Номын сан
79-р хичээл: Алма 14


79-р хичээл

Aлма 14

Оршил

Аммонайхагийн зарим хүмүүс Алма, Амюлек хоёрын номлохыг сонссоны дараа итгэж, наманчилсан ажээ. Ихэнх хүмүүс уурлаж, Алма, Амюлек болон тэдний үгэнд итгэсэн хүмүүсийг устгахыг эрэлхийлсэн. Алма, Амюлек хоёр баривчлагдаж, шүүх хурлаар таслан шүүгдэж, эцэстээ шоронд оров. Аммонайха дахь ёс бус хүмүүс итгэсэн эрэгтэйчүүдийг хөөж гарган, Алма, Амюлек хоёрыг албадан харуулж байгаад тэдний эхнэр, хүүхдүүдийг мөн судруудыг нь шатаав. Олон хоногийн дараа Их Эзэн Алма, Амюлек хоёрыг шоронгоос гаргаж, Аммонайхагийн ёс бус удирдагчдыг устгасан.

Заах зөвлөмж

Алма 14:1–13

Алма, Амюлек хоёр шоронд орж, итгэсэн аммонайхачууд хөөгдөн, галд шатаагдав

Суралцагчдыг урьд өмнө нь учирч байсан эсвэл одоо учирч байгаа сорилт бэрхшээлүүдийнхээ тухай бодоход урь. Тэгээд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

“Саад тотгор нь янз бүрийн эх сурвалжаас улбаатай байдаг. Магадгүй та дуулгаваргүй байдал болоод бардам зангийнхаа үр дагаврын улмаас хүнд сорилтуудтай тулгарч болно. Зөв шударга амьдрал нь эдгээр хүнд сорилтыг зайлуулж чадна. Бусад сорилт нь амьдралд байх ёстой бөгөөд заримдаа тэдгээр нь таныг зөв шударгаар амьдарч байхад ч ирж болно. Жишээ нь: Хайртай хүмүүс тань өвчин зовлонтой эсвэл тодорхой бус байдал эсвэл нас барсан үед танд хүнд сорилтууд тулгардаг. Саад тотгор нь заримдаа бусдын буруу сонголт, өр өвтгөм үгс болон үйлдлүүдээс үүдэлтэй байдаг.

“Эдүгээ болон мөнх оршихуй дахь таны аз жаргал, амжилт ололт аль аль нь амьдралын хүнд сорилтуудад та хэрхэн хандахаас ихээхэн хамаарна” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын эшлэлүүд [2004], 8–9).

Өнөөдрийн хичээл дээр суралцагчид маш хүнд сорилттой учирсан хүмүүсийн тухай түүхийг ярилцах болно гэдгийг тайлбарла. Эдгээр сорилтын ихэнх нь бусад хүмүүсийн буруу үйлдлээр бий болсон байлаа. Суралцагчдыг энэ хичээл дээр ярилцах үнэнүүд тэдэнд ямар сорилтууд учирснаас үл хамааран өөрсдөд нь хэрхэн хамаатай болохыг бодож үзэхэд урамшуулан дэмж.

Дараах хүмүүсийн нэрс болон үгсийг самбар дээр бич:

Алма, Амюлек хоёр

Зиезром

Эрэгтэй хөрвөгчид

Эмэгтэй хөрвөгчид ба хүүхдүүд

Хэдэн суралцагчийг Алма 14:1–10-ыг ээлж дараалан чанга уншихад урь. Самбар дээр бичсэн хүмүүсийн биеэр туулсан зовлонгуудын жишээг олохын тулд дагаж уншихыг тэднээс хүс.

  • Энэ хүмүүс юунаас болж зовж шаналсан бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

Амюлек эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зовж шаналж байгааг хараад тэднийг аврахын тулд санваарын хүчээ ашиглахыг хүссэн гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Алма 14:11-ийг чанга уншихад урин, Амюлекийн хүсэлтэд Алма юу гэж хариулсныг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Их Эзэн эдгээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг шатаагдахыг яагаад зөвшөөрсөн бэ? (Та энэ шүлгэн дээрх “тэрээр зөвшөөрөх болно” хэллэг нь “тэр зөвшөөрсөн” гэсэн утгатайг тайлбарлаж болно. Үхэл нь тэднийг алсан хүмүүсийн эсрэг гэрч болохын тулд энэ хүмүүс зовохыг Их Эзэн зөвшөөрсөн юм. Мөн Алма 60:13-ыг үзнэ үү).

  • Алмагийн хэлснээр эмэгтэйчүүд, хүүхдүүд Их Эзэнд итгэснээрээ хэрхэн адислагдсан бэ?

Та энэ тодорхой нөхцөлд хүмүүсийг зовж шаналахыг зөвшөөрсөн нь Их Эзэний хүсэл байсан гэдгийг онцлон тэмдэглэж болно. Хэдий тийм ч, энэ нь үргэлж тийм байдаггүй. Их Эзэн тэдэнд хайртай бөгөөд тэднийг амьдралдаа аз жаргалтай, амар амгалан байгаасай хэмээн хүсдэгийг суралцагчдад батал. Хэрэв тэд ямар нэг байдлаар гомдсон эсвэл тэдэнтэй зүй бусаар харьцсан бол тэд асуудлаа шийдэхийн тулд эцэг эх болон Сүмийн удирдагчаас тусламж эрэх ёстой.

  • Их Эзэн бидний зовж шаналахыг зөвшөөрч болох өөр ямар шалтгаанууд байдаг вэ? (Хариултуудад: Тэрээр биднийг буруу шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгох, тэвчээрээ хөгжүүлэх, зовж байгаа бусдын юу мэдэрч байгааг ойлгодог байх мөн Түүнд найдлагаа тавих хэрэгтэй байгааг ойлгохыг хүсдэг зэрэг санаанууд байж болно.)

Самбар дээр дараах үнэнийг бич: Биднийг Их Эзэнд итгэхэд Тэр биднийг зовлон зүдгүүрийн үед хүчирхэгжүүлдэг. Тэгээд нэг суралцагчаас Алма 14:12–13-ыг чанга уншихыг хүс.

  • Алмагийн үгс Их Эзэнд итгэх түүний итгэлийг хэрхэн харуулсан бэ?

Та нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг уншихыг хүсч болно:

Ахлагч Ричард Г.Скотт

“Алма, Амюлек хоёрын үлгэр жишээ нь гэгээрүүлэгч шинжтэй юм. Тэд Аммонайхагийн хүмүүсийн дунд сайныг үйлдэхээр хичээж явахдаа баривчлагдсан. Амюлек өөрийг нь Их Эзэнд илүү итгэлтэй байхад хөтөлсөн илүү сайн боловсорсон хамтрагч болох Алмад итгэсэн. Галд шатаагдаж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг харахаар албадуулсан Амюлек ‘магадгүй тэд түүнчлэн биднийг ч шатаах болно’ хэмээн хэлжээ. Алма түүнд ‘Энэ нь Их Эзэний тааллын дагуу байг’—гэдэг нь маш чухал зарчим. ‘Гэвч … бидний ажил дуусаагүй байна; тиймийн тул тэд биднийг шатаахгүй’ [Aлмa 14:12–13; онцлол нэмэгдсэн] гэж хариулсан” (“To Be Healed,” Ensign, 1994 оны 5-р сар, 8).

“Энэ амьдрал бол онцгой итгэл—Есүс Христэд итгэх итгэлийн туршлага юм. … Итгэх гэдэг нь эхлэлээс эцсийг нь мэдэлгүйгээр дуулгавартай дагах хүслийг хэлнэ (Сургаалт Үгс 3:5–7-г үзнэ үү). Үр жимсийг нь үзэхийн тулд Их Эзэнд тавих таны итгэл найдвар, хувийн мэдрэмж болон туршлага дээр тулгуурласан өөртөө итгэх итгэлээс тань илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг байх ёстой” (“Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 17).

Алма 14:14–29 дээр суралцагчид Их Эзэнд итгэж найдсан Алма, Амюлек хоёрын илүү олон жишээг харах болно гэдгийг тайлбарла. Тэд мөн Түүний ажлыг хийхийн тулд Их Эзэн тэднийг хэрхэн хүчирхэгжүүлснийг харах болно.

Алма 14:14–29

Бурхан Алма, Амюлек хоёрыг шоронгоос гаргаж, Аммонайхагийн ёс бус олон удирдагчийг устгасан билээ

Суралцагчдыг 2 хэсэг болго. Нэг хэсгээр нь Алма 14:14–19-ийг, нөгөө хэсгээр нь Алма 14:20–25-ыг судлуул. Хоёр хэсгээс Аммонайхагийн ёс бус удирдагчдын гарт Алма, Амюлек хоёр юуны улмаас зовж шаналсныг олохыг хүс. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэдний хариултыг “Алма ба Амюлек” гэдэг гарчгийн дор жагсаан бич.

  • Эдгээр сорилтын аль нь таны хувьд хамгийн хэцүү нь вэ? Яагаад?

  • Та хэзээ хүмүүсийг зөв шударга байхыг хичээсэн хэдий ч сорилт бэрхшээлүүдийн улмаас зовж зүдэрч байхыг харсан бэ?

Алма 14:25–29-ийг ээлж дараалан чанга уншихад суралцагчдыг урь. Их Эзэн Алма, Амюлек хоёрыг шоронгоос чөлөөлөхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг тэднээс хүс. Эдгээр зарчмыг илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:

  • Алма, Амюлек хоёр яагаад Их Эзэнээс хүч чадлыг хүлээн авч чадсан бэ? (Aлмa 14:26, 28-ыг үзнэ үү.)

  • Алма, Амюлек хоёрын шоронд байсан туршлагаас бид ямар зарчмуудыг мэдэж болох вэ? (Суралцагчдын хариултууд янз бүр байж болох ч хэрэв бид Их Эзэнд хандан итгэлтэйгээр залбирах юм бол Тэр биднийг зовж байхад хүчирхэгжүүлж, Өөрийн арга зам, Өөрийн цагт чөлөөлөх болно гэсэн үнэнийг тэд хариултдаа оруулсан байх хэрэгтэй. Та суралцагчдад Алма 14:26, 28 дээрх энэ зарчмуудыг тодотгосон өгүүлбэрүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Хүмүүс хүнд хэцүү цаг үе тулгарахад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж болох зарим арга зам юу вэ?

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүнийг даруухан хүлээснээр тэдний амьдралд ирсэн хүчийг гэрчилсэн туршлагаасаа хуваалцахад урь. Тэд хувийн туршлагаас эсвэл өөрсдийн таньдаг хүмүүсийн амьдралд тохиолдсон туршлагаас хуваалцаж болно. Та мөн өөрийн туршлагаас эсвэл таньдаг хэн нэгнийхээ амьдралын туршлагыг хуваалцаж болно.

Их Эзэн Өөрийн арга замаар Өөрийн цагт биднийг хүчирхэгжүүлж, зовлон зүдгүүрээс биднийг чөлөөлөх хүч өгдөг тухай гэрчилж, хичээлээ дуусга. Бид Их Эзэний хүсэлд итгэсэн үед Тэрээр хэцүү бэрхийг даван туулах бидний хүч чадлыг нэмэгдүүлнэ гэдгийг суралцагчдад итгүүл.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 14:7–11. “Их Эзэн тэднийг өөртөө … хүлээн авах болно”

Хэдийгээр бид зөв шударгачуудын үхэлд харамсдаг ч сүнсний дэлхийд авах тэдний шагналыг (Aлмa 40:12-ыг үзнэ үү) мөн тэдний селестиел хаант улс дахь өргөмжлөлийн талаар (С ба Г 76:50–70-ыг үзнэ үү) мэддэгтээ баяртай байдаг. Их Эзэн “надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно” (C ба Г 42:46) хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит ийн тайлбарлажээ:

“Найз нөхөд, хамаатан садныхаа үхэлд уйлахаар би тийм сул дорой хүн гэдэг нь үнэн. Би бусад хүмүүст тохиолдсон гай зовлонг хараад нулимс урсган уйлж мэднэ. Тэднийг уйлбал би тэдэнтэй хамт уйлж чадна. Тэднийг баярлавал би бас баярлаж чадна. Гэвч үхэл дэлхийд ирдэг учраас уй гашуу болох учир шалтгаан надад байхгүй. Үхлээс ирэх аливаа айдас хожмын үеийн гэгээнтнүүдэд байдаггүй. Тэд бие махбодын үхлээс айдаггүй, учир нь үхэл тэдэн дээр Адамын зөрчлөөс болж ирдэг бол Есүс Христийн зөв шударга байдлаар амь тэдэнд ирдгийг тэд мэднэ. Тиймээс тэд үхэвч эргээд амьдарна. Тэд энэхүү мэдлэгтэй байснаар үхэлд ч баяр баяслыг олно. Учир нь тэд дахин босч, шарилаас гаран, эргэн уулзах болно гэдгээ мэддэг” (Conference Report, 1899 оны 10-р сар, 70).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки

“Заримдаа Их Эзэний хүмүүс хөөгдөж туугдан, гадуурхагдан хавчигддаг. Заримдаа Тэрээр итгэлтэй гэгээнтнүүд нь мөнх амьдралд зохистой байж болохын тулд тэднийг бүх зүйлээр нотолж, үхэх хүртлээ Түүний гэрээнүүдийг дагах эсэхийг харахын тулд тэдний бие махбод, сүнс аль алинаар нь зориуд саад бэрхшээл учруулж хүлээдэг. Хэрэв энэ нь бидний хэн нэгнийх нь хувь тавилан байх аваас, ийм байг” гэж заасан (“The Dead Who Die in the Lord,” Ensign, 1976 оны 11-р сар, 108).