Хичээл 24
2 Нифай 2 (2-р хэсэг)
Оршил
2 Нифай 2-ын талаарх өмнөх хичээл Адам, Ева хоёрын Уналт болон Есүс Христийн Цагаатгал дээр анхаарал төвлөрүүлсэн билээ. Энэ хичээл сонгох эрхийн тухай Лихайн сургаалууд, түүний дотор бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө, мөнх амьдралыг сонгоход чөлөөтэй байдаг үнэн дээр анхаарал төвлөрүүлэх болно.
Энэ хичээлээр суралцагчид бие биедээ заах боломжтой байх болно. Хичээл эхлэхээс өмнө энэ хичээлийн заавруудыг агуулсан тараах материалуудыг бэлтгэсэн бай. Суралцагчдад заахаар бэлтгэх үед та тэдэнд туслахын тулд заавар болгоныг сайн мэдэж байх хэрэгтэй.
Заах зөвлөмж
2 Нифай 2:11–18, 25–30
Лихай сонгох эрх болон бидний сонголтын үр дагавруудын тухай заажээ
Өмнөх хичээлээр 2 Нифай 2 дахь Адам, Ева хоёрын Уналт болон Есүс Христийн Цагаатгалын адислалуудын тухай Лихайн сургаалуудыг судалсныг суралцагчдад товчхон сануул. Адам, Ева хоёрын сонголт дэлхийд ирэх боломжийг бидэнд олгосон юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Дэлхийд бид уй гашуу, өвчин зовлон, үхэл хагацлын эрхшээлд байдаг билээ. Цагаатгалаар дамжуулан, Есүс Христ биднийг Уналтаас аварч, нүглээс гэтэлгэхийг санал болгосон юм ( 2 Нифай 2:26-г үзнэ үү). Бид Цагаатгалын ачаар эрх чөлөө, мөнх амьдралыг эсвэл боолчлол ба үхлийг сонгох эрх чөлөөтэй юм (2 Нифай 2:27-г үзнэ үү).
Суралцагчид 2 Нифай 2-ыг үргэлжлүүлэн судалснаар Лихай хөвгүүддээ тайлбарласан сонгох эрхийн зарчмуудыг бие биедээ заах боломжтой болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хоёр бүлэг болгон хуваарил. Суралцагчдад заахаар бэлтгэхэд нь туслахын тулд дараах заавруудаас нэгийг нь бүлэг бүрд өг. Хэрэв анги дөрвөөс цөөн суралцагчтай бол суралцагч бүрд нэг заавар өгч үлдсэн зааврууд дахь материалыг өөрөө заа.
Заавар бүрд таван даалгавар байгаа. Бүлэг бүрийн бүх хүн даалгавар авсан байхад анхаарч бүх суралцагчийг хичээлд оролцуулахад урамшуулан дэмж. Таваас илүү хүнтэй бүлгүүдэд суралцагчид даалгаврыг хуваан хийж болно. Таваас цөөн хүнтэй бүлгүүдэд зарим суралцагч нэгээс илүү даалгавар хийх хэрэгтэй байж болно. Бүлэг бүр бэлтгэхэд гурав орчим минут, заахад тав орчим минут зарцуулна гэдгийг суралцагчдад мэдэгд.
Бүлэг 1: Бурхан биднийг үйлдэл хийж (ажиллаж, амьдрахын) байхаар бүтээсэн юм
-
Ангийнханд нэг чулууг өргөж харуул. 2 Нифай 2:14-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Түүнийг уншихаас өмнө газар, тэнгэрт Бурханы бүтээсэн хоёр төрлийн зүйлийн тухай Лихайн дүрслэлийг олохыг суралцагчдаас хүс. (Үйлдэх зүйлсийг мөн үйлдүүлэх зүйлсийг.”) Асуулт: Энэ шүлэг бидэнтэй болон чулуутай хэрхэн хамаатай вэ? (Бид үйлдэхийн тулд харин чулуу нь [хад] түүгээр үйлдүүлэхийн тулд бүтээгдсэн юм. Чулуу нь бусад олон бүтээлийн адил өөрөө үйлдэж чадахгүй.)
-
2 Нифай 2:16-гийн эхний өгүүлбэрийг уншихыг нэг суралцагчаас хүс. Суралцагчдаас асуу: Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд бид өөрсдийнхөө төлөө сонголт хийх нь яагаад чухал гэж та боддог вэ? Суралцагчдыг хариулсны дараа асуу: Заримдаа бид ямар нэг зүйлийг өөрсдөө санаачлан хийхийн оронд хэрхэн бусдаар хийлгүүлэхийг хүлээн суудаг вэ?
-
С ба Г 58:26–28 гэж самбар дээр бич. Судрын энэ хэсгийг гаргахыг суралцагчдаас хүс. Энэ хэсгийг хамтдаа чангаар уншихад тэднийг урь.
-
Асуулт: Бид өөрсдийнхөө төлөө сонголт хийх талаар Сургаал ба Гэрээ 58:26–28 -аас юу сурч болох вэ? Бид туйлын зөв шударга байдлыг бий болгоход ямар арга замаар санаа тавьж болох вэ? Туйлын зөв шударга байдлыг бий болгоход та хүч чармайлт гаргаснаа хэзээ харсан бэ? (Нэг юм уу хоёр суралцагч хариулсны дараа та бас туршлагаа хуваалцаж болно.)
-
Өөрсдийнхөө төлөө сонголт хийх болон нийгэмд илүү зөв шударга ёсыг тогтоохыг эрэлхийлэхийн ач холбогдлын тухай гэрчлэлээ хуваалц.
Бүлэг 2: Сайн нөлөө ба уруу таталт
-
2 Нифай 2:16-гийн хоёр дахь өгүүлбэрийг уншихад нэг суралцагчийг урь. Асуулт: Нөлөө гэж юу гэсэн утгатай үг вэ? (Ямар нэг зүйлд урих, ятгах, шохоорхлыг татах)
-
Асуулт: Тэнгэрлэг Эцэг бидэнд сайныг үйлдэхэд ямар замаар нөлөөлдөг вэ? (Суралцагчид Ариун Сүнсний өдөөлт, зарлигуудыг дагаснаас ирдэг амлагдсан адислалууд, мөн хожмын үеийн бошиглогчдын амласан адислалуудыг дурдаж болно.)
-
2 Нифай 2:17–18-ыг чанга уншиж өгөхдөө суралцагчдыг судар дээрээ дагаж харахыг анхааруул. Уншиж дууссаны дараа чөтгөр бид бүгдээс юуг хүсэн хүлээдэг талаар олохыг тэднээс хүс. (Тэр биднийг аз жаргалгүй, зовлонт байхыг хүсдэг.)
-
Асуулт: Бурханаас ямар нөлөө, чөтгөрөөс ямар уруу таталт ирдгийг та хэрхэн мэдэж болох вэ? Та ярилцлагынхаа хэсэг болгон Moронай 7:16–17-г уншихыг хүсч болно.) Ангийнхныг хариулсны дараа энэ асуултыг асуу: Хүмүүсийг гай зовлон руу хөтөлдөг ёс бус зүйлийг үйлдэхэд уруу татдаг зүйлсийн жишээнүүдийг нэрлэнэ үү?
-
Бурханы нөлөө нинжин сэтгэл, аз жаргал руу хөтөлдөг бол чөтгөрийн уруу таталт ёс бус явдал, гай зовлон руу хөтөлдөг тухай гэрчлэлээ хуваалц. Та гэрчлэлийнхээ хэсэг болгон, энэ нь үнэн болохыг хэрхэн мэдсэн тухай туршлагаа хуваалцаж болно.
Бүлэг 3: Бид сонголтынхоо төлөө хариуцлага хүлээдэг
-
Дараах үгсийг ангийнханд уншиж өг:
“Та нар сонголт хийж үйлдэхдээ чөлөөтэй боловч үйлдлийнхээ үр дагаврыг сонгохдоо чөлөөтэй байдаггүй. Үр дагавар нь тэр дороо ирдэггүй ч, дараа нь заавал ирэх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 12).
Асуулт: Тэр дороо биш ч, дараа нь илэрдэг үр дагаврын жишээнүүдийг нэрлэнэ үү? (Байж болох хариултуудын нэг нь тамхи татахаас үүдэлтэй хавдар өвчин юм.)
-
2 Нифай 2:26–27-г чимээгүй уншихдаа бидний одоо хийдэг сонголтуудын ирээдүйн үр дагаврыг дүрсэлсэн үгс, нийлмэл үгсийг олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлийнхээ тухай ярихыг суралцагчдаас хүс. (“агуу хийгээд эцсийн өдрийн хуулийн шийтгэл,” “эрх чөлөө,” “мөнх амьдрал,” “боолчлол,” “үхэл,” “зовлонт байх” гэдэг үгс тэдний хариултанд орж болно.) Суралцагчдын хариултыг самбар дээр бич.
-
Асуулт: Бид энэ амьдрал дахь сонголтуудынхаа үр дагаврыг ойлгох нь яагаад чухал гэж та боддог вэ? Суралцагчдыг хариулсны дараа энэ асуултыг асуу: Үйлдлийнхээ үр дагавруудыг мэдэх нь зөв сонголт хийхэд бидэнд хэрхэн түлхэц өгч болох вэ?
-
2 Нифай 2:27-д Лихай бид “эрх чөлөөг сонгох эрхтэй” гэж хэлснийг онцлон тэмдэглэ. Асуулт: Сонголт хийх эрхээ эдлэхэд бидэнд зөв сонголт хэрхэн тусалдгийг таны туршлага хэрхэн харуулж байна вэ? Үүнийхээ жишээнээс нэрлэж болох уу? (Та өөрийнхөө туршлагыг хуваалцах бэлтгэлтэй бай.)
-
Бид сонголтынхоо төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдэг бөгөөд бидний сонголтуудыг үр дагавар үргэлж дагалддаг тухай гэрчлэлээ хуваалц.
Бүлэг 4: Сайныг сонгох нь
-
2 Нифай 2:28-ыг нэг суралцагчаар чанга уншуул. Лихай хөвгүүддээ байлгахыг хүссэн дөрвөн зүйлийг олохыг суралцагчдаас хүс. Шүлгийг уншсаны дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.
-
Асуулт: Бид зөв шийдвэр гаргахад өөртөө туслуулахын тулд агуу Зууч, Есүс Христэд ямар замаар итгэл найдвар тавьж болох вэ?
-
2 Нифай 2:29-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Асуулт: Бидний сонголтууд биднийг боолчлолд аваачих хүчийг чөтгөрт хэрхэн олгож болох вэ? Энэ ярилцлагын хэсэг болгон, Сатаны уруу таталтуудаас олонх нь “махан биеийн хүсэл” буюу бидний бие махбодын дур таашаалыг ашиглахад чиглэдгийг онцлон тэмдэглэ. Хүмүүс эдгээр уруу таталтад автагдсан үед хортой бодисуудад донтох буюу зохисгүй зан авиртай болж мэднэ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний дараах үгсийг унш:
“Шалихгүй юм шиг санагдсан зүйлийг эхлээд туршиж үзсэнээр, энэ нь хор хөнөөлтэй, байнгын хэвшил болж мэднэ. Туршиж үзсэн зүйл нь зуршил болдог. Зуршлаас хамааралтай байдал бий болдог. Хамааралтай байдлаас донтолт бий болно. Донтолт нь хүнийг алгуураар эрхшээлдээ оруулдаг. Муу зуршлын боолчлогч дөнгө эхлээд мэдрэгдэхгүй шахам өчүүхэн байснаа яагаад ч эвдэж чадахааргүй бөх болдог. … Донтолт хожим нь сонгох эрх чөлөөг боомилдог” (“Addiction or Freedom,” Ensign, 1988 оны 11-р сар, 6–7).
Хор хөнөөлтэй муу зуршил болон донтолтоос хол хөндий байхад хөтөлдөг зөв шударга байдлын тухай гэрчлэлээ хуваалц.
-
2 Нифай 2:30-ийг суралцагчдад уншиж өг. Тэднийг судар дээр дагаж харахдаа: “Би сайн хэсгийг сонгож авсан” гэсэн үгс дээр тэдний анхаарлыг төвлөрүүл. Асуулт: Энэ үг Лихайн тухай юу зааж байна вэ?
-
Дараах асуултуудыг тунгаан бодоход суралцагчдыг урь: Лихайн адилаар “сайныг сонгосон” ямар хүнийг та нар таньдаг вэ? Та ямар замаар энэ хүний үлгэр жишээг дагахыг хүсдэг вэ? Суралцагчдад тунгаан бодох цаг гаргаж өгсний дараа нэг юм уу хоёр хүнээс бодол санаагаа хуваалцахыг хүс. Дараа нь та өөрийнхөө бодол санааг хуваалц.
Багшид анхааруулах нь: Дүгнэлт хийхийн тулд, тэдний сонголтууд эрх чөлөө, мөнх амьдрал руу хөтөлж байна уу эсвэл боолчлол, сүнсний үхэл, гай зовлон руу хөтөлдөг үү гэдгийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэдний нэгэнт хийсэн аливаа буруу сонголтыг Есүс Христэд итгэх итгэл, наманчлалаар дамжуулан залруулж болно гэдэг итгэлийг суралцагчдад төрүүл. Аврагч болон Түүний Цагаатгалын тухай, аз жаргал, мөнх амьдрал өөд хөтлөх зөв сонголтууд хийх хүч чармайлтад биднийг хүчирхэгжүүлэх Түүний чадварын тухай гэрчил.