Номын сан
88-р хичээл: Алма 30


88-р хичээл

Aлмa 30

Оршил

Нифайчууд, леменчүүдийн хоорондох агуу тулалдааны дараа бүх нутагт амар амгалан тогтжээ. Ойролцоогоор хоёр жилийн дараа Корихор гэдэг хүн Бурхан байдаггүй, Христ гэж үгүй, мөн нүгэл гэдэг зүйл байхгүй хэмээн номлож эхлэв. Тэр Сүмийн удирдагчдыг мунхаг уламжлалаа заадаг хэмээн буруутгаж, тэдэнтэй маргажээ. Түүний хуурамч сургаал олон хүнийг ноцтой нүгэл үйлдэхэд хүргэв. Есүс Христийн тухай гэрчилсэн бүх зүйл Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг гэдгийг заасан Алмагийн өмнө Корихор аваачигдсан ажээ. Эцэстээ Корихор Бурханы хүчээр цохигдон хэлгүй болон үнэнд итгэжээ. Хэдийгээр тэр дахин ярьдаг болгохыг Алмагаас хүссэн ч хэрэв тэр ярьдаг болж чадвал хуурамч сургаалаа үргэлжлүүлэн заана хэмээн Алма түүний хүсэлтийг няцаасан. Корихор үлдсэн амьдралынхаа турш зорамчууд хэмээн нэрлэгдэх болсон нифайчуудын урвагчдын бүлгээр бүр дэвслэгдэн үхэх хүртлээ хоол хүнс гуйж явсан ажээ.

Заах зөвлөмж

Алма 30:1–18

Христийг эсэргүүцэгч Корихор Христийн сургаалаар тохуурхав

Хичээл эхлэхээс өмнө ундааны лаазны ёроолд нүх гаргаад дотор нь байгаа зүйлийг гоожуулж гарга. Лаазыг хоосон гэдгийг мэдэгдэлгүй суралцагчдад үзүүл. Хэн үүнийг хүсч байгаа болон үүнд хэдийг төлөх бодолтойг нь асуу. Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэн, лаазыг шалгаад, дотор нь юу байгааг хэлүүл. (Ундааны савны оронд суралцагчдын дуртай ямар нэг зүйлийг буюу хоосон хайрцаг, уут, эсвэл боолтыг та ашиглаж болно.)

  • Хуурамч сургаал энэ ундааны лаазтай яагаад адилхан бэ? (Тэдгээр нь ихэвчлэн гаднах байдлаараа анхаарал татахаар байдаг ч дотроо хоосон байдаг.)

Өнөөдрийн хичээл дээр суралцагчид Корихор гэдэг хүний тухай мэдэх болно гэдгийг тайлбарла. Тэднийг Алма 30-ийг судлах үедээ Корихорын сургаал түүнийг болон бусдыг сүнслэг байдлын хувьд хоосон болгодгийг бодоход урамшуулан дэмж.

Леменчүүдийн эсрэг хийсэн дайны дараа Аммоны хүмүүс (Антай-нифай-лихайн хүмүүс) болон нифайчууд амар амгалангийн үед орсныг суралцагчдад хэл. Тэгтэл Корихор тэр амар амгаланг бусниулсан ажээ. Энэ хүнийг дүрсэлсэн үгсийг олж мэдэхийг хичээн, Алма 30:6, 12-ыг уншихыг суралцагчдаас хүс. (Тэр үг нь Христийг эсэргүүцэгч. Энэ үгийн нэг утга нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайж, мөн Христийг ил, далд эсэргүүцдэг ямар нэг зүйл” юм гэдгийг тайлбарла” [Guide to the Scriptures, “Antichrist,” scriptures.lds.org].)

Дараах дасгалыг тараах материалаар өгөх буюу хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич. Хэрэв та үүнийг самбар дээр бичсэн бол суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахыг хүс. Энэ нь Сатан өөрт нь үйлчилдэг хүмүүсийг хуурамч сургаал ашиглан, нүгэл үйлдүүлэхээр уруу татдагийг харахад тэдэнд тусална.

Христийг эсэргүүцэгч Корихорын хуурамч сургаал

Хуурамч сургаал

Захиас

1. Алма 30:13–14

а. Та ямар нэг зүйлийг хараад энэ нь үнэн гэдгийг мэдэж чадахгүй. Тиймээс та нар Христ байх болно гэдгийг мэдэж чадахгүй.

2. Алма 30:15

б. Нүгэл гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Ямар нэг зүйл зөв эсвэл буруу гэдгийг ялгах бүх нийтийн жишиг гэж байхгүй.

3. Алма 30:16

в. Хүмүүс зөвхөн өөрсдийн хүчин чармайлтаар хөгжин дэвждэг. Цагаатгал гэх мэтийн зүйл нь байхгүй.

4. Алма 30:17 (“хүн бүр … аж төрдөг” гэж эхлээд)

г. Ирээдүйд болох зүйлсийн талаар мэдэх боломжгүй учраас та нар Христэд итгэх ёсгүй, эсвээс бошиглогчид байдаг хэмээн хэлдэг хүмүүсийн үгийг дагах ёсгүй.

5. Алма 30:17 (“хүмүүний хийсэн юу боловч …” гэж эхлээд)

д. Нүглүүдийн уучлал гэдэг бол хуурмаг уламжлалуудаас ирсэн тэнэг санаа юм.

6. Алма 30:18

е. Үхлийн дараа амьдрал гэж байхгүй, тиймээс энэ амьдралын дараах шүүлтийн талаар санаа зовох хэрэггүй.

Суралцагчдыг бүлэг болгон хуваарил. Тэднээс Алма 30:12–18-ыг хамтдаа уншихыг хүс. Тэдэнд дасгалын зүүн талд байгаа Корихорын хуурамч сургаалуудыг баруун талд байгаа сургаалуудын захиасуудтай тохируулах заавар өг. (Хариултууд: 1–г, 2–a, 3–д, 4–в, 5–б, 6–е.)

Корихорын сургаалуудыг судалснаас сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Корихорын сургаалуудтай адил ямар сургаалуудтай та учирч байсан бэ?

  • Алма 30:18-д өгүүлснээр Корихорын сургаал хүмүүсийг юу хийхэд хөтөлсөн бэ?

  • Эдгээр сургаал яагаад хүмүүсийг уруу татагдахад хөтөлсөн гэж та бодож байна вэ?

  • Бид энэ шүлгүүдээс хуурамч сургаалын аюулын талаар юу сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход нь тусал: Сатан биднийг нүгэл үйлдүүлэхээр уруу татахын тулд хуурамч сургаалуудыг ашигладаг.)

Өөрсдийгөө дараах нөхцөлд байгаагаар төсөөлөхийг суралцагчдаас хүс:

Нэгэн найз чинь чамайг видео тоглоом тоглоход урьж байна. Чи найзынхаа гэрт ирээд уг тоглоом нь хүчирхийллийг сурталчилсан бөгөөд зохистой бус хувцасласан дүрүүдтэй болохыг олж мэдэв. Чамайг тоглоомыг тоглохоос түдгэлзэхэд найз чинь яагаад үүнийг тоглохыг хүсэхгүй байгаагаа тайлбарлахыг өөрөөс чинь хүсчээ.

  • Чи юу гэж хэлэх байсан бэ? (Суралцагчид уг тоглоом нь тэдний итгэлийн жишгүүдийг зөрчихөд хүргэдгийг тайлбарлаж болно.)

  • Хэрэв найз чинь чиний итгэл эрх чөлөөг чинь боогдуулж байна хэмээн шүүмжилбэл чи юу гэж хариулж болох вэ?

Алма 30:19–60

Корихор Алмагаас тэмдэг үзүүлэхийг шаардаад Бурханы хүчээр хэлгүй болгогдов

Алма 30:19–30-ийг Корихор нифайчуудын гурван өөр хотод хуурамч сургаалаа зааж байсныг тайлбарлан дүгнэ. Эцэстээ тэр бүх нутгийн ерөнхий шүүгч бөгөөд сүмийн удирдагч Алмагийн өмнө авчрагдсан. Та Корихорын голлох маргаануудын нэг нь сүмийн удирдагчид хүмүүсийг боолчлолд байлгадаг ба—тэдний шашин хүмүүсийг эрх чөлөөгүй болгодог гэсэн санааг онцлон тэмдэглэхийг хүсч болно. Түүнчлэн тэрээр сүмийн удирдагчдыг хүмүүсийн хөдөлмөрөөс хувьдаа баялаг олж авахыг эрэлхийлсэн гэж буруутгасан.

Алма болон бусад сүмийн удирдагчдын эсрэг Корихорын хийсэн зэмлэлүүдийг олж мэдэхийг хичээн, Алма 30:31-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

Алма Корихорт хэрхэн хариулсныг олж мэдэхийн тулд Алма 30:32–35-ыг уншихад суралцагчдыг урь.

  • Та сүмийн удирдагчдын амьдралаас Алмагийн хариулт үнэн гэдгийг хэрхэн мэдсэн бэ?

Ангийн өмнө гарч ирэхийг хоёр суралцагчаас хүс. Тэднээс нэг нь Алмагийн үгийг, нөгөө нь Корихорын үгийг Алма 30:37–45-аас чанга уншихыг хүс. Ангийн үлдсэн хэсгийг Бурхан оршдогийн баталгаа болгон Алмагийн харуулсан зүйлийг олоход урь.

  • Бурхан оршдогийн ямар баталгаануудыг Алма өгсөн бэ? (Та суралцагчдыг хариулахад тэдний хариултыг самбар дээр бичиж болно.) Та суралцагчдыг хариултуудаа судартаа тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно. Ярилцлагын нэг хэсэг болгон бүх зүйлс Бурханыг гэрчилдэг гэдгийг онцлон тэмдэглэ.

  • Алмагийн өгсөн баталгаануудаас аль нь таны хувьд онцгой хүчтэй вэ? Яагаад?

Суралцагчдад бичихэд зориулж хэдхэн минутын хугацаа өг. “Бурхан байдгийг харуулдаг” (Aлмa 30:44) өөрсдийн харсан баталгаануудыг бичихийг тэднээс хүс. Хэдэн суралцагчийг жагсаалтаа бусадтайгаа хуваалцахад урь.

  • Эдгээр баталгаа танд хэрхэн нөлөөлсөн бэ? Эдгээр нь ямар арга замаар таны итгэл болон гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг вэ?

Корихор өөрт нь өгсөн тэмдгүүдийг хүлээн авахгүй, Бурхан оршдог гэсэн тэмдэг үзүүлэхийг Алмагаас шаардсан гэдгийг тайлбарлаж, Алма 30:46–50-ийг хураангуйлан дүгнэ. Хариуд нь Корихор Бурханы хүчээр хэлгүй болгогдсон. Бурханы хүчинд итгэсэн Корихор Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын эсрэг номлох болсон шалтгаанаа бичсэн. Нэг суралцагчийг Алма 30:51–53 дахь Корихорын тайлбарыг чанга уншихад урь.

  • Корихор “эгэл оюунд таалагдах” зүйлсийг заасан хэмээн хэлсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Корихорын сургаал нь зөв шударга сүнслэг хүсэлтэй хүмүүсээс илүүгээр махан биеийн зөв шударга бус хүсэлтэй хүмүүст таалагдсаныг тайлбарлах хэрэгтэй болно.)

Корихор өөрөөс нь зүхэл нь авагдахын тулд залбирахыг Алмагаас хүссэн гэдгийг тайлбарлаж, Алма 30:54–59-ийг хураангуйлан дүгнэ. Хэрэв Корихор ярих чадвараа эргүүлж авбал хүмүүст хуурамч сургаалыг дахин заах болно гээд Алма татгалзсан. Корихор зайлуулагдан, нэг айлаас нөгөөд хэсүүчилж, хоол гуйн явах болжээ. Эцэстээ тэр нифайчуудаас тусгаарлагдсан зорамчууд руу очиж, дэвслүүлэн үхжээ.

Мормоны заасан зарчмуудыг олохыг хичээн Алма 30:60-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс.

  • Мормон энэ шүлэгт ямар зарчмыг заасан бэ?

“Чөтгөр эцсийн өдөр өөрийн хүүхдүүдийг [өөрийн дагагчдыг] эс дэмждэгийг” суралцагчид ойлгосон эсэхийг анхаар.

  • Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг халамжилдаг аргаас юугаараа ялгаатай вэ? (Суралцагчдыг энэ асуултыг ярилцах үеэр та тэдэнд Алма 36:3-ыг уншиж өгөхийг хүсч болно.)

Та суралцагчдынхаа хамт энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 30:52. “Би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс биднийг сайн мэдээний үнэний талаар хүлээн авсан тэмдгүүдээ таньж мэдэхийн ач холбогдлыг ийн заажээ:

“Хэрэв бид Ариун Сүнсний намуухан нөлөөнд автагдахгүй бол Мормоны Номон дахь Христийг эсэргүүцэгч Корихорын адил аюулд өртөхөд бэлэн байх болно. Корихор зөвхөн Бурханд итгэхгүйгээр барахгүй бас Бурхан болон Христ гэж үгүй хэмээн хуурамчаар зааснаар Аврагч, Цагаатгал болон бошиглолын сүнсээр доог тохуу хийсэн юм.

“Корихор Бурханыг эсэргүүцэн, өөрийнхөө замаар чимээгүй явахдаа сэтгэл нь ханаагүй юм. Тэр итгэгчдийг дооглож, бошиглогч Алмаг Бурханы хүч болон Бурхан оршдог гэсэн тэмдгийг үзүүлэн, өөрийгөө үнэмшүүлэхийг шаардсан. Алмагийн хариулт тэр үед байсан шигээ өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна: ‘Танд хангалттай тэмдгүүд байсан; та Бурханаа сорих гэж үү? Танд эдгээр бүх ах дүүсийн чинь, мөн түүнчлэн бүх ариун бошиглогчдын гэрчлэл байхад, надад тэмдэг үзүүл хэмээн хэлэх гэж үү? Судрууд таны өмнө дэлгээстэй байна, тийм ээ, мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм. [Алма 30:44.]

“Эцсийн эцэст Корихор тэмдгийг хүлээн авсан. Тэр хэлгүй болсон. ‘Мөн Корихор гараа сунгаж мөн бичиж, өгүүлсэн нь: … мөн би Бурханы хүчээс өөр юу ч үүнийг миний дээр авчирч чадахгүйг мэднэ; тийм ээ, мөн би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан.’Алма 30:52.

“Ах эгч нар аа, Бурхан амьд гэдгийг та нар бодгалийнхаа гүнд аль хэдийнээс мэддэг билээ. Та нар Түүний тухай бүхнийг мэдэхгүй, мөн Түүний бүх арга замуудыг ойлгохгүй байж болно. Гэвч итгэлийн гэрэл та нар дотор Бурханы Сүнс болон та нарын хамт төрсөн Христийн гэрлээр сэрээгдэж, эрчимжихийг хүлээж байдаг” (“Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христийг мэдэхийг эрэлхийлэх нь,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 31–32).

Хэвлэх