Гэрээр судлах хичээл
Мозая 26–Алма 4 (14-р хэсэг)
Оршил
Энэ хичээл суралцагчдад наманчлалын зарчмыг давтаж, Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд шиг—Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөх шаардлагатай байдгийг тунгаан бодох боломжийг олгосон билээ. Энэхүү өөрчлөлтийг амьдралдаа эрэлхийлэхэд нь суралцагчдад хамгийн сайнаар хэрхэн тусалж чадахыг мэдэж болох удирдамжийн төлөө залбир.
Заах зөвлөмж
Moзая 26
Алма ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг хэрхэн шүүх тухай сүнслэг удирдамж хүлээн авсан нь
Хичээлээ эхлэхдээ нэг суралцагчийг Мозая 26-гийн эхэн дэх бүлгийн агуулгыг уншихад урь. Дараах нөхцөл байдлуудыг ангидаа уншиж өг. Суралцагчдаас тухайн нөхцөл бүрд хүнд туслахын тулд тэд юу хийж болох тухай бодохыг хүс.
-
Нэгэн залуу эмэгтэй ноцтой нүгэл үйлдсэн ч бишоптойгоо ярихаас эмээгээд байгаа.
-
Нэгэн залуу эрэгтэй наманчлахыг хүсч байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй байлаа.
-
Нэгэн залуу эмэгтэй өмнө үйлдсэн нүглээ давтаад байгаа учраас Их Эзэн түүнийг дахин уучлахгүй гэж санаа нь зовнидог ажээ.
-
Нэгэн залуу эрэгтэй нүглээ наманчлахаар шийдсэн ч өөрийгөө гомдоосон нэгнийг уучлахаас татгалздаг.
Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Мозая 26:21–23, 29–31. Эдгээр шүлэгт ноцтой гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн талаар Их Эзэнээс Алмад өгсөн илчлэлтүүдийг бичсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Шүлгүүдийг уншин, өмнөх жагсаалт дээр дүрслэгдсэн хувь хүмүүсийн нэгэнд тусалж болох доод тал нь нэг зарчим олж тогтооход суралцагчдыг урь. Хэдэн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Та мөн Мозая 26 дээрх наманчлалын тухай зарчим дээр үндэслэсэн хариулт болон гэрчлэлээ хуваалцаж болно.
Тэд өөрсдөө наманчлахыг хичээснээр Мозая 26-гаас сурсан зарчмуудынхаа нэгийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг нь суралцагчдад сануул. Тэднийг төлөвлөгөөнүүдээ нэг бүрчлэн дагахад нь урамшуулан дэмж.
Мозая 27–28
Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд нүглээ наманчилснаар дахин төрсөн нь
Зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг мэдэрсэн хэн нэгний жишээг суралцагчдад өгөхийн тулд тэдний заримаас нь Далын ахлагч Кэйт К.Хилбигийн хуваалцсан дараах туршлагыг ээлж дараалан чанга уншихад суралцагчдыг урь.
“[Зүүн Европт үйлчилж байсан залуу ахлагч] түүний хамтрагч хоёр дунд эргэм насны Иван гэдэг нэртэй хүнийг олж, түүнд заажээ. … Элэгдэж муудсан хувцас, ширэлдсэн сахал, аливаад эргэлзсэн байдлаас нь сонирхогчийгоо их л хэцүү амьдралтай юм байна гэж бодож болохоор байв. Амьдрал түүний хувьд хатуу хахир, өршөөлгүй байсан гэнэ.
“Өмнө нь шашны ямар ч боловсрол эзэмшээгүй Иванд даван туулах шаардлагатай зүйл их байлаа. Сэргээгдсэн сайн мэдээтэй үл нийцэх зуршлуудаа орхих хэрэгтэй болжээ. Шинэ зарчмуудыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй болов. Иван сурахыг хүсч байсан бөгөөд баптисм хүртэх болон гишүүнээр батлагдахын тулд өөрийгөө хичээнгүйлэн бэлтгэж байлаа. Хувцас нь элэгдэж ноорсон, сахал нь ширэлдсэн хэвээр байсан ч тэр анхныхаа алхмыг хийсэн юм. Иваныг баптисм хүртсэний дараахан номлогч нь өөр газар руу шилжжээ. Тэр дахиад Ивантай уулзаж магадгүй гэж найдаж байв.
“Зургаан сарын дараа номлолын ерөнхийлөгч нь залуу номлогчийг өмнөх салбарт нь буцаан томилсон байна. Гайхсан ч буцаж очихыг маш ихээр яарч байсан ахлагч шинэ хамтрагчтайгаа салбарт ирсэн анхныхаа ням гаргийн өглөө ариун ёслолын цуглаанд эрт иржээ. …
“Ахлагч цугласан цөөн хүмүүсийн бараг бүгдийг нь таньж байв. Гэвч, тэр хамтрагчтайгаа зургаан сарын өмнө зааж, баптисм хүртээсэн нөгөөх хүнээ эдгээр танил царайнуудын дундаас олж харсангүй. Тэр үед ахлагчийн урам хугарч, уйтгар гунигийн мэдрэмж төрөв. …
“Ахлагчийн мэдэрсэн айдас, сэтгэлийн эмзэглэл номлогчийг тэврэхээр нэгэн танихгүй эр яаран ойртож ирсэн үед замхран алга болжээ. Сахлаа цэвэрхэн хуссан, итгэлтэйгээр инээмсэглэх тэр хүний нүүрнээс нинжин сэтгэлийн мэдрэмж гэрэлтэн, тодхон харагдаж байлаа. Цагаан цамц өмсөж, зангиагаа нямбай зангидсан тэр хүн Хүндэтгэлийн өдрийн өглөө цугласан цөөхөн хүнд зориулан ариун ёслол бэлтгэхээр иржээ. Тэр хүнийг ярьж эхлэхэд л ахлагч түүнийг танилаа. Энэ бол тэдний зааж, баптисм хүртээсэн хуучин Иван биш, шинэ Иван байлаа! Ахлагч найзад нь итгэл, наманчлал, уучлалын гайхамшиг биеллээ олсныг харав. Тэрбээр Цагаатгалын үнэн бодит байдлыг олж харжээ.
“… [Иван] баптисм хүртсэнээр цааш үргэлжилдэг хөрвөлтийн үйл явцад урагш ахисаар ‘зүрх сэтгэлийн хангалттай өөрчлөлтийг’ (Алма 5:26) мэдэрсэн ажээ” (“Experiencing a Change of Heart,” Ensign, 2008 оны 6-р сар, 29–31).
Асуулт: Иван хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан ямар нотолгоо энэ түүхэнд байна вэ? (Иваны гадаад төрх өөрчлөгдсөн нь дотроо улам илүү гүнзгий өөрчлөлт гарсныг харуулж байгаа нь тодорхой байна.)
Мозая 27-д Цагаатгалаар дамжуулан өөрчлөлт гарсан өөр нэгэн туршлага байгааг суралцагчдад сануул. Нэг суралцагчаас ангийн өмнө гарч зогсоод Мозая 27-г товчлон ярихад урь. Хэрэв боломжтой бол суралцагч мөн Залуу Алмагийн хөрвөлт гэдэг зургийг үзүүлж болно (Сайн мэдээний Уран зургийн цуглуулга [2009], дугаар 77). Өөр нэг суралцагчаас Мозая 27:24–26-г уншихыг хүс. Тэгээд суралцагчдаас хэн Цагаатгалаар дамжуулан эсвэл “Бурханаар төрөх”-өөр өөрчлөгдөх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчид хариулахдаа дараах үнэний тухай ойлголтоо илэрхийлнэ: Бидний хүн тус бүр Есүс Христийн Цагаатгалаар дахин төрөх ёстой.
Асуулт: Хэн нэгэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан илүү сайн болж өөрчлөгдсөнийг та хэрхэн харсан бэ?
Дээрх түүхэнд номлогч Ивантай уулзсаныхаа дараа өөрөөсөө асуусан дараах асуултуудыг тунгаан бодоход суралцагчдыг урь: “‘Би өнгөрсөн зургаан сард “зүрх сэтгэлийн хэр зэрэг их өөрчлөлтийг” мэдэрсэн бэ?’ … ‘Би “дахин төрсөн” үү?’” (Kэйт K.Хилбиг, “Experiencing a Change of Heart”-аас эш татав 31).
Мозая 27:24, 28-ыг уншихдаа Алмад өөрчлөлтийг авчирсан юуг Алма хийж, мөн юуг Их Эзэн хийснийг хайж олоход суралцагчдыг урь. Хувь хүн, Их Эзэн хоёр зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөд хоёулаа оролцох ёстой гэдэгт тэднийг яагаад итгэдгийг тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Зүрх сэтгэл нь өөрчлөгдөхөөс өмнөх болон дараах Алмагийн ялгааг харуулсан үг хэллэгтэй хүснэгтийг бөглөснийг нь суралцагчдад сануул (2 дахь өдрийн хичээл дээр). 2 дахь өдрийн 2-р даалгавар дээр суралцагчид судар судлах тэмдэглэлдээ “Дараа” гэсэн баганаас амьдралынх нь турш тэднийг дүрслэн харуулахыг найдсан нэг үг хэллэгийг сонгож аваад яагаад гэдгийг тайлбарласан билээ. Бичсэн зүйлээ хуваалцахад зарим суралцагчийг урь. Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт нь Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсныг гэрчил.
Тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хэрхэн өөрчлөгдсөнөө эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Хэрэв тэд хүсвэл бодол санаагаа хуваалцахад тэднийг урь. Та бас Цагаатгалын ачаар хэрхэн өөрчлөгдсөнөө хуваалцаж болно.
Суралцагчдыг Их Эзэнд илүү их ойртож, Цагаатгал амьдралд нь өөрчлөлт гаргаж болохын тулд зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэхийн төлөө хичээн зүтгэхэд урамшуулан дэмж.
Дараах хүснэгтийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр зурах юм уу суралцагч бүрд хувилж бэлтгэ.
Алма болон Мозаягийн хөвгүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Та энэ шүлгүүдээс ямар зарчмыг мэдсэн бэ? Хохирлыг нөхөн төлөх нь яагаад наманчлалын чухал хэсэг гэж та боддог вэ? |
Мозаягийн хөвгүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Та энэ шүлгүүдээс ямар зарчмыг мэдсэн бэ? Та амьдралдаа тохиолдсон ямар туршлагаас сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэлтэй болсон бэ? |
Суралцагчдын нэг хэсгээс хүснэгтийн эхний баганын асуултуудад хариулахыг, нөгөө хэсгээс хоёр дахь баганын асуултуудад хариулахыг хүс. Суралцагч бүрийг бие даалган ажиллуул. Хэсэг бүрээс цөөн суралцагчийг хариултуудаа хэлэхэд урь.
Суралцагчдыг нүглийнхээ улмаас хэн нэгэнд учруулсан хохирлыг нөхөн төлөхийг болон бусадтай сайн мэдээг хуваалцах хүслээ хэрхэн нэмэгдүүлж болох тухай эргэцүүлэн бодоход урь.
Мозая 29 –Алма 4
Хавчигдаж байхдаа ч шударга хэвээр үлдсэн нифайчуудыг Бурхан адисалсан нь
Алмагийн номын эхний бүлгүүд зөв шударга нифайчуудын зовлон бэрхшээл болон хавчлагын үеийг дүрсэлснийг суралцагчдад сануул. Алма 1:25, 27-г дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Эдгээр нифайчууд хавчигдаж байхдаа юу хийснийг олж мэдэхийг тэднээс хүс.
Их Эзэн зөв шударга нифайчуудыг ёс бусчуудаас илүү их хөгжүүлж дэвжүүлэхийн тулд адисалсан гэдгийг онцлон хэл (Алма 1:29–32-ыг үзнэ үү). Амьдралд нь бэрхшээл тохиолдоход эдгээр итгэлтэй нифайчуудын жишээг дагахыг хичээдэг байхыг суралцагчдаас хүс.
Дараагийн хэсэг (Алма 5–10)
Та дахин төрснөө хэрхэн мэдэж болох вэ? Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Суралцагчид Алма 5–10-ыг судлах үедээ хэрэв тэд дахин төрсөн бөгөөд зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлт гарсныг мэдэрсэн эсэхдээ дүгнэлт өгөхийн тулд өөрсдөөсөө асууж болох зарим асуултыг олох болно. Түүнээс гадна, тэд Цагаатгалын цар хүрээ, хүчний тухай илүү сайн ойлгох болно.