Хичээл 29
2 Нифай 9:1–26
Оршил
Иаков нифайчуудад хийсэн номлолдоо Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг гэтэлгэх тухай Исаиагийн зарим бошиглолыг эш татсанаар эхэлжээ. Иаковын номлолын энэ хэсэг 2 Нифай 6–8-д байдаг (энэ гарын авлагын 28-р хичээлийг үзнэ үү). Энэхүү хоёр өдрийн номлолын үргэлжлэл 2 Нифай 9-10-т байдаг. Иаков Исаиагаас эш татсаны дараа Есүс Христийн Цагаатгалын тухай биднийг Уналтын үр дагавруудаас болон бидний өөрсдийн нүглийн үр дагавруудаас ангижруулах Аврагчийн хүчний тухай гэрчлэлээ хуваалц. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит 2 Нифай 9-өөс “Хүн бүр авралыг эрэхдээ үүнийг унших ёстой” хэмээн хэлжээ (Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 -р боть [1957–66], 4:57).
Заах зөвлөмж
2 Нифай 9:1–9
Иаков Уналтын үр дагавруудыг тайлбарласан нь
Хичээл эхлэхээс өмнө аймшигт мангас гэж самбарын голд бич.
2 Нифай 9 нь өмнөх хичээлээр суралцагчдын судалж эхэлсэн номлолын үргэлжлэлийг агуулдгийг тайлбарласнаар хичээлээ эхэл. 2 Нифай 6–8-р хэсэг дэх энэ номлолын эхний хэсэгт Иаков Аврагчийн нигүүлсэл болон гэрээт хүмүүсээ төөрөгдөл болон тараагдсан байдлаас чөлөөлөх хүчний тухай заахын тулд Исаиагаас эш татсаныг суралцагчдад сануул. Иаков номлолоо үргэлжлүүлэхдээ Аврагч биднийг унасан болон нүгэлт байдлаас хэрхэн гэтэлгэхийг заажээ.
Суралцагчдын анхаарлыг самбар дээрх өгүүлбэрт хандуул.
-
Аймшигт мангасын тухай бодоход та нарын санаанд юу ордог вэ?
Суралцагчид энэ асуултад хариулахдаа бүтээлтийн тухай дүрслэн бодож болно. Хэрэв тэд ингэх юм бол бодитой оршдог зарим зүйл төсөөлөн боддог зүйлээс илүү аймшигтай бөгөөд урт удаан хугацаанд үргэлжлэх хор уршигтай байж болдгийг тайлбарла. Бид бүгдэд тулгарах нөхцөл байдал хийгээд үүнээс үүдэлтэй мөнхийн хор уршгийг дүрслэн харуулахын тулд Иаков “аймшигт мангас” гэсэн үгийг ашигласныг суралцагчдад хэл. 2 Нифай 9:10-ыг чимээгүй уншиж, Иаковын дүрсэлсэн хоёр төрлийн мангасыг олохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед хариултуудыг дор харуулснаар самбар дээр нэм:
Үхэл, там гэсэн нэр томьёонуудыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд энэ хоёр нэр томьёо хоёул тусгаарлах гэсэн утгатайг тайлбарла. Иаков номлолдоо үхэл гэдэг үгийг ашиглахдаа “биеийн үхэл” гэдэг нь бие махбод сүнснээс салах явдал гэж хэлжээ. Тэрбээр там гэдэг үгийг хүн Бурханы дэргэдээс тусгаарлагдахыг заасан “сүнсний үхэл” хэмээн тэмдэглэжээ. Энэхүү тусгаарлалтыг судруудад “сүнсний үхэл” хэмээн олонтоо нэрлэсэн байдаг.
2 Нифай 9:6-г чимээгүй уншихад суралцагчдыг урь. Биеийн болон сүнсний үхлийн шалтгааныг олохыг суралцагчдаас хүс.
-
Ямар үйл явдал бид бүгдэд биеийн болон сүнсний үхлийг авчирсан бэ? (Уналтын үр дүнд бүх хүн Бурханы дэргэдээс таслагдаж, эцэстээ биеийн үхлийг амсах болно гэдгийг та тайлбарлаж болно. )
Иаков 2 Нифай 9:7–9-д, хэрэв Цагаатгал байгаагүй бол бидэнд юу тохиолдох байсныг болон Уналтын үр дагаврууд үүрд хэвээр үлдэх байсан тухай заасан юм. Эдгээр шүлгийг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд та шүлэг 7 дахь “хүмүүн дээр ирсэн анхны шүүлт” гэсэн нэр томьёо нь Адам, Ева хоёрын уналтыг хэлж байгааг та тайлбарлаж болно. Тэрээр “ялзрал” гэдэг нэр томьёог нэгэн цагт үхэх бидний бие махбод гэсэн санааг илэрхийлэхэд хэрэглэжээ. Тэр “ялзардаггүй” гэсэн нэр томьёог үүрд мөнх хэвээрээ байх бидний амилуулагдсан бие гэдгийг илэрхийлэхэд ашиглажээ.
2 Нифай 9:7-9-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Хэрэв биеийн болон сүнсний үхэл үүрд хэвээр үлдсэн бол бидний бие махбод болон сүнсэнд юу тохиолдохыг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олоход ангийн гишүүдийг урь.
-
Хэрэв Цагаатгал байгаагүй бол бидний бие махбодод юу тохиолдох байсан бэ?
-
Хэрэв Цагаатгал байгаагүй бол бидний сүнсэнд юу тохиолдох байсан бэ?
Есүс Христийн Цагаатгал байгаагүй бол бидний хувь тавилан яаж эргэх байсанд онцгой анхаарал хандуулахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах үгийг чангаар уншихыг нэг суралцагчаас хүс.
“Хэрэв бид Бурханаас бүрмөсөн тусгаарлагдаж, бидний үхэл хэвээр үлдсэн бол ёс суртахууны сонгох эрх ямар ч ач холбогдолгүй байх байсан. Тийм ээ, бид сонголт хийхдээ чөлөөтэй байх байсан, гэвч үүний үр дүн нь юу байх байсан бэ? Эцсийн үр дүн нь гэвэл бидний үйлдлүүдээс үл хамааран, амилуулагдах болоод тэнгэрт очих ямар ч найдваргүйгээр бид үхэх байсан. Бид сайныг эсвэл мууг сонголоо ч ялгаагүй, ‘чөтгөрийн элчүүд’ болсноор бүх зүйл төгсөх байсан. 2 Нифай 9:9.]” (“Moral Agency,” Ensign, 2009 оны 6-р сар, 50).
2 Нифай 9:10–26
Аврагч Цагаатгалаар дамжуулан биднийг Уналтын үр дагавруудаас чөлөөлж, бидэнд нүглийн уучлалыг санал болгодгийг Иаков заасан юм.
2 Нифай 9:10-ыг дахин уншихыг суралцагчдаас хүс.
-
Энэ шүлэгт өгүүлснээр Бурхан бидэнд зориулж юу бэлтгэсэн бэ?
Энэ номлол дахь Иаковын гол захиас бол Бурхан бидэнд “үхэл болон тамын савраас…зугтах замыг “ бэлдэж өгсөн болохыг онцлон хэл. Биеийн болон сүнсний үхлээс ийнхүү зайлах нь Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар баталгаатай болсон юм.
Ангийг хоёр бүлэг болгон хуваа. 2 Нифай 9:5, 19-21-ийг чимээгүй уншиж, бидний төлөө хийсэн Аврагчийн золиослолыг олоход нэг дэх бүлгийг урь. 2 Нифай 9:11-12, 15, 22-ыг чимээгүй уншихдаа Есүс Христ биднийг биеийн үхлээс аврах тухай дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олоход хоёр дахь бүлгийг урь. (Дээрх судрын эшлэлүүдийг самбарт бичих нь ашиг тустай байж болно. )
Суралцагчдад унших цаг гарсан үед дараах асуултуудыг нэг дэх бүлгээс асуу:
-
Аврагч биднийг биеийн болон сүнсний үхлээс чөлөөлөхийн тулд яагаад зовлон шаналал амсахад бэлэн байсан бэ? Та өөртөө чухал учир холбогдолтой ямар дүрслэлүүдийг олов?
-
Есүс Христ бүх хүний өвчин зовлонг өөр дээрээ үүрснийг Иаков онцлон тэмдэглэжээ. Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Энэ мэдлэг Аврагчийн тухай таны санаа бодолд хэрхэн нөлөөлдөг вэ? (Аврагчийн золиослолын цар хүрээг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд та ярилцлагыг түр зогсоож, дэлхий дээр амьдарч байсан, амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах бүх хүний өвчин зовлонг өөртөө үүрснийг онцлон тэмдэглэж болно. Аврагчийн золиослолын мөн чанарыг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд Аврагч тэдний өвчин зовлонг өөр дээрээ үүрсний сануулагч болгон судрын захад 2 Нифай 9:21-ийн дэргэд нэрээ бичихэд тэднийг урь.
Хоёр дахь бүлгээс дараах асуултуудыг асуу:
-
Есүс Христ биднийг биеийн үхлээс аврах тухай өгүүлсэн ямар өгүүлбэрүүдийг олов?
-
2 Нифай 9:22-т өгүүлснээр хэн амилуулагдаж, Бурханы дэргэд буцаан аваачигдах вэ?
Самбар дээрх “аймшигтай мангас” гэсэн нийлмэл үгсэд суралцагчдын анхаарлыг дахин хандуул. Бид “мангасаас” хэрхэн аврагдаж болох тухай Иаков юу заасныг өөрийнхөө үгээр тайлбарлахад суралцагчдыг урь. Есүс Христ Цагаатгалаар дамжуулан Уналтын үр дүнд бий болсон биеийн болон сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг чөлөөлснийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар. Энэхүү үнэнийг самбар дээр бичихэд нэг суралцагчийг урь.
Есүс Христ Уналтын улмаас бий болсон биеийн болон сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг чөлөөлөхийн хамт бидний нүглээс үүдэлтэй сүнсний үхлээс биднийг аварч чадна гэдгийг суралцагчдад сануул.
Бурханы өмнө нүгэлтэйгээ очих хүмүүс ямархуу байдалтай байхыг Иаков дүрсэлснийг тайлбарла. 2 Нифай 9:15-16, 27-г уншиж, дээрх дүрслэлүүдийг олоход суралцагчдыг урь.
-
Нүгэлтэйгээ Бурханы өмнө очих хүмүүсийн байдлыг Иаков хэрхэн дүрсэлсэн бэ?
Бурханы өмнө цэвэр ариун бишээр очих хүмүүс ямархуу байдалтай байхыг Иаков бас дүрсэлснийг тайлбарла. 2 Нифай 9:14, 18-ыг нэг суралцагч унших үед дээрх дүрслэлүүдийг олоход суралцагчдыг урь.
-
Бурханы өмнө цэвэр ариун бишээр очих хүмүүс ямархуу байдалтай байхыг Иаков хэрхэн дүрсэлсэн бэ?
Уналтаас чөлөөлсөн нь бүх хүн төрөлхтөнд бэлэг болсон бол бидний нүглийн үр дагаврууд нь ихэвчлэн бидний хүсэл бодол, үйлдлүүдээс хамааралтай байдгийг онцлон тэмдэглэ. Бид … үед Есүс Христийн Цагаатгалаар дамжин нүглийнхээ үр дагавруудыг даван туулж чадна гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.
2 Нифай 9:21, 23–24-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн хэлэх өгүүлбэрүүдийг бодож олохыг ангийн гишүүдээс хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр та нар энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болох вэ? (Дээрх өгүүлбэрийг дараах байдлаар гүйцээж болно: Бид Есүс Христэд итгэн, наманчилж, баптисм хүртэн, эцсээ хүртэл тэвчвэл Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийнхээ үр дагавруудыг даван туулж чадна. Тэднийг хариултаа хуваалцах үед самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн бич.)
Дараах үйл ажиллагаануудын нэгийг сонгож хийснээр хичээлээ төгсгө. Энэ хоёр үйл ажиллагаа нь хоёул Аврагчийн Цагаатгал тэдэнд хэрхэн ач тусаа өгснийг тунгаан бодоход нь суралцагчдад туслах зорилготой юм.
-
2 Нифай 9:1–22-ыг гүйлгэн уншиж, Ай гэсэн үгээр эхэлсэн шүлгүүдийг олохыг суралцагчдаас хүс. Энэ шүлгүүдийн эхний өгүүлбэрүүдийг чанга уншихад суралцагчдыг урь.
Аврагчид болон тэдний төлөө хийсэн Түүний золиослолд хувийн талархал илэрхийлсэн дээрх өгүүлбэртэй адил утгатай өгүүлбэрүүдийг судрын тэмдэглэлдээ буюу хичээлийн дэвтэртээ бичихэд суралцагчдыг урь. Ай гэсэн үгээр эхэлсэн болон анхаарлын тэмдгээр төгссөн өгүүлбэр бүр дэх Иаковын загварыг дагахыг тэднээс хүс. Тохиромжтой гэж үзвэл тэдний бичсэн өгүүлбэрүүдийг хуваалцахыг цөөхөн суралцагчаас хүс. Нэн хувийн шинжтэй бодол санаа, туршлагаа хуваалцах шаардлагагүй гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар.
-
“Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 193) буюу Есүс Христийн Цагаатгалын тухай аль нэг дууллыг дуулах буюу үгийг нь ангийн гишүүдээр уншуул. Аврагч болон Түүний цагаатгагч золиослолын тухай тэдний бодол санааг тусгасан бадгуудыг дууллаас сонгож авахад суралцагчдыг урь. Сонгож авсан бадгуудын тухай ангийнхандаа ярьж, яагаад тэр бадгууд таалагддаг тухайгаа тайлбарлах боломжийг суралцагчдад олго.