хэлсэн юм.
2 Нифай 25:20-30
Нифай Есүс Христийн тухай гэрчилсэн нь
Хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христэд итгэдэггүй хэмээн хэлсэн хэн нэгэнд юу гэж хариулах талаар эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Бусад хүнийг Есүс Христэд итгэх тэдний итгэлийн талаар эргэлзсэн үед юу гэж хариулсан тухайгаа товч ярихыг нэг юм уу хоёр суралцагчаас хүсч болно. Нифай 25:20-30-ийг суралцагчид уншиж, ярилцах үед дээрх нөхцөлд хуваалцаж болох хэсгүүдийг эрж олоход тэднийг урь.
2 Нифай 25:28-29-өөс “зөв замыг” олохыг суралцагчдаас хүс. “Зөв зам нь Христэд итгэх, мөн түүнийг эс үгүйсгэх” гэдгийг олсны дараа Есүс Христэд итгэх нь яагаад зөв зам байдаг вэ? гэж самбар дээр бич. Тэгээд 2 Нифай 25:20, 23–26-г судлахдаа Есүс Христэд итгэх нь яагаад зөв зам байдгийн шалтгааныг эрж олохыг суралцагчдаас хүс. Өөрсдийн хариултыг таны бичсэн гарчгийн дор самбар дээр бичихэд тэднийг урь. Дараах санаанууд хариулт байж болно:
Аврал зөвхөн Есүс Христээр дамжиж ирнэ.
Бид өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсний эцэст Христийн ачаар, Түүний ивээлээр аврагдаж чадна.
Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан, нүглийнхээ уучлалыг хүлээн авна.
2 Нифай 25:23, 2 Нифай 10:24 -ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Эдгээр шүлэг дэх эвлэрэх гэдэг үг хүмүүс буюу юмс хоорондоо нийцсэн буюу зохицолтой, эвлэрсэн байх гэсэн утгатайг тайлбарла.
-
Энэ хоёр шүлэгт бошиглогчид биднийг өөрийгөө Бурхантай эвлэрүүлэхэд урамшуулан дэмждэг. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?
Дээрх хоёр шүлэгт бас ач ивээл гэдэг үг байгааг тайлбарла. Ач ивээл бол Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан өгдөг бэлэг юм. Судруудад хэрэглэгддэг ач ивээл гэдэг үг үндсэндээ Есүс Христийн нигүүлсэл, хайраар дамжуулан хүмүүст санал болгодог боломж олгогч хүч ба сүнсний эдгээлт юм.
-
2 Нифай 10:24, 25:23 нь ач ивээл ба бидний хүч чармайлтын хоорондох уялдаа холбооны тухай юу зааж байна вэ?
Сурч мэдсэн зүйлээ ашиглан судрын тэмдэглэл буюу хичээлийн дэвтэртээ дараах асуултад бичгээр хариулахад суралцагчдыг урь. Асуултыг самбар дээр бичиж болно.
-
Ач ивээлээр аврагдана гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?
Хууль түүний хүмүүсийн хувьд үхмэл болсон тухай 2 Нифай 25:24–25 дахь Нифайн нотолгоог ойлгоход суралцагчдад туслахын тулд тэрээр Мосегийн хуулийг хэлснийг тайлбарла. Уг хуулийг үүний ёслолууд ба зан үйлүүд, бэлгэдлүүд хийгээд зарлигууд түүний дотор мал, амьтнаар тахил өргөх ёслолын хамт Нифайн үед хэрэглэсээр байжээ. Уг хууль Есүс Христийн Цагаатгалаар дамжин гүйцэлдсэнийг Нифай болон бусад хүмүүс мэдэж байжээ. Цагаатгалын дараа Мосегийн хуулийг цаашид мөрдөх нь Аврагчийн шавь нарт шаардлагагүй болсон билээ. Гэвч тэр үед итгэлтэй нифайчууд энэ хууль нэгэн цагт солигдоно гэдгийг мэдэж байсан ч, Мосегийн хуулийг дагасан хэвээр байлаа.
Мосегийн хууль түүнд болон бусад хүмүүст үхмэл болсон гэж Нифай хэлсэн нь уг хууль тэднийг аварч чадахгүй гэдгийг сануулсан хэрэг юм. Тэд дуулгавартай байхыг хүсдэг учраас мөн сайхь хууль тэдэнд авралыг авчрах Есүс Христ рүү тэднийг заадаг учраас уг хуулийг сахисаар байсан ажээ.
-
Бид яагаад зарлигуудыг сахих талаар 2 Нифай 25:23–26-гаас юу сурч болох вэ?
-
Та “Христийн тухай ярьж,” “Христэд баясахын тулд” юу хийх ёстой вэ? (2 Нифай 25:26). Та Христэд итгэхэд нь бусдад туслахын тулд юу хийх вэ?
Хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христэд итгэдэггүй гэсэн хэн нэгний үгсэд хариулахад туслах, эндээс олсон судрын хэсгээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Яагаад судрын эдгээр хэсэг тэдэнд таалагдсаныг асуу.
Өнөөдөр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хэл. Та бас эдгээр үнэний тухай гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгож болно.
Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл
2 Нифай 25:23. Ач ивээлийн тухай сургаал
Ач ивээлгэсэн энэ үг нь туслах буюу хүч чадал өгөх бурханлаг арга хэрэгсэл гэсэн үндсэн утгатай бөгөөд энэхүү хүч чадал Есүс Христийн яндашгүй нигүүлсэл хийгээд хайраар өгөгддөг.
Хүн төрөлхтөн үхэшгүй байдалд амилж, хүн болгон булшнаас биетэй болж босч ирэн, мөнх амьдрах нь Их Эзэн Есүсийн ач ивээл, түүний цагаатгагч золиослолоор боломжтой болсон юм. Хувь хүмүүс Их Эзэний ач ивээлээр болон Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл болон нүглээ наманчлахаар дамжуулан хүч чадалтай болж, сайныг үйлдэхэд тусламж авах эс бөгөөс зөвхөн өөрийнхөө хүч чадал, боломжид найдахаас өөр замгүй байдаг гэж хэлж болно. Энэхүү ач ивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал, өргөмжлөлийн зам дээр итгэлтэй зогсох боломжийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд олгодог хүч юм.
Адамын Уналтын үр дагавраас болон хүмүүний сул дорой байдал хийгээд дутагдал доголдлын улмаас Бурханы ач ивээл бодгаль бүрд хэрэгтэй. Гэвч ач ивээл нь үүнийг хүлээн авагчийн зүгээс ямар ч хүч чармайлт гаргаагүй байхад зүгээр өгөгддөггүй. Иймээс, ‘бид чадах бүхнээ хийсний эцэст ач ивээлээр аврагдах болно’ (2 Нифай 25:23) гэдэг нь өргөмжлөл юм. Есүс Христийн ач ивээл л чухамхүү авралыг боломжтой болгосон билээ” (Судруудын Удирдамж, ач ивээл).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард ийн гэрчилжээ:
“Бид өөрсдийн эрж хайдаг аюулгүй байдал, амар амгалан, баяр баясгалан хийгээд баталгаатай байдлаа зөвхөн Бүхнийг Чадагч Бурханы Хүү, Есүс Христийн амьдрал, үүрэг зорилгод чин сэтгэлээсээ итгэж, эдгээр үнэнийг хүлээн зөвшөөрсөн үед олж авна гэдэг гэрчлэлээ би та нарт хэлж байна. Бид Түүний сургаалуудыг баяртай хүлээн авч дагасан үед бүх нүглээ орхиж, наманчлан, жинхэнэ шавийн үзэл бодлоор Түүнд ирэхийн тулд чадах бүхнээ хийсний эцэст, зөвхөн Түүний ач ивээлээр дамжин аврагдах болно гэдгийг бид маш тодорхой мэддэг билээ. Бид бие, сэтгэл бүхнээ Христэд бүрэн дүүрэн зориулснаар аюулгүй байдал, амар амгалан, баяр баясгалан хийгээд баталгаатай байдлыг Түүнээс олох болно (“Latter-day Counsel,” Ensign, 2001 оны 6-р сар, 74).
2 Нифай 25:26 “Бид Христэд баясдаг”
Сэргээлтээр дамжуулан олсон мэдлэг Аврагчаасаа жинхэнэ баяслыг олох боломжийг бидэнд олгодгийг ерөнхийлөгч Гордон Б.Хинкли тэмдэглэсэн юм.
“Бид Сүмийн хувьд олон шүүмжлэл хүлээдэг. Биднийг уламжлалт Христийн шашинд итгэдэггүй хэмээн хүмүүс шүүмжилдэг. Тэдний хэлдэг зүйл зарим талаараа үнэний хувьтай юм. Бидний итгэл, бидний мэдлэг, эртний уламжлал дээр, амилсан Христийн тодорхойлолтыг гаргах гэж оролдсоор буй хүмүүний хязгааргүй олон мэтгэлцээнээс үүдэлтэй хязгаарлагдмал ойлголт дээр тулгуурладаггүй. Ертөнцийн аугаа Бурхан, Түүний Хайртай Хүү, Амилсан Их Эзэн Есүс Христ хоёрыг өөрийн нүдээр харсан энэ эрин үеийн бошиглогчийн гэрчлэлээс бидний итгэл, бидний мэдлэг эх ундаргатай юм. Тэр хоёр түүнтэй ярилцсан юм. Тэр бас Тэдэнтэй ярьсан юм. Тэрбээр тэрхүү агуу үзэгдлийн тухай илэн далангүй, үнэн мөнөөр нь, яруу тодорхой гэрчилсэн билээ. Энэ бол Бүхнийг Чадагчийн болон дэлхийн Гэтэлгэгчийн тухай бидний ойлголтоос хэт дээгүүр ч гэсэн, бидэнд авчирсан мэдлэг нь нэн тодорхой, маргах аргагүй үнэн тийм үзэгдэл байлаа. Бидний мэдлэг орчин үеийн илчлэлт дээр гүнзгий суурилсан байдаг нь Нифайн үгээр, ‘бидний хүүхдүүд нүглээс уучлагдахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэхийн тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясан, бид Христийн талаар номлож, бид Христийн талаар бошиглож, мөн бошиглолуудынхаа дагуу ярьдаг’ гэсэн үг юм (2 Нифай 25:26)” (“We Look to Christ,” Ensign, 2002 оны 5-р сар, 90–91).