70-р хичээл
Алма 3–4
Оршил
Амлисайчууд леменчүүдийн их цэрэгтэй нэгдсэнийхээ дараа духан дээрээ улаан тэмдэг тавьж, өөрсдийгөө нифайчуудаас ялгарах болгосон. Амлисайчууд болон леменчүүд нифайчуудын эсрэг тулалдахад “мянга мянган мөн хэдэн арван мянган бодгаль” алагдсан ажээ (Алма 3:26-г үзнэ үү). Энэ тулалдааны дараа олон нифайчууд өөрсдийгөө даруусгаж, “тэд үүргийнхээ санамжид сэрээгдсэн болой” (Алма 4:3). Ойролцоогоор 3500 хүн баптисм хүртэж, Сүмд нэгдэв. Гэвч дараа жил нь Сүмийн олон гишүүн бардам болж, бусдыг хавчиж эхэлсэн. Алма энэхүү ёс бус явдалд санаа нь зовон, ерөнхий шүүгчийнхээ үүргээс татгалзаж, Сүмийн дээд үйлчлэлийг үргэлжлүүлжээ. Тэрбээр энэхүү эрх мэдлийнхээ хүрээнд орон нутгаар явж, шударга гэрчлэлээ хуваалцан, хүмүүсийг наманчлалд дуудахаар төлөвлөжээ.
Заах зөвлөмж
Алма 3:1–19
Нифайчууд амлисайчууд болон леменчүүдтэй тулалдсан нь
Ангийг жижиг бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүрд дараах үгсийг бичсэн хуудас цаас өг: хувцас, үсний засалт, ээмэг болон гоёлын үнэт зүйлс, шивээс. Хүмүүс эдгээр зүйлсээр санаатай болон санамсаргүйгээр ямар захиасыг бусдад дамжуулж болох тухай ярилцахыг бүлгүүдээс хүс.
Амлисайчууд нифайчуудаас тусгаарлаж, леменчүүдийн их цэрэгтэй нэгдсэн гэдгийг суралцагчдад сануул (Алма 2-ыг үзнэ үү). Алма 3:4-ийг уншаад амлисайчууд гадаад төрхөө хэрхэн өөрчилснийг олж тогтооход суралцагчдыг урь.
-
Амлисайчууд хэнээс “онцгойрон ялгарахыг” хүссэн бэ?
-
Өнөөдөр зарим хүн зөв шударга хүмүүсээс гадаад байдлаараа хэрхэн онцгойрон ялгардаг вэ? (Суралцагчдыг хариулж байх үед зарим хүн санаатайгаар зөв шударга хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлахын тулд гадаад төрхөө өөрчлөх эсвэл Сүмийн жишгүүдийг эсэргүүцдэг гэдгийг тэдэнд сануулахад анхаар. Зарим хүн өөрсдийнхөө талаар бусдад захиас дамжуулж байгаагаа ч анзааралгүй дэлхийн хандлагуудыг дагадаг.
Амлисайчууд өөрсдийгөө нифайчуудаас тусгаарлахын тулд духан дээрээ тэмдэг тавьснаар мөн леменчүүдийн зүхлийг өөрсөд дээр авснаа үзүүлсэн. Цөөн суралцагчаас Алма 3:14–19-ийг ээлж дараалан чанга уншихад урь. Энэ зарчмуудыг илүү сайн ойлгоход нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудаас заримыг нь эсвэл бүгдийг нь асуу:
-
Алма 3:18 дахь ямар үг хэллэг амлисайчуудын Бурханд хандсан үйлдэл болон хандлагыг дүрсэлсэн бэ? (“Бурханы эсрэг илэрхий эсэргүүцэл гарсан”)
-
Амлисайчууд “өөрсдийнхөө дээр” зүхлийг хэрхэн авчирсан бэ? (Алма 3:19).
-
Бид энэ шүлгүүдээс ямар үнэнүүдийг сурч болох вэ? (Бурханы эсрэг нээлттэйгээр эсэргүүцэгч тэдгээр хүн өөрсөд дээрээ сөрөг үр дагавруудыг авчирдаг мөн хэрэв бид Бурханаас тусгаарлагдвал энэ нь бид өөрсдийгөө Түүнээс тусгаарласан гэсэн үг юм зэрэг нь хариултууд байж болно.)
Зөв шударга арга замаар өөрсдийгөө тусгаарлахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултыг асуу:
-
Бид Есүс Христийн шавь гэдгээ хувцаслалт болон гадаад төрхөөрөө харуулж болох ямар арга замууд байдаг вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулах нь хэцүү байвал Залуучуудын бат бөх байдлын төлөө [2011] товхимол, хуудас 6–8 дахь “Хувцаслалт болон гадаад төрх” тайлбарыг тэднээр уншуулж болно. Бидний доторх сайн мэдээний гэрчлэл бидний хувцаслалт болон гадаад төрхөнд нөлөөлөх ёстой гэдгийг онцлон хэл.
Суралцагчдыг хувцаслалт болон гадаад төрхийнхөө талаар хийх сонголт зэрэг өдөр тутмынхаа сонголтуудад Их Эзэнийг дагадаг гэдгээ харуулахад урамшуулан дэмж. Бид хувцаслалт болон гадаад төрхөөрөө өөрсдийгөө Есүс Христийн шавь хэмээн хэлж чадна гэдгийг онцлон тэмдэглэ.
Алма 3:20–27
Нифайчууд, мөн амлисайчууд ба леменчүүдийн хооронд болсон тулалдаанд олон мянган бодгаль мөнхийн оронд илгээгдсэн нь
Нифайчууд леменчүүдийг ухраасан ч хоёр талын аль алинаас нь олон мянган хүн алагдсан тухай өгүүлсэн Алма 3:20–25-ыг товчлон ярь. Нэг суралцагчийг Алма 3:26–27-г чанга уншихад урь. Биднийг ойлгох хэрэгтэй хэмээн Мормоны хүссэн сургамжийг анхааралтай сонсохыг суралцагчаас хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр Их Эзэнийг дагадаг хүмүүст ямар шагнал ирдэг вэ?
-
Их Эзэнийг дагадаггүй хүмүүст ямар үр дагавар ирдэг вэ?
Та товч дүгнэлт болгон дараах зарчмыг самбар дээр бичихийг хүсч болно: Бид хэнийг дагахыг сонгосноосоо шалтгаалан аз жаргал эсвэл гуниг зовлонг хүлээн авдаг.
Их Эзэнийг дагахыг сонгосноос ирэх адислалуудын тухай бодоход суралцагчдыг урь.
-
Та Их Эзэнийг дагахаар сонгосноороо Түүнээс ямар адислалуудыг хүлээн авсан бэ?
Алма 4:1–14
Сүм дэх өсөлтийн дараа Сүмийн гишүүд бардам болж, бие биетэйгээ маргалдах болсон.
Самбар дээр даруу, бардам гэсэн хоёр үгийг бич.
-
Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Даруу байх гэдэг нь бид дуулгавартай бөгөөд Их Эзэнээс хамааралтай байдгаа талархалтайгаар ухаарч ойлгох, Түүний дэмжлэг ямагт хэрэгтэй байдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм.)
Цөөн суралцагчийг ээлж дараалан Алма 4:1–5-ыг чанга уншихад урь. Нифайчууд даруу болсныг харуулсан нотолгоог олохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлбарлах үед даруу болохын тулд ямар нэгэн эмгэнэлт зүйлийг тэсч гарах хэрэгтэй байдаггүй харин бид даруу байхыг сонгож болно гэдгийг онцлох нь тустай байж болно.
Алма 4:6-д нифайчуудын талаар дүрслэн өгүүлсэн нь Алма 4:3–5 дээрхээс маш их өөр байгааг онцлон хэл. Самбар дээр бичсэн бардам гэдэг үгийг заа.
-
Бардам байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бардам гэдэг нь даруу байдлын эсрэг утгатай юм. Бардам хүмүүс өөрсдийгөө бусдын болон Бурханы эсрэг тавьдаг. Тэд өөрсдийгөө эргэн тойрныхоо хүмүүсээс дээгүүр тавьж, Бурханы хүслийг биш харин өөрийнхөө хүслийг дагадаг.)
Нэг хэсгийг Алма 4:6–8-ыг, нөгөө хэсгийг Алма 4:9–12-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Хэсэг бүрээс зарим нифайчуудын бардамналын үйлдлүүд болон эдгээр нь бусдад хэрхэн нөлөөлснийг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа хоёр хэсгээр юу олж мэдсэнийг нь хуваалцуул.
-
Бусдад хандах бидний хандлагад бардамнал хэрхэн нөлөөлдөг тухай энэ шүлгүүд юу зааж байна вэ?
-
Алма 4:10-аас та ямар сэрэмжлүүлгийг харж байна вэ? (Хэрэв бид шударга бус үлгэр жишээ үзүүлбэл бидний үйлдэл сайн мэдээ хүлээн авахад нь бусдад саад болно гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар.
Нэг суралцагчийг Алма 4:13–14-ийг чанга уншихад урь. Хэдийгээр зарим нифайчууд бардам байсан ч бусад нь хэрхэн даруу байж чадсан жишээнүүдийг олохыг суралцагчдаас хүс.
-
Энэ шүлгүүд бусадтай харилцах бидний харилцаа, хандлагад даруу зан хэрхэн нөлөөлдөг тухай юу зааж байна вэ?
Даруу эсвэл бардам байх талаар гаргадаг бидний шийдвэрүүд бидэнд болон бусдад хэрхэн нөлөөлдгийг онцлон тэмдэглэ. Цаг гарвал суралцагчдыг эдгээр үгсийн үнэнийг харуулсан жишээнүүдээс дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь.
Алма 4:15–20
Алма хүмүүсийг наманчлалд дуудахад цаг заваа зориулахын тулд ерөнхий шүүгчийн суудлаа шилжүүлэн өгсөн
Суралцагчдыг өөрсдийгөө Алмагийн оронд тавин төсөөлөн бодоход урь. Тэд ерөнхий шүүгчид бөгөөд олон хүн бардам болж, даруу хэвээр үлдсэн бусдыгаа гадуурхаж байна.
-
Хүмүүсийг өөрчлөгдөхөд туслахын тулд та юу хийж болох вэ?
Нэг суралцагчийг Алма 4:15–19-ийг чанга уншихад урь. Алма юу хийхээр сонгосныг олохыг суралцагчдаас хүс.
-
Алма юу хийхээр шийдсэн бэ? (Тэр хүмүүст заахад цаг заваа зориулахын тулд ерөнхий шүүгчийн албан тушаалаа шилжүүлэн өгөхөөр шийдсэн.)
-
Алма “Шударга гэрчлэлийг үзүүлэх” (Алма 4:19) гэсэн хэллэгээр юуг санал болгож байна вэ?
-
Та хүмүүс “шударга гэрчлэлээ” хуваалцахыг хэзээ сонссон бэ? Эдгээр туршлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Алма 4:19 дэх Алмагийн жишээнээс та ямар үнэнүүдийг сурч болох вэ?
Суралцагчид энэ асуултад дараах байдлаар хариулж болно:
Сүнсний үүрэг хариуцлагуудаа биелүүлэх нь биднээс золиослол шаардаж болно.
Шударга гэрчлэлээ хуваалцах нь Бурханд ойртоход бусдад тусална.
Алма 5–16-г хувийнхаа суралцах цаг дээр уншиж мөн дараагийн хичээл дээр энэ бүлгүүдийг ярилцахдаа Алмагийн шударга гэрчлэлүүдийг хайж олоход суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг Алмагийн гэрчлэл хүмүүст ямар нөлөө үзүүлсэнд анхаарлаа хандуулахад урамшуулан дэмж.