76-р хичээл
Алма 11
Оршил
Алма, Амюлек хоёрыг Аммонайхагийн хүмүүст заахаа үргэлжлүүлэх үед Зиезром гэгч хуульч хэрэв Амюлек Бурхан оршдог гэдгийг үгүйсгэвэл түүнд мөнгө өгнө хэмээн амлажээ. Зиезром бас Амюлекийн үгийг гуйвуулж, Есүс Христийн тухай сургаалуудыг нь үнэмшилгүй болгохыг хичээсэн. Амюлек өөрийг нь барихаар оролдож байгаа Зиезромын эсрэг биеэ хамгаалах үедээ нүглээс аврах аврал нь зөвхөн Есүс Христээр дамжин ирнэ гэдгийг гэрчилсэн. Амюлек бас бүх хүн төрөлхтөн амилж, шүүлтийн өдөр “Хүү Христ, мөн Эцэг Бурхан, мөн Ариун Сүнсний тавцангийн өмнө … яллагдахаар” (Aлма 11:44) авчрагдах болно хэмээн гэрчилсэн.
Заах зөвлөмж
Алма 11:1–25
Амюлек Бурханы оршихуйг үгүйсгэ гэсэн Зиезромын уруу таталтыг эсэргүүцсэн нь
Суралцагчдаас хэзээ ч зарахааргүй тийм их үнэ цэнэтэй, өөрсдөд нь байдаг ямар нэгэн зүйлийн талаар бодохыг хүс. Цөөн суралцагчаас бодож олсон зүйлээ, мөн тэдгээр нь тэдэнд яагаад тийм их үнэ цэнэтэй байдгийг хэлэхэд урь.
Алма 11 нь Аммонайхагийн хүмүүст Алма, Амюлек хоёрын заасан түүхийг үргэлжлүүлдэг гэдгийг тайлбарла. Амюлект өөрт нь маш их үнэ цэнэтэй ямар нэгэн зүйлийг мөнгөөр солихыг санал болгосон Зиезром гэгч хуульчтай тэр нүүр тулан тэмцсэн тухайгаа заажээ.
Суралцагчдыг Алма 11:21–22-ыг Зиезром Амюлект хэдий хэмжээний мөнгийг ямар шалтгааны учир санал болгосныг олж мэдэхэд урь. Суралцагчдаар сурсан зүйлийг нь хуваалцуул.
Алма 11:4–19 дээрх Мормоны тайлбарласан нифайчуудын мөнгөний тогтолцоо Зиезромын хээл хахуулийн хэмжээг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг онцлон хэл. Онтай бол маш их үнэтэй мөнгөн зоос гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (Aлмa 11:6, 11–13-ыг үзнэ үү). Нэг онтай нь ойролцоогоор нэг шүүгчийн долоо хоногийн цалинтай тэнцдэгээс (Aлмa 11:3, 11–13-ыг үзнэ үү) үзэхэд зургаан онтай нь нэг шүүгчийн зургаан долоо хоногийн цалинтай тэнцдэг гэсэн үг юм.
-
Зиезромын санал яагаад зарим хүнийг уруу татсан байж болох вэ?
Нэг суралцагчаас Алма 11:23–25-ыг чанга уншихыг хүс.
-
Амюлекийн хариулт түүний тухай юуг харуулсан бэ?
-
Алма 11:25-д өгүүлснээр хэрэв Амюлек саналыг нь хүлээн авсан бол Зиезром юу хийх төлөвлөгөөтэй байсан бэ? Хүмүүс Сатаны уруу таталтад автагдахад түүний хийдэг зүйлтэй энэ нь юугаараа адилхан байна вэ?
Суралцагчдад Амюлек Зиезромын саналыг хэрхэн эсэргүүцэж чадсаныг олж тогтооход нь туслахын тулд дараах дутуу өгүүлбэрийг самбарт бич: Би Их Эзэний Сүнсний эсрэг юуг ч …
Нэг суралцагчаас Алма 11:22-ыг чанга уншихыг хүс. Амюлек энэ мэдэгдлээ дуусгахын тулд ашигласан үгсийг олохыг суралцагчаас хүс.
-
Бид уруу таталтын эсрэг зогсохдоо Ариун Сүнсэнд найдахад туслах өөр ямар үгсийг цэгийн оронд бичиж болох вэ? (“Хийх,” “бодох,” эсвэл “харж байх.”)
Уруу таталтыг хэрхэн ялж чадахаа санахад нь туслах Алма 11:22 дээр үндэслэсэн зарчмыг хэлэхийг суралцагчдаас хүс. Суралцагчдын хариултууд өөр өөр байж болох ч, хариултууд дараах зарчим дээр үндэслэсэн байх ёстой: Бид Ариун Сүнсэнд найдвал уруу таталтыг ялж чадна. (Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Aлмa 11:22-ын дэргэд бичихийг санал болгож болно.)
-
Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх нь уруу таталтыг ялахад бидэнд хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах зөвлөгөөг унш:
“Хэрэв та орох ёсгүй зүйл рүү гулсан орж байгаа бол, эсвэл хэрэв та өөрийг тань буруу зам руу татан оруулж байгаа хүмүүстэй түншилдэг бол та өөрийнхөө бие даасан байдал, сонгох эрхийг эргэн харж шинээр тодорхойлох цаг болжээ гэсэн үг. Сүнсний дуу хоолойг сонс, тэгвэл та буруу замаар удирдагдахгүй.
“… Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд, хэрэв та нар Ариун Сүнсний өдөөлтүүдийг анхааран сонсвол дайсны дайралтуудаас сэргийлэгдэж, бат найдвартай хамгаалагдах болно гэдгийг та нарт амлаж байна” (“Counsel to Youth,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 18).
Суралцагчдад Ариун Сүнсний өдөөлтийн чухлыг ойлгож, мэдрэхэд туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Өсвөр үеийнхэн гэрчлэлийнхээ эсрэг уруу татагдаж болох ямар нөхцөлүүд байж болох вэ?
-
Ариун Сүнсэнд найдахын тулд та юу хийдэг вэ? Тэр нь танд хэрхэн тусалдаг вэ?
-
Ариун Сүнс танд уруу таталтыг даван туулахад хэзээ тусалсан бэ?
Суралцагчдыг итгэлдээ буулт хийн, уруу татагдаж болох дараагийн тохиолдолд Амюлекийн жишээг санаснаар сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь урамшуулан дэмж. Тэд Ариун Сүнсний нөхөрлөлд зохистойгоор амьдарвал үнэний төлөө зогсож, уруу таталтыг давах илүү агуу итгэлийг мэдэрч чадна гэдгийг гэрчил.
Алма 11:26–40
Амюлек Бурханы Хүүгийн тухай гэрчилж, түүний үгийг үнэмшилгүй болгох гэсэн Зиезромын оролдлогыг няцаасан.
Суралцагчдаас хэн нэгэн нь тэдний итгэлийг маргаан эсвэл заль мэхээр эргэлзээ төрүүлж, эсэргүүцэхийг оролдсон эсэхийг асуу. Нэг эсвэл хоёр суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
Зиезром Амюлекийг Бурханы оршдог гэдгийг үгүйсгэхийг ятгаж чадаагүй учраас аргаа өөрчлөн Есүс Христэд итгэх Амюлекийн итгэл рүү дайрч эхэлснийг тайлбарла.
Алма 11:26–35-ыг ээлж дараалан чанга уншихыг цөөн суралцагчаас хүс. Зиезром Амюлекийн үгсийг мушгин гуйвуулахыг оролдсон аргыг олохыг суралцагчдаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Дараа нь нэг суралцагчийг Алма 11:36–37-г чанга уншихад урь. Зиезромын заасан хуурамч сургаалыг Амюлек хэрхэн залруулсныг ажиглахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг зүүвэр тайлбар 34 а-г харахад урь. (Та суралцагчдад зүүвэр тайлбар 34 а-г судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.) Нэг суралцагчаас Хиламан 5:10–11-ийг чанга уншихыг хүс.
-
Бид гэм нүглээ орхиогүй бол аврагдах нь яагаад боломжгүй вэ? Бид гэм нүгэлтэйгээ аврагдах, гэм нүглээсээ аврагдахын хоорондох ялгаа юу вэ?
Нэг суралцагчийг Алма 11:40-ийг чанга уншихад урь. Энэ шүлэгт гэм нүглээсээ аврагдахын тулд бидний дагах ёстой нэгэн зарчим байгааг тайлбарла. Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Есүс Христэд итгэвэл гэм нүглээсээ гэтэлгэгдэж чадна.
-
Есүс Христэд итгэнэ гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?
-
Бид гэм нүглээсээ аврагдахын тулд яагаад Есүс Христэд итгэх хэрэгтэй вэ?
Суралцагчдад Есүс Христэд итгэх итгэл нь наманчлалаар дамжин хэрхэн гэтэлгэл рүү хөтөлдгийг ойлгоход нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг унш.
“Наманчлах боломжтой байхын тулд бидэнд Христэд итгэх хүчтэй итгэл хэрэгтэй. Бидний итгэлд “[Бурханы] зан чанар, төгс байдал, шинж чанарын талаар зөв ойлголтууд” байх ёстой (Lectures on Faith [1985], 38). Хэрэв бид Бурхан бүх зүйлийг мэддэг, хайраар дүүрэн, нигүүлсэнгүй гэдэгт итгэдэг бол өөрсдийн авралын төлөө бүх итгэлээ Түүнд аливаа эргэлзээгүйгээр тавьж чадна. Христэд итгэх итгэл нь Бурханы хүсэлтэй үл нийцэх бидний бодол санаа, итгэл, зан төлөвийг өөрчлөх болно” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 100).
Суралцагчдыг бүлэг болго. Бүлэг бүрээс хэрэв хэн нэгэн залуу хүн тэднээс дараах асуултуудтай адилхан асуулт асуусан бол хэрхэн хариулах байснаа тайлбарлахыг хүс. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
Би наманчилж, нүглээсээ аврагдахын тулд яагаад Есүс Христэд итгэх хэрэгтэй вэ?
-
Есүс Христэд итгэлтэй байх нь нүглээ наманчлахад тань хэрхэн тусалсан бэ?
Бид Есүс Христэд итгэх итгэлтэй байснаар наманчилж, нүглээсээ аврагдан, мөнх амьдралыг хүлээн авч чадна гэдгийг гэрчил.
Алма 11:41–46
Амюлек бүх хүн төрөлхтний амилуулалт болон шүүлтийн тухай заасан нь
Бид эцсийн эцэст амилж, шүүгдэх болно гэдгийг мэдэх нь яагаад чухал болохыг бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг асуу:
-
Хэрэв тэд үхлийн дараа амьдрал байхгүй гэдэгт итгэдэг байсан бол хэрхэн өөрөөр амьдрах байсан бэ?
Амилалт, шүүлт гэсэн үгсийг самбар дээр бич. Суралцагчдыг Алма 11:41–45-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа амилалт болон шүүлтийн тухай чадахынхаа хэрээр их мэдээлэл олоход урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцаж байх үед тэдний хариултуудыг самбар дээр бич. Самбар дээрх өгүүлбэрүүдээс нэг нь дэлхий дээр амьдарсан бүх хүн эцсийн эцэст амилуулагдах болно гэсэн үнэнийг харуулсан эсэхийг нягтал. Алма 11:45 дээрх амилуулалтын талаарх энгийн тодорхойлолтыг онцлон хэл: “Тэд дахин нэгээхэн ч үхэж чадахгүй болно …; тэдний сүнснүүд биестэйгээ хэзээ ч салгагдахгүйгээр нэгдэнэ.” (Та суралцагчдыг энэ үгсийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.) Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцсаны дараа та тэдэнд дараах үнэнийг судрынхаа хуудасны дээд талд бичихийг санал болгож болно: Есүс Христийн Цагаатгалаар дамжин бүх хүн амилуулагдаж, ажил үйлсээрээ шүүгдэх болно.
-
Самбар дээр бичсэн үнэнүүдийн аль нь таныг Бурхантай уулзахаар бэлтгэхэд урамшуулан дэмжиж байна вэ?
-
Амилуулалтын тухай үнэнүүд нь зөв шударга хүмүүст яагаад амар амгалан ба найдварыг авчирдаг вэ?
Суралцагчдыг Алма 11:46-г дор бүрнээ чимээгүй уншихдаа Амюлекийн сургаалууд Зиезромд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхэд урь.
-
Хэн нэгэн яагаад Амюлекийн заасан сургаалд ийм маягаар хүрч болно гэж та бодож байна вэ?
-
Алма 11:41–45 дээрх сургаалуудын аль нь Зиезромыг салгалахад хүргэсэн гэж та бодож байна вэ? Яагаад?
Есүс Христийн Цагаатгалын ачаар бүх хүн амилуулагдаж, “үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр” (Алма 11:44) Бурханы өмнө зогсох болно гэдгийг гэрчил. Суралцагчдад өнөөдөр юу сурсан мөн энэ нь тэдэнд хэрхэн хамаатайг эргэцүүлэн бодох хугацаа өг. Тэгээд тэднийг дараах асуултуудын хариултыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлд нь бичүүл. (Та асуултуудыг самбар дээр бичиж болно.)
-
Та амилуулагдаж, шүүгдэх болно гэж бодсон үед санаа сэтгэл тань ямар байдаг вэ?
-
Та Бурханы өмнө зогсохоор бэлтгэхийн тулд юу хийх ёстой вэ?
-
Амилуулагдаж, шүүгдэх болно гэсэн таны итгэл өдөр бүр амьдрахаар сонгосон арга замд тань хэрхэн нөлөөлдөг вэ?