Номын сан
Гэрээр судлах 16-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Алма 11–16 (16-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчид Алма 11–16 (16-р хэсэг)-г судлахдаа сурч мэдсэн сургаал болон зарчмуудын дараах хураангуйг энэ хичээлийн хэсэг болгон заахад зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

Нэг дэх өдөр (Алма 11)

Амюлек Зиезромтой маргалдсан жишээгээр дамжуулан суралцагчид бид Ариун Сүнсэнд найдсанаар уруу таталтыг давж чадна гэдгийг сурсан. Амюлек Зиезромд болон Аммонайхагийн хүмүүст заахдаа Аврагчийн үүргийн талаарх дараах сургаалыг онцлон тэмдэглэсэн: Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь гэм нүглээс гэтэлгэгдэх үйл явцын эхлэл юм. Бүх хүмүүс Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан амилуулагдаж, үйлс үйлдлээрээ шүүгдэх болно.

2 дахь өдөр (Алма 12)

Алма Амюлекийн адилаар Зиезромд болон Аммонайхагийн хүмүүст заасан. Тэр чөтгөрийн санааг тайлбарлаад Зиезром чөтгөрийн хүчинд байсныг хэлсэн. Алма, Амюлек хоёр дайсныхаа уруу таталтыг мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусалж чадна гэдгийг жишээгээр харуулсан. Биднийг Их Эзэний үгсэд анхаарал тавьж, хичээнгүй хандсан тэр хэмжээгээр Тэрээр сүнсний үнэнүүдийг бидэнд илчилдэг гэдгийг ойлгоход нь Алма хүмүүст тусалж байв. Тэр мөн бид үг хэл, үйлс үйлдэл, бодол санаагаараа Бурханы өмнө үүрэг хүлээх болно гэдгийг тайлбарлаж, Эцсийн шүүлтийн тухай заажээ. Тэрээр мөнх бус амьдрал бол бидний хувьд Бурхантай уулзахаар бэлтгэх цаг гэдгийг онцлон тэмдэглэсэн.

3 дахь өдөр (Алма 13)

Бурхан Зиезром болон хүмүүст дэлхийн үүслээс өмнө санваартнуудыг томилсон гэдгийг Алма сануулсан. Агуу итгэлийг хөгжүүлж, зөв шударга үйлсийг сонгосон эрэгтэйчүүд бусдыг Бурханд авчрахын тулд Мелкизедек санваарыг хүлээн авдаг. Суралцагчид Мелкизедек болон түүний хүмүүсийн тухай судлаад энэхүү үнэнийг тусгаж авдаг: Биднийг наманчлах урилгад даруухнаар хариулахад Ариун Сүнс биднийг Их Эзэний амралт руу хөтөлдөг.

4 дэх өдөр (Алма 14–16)

Суралцагчид гэм зэмгүй эмэгтэйчүүд болон хүүхдүүд ёс бус хүмүүсийн гарт үхсэн тухай уншсан. Тэд Их Эзэн шүүлтээ шударга байлгахын тулд зөв шударга хүмүүсийг ёс бусчуудын гарт зовохыг зөвшөөрдгийг заадаг бошиглолын үгсийг эргэцүүлэн бодсон. Суралцагчид Алма, Амюлек хоёрын амьдралаас бид Их Эзэнд итгэвэл Тэрээр биднийг зовлон бэрхшээлийн үед хүчирхэгжүүлдгийг ажиглаж мэдсэн. Хэрэв бид итгэлтэйгээр Их Эзэнд хандан залбирвал Тэрээр биднийг зовж байхад хүчирхэгжүүлж, Өөрийн арга зам болоод Өөрийн цагт биднийг чөлөөлөх болно.

Оршил

Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст зааж эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгарсан. Тэднийг нэлээд хэдэн мөнхийн үнэний тухай тайлбарласны дараа олон хүн “наманчилж, мөн судруудыг судалж эхлэв” (Aлмa 14:1). Алма 11–16 дахь түүхүүд нь үнэний тухай гэрчлэлийнхээ төлөө хүмүүсийн хийхийг хүссэн золиослолуудыг харуулдаг. Энэ бүлгүүд нь бас ёс бусчууд “зөв шударгыг үйлдэгчдийг зайлуулах” аваас Их Эзэн тэднийг “өлсгөлөнгөөр, мөн тахлаар, мөн илдээр” цохино гэсэн баталгаагаар хангадаг (Aлма 10:23). Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст хэрэв тэд наманчлахгүй бол Бурханы шүүлт тэдэн дээр ирнэ гэдгийг сэрэмжлүүлсэн. Аммонайхагийн хүмүүс наманчлах дуудлагаас татгалзсан учир хожим нь тэднийг леменчүүдийн их цэрэг устгасан юм.

Энэ хичээл Алма 14–15 дээр төвлөрөх болно. Түүнээс гадна, та энэ долоо хоногт төлөвлөсөн бусад бүлгээс үнэнүүдийг заах буюу нэгтгэн дүгнэж болно.

Заах зөвлөмж

Aлмa 14–15

Зовж зүдэрч байхдаа Өөрт нь итгэсэн хүмүүсийг Бурхан адисалдаг

Бусдын буруу сонголтоос болж гэм зэмгүй хүмүүс зовж зүдэрч байгаа өнөөгийн тохиолдлуудаас жишээ дурдан, өнөөдрийн хичээлээ эхлэхэд анхаар. Эсвэл сайн мэдээний тухай гэрчлэлээсээ болоод хавчигдаж байгаа зөв шударга хүмүүсийн жишээнүүдийг хуваалцахыг та суралцагчдаас хүсч болно. Цөөн жишээг ярилцсаны дараа, хэдэн суралцагчийг Алма 14:7–11 болон Алма 60:13-ыг чанга уншихад урь.

Асуулт: Зөв шударга хүмүүс заримдаа ёс бусчуудын гарт зовох нь зөвшөөрөгддөг талаар эдгээр шүлгүүдэд өгөгдсөн шалтгаанууд нь юу вэ? (Алма 14-ийг судлахдаа суралцагчдын ойлгосон нэг үнэн нь Их Эзэн шүүлтээ шударга байлгахын тулд зөв шударга хүмүүсийг ёс бусчуудын гарт зовохыг зөвшөөрдөг гэсэн үнэн юм.)

Бурханы шударга ёс ба нигүүлсэл нь үхлийн дараа ч гэм нүгэлтэй хүмүүст хариуцлага хүлээлгэж, зөв шударга хүмүүст нигүүлсэл үзүүлдэг гэдгийг тайлбарла. Тэгээд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын дараах үгсийг хуваалц:

“Бүх зүйл үхлээр дуусдаг бол энэ бүх зовлон зүдгүүр нь шударга бус байж болох ч энэ нь тийм биш юм. Амьдрал бол нэг үзэгдэлтэй жүжиг биш. Үүнд гурван үзэгдэл бий. Бидэнд мөнх бус байдлын өмнөх оршихуй хэмээх өнгөрсөн үзэгдэл бий, бид одоо мөнх бус байдал хэмээх тавигдаж байгаа үзэгдэлтэй мөн бидэнд Бурхан дээр эргэж очих ирээдүйн үзэгдэл бий. … Бид шалгагдаж, соригдохоор мөнх бус амьдрал руу илгээгдсэн билээ [Aбрахам 3:25-ыг үзнэ үү]. …

Паулын хэлснээр “Бидний өнгөрсөн болон өнөө үеийн зовлон зүдгүүрийг үүрд мөнхөд ‘бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй’ юм [Ром 8:18]. ‘Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой. Иймийн тул их алдар суугийн титэм өмсөх тэрхүү өдөр ирнэ’[С ба Г 58:4]. Тиймээс зовлон бэрхшээл нь селестиел хаант улсад ороход тусалдаг гэдэг ойлголтын үүднээс ашигтай зүйл юм. …

“Энэ нь бидэнд юу тохиолдож байгаа нь бус харин бид өөрсдөдөө тохиолддог зүйлд хэрхэн ханддаг нь чухал юм” (“Where Do I Make My Stand?” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 19–20).

Зовлон зүдгүүр нь бидэнд итгэлээ хүчирхэгжүүлж, өргөмжлөлийг хүлээн авахад тусалдгийг тайлбарла. Бид сорилт бэрхшээлийн үед итгэлтэй хэвээр үлдэх нь Бурхан болон Түүний төлөвлөгөөнд бүрэн итгэж байгааг харуулдаг бөгөөд ийм байдлаар бидний итгэл хүчирхэгжиж, бид эцсийг хүртэл тэвчих чадвартай болдог.

Дараах асуултуудыг асуу:

  • Мөнх бус байдлын өмнөх болон дараах амьдралыг багтаан авралын төлөвлөгөөний тухай гэрчлэлтэй байх нь мөнх бус амьдралд бидэнд тохиолддог зовлонгуудыг хэрхэн хөнгөлдөг вэ?

  • Та энэ долоо хоногт Алма 14–15 -аас сурч мэдсэн зүйлсээ бодож үзвэл зөв шударга хүмүүс зовлон бэрхшээл үзсэн үедээ ямар арга замуудаар адислагддаг вэ?

  • Бид зовлон бэрхшээлийнхээ үед Бурханд итгэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

Алма 14:26 дахь Алмагийн асуултуудыг Иосеф Смит Сургаал ба Гэрээ 121:3 -т асуусан асуултуудтай суралцагчдаар харьцууулалт хийлгэ. Дахин асуух: Алма 14:26-д өгүүлснээр Алма, Амюлек хоёр зовлон бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?

Бошиглогч Иосеф Смит Миссурид шоронд байхдаа Сургаал ба Гэрээ 121:3-т цэдэглэгдсэн асуултуудыг асуусныг тайлбарла. Иосеф Смит Алма, Амюлек хоёроос ялгаатай нь шоронгоос тэр даруй суллагдаагүй юм. Түүний залбиралд өгсөн Бурханы хариултаас бид юу сурч болох вэ? (С ба Г 121:7–9; 122:4–9-ийг үзнэ үү.) Дараах үнэн нь суралцагчдын энэ долоо хоногийн хувиараа судлах цаг дээр онцлон тэмдэглэгдсэн: Хэрэв бид итгэлтэйгээр Их Эзэнд хандан залбирвал Тэрээр биднийг зовлон дунд хүчирхэгжүүлж, Өөрийн арга зам болоод Өөрийн цагт биднийг чөлөөлөх болно.

Дараах асуултуудыг асуу:

  • Таныг соригдож байхад Их Эзэн хэрхэн тусалсан бэ?

  • Таныг Түүний хүсэлд захирагдаж, Түүний цагийг хүлээн зөвшөөрөхөд юу тусалсан бэ?

Зиезром, Амюлек хоёр хоёулаа зовон шаналж байх үедээ Бурханд итгэсэн бөгөөд Түүний хүсэл болон Түүний цагийн дагуу шагналаа хүртсэнийг ойлгоход нь суралцагчдад тусал.

Нэг хэсэг суралцагчдыг Алма 15:5–12-ыг уншин, Их Эзэнд хандах Зиезромын итгэлийн өсөлтийг харуулсан мэдээллийг хэрхэн хайж олохыг зааварчил. Нөгөө хэсгийг Алма 15:16, 18-ыг судлан, Амюлек Их Эзэний үйлчлэлд юу золиосолсон тухай мэдээллийг эрж олох зааврыг тэдэнд өг.

Суралцагчдыг Их Эзэнд итгэж, тэдэнд тохиолдох бэрхшээл, зовлонд Түүний хүсэл болон цагийг хүлээн зөвшөөрөхөд урамшуулан дэмж. Бурхан Өөрийн хүч нөлөөг олон янзын гайхамшигтай болон хувийн арга замуудаар үзүүлдгийг тэдэнд батал.

Төгс эзэмших судрын дүгнэлт

Энэ хичээл нь Мормоны Номын семинарын сургалтын төлөвлөгөөний нэг хэсэг нь юм. Суралцагчдад төгс эзэмших судрын мэдлэгээ бэхжүүлэхэд туслахын тулд судалсан 13 судрынхаа хэсгийг хэр зэрэг сайн мэддэгийг нь шалгахаар тэдэнд таавар эсвэл тест өгөхөд анхаар. Та номын хавчуурга дээрх түлхүүр үгсийг өгснөөр суралцагчдаар судрын зөв эшлэлийг бичүүлэх буюу энгийн аман болон бичгийн тааврыг бэлтгэх эсвэл суралцагчдын чээжилсэн судрын зарим хэсгийг давтаж болно. Энэ хичээлийн үргэлжлэх хугацаа нь сорилго (тест) юм уу таавраар шалгах боломж олгож болох юм, эсвэл та суралцагчид урьдчилан бэлтгэхийн тулд сорилттой гэдгийг зарлаж болно.

Дараагийн хэсэг Алма 17–24

Мозаягийн хөвгүүд ёс бус, харгис хүмүүст номлохоор явжээ. Эхлээд тэд олон зовлон зүдгүүрийг туулдаг ч сайн мэдээг леменчүүдэд номлосноор гайхамшгууд тохиолддог. Аммон Бурхан болон хаанд үнэнч байсан нь хэрхэн маш олон зөв шударга үйлсийг авчирсныг ажигла.