Номын сан
100-р хичээл: Алма 43–44


100-р хичээл

Алма 43–44

Оршил

Алма болон түүний хөвгүүд сайн мэдээг номлохоо үргэлжлүүлж байх үед зорамчууд нифайчууд руу довтлохын тулд леменчүүдийн их цэрэгтэй нэгдэв. Ахмад Моронай өөрсдийгөө леменчүүдийн их цэргээс хамгаалахаар нифайчуудыг удирдахдаа итгэл болон мэргэн ухааныг харуулсан билээ. Хэдийгээр тэд тоогоор цөөн байсан ч, нифайн цэргүүдийн бэлтгэл болон Есүс Христэд итгэх итгэл нь тулалдаанд тэдэнд давуу байдлыг хангаж өгсөн ажээ. Леменчүүд ялагдал хүлээснийхээ дараа энхийн гэрээ байгуулж, түр хугацаагаар тэдний нутгаас гарч явсан.

Заах зөвлөмж

Aлмa 43

Ахмад Моронайн бэлтгэл болон байлдааны бодлого нь леменчүүдийн их цэргийн төлөвлөгөөг тасалдуулахад тусалсан нь

Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ ирээдүйн төлөвлөгөө, тавьж байгаа зорилго, хүсэл тэмүүллээ бичихэд урь. Тэднийг бичих үед номлолд үйлчлэх, ариун сүмд лацдан холболт хийлгэх, гэр бүлээ төвхнүүлэн өсгөх зэрэг сүнслэг зорилго, хүсэл тэмүүллийн тухай бодохыг сануул. Хичээл эхлэхээс өмнө, та өөрийнхөө ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллийн тухай жагсаалт хийхийг хүсч болно. Та суралцагчдад бичихэд нь туслах жишээ болгон өөрийн зарим төлөвлөгөө, хүсэл эрмэлзлэлээсээ хуваалцаж болно.

Суралцагчдыг жагсаалтаа хийсний дараа Сатан тэдгээрийг биелэгдэхийг нь хүсэхгүй байх гэж бодож байгаа зорилго, хүсэл эрмэлзлэлээ тодорхойлоход урь. Цөөн суралцагчийг ийнхүү тодорхойлсон зорилгуудаа хуваалцахад урь. Сатан яагаад тэдний зорилгуудыг биелэгдэхийг хүсэхгүй байхыг тайлбарлахыг тэднээс хүс. Та мөн тэд яагаад эдгээр зорилгыг биелүүлэх тухайд ийм хүчтэй мэдрэмжтэй байгааг тэднээс асууж болно. Алма 43–44-ийг судлах нь биднийг зөв шударга зорилгуудаа дайсны сүйрүүлэгч хүч чармайлтыг үл харгалзан хэрхэн биелүүлэхийг харахад тусалдаг.

Зорамчуудыг Сүмд эргүүлэн авчрах гэсэн Алмагийн хүч чармайлтыг тэднээс олон нь үл тоомсорлон, леменчүүдтэй нэгдэж, нифайчууд руу довтлохоор бэлтгэснийг тайлбарлаж, Алма 43:1–4-ийг хураангуйлан дүгнэ. Тэд ч мөн зорамчуудтай адил нэгэнтээ нифайчууд байсан ч үнэнээс нүүр буруулсан амалекайчуудтай нэгдсэн ажээ.

Нэг суралцагчийг Алма 43:5–8-ыг чанга уншихад урь. Леменчүүдийн удирдагч Зерахемнагийн төлөвлөгөө эсвэл “санаануудыг” олж мэдэхийг хичээн, дагаад уншихыг суралцагчдаас хүс.

Бид Мормоны Номон дахь биет тулалдаануудын тухай түүхийг судалдаг ч эдгээрийг бидэнд тулгарч байгаа сүнсний тулалдаануудтай адилтгаж болно гэдгийг тайлбарла.

  • Нифайчуудын эсрэг Зерахемнагийн төлөвлөгөө бидний эсрэг Сатаны төлөвлөгөөтэй хэр адилхан байна вэ?

Нэг суралцагчийг Алма 43:9–12-ыг чанга уншихад урь. Нифайчуудын төлөвлөгөөг олж тогтоохыг суралцагчдаас хүс.

  • Нифайчуудын төлөвлөгөө юу байсан бэ?

Суралцагчдыг Алма 43:16–19-ийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Тэднийг нифайчуудын ерөнхий ахмад Моронай газар нутаг болон гэр бүлүүдээ хамгаалахын тулд хүмүүсээ бэлтгэхээр юу хийснийг олж мэдэхэд урь.

  • Леменчүүдийн дайралтад бэлтгэхийн тулд нифайчууд ямар онцгой зүйлсийг хийсэн бэ?

Нэг суралцагчийг Алма 43:20–22-ыг чанга уншихад уриад нифайчуудын бэлтгэлтэй байдалд леменчүүд хэрхэн хандсаныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Леменчүүд хэдийгээр нифайчуудаас тоогоор илүү байсан ч яагаад тэдэн рүү дайраагүй вэ?

  • Бид энэ үйл явдлаас Сатаны төлөвлөгөөнөөс өөрсдийгөө хамгаалах талаар юу сурсан бэ?

Моронай дайснаа дараагийн удаа хэрхэн дайрахаар төлөвлөж байгааг мэдээгүй үедээ хийсэн зүйлийг олж мэдэхийн тулд Алма 43:23–24-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.

  • Моронай яагаад туршуулуудаа Алматай яриулахаар илгээсэн бэ?

  • Моронайн жишээ бидэнд сүнслэг байдлаараа дайсныхаа эсрэг хэрхэн бэлтгэгдсэн байх талаар юу зааж байна вэ? (Дараах зарчмыг тогтооход нь суралцагчдад тусал: Хэрэв бид бошиглогчийн зөвлөгөөг эрэлхийлж, дагавал өөрсдийгөө дайснаас илүү сайн хамгаалж чадна.)

Алма 43:25–43-ыг Моронай бошиглогчоос хүлээн авсан мэдлэг дээрээ үйлдсэнийг өгүүлснээр товчлон дүгнэ. Тэр их цэргээ хоёр хэсэг болгон хуваасан. Нэлээд тооны цэрэг Жершон хотод Аммоны хүмүүсийг хамгаалахаар үлдсэн. Үлдсэн цэрэг нь Мантайн нутаг руу хээрийн аянаар хөдөлжээ. Моронай леменчүүд хаана байгааг тандуулахаар туршуулуудаа илгээж, зарим цэргээ леменчүүдийн явж болох замын дагуу нуувчинд байрлуужээ. Леменчүүдийг ирэхэд нифайчуудын байлдагчид тэднийг бүслэв. Леменчүүд бүслэгдсэнээ хараад онцгой ширүүн тулалдав. Олон нифай хүн алагдсан ч леменчүүдийн дундаас бүр илүү олон нь алагдсан байв.

Хэдэн суралцагчийг Алма 43:43–54-ийг ээлж дараалан чанга уншихад урь. Леменчүүдийн хүсэл зорилго болон хүч чадлынх нь эх сурвалж юу байсныг мөн нифайчуудын хүсэл зорилго болон хүч чадлынх нь эх сурвалж хоорондоо ямар ялгаатай байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

  • Леменчүүдийн тулалдах болсон шалтгааны тухай та нар юу ажигласан бэ? Нифайчуудын тулалдах болсон шалтгааны тухай та нар юу ажигласан бэ? Нифайчуудын хүч чадлын эх сурвалж леменчүүдийн хүч чадлын эх сурвалжаас хэр зэрэг ялгаатай байсан бэ? (Хэрэгтэй бол леменчүүд үзэн ядалт ба уур хилэнгээсээ болж дайтсан бол нифайчуудад илүү дээр учир шалтгаан байсан гэдгийг онцлон тэмдэглэ [Алма 43:45–47-г үзнэ үү]. Тэд тусламж гуйж, Их Эзэнд хандан залбирсан бөгөөд Тэрээр тэднийг хүчирхэгжүүлсэн ажээ [Алма 43:49–50-ийг үзнэ үү].)

  • Бид Моронай болон түүний их цэргийн жишээнээс дайсныхаа эсрэг тэмцэхэд бидэнд туслах юуг сурсан бэ?

Суралцагчдыг энэ асуултын хариултаа бичихэд урь. Дараа нь тэднээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд дараах зарчмуудаас заримыг нь дурдаж болно:

Бид Их Эзэнд хандан зөв шударга төлөвлөгөө болон хүслээ хэрэгжүүлэхэд тусламж гуйн, залбирвал Тэрбээр тэдгээрийг биелүүлэхэд бидэнд туслах болно.

Бид үнэнийг эсэргүүцэгчдээс илүү сайн учир шалтгаанаар сүнслэгээр нөлөөлөгддөг.

Их Эзэн биднийг гэр бүл, эрх чөлөө, шүтлэг бишрэлийнхээ төлөө тэмцэх үүргээ биелүүлэхэд бидэнд тусална.

Суралцагчдыг зөв шударга зорилгоо биелүүлэхэд Их Эзэний тусламжийг мэдэрсэн үеийнхээ тухай хуваалцахыг урь. Өөрийнхөө туршлагаас хуваалцахыг бодолц. Бидэнд зөв шударга төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд туслах Их Эзэний чадварын тухай гэрчил. Залбирлынхаа үргэлжлэл болгон зөв шударга зорилго тавьж ажиллахад суралцагчдыг урь.

Aлмa 44

Ахмад Моронай леменчүүдэд энхийн гэрээ байгуулахыг тушаав.

Чанга унших хүсэлтэй нэгэн залуу эрэгтэй суралцагчийг судраа аван, самбарын өмнө гарч ирэхийг урь. Ахмад Моронай леменчүүдийн айсныг хараад эрчүүддээ тулалдахыг зогсоохыг тушаасныг суралцагчдад сануул (Алма 43:54-ийг үзнэ үү). Уг залуу эрэгтэйгээр Алма 44:1–6-гаас Моронай үгсийг уншуул. Нифайчуудын ялалтын тухай Моронайн тайлбарыг сонсохыг суралцагчдаас хүс.

  • Моронай тулалдаан дахь нифайчуудын хүч чадлын эх сурвалжийн тухай юуг ойлгохыг Зерахемнагаас хүссэн бэ? Тэр леменчүүдэд юуг санал болгосон бэ? (Хэрэв тэднийг зэр зэвсгээ өгөөд энхийн гэрээнд орвол нифайчууд тэдэнд дахин хөнөөл учруулахгүй гэж тэр хэлсэн.)

  • Алма 44:4–6-гаас бид сүнсний тулалдаанд бидэнд тусалж чадах ямар үнэнүүдийг мэдэж болох вэ? (Суралцагчид энэ хичээл дээр заагдсан нэлээд хэдэн зарчмыг хуваалцаж болно. Дараах үнэн тэдний хариултад байх ёстойг анхаар: Их Эзэн биднийг Түүнд итгэх бидний итгэлийн дагуу хүчирхэгжүүлж, хамгаалах болно. Та суралцагчдад энэ үнэнийг заасан шүлгүүдийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)

Нэг суралцагчийг Сүмийн өсвөр үеийнхэнд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын өгсөн зөвлөмжийг чанга уншихад урь. Та суралцагч бүрд нэг зөвлөмж өгөхийг хүсч болно.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Өсвөр үеийнхэн өнөөдөр дайсны нутагт, ёс суртахууны жишиг унаж байгаа үед аж төрж, өсч хөгжиж байна. Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд, хэрэв та нар Ариун Сүнсний өдөөлтүүдийг анхааран сонсвол дайсны дайралтуудаас сэргийлэгдэж, бат найдвартай хамгаалагдах болно гэдгийг та нарт амлаж байна.

“Даруухнаар хувцасла, бишрэлтэйгээр ярь, сайн сайхан хөгжим сонс. Бүхий л ёс суртахуунгүй байдал болон хувийн чанарыг бууруулах дадал зуршлаас зайлсхий. Амьдралаа хянаж мөн итгэлтэй байж, өөрийгөө захир. Учир нь бид та нарт итгэж найддаг бөгөөд та нар ил тодоор адислагдах болно. Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ мэлмийнээс та нар хэзээ ч холдож чадахгүй” (“Залуучуудад зөвлөх нь,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 18).

  • Ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгнээс юу та нарт онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

Зерахемна болон түүний хүмүүс нифайчуудыг Бурхан хүчирхэгжүүлсэн гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэнийг тайлбарлаж, Алма 44:7–10-ыг хураангуйлан дүгнэ. Тэр леменчүүдэд зэвсгээ хаяхыг санал болгосон ч энхийн гэрээнд орохоос татгалзсан. Алма 44:1–6-г уншсан суралцагчийг Алма 44:11-ээс Зерахемнад өгсөн Моронайн хариултыг чанга уншихад урь. Суралцагчдаас асуу:

  • Леменчүүд энхийн гэрээнд орох нь Моронайд яагаад чухал байсан гэж та нар бодож байна вэ?

Олон лемен хүн энхийн гэрээ хийсэн ч Зерахемна эрчүүдийнхээ үлдсэнийг Моронайн их цэргийн эсрэг тулалдахыг тушаасныг тайлбарлаж, Алма 44:12–20-ийг товчлон дүгнэ. Нифайчууд тэднийг алж эхлэхэд Зерахемна өөрсдийг нь нөмөрч буй устгалыг хараад энхийн гэрээнд орохоор амласан.

Их Эзэнд итгэлтэй хүмүүсийн амьдрал дахь Түүний хамгаалагч мутрын тухай гэрчил. Зөв шударга зорилго болон ийм хүслийнхээ төлөө эрэлхэгээр тулалдаж мөн “түүнд … үнэнч байсан цагт … биднийг дэмжиж, мөн хамгаалан мөн хадгалан үлдээнэ” (Aлмa 44:4) гэсэн Бурханы амлалтад найдахад суралцагчдыг урамшуулан дэмж.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 43:3. Бидний тулалдаж байгаа дайн мөнх бус байдлын өмнөх амьдралд эхэлсэн юм

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дэлхийн үүслээс өмнө бидний оролцсон дайны үнэн бодит байдлын тухай

“Дэлхий бүтээгдэхээс өмнө эхэлсэн [нэгэн] дайн байдаг бөгөөд одоог хүртэл удаан хугацааны турш үргэлжилсээр байгаа билээ.

“Тэр дайн бол … үнэн, алдаа хоёрын хоорондох, сонголт болон албадлагын хоорондох, Христийн дагалдагчид ба Түүнийг эсэргүүцэгчдийн хоорондох дайн юм. Түүний дайснууд энэхүү дайнд байдаг бүх заль мэхээ ашиглаж байна.

“… Энэ дайн эхлэлд байсан шигээ явагдаж байна. Энэ дайнд унагчид өнгөрсөн үед унасан хүмүүстэй адил үнэ цэнэтэй юм. Энэ бол байнгын тулалдаан юм.

“Дайн үргэлжилж байна. Энэ дайн бидний амьдралд, өдөр болж орой болоход, бидний гэр оронд, ажил дээр мөн сургуулийн холбоо, нийгэмлэгүүдэд болж байдаг. Энэ дайн хайр ба хүндэтгэл, чин үнэнч байдал, дуулгавартай байдал ба цэвэр ариун байдлын тухай асуудлуудаар болдог. Бид бүгд энэ дайнд оролцдог. Бид ялж байгаа бөгөөд ирээдүй хэзээ ч ийм гэрэл гэгээтэй харагдаж байсангүй” гэж хэлжээ (“The War We Are Winning,” Ensign, 1986 оны 11-р сар, 42, 44–45).

Алма 43:9, 45. Гэр бүлээ хамгаалж, хүчирхэгжүүл

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Виржиниа Ю.Жэнсэн эгч Гэр бүлийн тунхагийн “гэр бүлээ сарниулбал эрт эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно гэдгийг бид сануулж байна” гэсэн сэрэмжлүүлгийг бидэнд дахин анхааруулсан билээ (“Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэлЛиахона, 2010 оны 11-р сар, 129). Жэнсэн эгч “Ах, эгч нар аа, бид яг энэ хоромд дээр өгүүлсэн бодит үнэний дунд байна. Гэр бүлээ хамгаалж, хүчирхэгжүүлэх нь бид бүгдийн үүрэг юм” гэж хэлжээ (“Come, Listen to a Prophet’s Voice,” Ensign, 1998 оны 11-р сар, 13–14).