97-р хичээл
Aлмa 40
Оршил
Алма хүү Кориантондоо нүглийн үр дагаврын тухай сэрэмжлүүлэхдээ үхлийн дараах амьдралын тухай мөн заажээ. Тэр Есүс Христийн Цагааатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн амилуулагдах болно гэдгийг тайлбарласан. Тэрээр сүнсний дэлхийн тухай мөн нас барсан хүмүүс амилуулалт хүртэл диваажин, сүнсний шорон хоёрын алинд хүлээх нь мөнх бус амьдрал дахь сонголтуудаас нь шалтгаална гэдгийг заасан.
Тайлбар: Энэ хичээл дээр суралцагчид бие биендээ заах боломжтой байх болно. Хичээл эхлэхээс өмнө, хамтрагчдад зориулсан нэмэлт зааварчилгааг агуулсан тараах материалуудыг бэлтгэ. Хичээл заахаар бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд зааварчилгааны хэсэг бүрийг мэддэг бол.
Заах зөвлөмж
Aлмa 40
Алма Кориантонд сүнсний дэлхий болон амилуулалтын тухай заасан нь
Дараах асуултуудыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич:
Суралцагчдыг номлогчид бөгөөд самбар дээрх асуултуудад хариулт эрж байгаа хэн нэгэнтэй уулзах цаг тохирсон гэж төсөөлөн бодоход тэднийг урь. Алма 40 нь хүү Кориантондоо заасан Алмагийн сургаалын үргэлжлэл бөгөөд эдгээр асуултын хариултыг агуулдгийг тайлбарла.
Суралцагчдыг Алма 40:1-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчдаас Алма яагаад хүүтэйгээ амилуулалтын талаар ярилцах болсныг олж мэдэхийг хүс.
-
Алма яагаад амилуулалтын тухай Кориантонд заасан бэ?
-
Та Кориантоны сонголтуудыг эргэн сана. Тэр яагаад амилуулалтын тухай санаа нь зовсон байж болох вэ?
Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Бүлэг бүрд 1, 2, эсвэл 3 гэсэн тоонуудыг өг. Бүлэг бүрийг даалгасан тоонд нь тохирох самбар дээрх асуултуудад хариулан товчхон хичээл заахаар бэлтгэхдээ номлогч хамтрагчид шиг ажиллахад урь. Бэлтгэхэд нь тэдэнд туслахын тулд тэдний тоонд холбогдох зааварчилгааны хуулбарыг тэдэнд өг (доорхийг үзнэ үү). Суралцагчдыг ажиллаж байх үед та тэднийг сонсож, хэрэгтэй бол туслахын тулд анги дотор алхан явж болно.
1-р хамтрагчид—Алма 40:1–5
Асуултууд: Юу бидэнд нас барсны дараа амьдрах боломжийг олгодог вэ? Хэн амилуулагдах вэ?
Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:1–5-ыг ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:
Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа болон суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)
Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дэх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн туслахыг тайлбарла. Та ийнхүү тайлбарлахдаа Есүс Христийн ачаар бүх хүн төрөлхтөн амилуулагдана гэдгийг хүн бүр ойлгосон байх ёстойг анхаар. Та зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:1–5-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.
Амилуулалтын амлалт өөрт чинь яагаад чухал болохыг хуваалц. Та заадаг хүүхдүүдээсээ тэднийг амилуулалтын амлалтад талархдаг шалтгааныг асууж болно.
Заасан үнэнүүдээ гэрчил.
2-р хамтрагчид —Алма 40:6–14
Асуултууд: Бид нас барсныхаа дараа хаашаа явах вэ? Тэнд ямар байх вэ?
Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:6–7, 11–14-ийг ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:
Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)
Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дээрх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн туслахыг тайлбарла. (Алма “гадаад харанхуй” гэдэг хэллэгийг ашиглахдаа Сатан болон зүхэгдсэн хүмүүсийн эцсийн байдлыг хэлээгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь тустай байж болно. Тэрээр тэдний үхэх болон амилуулагдах цагийн хоорондох ёс бусчуудын байдлыг хэлсэн юм. Өнөөдөр бид энэ байдлыг ихэвчлэн сүнсний шорон гэж нэрлэдэг.) Суралцагчид эдгээр шүлгийг уншсанаар үхэл ба амилуулалтын хооронд зөв шударга сүнснүүд диваажинд, ёс бус сүнснүүд сүнсний шоронд байх болно гэдгийг хүн бүр ойлгосон байхад анхаар. Та зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:11–14-ийн дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.
Энэхүү үнэний тухай таны ойлголт энэ амьдралд хийсэн сонголтуудад тань хэрхэн нөлөөлсөн тухай хуваалц. Та зааж байгаа хүүхдүүдээсээ үхлийн дараах амьдралын тухай ойлголт нь тэдэнд хэрхэн тусалсныг асууж болно.
Заасан үнэнүүдээ гэрчил.
3-р хамтрагчид —Алма 40:21–26
Асуултууд: Амилуулалт гэж юу вэ? Бидний амилуулагдсан бие мөнх бус амьдралын үе дэх биеэс ямар ялгаатай байх вэ? Бид амилуулагдсаныхаа дараа юу хийх вэ?
Эдгээр асуултад хариулахдаа Алма 40:21–26-г ашиглахаар бэлтгэ. Та нар бэлтгэх үедээ хамтрагч бүр хичээлийн аль хэсгийг заахыг шийд. Дараах зүйлсийг хийхэд бэлэн бай:
Заах хэсгийнхээ нөхцөл байдлын тухай зарим мэдээллийг өг. (Та нар судруудаас заахдаа хэн, хэнд хандан ярьж байгаа болон суралцагчдад уг хэсгийг ойлгоход нь туслах бүх нөхцөл байдлыг тайлбарла.)
Асуултуудад хариулах шүлгүүдийг унш. Энэ шүлгүүд дэх үнэнүүд нь асуултуудад хариулахад хэрхэн тусалж байгааг тайлбарла. (Та нар заахаар бэлтгэхдээ сүнс гэдэг үг нь энэ шүлгүүдэд хүмүүний сүнсийг хэлж байгааг ойлгох нь тустай байж болно.) Амилуулалт гэдэг нь сүнс болон бие бүх талаар, зохих төгс хэлбэртээ сэргээгдэхээр эргэн нэгдэх болно гэдгийг хэлж байгааг хүн бүр ойлгосон байх ёстойг анхаар. Та нар зааж байгаа хүүхдүүддээ энэ үнэнийг Алма 40:21–23-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.
Бие болон сүнс тань нэг өдөр өөрсдийн зохих мөн төгс хэлбэртээ сэргээгдэхийг мэдэхдээ та нар талархалтай байдаг шалтгаанаа хуваалц. Та нар мөн нэгэн цагт Бурханы өмнө зогсоод, шүүгдэх болно гэдэг мэдлэг тань та нарын сонголтуудад хэрхэн нөлөөлснийг дүрсэлж болно. Зааж буй хүмүүсээс амилуулалт ба эцсийн шүүлтийн сургаалын тухай сэтгэгдлээ хуваалцахыг хүс.
Заасан үнэнүүдээ гэрчил.
Суралцагчид эдгээр асуултад хариулахад бэлтгэсний дараа номлогчийн жүжигчилсэн тоглолтоор бие биедээ заахын тулд тэднийг жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүр нь гурван хамтрагчаас бүрдэх бөгөөд өөр өөр асуултуудад хариулахаар бэлтгэсэн байх ёстой. (Хэрэв анги цөөн хүнтэй бол бүлэг бүрээр ангийнханд бүгдэд нь заалга.) Суралцагчдыг жүжигчилсэн тоглолтын үеэр заах болон бусдаас суралцахдаа энгийн, чөлөөтэй байхад урамшуулан дэмж. Хэрэв суралцагчид зааж байгаа хичээл болон асуултуудад чин сэтгэлээсээ хандвал Ариун Сүнс тэднийг болон тэдэнд зааж байгаа хүмүүст нөлөөлж, урамшуулан дэмжих болно гэдгийг анхааруул. Тэднийг бие биедээ хэрхэн зааж байгааг сонсоод өөрт төрсөн сэтгэгдэл болон мэдрэмжийг хуваалц.
Суралцагчид бүлгүүд болж бие биедээ заасны эцэст, дараах асуултуудын заримыг нь суралцагчдаас асуу:
-
Та нар даалгасан асуултуудад хариулахаар бэлтгэхдээ юу сурсан бэ? Та нар бусад хамтрагчдаар заалгах үедээ юу сурсан бэ?
-
Кориантон ариун явдлын хуулийг сахих талаар асуудалтай байсныг мэдсэнээр үхлийн дараах амьдралын мөн чанарыг ойлгох нь цаашдын уруу таталтуудыг эсэргүүцэхэд түүнд хэрхэн тусалсан байж болно гэж та нар бодож байна вэ?
-
Бидний ярилцсан үнэнүүд өнөөдөр та нарт яагаад хамаатай вэ?
Суралцагчдыг зөв шударга хүмүүсийн эцсийн байдал, ёс бусчуудын эцсийн байдал хоёрын хоорондох ялгааг олж мэдэхийг хичээн, Алма 40:25–26-г дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ ярилцсаны дараа судрын энэ хэсэг нь сайн мэдээгээр амьдрахад шийдвэр төгс байхад тэдэнд хэрхэн нөлөөлснийг хуваалцахыг хүс. Та мөн энэ асуултад өөрөө юу гэж хариулахаа хуваалцахыг хүсч болно. Есүс Христ амилуулалтын адислалуудыг боломжтой болгоход ямар үүрэг гүйцэтгэснийг гэрчил.