Номын сан
102-р хичээл: Алма 49–51


102-р хичээл

Алма 49–51

Оршил

Моронайн батлан хамгаалах бэлтгэл нь нифайчуудыг дайснаас нь хамгаалахад чухал байв. Нифайчууд өөрсдийнх нь хүмүүсийн дунд эсэргүүцэл, ёс бус явдал газар авч тэднийг сулруулах хүртэл леменчүүдээс өөрсдийгөө амжилттай хамгаалж байв. Мориантон ба хааныг хүсэгч хүмүүс ард түмнийг хагаралдуулахыг хичээж, зөрчил сөргөлдөөн үүсгэв. Моронай хагарал ба зөрчилдөөнийг арилгаж, амар амгаланг тогтоохыг хичээв.

Заах зөвлөмж

Алма 49; 50:1–24

Нифайчууд бэхлэлт барьж, хөгжиж дэвжин, эрх чөлөөгөө хамгаалсан нь

Дараах зохиомжийг ангидаа уншиж өгөөд холбогдох асуултуудыг асуу (эсвэл зохиомж болон асуултуудыг өөрөө зохио):

Залуу эрэгтэй ядарсан ч унтахыг хүссэнгүй, интернэт дээр хайлт хийж эхлэв. Тэрээр порнограф зурагтай сайтууд руу орохоор уруу татагдаж эхэлжээ.

  • Энэ залуу эрэгтэй энэ уруу таталтаас зайлсхийхийн тулд ямар бэлтгэл хийж болох вэ?

  • Ирээдүйд иймэрхүү уруу таталтаас зайлсхийхийн тулд тэр юу хийж болох вэ?

Суралцагчид Алма 49–51-ийг судалснаар леменчүүдээс хамгаалахын тулд ахмад Моронайн хийсэн бэлтгэлийг өнөөдөр Сатанаас хамгаалахын тулд бидний хийх ёстой бэлтгэлтэй хэрхэн харьцуулж болохыг харж чадна гэдгийг тэдэнд тайлбарла.

Амаликая леменчүүдийн их цэргийг тулалдахаар явахыг ухуулж байх үед ахмад Моронай нифайчуудын хотуудыг бэхэлж байсныг тайлбарла. Суралцагчдыг Алма 49:1, 6–7-г дор бүрнээ чимээгүй уншихад урь. Ахмад Моронайн леменчүүдтэй тулалдахад хийсэн бэлтгэл нь Сатаны эсрэг бидний бэлтгэх хэрэгцээтэй хэрхэн адилтгаж болохыг тэднээс асуу. Нифайчууд леменчүүдийн ирээдүйд хийх дайралтуудад хэрхэн бэлтгэснийг олж мэдэхийг хичээн, Алма 49:2–4; 50:1–6-г дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Хэрэв та лемен цэрэг байсан бол эдгээр бэхлэлтийг анх удаа хараад танд ямар бодол төрөх байсан бэ?

Алма 49:8–12-ыг ээлж дараалан чанга уншихыг цөөн суралцагчаас хүс. Леменчүүд нифайчуудын бэлтгэлтэй байдалд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Леменчүүд Аммонайхаг бэхлэгдсэнийг хараад юу хийсэн бэ? (Тэд ухарсан.)

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс:

“Сатан бидний аюултай агуу дайсан бөгөөд биднийг сүйрүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажилладаг. Гэвч “бид Сатаны хүчнээс айж балмагдах хэрэггүй. Хэрэв бид өөрсдөө боломж олгохгүй бол биднийг дийлэх хүч түүнд байхгүй. Тэр үнэхээр хулчгар бөгөөд хэрэв бид бат зогсвол тэр ухрах болно” (“Be Not Afraid,” Ensign, 2002 оны 10-р сар, 4).

Алма 49:18–20, 23-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Суралцагчдыг дагаж уншаад нифайчуудын тулалдаанд бэлтгэсэн байдлыг бид хэрхэн Сатаны эсрэг өөрсдийнхөө хийх сүнсний тулалдаанд бэлтгэх загвар болгон ашиглаж болох талаар бодож үзэхийг хүс.

  • Ахмад Моронай нифайчуудыг леменчүүдээс хамгаалахаар хөдөлмөрлөв. Манай удирдагчид биднийг дайснаас батлан хамгаалахын тулд хэрхэн ажилладаг вэ?

  • Бид Сатаны уруу таталтын эсрэг сүнсний өндөр хэрэм босгохын тулд юу хийж болох вэ? (Хариултуудад өдөр тутмын, үр өгөөжтэй залбирал, өдөр бүр судруудыг судлах, Сүмдээ тогтмол явах, бусдад үйлчлэх, мацаг барих зэрэг нь орж болно.)

Суралцагчдыг дараах асуултуудад хариулан, дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урихыг бодолц. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно.)

  • Та нар сүнсний хамгаалалтын хэрмээ хүчирхэгжүүлэх өдөр тутмын хүч чармайлтаа хэрхэн дүрслэх вэ?

  • Та өөрийгөө сүнслэгээр хөгжүүлэхээр хийж байгаа нэг зүйл эсвэл хийхгүй байгаа нэг зүйлээ сонго. Та өөрийгөө хилэнцийн эсрэг хүчирхэгжүүлэх үйл ажиллагаануудын үр нөлөөг сайжруулахын тулд юу хийж болох вэ?

Нэг суралцагчийг Алма 49:28–30-ийг чанга уншихад урь. Моронайгаас гадна хэн нифайчуудыг леменчүүдээс хамгаалахын төлөө хөдөлмөрлөснийг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Хиламан болон түүний ах дүүс нифайчуудыг зөв шударга байхад тусалснаар Их Эзэний адислалуудыг болон хамгаалалтыг хүлээн авахад нь тусалсныг онцлон тэмдэглэ.

Суралцагчдад Алма 50:10–12-ыг судлах хугацаа өг. Тэгээд тэднээр ангийнхаа хүүхэдтэй дараах зохиомжуудыг ярилцуул. (Хэрэв боломжтой бол хичээл эхлэхээс өмнө зохиомжуудыг тараах материал болгон бэлтгэ. Хэрэв ингэх боломжгүй бол зохиомжуудыг нэг бүрчлэн ярилцах хангалттай цаг гаргаж өгөн нэг нэгээр нь унш.)

  1. Моронай “леменчүүдийн … бүх бэхлэлтийг тусгаарласан.” Залуу эмэгтэй найзуудтайгаа үдийн хоолон дээр хамт байх үедээ хов живээс өөрийгөө хэрхэн “тусгаарлаж” болох вэ?

  2. Моронай нифайчууд болон леменчүүдийн хоорондох шугам буюу хилийг бэхэлсэн. Залуу эрэгтэй, залуу эмэгтэй хоёр ариун явдлын хуулийг сахих болон ёс суртахуунгүй байдал руу орох хоёрын хоорондох шугамыг хэрхэн бэхэлж болох вэ?

  3. Моронайн их цэрэг өөрийн хүмүүсийг дайснаа хамгаалах бэхлэлтүүдийг барьсан. Нэг залуу эрэгтэй мэдээллийн хэрэгсэл дээр (интернэт болон мессеж) дэндүү их цаг зарцуулж байгаагаа мэджээ. Энэ нь гэр бүлдээ тавих түүний халамжийг сулруулж, гэр бүл дэх үүрэг хариуцлагаа үл ойшооход хүргэж байх шиг санагдсан гэнэ. Тэр гэр бүлтэйгээ харилцаагаа хамгаалж, бэхжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Ахмад Моронайн үйлдлүүдээс бид дайсны дайралтаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох тухай сурсан зүйлээ нэгтгэн дүгнэхэд цөөн суралцагчийг урь. Хэрэв бид өөрсдийгөө бэлтгэвэл дайсны дайралтуудыг (уруу таталтууд) эсэргүүцэж чадна гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.

Нэг суралцагчийг Алма 50:1-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас асуу:

  • Энд дурдсан ахмад Моронайн бэлтгэлийн амжилтуудаас өөр ямар нэмэлт санаануудыг энэ шүлгээс сурч болох вэ? (Моронай бэлтгэл хийхээ “зогссонгүй”; тэр хэдийгээр яаралтай арга хэмжээ авах аюул мэдэгдээгүй ч хориглолтуудыг бэхлэхээ үргэлжлүүлсэн.)

Сүнслэг байдлын байнгын хамгаалалтын хэрэгцээг үнэлэхэд суралцагчдад туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг унш:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Бидний эргэн тойрон дахь хүчнүүд эрчимтэйгээр өсөн нэмэгдэх тусам өмнө нь хангалттай юм шиг санагддаг байсан сүнсний хүч хангалтгүй болно. Бидний өмнө нь боломжтой гэж боддог байсан сүнсний хүч чадлын аливаа өсөлт бидэнд илүү агуу өсөлтийг боломжтой болгодог. Сүнсний хүч чадлын хэрэгцээ болон үүнийг олж авах боломж нь аюул тохиолдсон үед бидний дутуу үнэлдэг тэр хэмжээгээр өсөх болно” (“Always,” Ensign, 1999 оны 10-р сар, 9).

Дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич:

Би … -ээр уруу таталтыг эсэргүүцэн зогсоход бэлтгэгдэнэ.

Би … үед бат бэх зогсох болно.

Суралцагчдыг энэ өгүүлбэрүүдийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ гүйцээн бичихэд урь. Суралцагчдыг бичиж дууссаны дараа ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг унш: (Та суралцагчдад энэ өгүүлбэрийг Алма 50:10–12-ын дэргэд судар дээрээ бичихийг санал болгож болно.)

“Алдаагаа залруулж, наманчилснаас бэлтгэлтэй байж сэрэмжлэх нь илүү дээр” ( he Teachings of Ezra Taft Benson [1988], 285).

  • Энэ мэдэгдэл үнэн гэж та нар бодож байна уу? Та нар энэ мэдэгдлийн заадаг зарчмын жишээг хэзээ харсан бэ?

Нифайчуудын бэлтгэл цөөн жилүүдийн агуу хөгжил дэвшил, амар амгаланд хүргэснийг тайлбарла. Амаликая ялагдсандаа хорсож, Бурханыг хараасан бол нифайчууд “Их Эзэн Бурхандаа, … талархал илэрхийлсэн” (Алма 49:28)-ийг онцлон хэл.

Дайн болж байгаа бүсэд амьдарч байгаа нэг найзтай хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Тэр өөрийн эргэн тойрон дахь эх захгүй байдлаас амар амгалан ба аз жаргалыг олох нь боломжгүй гэж боддог ажээ. Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Алма 50:18–23. Суралцагчдыг энэ судрын хэсгийг уншаад найздаа хэлж болох хариултыг олоход урь. Найздаа хэлэх үгсээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Тэдний хариултуудад байх ёстой нэг үнэн нь Бурханд итгэлтэй байх нь үймээн самууны үед ч аз жаргалыг авчирдаг гэсэн зарчим юм. (Та энэ зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно.) Энэхүү үнэнийг зөвхөн дайнд төдийгүй мөн санхүүгийн хямрал, ажилгүйдэл, хайртай нэгний үхэл, гэр бүлийн гишүүдтэй сайнгүй харьцаатай байх, түүнчлэн байгалийн гамшиг зэрэг хувь хүнд тохиолдох сорилт бэрхшээлүүдийн үед хэрэглэж болохыг ойлгоход нь суралцагчдад тусал.

  • Алма 50:18–23-т өгүүлснээр, нифайчууд яагаад аз жаргалтай үед амьдарч байсан бэ?

  • Их Эзэн таныг дуулгавартай байж, уруу таталтын эсрэг өөрийгөө бэхжүүлсний төлөө Өөрийн хүч болон адислалуудыг үзүүлснийг та хэзээ мэдэрсэн бэ?

  • Их Эзэн таныг болон таны мэдэх хэн нэгнийг хүнд бэрх үед нь хөгжил цэцэглэлт, амар амгалан, аз жаргалаар хэзээ адисалсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа та өөрийн амьдралын жишээнээс хуваалцахыг бод.)

Алма 50:25–40; 51

Нифайчуудын хамгаалалт суларсан үед Моронай өөрийн хүмүүсийн дундах эсэргүүцэгчидтэй тулгарсан

(Тайлбар: Энэ хичээлийн үргэлжлэх хугацаанаас хамааран, та үлдсэн материалыг товчлон дүгнэх хэрэгтэй болж мэднэ. Хэрэв та ингэвэл Алма 50:25–40 нь Мориантоны эсэргүүцэл болон үхэл, Пахоран ерөнхий шүүгчээр томилогдсон тухай түүхийг агуулдгийг тайлбарла. Алма 51 нь нифайчуудыг захирах хааныг тохоон томилох тухай хуулийг өөрчлөхийг хичээсэн хааныг хүсэгч хүмүүс хэмээн нэрлэгддэг бүлгийн тухай өгүүлдэг. Тэд энэхүү оролдлогодоо амжилт олсонгүй. Хааныг хүсэгч хүмүүс бүтэлгүйтсэн уурандаа Амаликая болон леменчүүдыг нифайчуудын эсрэг дайтахаар ирэхэд зэвсгээ барин тулалдахаас татгалзжээ. Хуулийн дагуу Моронай тэднийг нэг бол зэвсгээ аван тулалдахыг үгүй бол тэднийг шийтгэх болно хэмээн шаардсан ажээ. Амаликаягийн их цэрэг нифайн олон хотыг эзэлж, олон нифайн амийг хөнөөжээ. Амаликая Өгөөмөр нутгийг эзлэхийг оролдохдоо Тианком болон түүний их цэрэгтэй тулгарсан. Тианком Амаликаяг алж, леменчүүдийн их цэргийн давшилтыг зогсоож чаджээ.)

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Бид эв нэгдэлтэй байвал ялагдахгүй харин хагаралдаж хуваагдвал ялагдах болно.

Суралцагчдыг нифайчуудын дунд хагарал гарсан шалтгааныг дүрсэлсэн шүлэг бүр дэх үгийг олж мэдэхийг хичээн, Алма 50:25–26-г дор бүрнээ чимээгүй уншихад урь.

  • Хүмүүсийн дундах хагарлын шалтгаан юу болсон бэ?

Мориантон болон түүний хүмүүс нифайчуудыг орхин, умард нутаг тийш зугтсаныг тайлбарласнаар Алма 50-ийн үлдсэн хэсгийг дүгнэ. Энэхүү хагарал нь нифайчуудыг эрх чөлөөгөө алдахад хүргэх бий вий хэмээн Моронай айж эмээсэн байв. Тэр Тианком гэгч эрээр удирдуулсан их цэргийг Мориантоны хүмүүсийн явахыг болиулахаар илгээв. Тианкомын их цэрэг Мориантоны хүмүүсийг зорьсон газраа хүрэхээс сэргийлээд Мориантоныг алжээ. Түүний хүмүүсийн үлдсэн нь “энхийг сахих гэрээ хий[сэн]” (Aлмa 50:36). Мориантоны эсэргүүцлийн дараахан улс төрийн аюултай хагарал Нифайн хүмүүсийн дунд газар авч эхлэв. Зарим нифайчууд Пахораныг шүүлтийн суудлаас түлхэн унагааж, өөрсдийн хааныг тавихыг хүссэн ажээ. Үлдсэн хүмүүс нь шүүгчийн засаглалын тогтолцоог хэвээр нь үлдээхийг хүсч байв.

Суралцагчдыг энэхүү хоёр сөргөлдөгч бүлгийн нэрийг олохын тулд Алма 51:5–6-г судлахад урь (хааныг хүсэгч хүмүүс, чөлөөт байдлыг хүсэгч хүмүүс). Хааныг хүсэгч хүмүүсийн учир шалтгааныг Алма 51:8-аас олж мэдэхийн тулд нэг минутын хугацаа суралцагчдад өг.

Дараах үнэнийг самбар дээр бич: Хагарал, зөрчилдөөн бидний амар амгаланг үгүй хийдэг.

  • Алма 50 болон 51 дэх хагарал, зөрчлийн тухай түүхүүдэд энэ зарчим хэрхэн харагдаж байна вэ?

  • Та зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд гэр бүлдээ, найз нөхдийнхөө дунд түүнчлэн хамт олны дотор юу хийж болох вэ?

  • Эв нэгдлээс ирдэг адислалууд нь гэр бүл, чуулга эсвэл ангийг хүчирхэгжүүлэхийг та хэзээ харсан бэ?

Онцлон тэмдэглэх хэрэгтэй гэж үзсэн үнэнүүдийн тухай гэрчил. Дараагийн хэдэн хичээл суралцагчдад зарчмуудыг олж тогтоох мөн нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайнаас сургамж авах илүү олон боломжийг олгох болно гэдгийг сануул.