69-р хичээл
Алма 1–2
Оршил
Алмаг тэргүүн, ерөнхий шүүгч болсны дараахан Нихор гэгч нэгэн хүн өөрийгөө хүмүүсийн дундах номлогч болгов. Тэрээр Сүм болон сүм дэх сургаалуудын эсрэг ярьж, олныг өөртөө итгүүлж, мөн өөрт нь мөнгө өгөхийг ятгав. Нихор Сүмийн итгэлтэй гишүүн байсан Гидеоныг алснаар Алмагийн өмнө авчрагджээ. Нихор санваараар мэргэших нь энэ хүмүүсийн дунд албаар тулгагдваас энэ нь түүний бүрэн устгалын шалтгаан болж Алма түүнд үхэх ял оноов. Сүм өргөжин хөгжиж, хичээнгүй бөгөөд даруу санваартнуудаар удирдагдсан ч санваараар мэргэших явдал үргэлжилсээр байв. Нихорын жаягийг дагагч, зальжин эр Амлисай олон хүнээс дэмжлэг хүлээж, нифайчуудын хаан болохоор оролдсон ч бүтэлгүйтэв. Тэр болон түүний дагалдагчид бослого гаргаж, нифайчуудын эсрэг тулалдаж, эцэстээ өөрсдийн хүчийг леменчүүдийн их цэрэгтэй нэгтгэв. Их Эзэнээр хүчирхэгжсэн нифайчууд олон хүнээ алдсан ч, их цэргүүдийн дайралтыг няцааж чадсан.
Заах зөвлөмж
Aлмa 1
Санваараар мэргэших явдал болон мөрдлөг хавчлага гаарсан ч, олон хүн итгэлдээ үнэнч байсан
Алдартай гэдэг үгийг самбар дээр бич.
-
Алдар хүндийг эрэлхийлэхэд ямар аюулууд учирдаг вэ? Хүмүүсийг зөвхөн алдартай учраас дагах нь ямар аюулд хүргэж болох вэ?
Нихор гэгч хүн Зарахемлад зарим хүмүүсийн дунд нэр алдартай болсныг тайлбарла. Суралцагчдыг Алма 1:2–6-г дотроо чимээгүй уншихдаа Нихор юу заасан болон хүмүүс үүнд нь хэрхэн хандсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэнээ хэлсний дараа доорх асуултуудыг асуухыг бод.
-
Алма 1:4-т Нихорын заасан зүйл яагаад аюултай вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад хэцүү байвал Нихор, тэдний юу хийдгээс үл хамааран “бүх хүмүүн мөнх амьдралтай байна” гэж заасныг онцлон тэмдэглэ. Түүний энэ сургаал наманчлал, ёслолууд болон Бурханы зарлигуудыг сахих ёстойг үл ойшоодог. Мөн Алма 15:15-ыг үзнэ үү.)
-
Энэ сургаалд итгэсэн хүнд ямар үр дагаврууд ирж болох вэ?
-
Нихорын амжилт түүнд хэрхэн нөлөөлсөн бэ? (Алма 1:6-г үзнэ үү.)
Нэг өдөр Нихор дагалдагчдадаа номлохоор явж байх үедээ Лимхайн хүмүүсийг дарангуйллаас чөлөөлөхөд тусалсан, тухайн үедээ сүмд багшаар үйлчилдэг Гидеонтой тааралдсаныг тайлбарлаж Алма 1:7–15-ыг товчлон ярь. Нихор “мөн сүмийн хүмүүсийг тэрбээр зайцуулан удирдаж болохын тулд [Гидеонтой] хурцаар маргалдаж эхлэв; гэвч тэр [Гидеон] Бурханы үгсээр түүнийг зэмлэн түүнийг эсэргүүцэв.” (Алма 1:7). Нихор уурлан хилэгнэж, илдээ сугалан Гидеоныг алав. Сүмийн хүмүүс Нихорыг баривчлан үйлдсэн гэмт хэргүүдийнх нь дагуу шүүхээр тэргүүн дээд шүүгч байсан Алма дээр аваачив. Алма Нихорт үхэх ял оноосон бөгөөд Нихор “ичгүүрт үхлийг үзэв” (Алма 1:15). Та ичгүүртэй гэдэг нь гутамшигтай, шившигтэй эсвэл зохисгүй гэсэн үг болохыг тайлбарлаж болно.
Нихор хүмүүсийн дунд анх удаа танилцуулагдсаныг дүрслэхэд Алмагийн ашигласан үгсийг Алма 1:12-ын эхний хэдэн мөрнөөс хайж олоход суралцагчдыг урь. Суралцагчдыг зүүвэр тайлбар 12 а-г харахад урь. Тэдний анхаарлыг хамгийн эхэнд байгаа 2 Нифай 26:29-д хандуул. Тэднийг энэ шүлгийг дор бүрнээ чимээгүй уншихад урь.
-
Санваараар мэргэших гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөрийнхөө үгээр тайлбарла. Хүмүүсийн хувьд “өөрсдийгөө хорвоогийн гэрэл болгодог” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Энэ нь яагаад аюултай вэ?
-
Нихорын номлол хэрхэн санваараар мэрэгшихийн жишээ болсон бэ?
-
Алмагийн хэлснээр, хэрэв санваараар мэргэших нь хүмүүсийн дунд албаар тулгагдвал юу тохиолдож болох вэ?
-
Бусад хүмүүст өөрийг нь магтаж байхын тулд тэдэнд заах нь яагаад таатай байдаг гэж та боддог вэ?
Нэг суралцагчийг Алма 1:16-г чанга уншихад урь. Бүр Нихорыг үхсэний дараа ч санваараар мэргэших нь хэрхэн мөн яагаад үргэлжилсээр байсныг тогтоохыг ангийнхнаас хүс. Суралцагчдыг сурч мэдсэнээ хуваалцсаны дараа тэднээс асуу:
-
Алма 1:16-д өгүүлснээр санваараар мэргэшдэг хүмүүсийн зорилго юу вэ? (Тэд “баялаг болоод алдрын төлөө” —өөрөөр хэлбэл, мөнгө болон алдар нэр олж авахын тулд санваараар мэргэшдэг.)
Санваараар мэргэших болон үүний үр дагавар нь нифайчуудад олон жилийн турш хор хохирол учруулсныг тайлбарла (Алма 2; 15:15; 24:28-ыг үзнэ үү). Өнөөдөр бид Сүм дотор, мөн Сүмээс гадуур санваараар мэргэшихээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг анхааруул. Бид санваараар мэргэшдэг хүмүүст хууртагдах ёсгүй. Бид сайн мэдээг заах хүч чармайлтдаа санваараар мэргэших хандлага ба үйлдлүүдэд сонор сэрэмжтэй байх ёстой.
-
Сайн мэдээг заах ямар боломжууд танд байна вэ? (Суралцагчдад сайн мэдээг заах олон боломж байгааг олж мэдэхэд нь тусал. Тэд семинар болон өөрсдийн чуулга, ангиудын хичээл, үйл ажиллагаанд оролцох үедээ бие биедээ заадаг. Тэд гэр бүлийнхээ үдшээр гэр бүлдээ зааж чадна. Залуу эрэгтэйчүүд гэрийн багшаар үйлчилдэг. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхэд урьж болно. Тэд одооноос сайн мэдээг бусадтай хуваалцах, бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр өөрсдийгөө бэлтгэж болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Зааварлагчийн хувьд та эсвэл би өгч байгаа захиасдаа, ашиглаж байгаа арга барилдаа, эсвэл хувийнхаа—зан авирт мэдсээр байж, зориудаар өөртөө анхаарал—татах зүйл хийж байвал энэ нь Ариун Сүнсний заах нөлөөллийг нь хаадаг санваараар мэргэшихийн нэг хэлбэр юм” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 66–67).
Хэрэв бид сайн мэдээг заах хүч чармайлтдаа мэдсээр байж, өөртөө бусдын анхаарал татах ямар нэг зүйл хийвэл энэ нь Ариун Сүнсний заах нөлөөллийг нь хаадаг гэдгийг онцлон хэл.
Хүмүүс зааж байхдаа гаргаж болох дараах сэтгэл хөдлөлүүдийн жагсаалтыг унш. Доорх сэдлүүдээс аль нь санваараар мэргэшихийн жишээ байж болохыг мөн яагаад гэдгийг ярилцахад суралцагчдыг урь.
Бусдыг Аврагч руу удирдах
Тэд өөрсдийгөө хэчнээн хөгжилтэй болохыг харуулах гэж хичээх
Бусдад Сүнс мэдрэхэд нь туслах
Өөрийгөө ухаалаг хэмээн харуулахыг хичээх
Бусдад сайн мэдээний үнэнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах
Нэг суралцагчийг Алма 1:26–27-г чанга уншихад урь. Бурханы санваартнууд Нихороос өөрөөр үйлддэг арга замуудыг тодорхойлохыг ангийнхнаас хүс.
-
Нифай үндэстний санваартнуудын жишээ биднийг санваараар мэргэшихээс зайлсхийхэд хэрхэн тусалж чадах вэ?
-
Эдгээр санваартан өөрсдийн Бурханд тууштай үнэнчээ хэрхэн харуулсан бэ?
Санваараар мэргэших нь нифайчуудын дунд зөрчилдөөн, мөрдлөг хавчлагыг өдөөж байсныг тайлбарла. Суралцагчдыг Алма 1:19–33-ыг судлахад бэлтгэхэд нь тусалж дараах асуултуудыг асуу:
-
Та Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүсийг бусад хүмүүс шоолж, элэглэн, эсвэл хавчин гадуурхаж байсныг хэзээ харсан бэ?
-
Та зарлигуудыг сахиснаасаа болж хэзээ нэгэн цагт шоолуулж, элэглүүлж, эсвэл гадуурхагдаж байсан уу? Хэрэв тийм бол танд ямар санагдаж байсан бэ?
Суралцагчдыг Сүмийн гишүүд хавчин гадуурхаж байсан жишээнүүдийг олохын тулд Алма 1:19–20-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Суралцагчид олж мэдсэнээ хэлсний дараа доорх асуултуудыг самбар дээр бичээд суралцагчдыг асуултуудыг дэвтэртээ, эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулан бичихэд урь. Тэдэнд судрын хэсгийг чимээгүй уншаад асуултуудад өөрсдөө хариулах хэсэг хугацаа өг.
Суралцагчдад энэ хэсгүүдийг судлах хангалттай хугацаа өгсний дараа судрын энэ хэсгүүдээс юу сурсныг нь тэднээс асуу. Суралцагчид дараах зарчмуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь тодорхойлж болно:
Хэдийгээр бидний эргэн тойронд байгаа хүмүүс дуулгаваргүй байлаа ч, бид зарлигуудыг дагахдаа гуйвшгүй, тууштай байж чадна.
Бид сайн мэдээний дагуу амьдарвал хавчигдан гадуурхагдлаа ч гэсэн амьдралдаа амар амгаланг мэдэрч чадна.
-
Эдгээр зарчим үнэн гэдгийг та хэзээ ойлгосон бэ?
Aлмa 2
Амлисай бусадтай нийлж эсэргүүцсэн бөгөөд эцэстээ нифайчуудтай байлдахаар леменчүүдтэй нэгддэг
Нихорын үхлээс хойш дөрвөн жилийн дараа нифайчууд ард түмний дэмжлэгийг олж чадсан өөр нэгэн ёс бус хүнтэй учирсан. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Бүлэг бүрийн нэг суралцагчаар Алма 2:1–7-ийг, нөгөө хэсгээр нь Алма 2:8–18-ыг уншуул. Суралцагчдыг өөрсдөд нь даалгасан шүлгүүд дээрээ үндэслэн зөв шударга хүмүүс ёс бус явдлын эсрэг тэмцэхийн тулд юу хийснийг дүрсэлсэн сонины өгүүлэлд нэр өгөхийг зааварчил. Дөрөв, таван минутын дараа суралцагчдыг хамтарч буй хүнтэйгээ өгүүллийн нэрүүдээ хуваалцахад урь. Та цөөн суралцагчаас өгүүллийн нэрээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсч болно.
Суралцагчид судалсан шүлгүүдээ ойлгосон эсэхийг шалгахын тулд дараах асуултуудыг асуу.
-
Амлисай юу хийхийг хүссэн бэ?
-
Алма 2:18-д өгүүлснээр нифайчууд Амлисайн хаан болох гэсэн оролдлогыг яагаад зогсоож чадсан бэ? (“Нифайчуудын гарыг Их Эзэн хүчирхэгжүүлсэн.” Та суралцагчдаа дээрх өгүүлбэрийг судар дээрээ тэмдэглэхийг дэмжиж болно.)
Өсвөр үеийнхэнд өнөөдөр учирч байгаа ёс бус явдлын жишээнүүдийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс. Тэд уруу таталтуудыг дурдаж, мөн бусдын ёс бус явдлаас болж, өөрсдөд нь учирч байгаа бэрхшээлүүдийг дурдаж болох юм. Алма 2-ыг үргэлжлүүлэн судлахдаа өөрсдөд нь тулгарч буй уруу таталт болон сорилтуудыг даван туулах үедээ Их Эзэний тусламжийг хүлээн авч болох арга замуудыг тунгаан бодоход тэднийг урь.
Нифайчуудын дайчид олон мянган амлисайчуудыг ялсан ч үлдсэн амлисайчуудыг леменчүүдийн их цэрэгтэй нэгдэхийг хараад ихэд гайхан цочирдсон гэдгийг тайлбарла (Алма 2:19–25-ыг үзнэ үү). Нифайчуудын их цэрэг Зарахемла хотод хүрч очихоос өмнө нэгдсэн их цэрэг тэдэн рүү дайрчээ. Суралцагчдыг Алма 2:27-оос леменчүүд болон амлисайчуудын нэгдсэн их цэргийн хэмжээг үзүүлсэн үг хэллэгийг олохыг хүс.
Суралцагчдыг хэдэн хором хүлээн, хэрэв тэд Нифайн их цэргийн хэсэг байсан бол тэднийг юу бодож, мөн ямар мэдрэмжтэй байх байснаа төсөөлөн бодоход урь. Нэг суралцагчаас Алма 2:28–31, 36-г чанга уншихыг хүсээд, ангийнхнаас тулалдаан хэрхэн дууссаныг хайж олохыг хүс. Суралцагчид юу сурч мэдсэнээ хуваалцсаны дараа шүлгүүд дэх хүчирхэгжүүлэх, хүчирхэгжсэн гэсэн үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.
-
Алма 2:28-д өгүүлснээр Их Эзэн яагаад нифайчуудыг хүчирхэгжүүлсэн бэ? (Суралцагчид энэ асуултад янз бүрээр хариулж болно. Дараах зарчмыг тогтооход нь тэдэнд тусал: Бид Бурханаас ёс бус явдлын эсрэг зогсоход туслахыг гуйвал Тэрээр биднийг хүчирхэгжүүлэх болно.)
-
Ёс бус нөлөөг бидний амьдралаас бүрмөсөн авч хаяснаас илүү ёс бус явдлын эсрэг тэмцэхэд Бурханаас хүчийг хүлээн авах нь яагаад чухал гэж та боддог вэ?
-
Та ёс бус явдлын эсрэг тэмцэхдээ Алмагийн жишээг хэрхэн дагаж болох вэ?
Дараах асуултуудын нэгэнд хариулж бичихэд суралцагчдыг урь:
-
Таныг ёс бус явдалтай тулгарахад Их Эзэн өөрийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
-
Одоо таны хувьд ёс бус явдлын эсрэг тэмцэж болох нэг арга зам юу вэ?
Суралцагчид хэсэг хугацаанд бичсэний дараа тэднээс цөөн хэдийг нь хариултуудаа хуваалцахад урь. Мөн та хариултуудаа хуваалцаж болно. Их Эзэний тусламжийн төлөө залбиран, өөрсдийн хүч чармайлтад Бурханаар хүчирхэгжүүлэгдэхээр зохистой байсан нифайчуудын жишээг дагахад суралцагчдыг урамшуулан дэмж. Биднийг ёс бус явдлын эсрэг тэмцэхэд Бурхан хүчирхэгжүүлэх болно хэмээн гэрчилж хичээлээ дуусга.