Номын сан
81-р хичээл: Алма 17


81-р хичээл

Aлмa 17

Оршил

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлох бэлтгэл болгож мацаг барьж, залбиран Их Эзэний зааврыг эрэлхийлсэн. Их Эзэн тэднийг тайтгаруулж, “олон бодгалийн авралын төлөө” (Aлмa 17:11) Өөрийн мутар дахь зэмсэг болгохоор амлажээ. Үүнээс арай өмнөхөн Тэрээр тэдний эцгээр дамжуулан “хөвгүүдийг чинь леменчүүдийн гараас чөлөөлөх болно” (Moзая 28:7) хэмээн тэдэнд амласан. Тэд Их Эзэний амлалтуудаар хүчирхэгжиж, нэгэн өдөр эргээд уулзах болно гэдэгтээ итгэсээр сайн мэдээг өөр өөр газруудад хуваалцахаар салцгаасан. Аммон тэдний хаанд үйлчилснээр хүмүүст заахаар бэлтгэж, Ишмэилийн нутаг руу явжээ.

Заах зөвлөмж

Aлмa 17:1–16

Мозаягийн хөвгүүд Бурханы үгийг мэдэж, хүчтэйгээр заахын тулд судраас судалж, залбиран, мацаг барьдаг байв

Хичээл эхлэхээс өмнө дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич: “[Номлолд] үйлчлэхээр дуудагдахдаа бэлтгэж болох цорын ганц, хамгийн чухал зүйл бол …” (Та хичээлийн төгсгөл хэсэгт хандуулж болно.)

Суралцагчдаас хамаатан садан эсвэл найз нөхөдтэйгээ номлолд итгэлтэйгээр үйлчилсний дараа гэртээ ирэхэд нь тааралдсан эсэхийг нь асуу. Цөөн суралцагчийг эдгээр номлогч эргэж ирэхдээ өөртөө төлөвшүүлсэн Христийнхтэй адил зан чанарыг дүрслэхэд урь.

  • Номлолынх нь дараа та тэднээс ямар сайн өөрчлөлтүүдийг олж харсан бэ? Юу эдгээр өөрчлөлтийг бий болгосон гэж та бодож байна?

Мозаягийн хөвгүүд 14 жилийн турш Нифайн нутагт сайн мэдээг номлоод Зарахемлагийн нутагт эргэж ирэхдээ Алматай дахин нэгдсэнийг тайлбарла. Хэрэв суралцагчдад Алма болон Мозаягийн хөвгүүдийн тухай товч давтах хэрэгтэй бол асуу:

  • Алма болон Мозаягийн хөвгүүд хоорондоо ямар харилцаатай байсан бэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол тэднийг Мозая 27-гийн бүлгийн тоймыг уншихыг тэднээс хүс.

Алмаг Зарахемлагийн нутаг болон бусад газруудаар нифайчуудын дунд наманчлалыг номлож, Сүмийг байгуулж явахад Мозаягийн хөвгүүд Нифайн нутаг дахь леменчүүдэд сайн мэдээг номлож байсныг тайлбарла. (Та энэ тайлбарын нэг хэсэг болгон Мормоны Номын хавчуургыг ашиглаж болно.) Мозаягийн хөвгүүдийн нэрс нь Аммон, Аарон, Омнер болон Химнай байв (Moзая 27:34). Алма 17–26 тэдний номлолын зарим туршлагын тухай өгүүлдэг.

Нэг суралцагчийг Алма 17:1–2-ыг чанга уншихад урь.

  • Алма найз нартайгаа дахин уулзахдаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Тэр яагаад ийм бодол санаатай байсан гэж та бодож байна?

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх хичээл эхлэхээс өмнө бичсэн бүрэн бус өгүүлбэрт хандуул. Суралцагчдыг уг өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь. Тэгээд тэдэнтэй Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “[Номлолд] үйлчлэхээр дуудагдахдаа бэлтгэж болох цорын ганц, хамгийн чухал зүйл бол номлолд явахаасаа хамаагүй өмнө номлогч болох явдал юм” хэмээсэн мэдэгдлийг хэрхэн төгсгөснийг хуваалц: (“Becoming a Missionary,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 45). Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ.

Хэрхэн номлогч болохоо мэдэх нэг арга бол судар дээрх итгэлтэй номлогчдын үйлчлэлийн тухай сурах явдал гэдгийг онцлон хэл. Мозаягийн хөвгүүд хүмүүсийг үнэний тухай мэдлэгт авчрахад амжилттай байсан шалтгаануудыг олж мэдэхийг хичээн Алма 17:2–4-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Мозаягийн хөвгүүд амжилттай номлогчид болоход нь тэдэнд туслах юуг хийсэн бэ? (Хариултууд нь “судраас хичээнгүйлэн сурсан,” залбирсан, мацаг барьсан зэрэг байж болно.)

  • Тэд өөрсдийн сурах, мацаг барих мөн залбирах хүч чармайлтуудынхаа ачаар ямар адислалуудыг хүлээн авсан бэ? Суралцагчдыг энэ асуултад хариулах үед дараах зарчмыг тогтооход тэдэнд тусал: Бид судруудаас суралцаж, залбирч, мацаг барьснаар Ариун Сүнсийг хүлээн авч, хүчтэйгээр зааж чадна.

Бид номлогч болохын тулд юу хийж болохыг онцлон, ахлагч Бэднарын хэлсэн дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Та нар Бурханд үйлчлэх хүслээ нэмэгдүүлж чадна (C ба Г 4:3-ыг үзнэ үү) мөн та нар номлогчийн боддог шиг бодож, номлогчийн уншдаг зүйлийг уншиж, номлогч шиг залбирч, номлогчийн мэдэрдэг зүйлийг мэдэрч чадна. Та Ариун Сүнсний нөлөөг холдуулах дэлхийн зүйлсээс зайлсхийж чадна мөн та сүнсний өдөөлтүүдийг мэдэрч, тэдгээрт хариулснаар өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж чадна. Та шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг хийснээр аажмаар өөрийнхөө найддаг шиг, мөн Аврагчийн хүсэн хүлээдэг шиг тийм номлогч болж чадна. …

“Миний энд өгүүлж байгаа бэлтгэл номлолд үйлчлэх цагаа дөхүүлж байгаад 19 юм уу 20 эсвэл 21 насанд хүрсэн хойноо эхэлдэггүй. … Та номлолын ажилд насан туршдаа бэлтгэдэг. … Бид үргэлж номлогчид байдаг” (“Becoming a Missionary,” 46).

Ахлагч Бэднарын заасан болон Алма 17:2–4 дээрх зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд номлолын үйлчлэлд дуудагдахаасаа өмнө номлогч болохын тулд тэд юу хийх тухай дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс.

Суралцагчдыг Мозаягийн хөвгүүд болон тэдний хамтрагчид юуны төлөө залбирсныг олж мэдэхийг хичээн, Алма 17:9-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа Алма 17:10–12-оос тэдний залбирлуудад өгсөн Их Эзэний хариултыг олохын тулд уншихыг тэднээс хүс.

  • Тэд залбирлууддаа Их Эзэний хариултыг хүлээн аваад яагаад зүрх сэтгэл нь “зоригийг олсон” гэж та бодож байна вэ?

  • Алма 17:11 нь эдгээр номлогчийг Их Эзэний Өөрийн мутар дахь зэмсэг болгоно гэсэн амлалтыг агуулдаг. Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Бид ямар арга замуудаар Их Эзэний мутар дахь зэмсэг байж чадах вэ?

  • Их Эзэн эдгээр номлогчид “сайн үлгэр жишээг … үзүүлэхийг” (Aлмa 17:11) зааварчилсан. Та яагаад сайн үлгэр жишээг үзүүлэх нь тэдний номлолын ажлын чухал хэсэг гэж бодож байна? (Суралцагчдыг хариултуудаа хуваалцах үеэр тэдэнд дараах зарчмыг олж тогтооход нь тусал: Бид сайн жишээ үзүүлбэл Их Эзэн биднийг Өөрийн мутар дахь зэмсэг болгож чадна. Та энэ үнэнийг самбар дээр бичихийг хүсч болно.)

  • Сайн үлгэр жишээг харснаар сайн мэдээний тухай хүмүүсийн сурч болох зарим зүйл юу вэ?

  • Бусдын сайн үлгэр жишээ танд хэзээ тусалсан бэ?

    Сайн үлгэр жишээг харуулахын чухал болохыг гэрчлээд суралцагчдыг эргэн тойрныхоо хүмүүст сайн үлгэр жишээ үзүүлэхэд урамшуулан дэмж. Хэрэв та суралцагчид сайн үлгэр жишээг үзүүлсэн тодорхой цаг, тохиолдлыг санаж байгаа бол та тэдний тэрхүү үлгэр жишээг дурдаж болно. Гэвч чин үнэнээсээ биш юм шиг санагдах ерөнхий эсвэл тодорхой бус магтаалыг бүү хуваалц.

Суралцагчдыг тэр үед леменчүүдэд заахад тулгарч байсан хүндрэлүүдийг бодон Алма 17:13–16-г дор бүрнээ чимээгүй уншихыг хүс.

  • Мозаягийн хөвгүүд зовж зүдэрсэн ч яагаад леменчүүдийн дунд явах хүсэлтэй байсан бэ? (Aлмa 17:16-г үзнэ үү; мөн Moзая 28:1–3-ыг үз.)

Aлмa 17:17–39

Аммон Лемонай хааны зарц болж, хааны сүргийг хамгаалсан нь

Алма 17:18–20-ийг энэ номлогчдыг уг нутгийн өөр өөр хэсгүүдэд сайн мэдээг номлохоор явахаас өмнө Аммон тэдэнд зааж, тэднийг адисалсныг тайлбарлаж, хичээлээ дүгнэ. Тэгээд тэр Ишмэил хэмээх нутаг руу явсан. Түүнийг уг нутагт очиход баривчилж, хааны өмнө аваачсан. Алма 17:21–25-ыг ээлж дараалан чанга уншихыг хоёр суралцагчаас хүс.

  • Аммон хаанд “Би таны зарц байх болно” хэмээн хэлэх нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ? (Aлмa 17:25).

  • Үйлчлэл нь сайн мэдээг хуваалцах боломж руу хөтлөхийг та хэзээ харсан бэ?

Алма 17:26–27-г Аммоныг хааны сүргийг хариулж байхад хэсэг леменчүүд сүргийг нь тараасныг тайлбарлаж, хичээлээ товч дүгнэ.

Суралцагчдыг гурав гурваар нь хэсэг болгон хуваа. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Алма 17:28–32; Алма 17:33–35; Алма 17:36–39. Хэсэг бүр дэх суралцагчдаас эдгээр судрын хэсгүүдийг хоорондоо хувааж авахыг хүс. Дараах асуултуудад хариулт олохын тулд даалгасан судрын хэсгүүдийг суралцагчдаар чимээгүй уншуул. (Та асуултуудыг самбар дээр бичихийг хүсч болно.)

  • Уг түүхийн таны авсан хэсэгт ямар үйл явдал болсон бэ?

  • Энэ нь сайн мэдээг хүлээн авахаар бэлтгэхэд нь хүмүүст хэрхэн тусалсан бэ?

  • Аммон ямар зан чанаруудыг харуулсан бэ?

Хэсгүүдэд хариултаа ярилцах хугацаа өг. Дараа нь асуу:

  • Бид энэ түүхээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр хариултыг хуваалцаж болно. Жишээлбэл: Тэд үйлчлэлээр дамжуулан бид бусдыг сайн мэдээг хүлээн авахад бэлтгэхэд тусалж чадна эсвэл бид Их Эзэний үйлчлэлд байхдаа зоригтой бөгөөд урамтай байж чадна гэж хэлж болно. Та суралцагчдыг эдгээр зарчмыг судрууд дээрээ бичихэд урамшуулан дэмжиж болно.)

Суралцагчдыг сайн мэдээгээр амьдрахдаа сайн үлгэр жишээг харуулахын тулд юу хийж болох тухай дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь. Залуу эмэгтэйчүүдийн хувьд энэ зорилго нь “Сайн үйлс” нэрийн дор Хувийн хөгжил дэвшил дэх эрхэмлэх чанарын нэмэлт туршлагыг биелүүлэхэд нь тусална. Санваартнуудын хувьд энэ зорилго нь Бурханы өмнө хүлээсэн үүрэг гарын авлагын “Санваарын үүргүүд” болон “Христэд ирэхэд бүхнийг урь” гэсэн гарчгийн дор жагсаагдсан үүргүүддээ суралцаж, эдгээрийг биелүүлэхэд нь тусална.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 17. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн бүрэн цагийн номлолын үйлчлэл

Ерөнхийлөгч Томас С.Монсон залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд бүрэн цагийн номлолын үйлчлэлийн үүргийн талаар дараах зөвлөгөөг өгсөн юм:

“Аароны санваартай залуу эрэгтэйчүүд та нар, мөн ахлагч болохуйц залуу эрэгтэйчүүд та нарт: Би та нарт бошиглогчдын заасаар байгаа зүйл болох—зохистой, боломжтой залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой гэдгийг дахин хэлье. Номлолын үйлчлэл нь бидэнд үй олон адислалыг үргэлж өгч байдаг Их Эзэн биднийг биелүүлээсэй гэж хүсэн хүлээдэг санваарын үүрэг, хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд минь, би та нарыг номлолд үйлчлэхээр бэлтгэхэд уриалж байна. Их Эзэнийг төлөөлөхүйцээр өөрсдийгөө цэвэр ариун, зохистой байлга. Эрүүл мэнд болон бат бөх байдлаа сахь. Судраас судал. Семинар, институтийн анги байдаг бол түүнд хамрагд. Миний сайн мэдээг номло номлогчийн гарын авлагаас суралцаж, мэдлэг ол.

“Залуу эгч та нарт хандан хэлэхэд: Залуу эрэгтэйчүүдийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Бид дахин уулзлаа,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 3–4).