Номын сан
Гэрээр судлах 19-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Aлмa 33–38 (19-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Алма 33–38 (19-р хэсэг)-ыг судлах үедээ суралцагчдын сурсан сургаал болон зарчмуудын дараах хураангуйг энэ хичээлийн хэсэг болон заахаар зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

Нэг дэх өдөр (Алма 33–35)

Бид залбирлаараа дамжуулан байнга шүтэн биширч чадна гэдгийг Алма зорамчуудад заасан. Дараа нь Алма Есүс Христийн Цагаатгалын ачаар бид Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийг, түүний дотор нүглийнхээ уучлалыг хүлээн авч чадна гэдгийг заажээ. Амюлек зорамчуудад Есүс Христийн хязгааргүй, мөнхийн Цагаатгал нь бүх хүн төрөлхтний авралыг хангадгийг заасан. Бид Цагаатгалын адислалуудыг бүрэн хүлээн авахын тулд наманчлалын талаарх итгэлээ хөгжүүлэх ёстой гэдгийг суралцагчид мэдсэн.

Хоёр дахь өдөр (Алма 36)

Алмагийн хөрвөлтийн түүхээс суралцагчид нүгэл нь үлэмж их зовлон шаналал, харуусалд хөтөлдгийг сурсан. Түүнээс гадна хэрэв бид Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлбэл Тэрээр биднийг гэм нүглийн шаналлаас чөлөөлж, баяр баясгалангаар дүүргэнэ гэдгийг сурсан. Бид Алмагийн адил бусдыг Христэд авчрахыг эрэлхийлснээр агуу баясгаланг хүлээн авч чадна.

Гурав дахь өдөр (Алма 37)

Алма хүү Хиламандаа ариун нандин цэдгүүдийг хөтөлж, хамгаалах үүргийг итгэмжлэн хүлээлгэн даатгасан. Суралцагчид Алмагийн үгсийг судалснаар Их Эзэн мөнхийн зорилгуудаа биелүүлэхийн тулд Тэрээр өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээр ажилладгийг сурсан. Тэд мөн хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагавал өсөн дэвжих болно гэдгийг сурсан. Бид Бурханы зарлигуудыг бага наснаасаа сахиж сурах ёстойг, хэрэв бид Есүс Христийн үгсэд анхаарал хандуулбал тэд биднийг мөнх амьдралыг хүлээн авахад удирдах болно гэдгийг заасан.

Дөрөв дэх өдөр (Алма 38)

Шиблонд өгсөн Алмагийн зөвлөгөөг судалснаар тэд бага наснаасаа зарлигуудыг дагахдаа тууштай, итгэлтэй байвал эцэг, эхдээ агуу баяр баясгаланг авчирна гэдгийг суралцагчид сурсан. Хувь хүмүүс бүх зүйлийг тэвчээртэйгээр, Түүнд итгэлээ тавин, даван туулах юм бол Бурхан тэднийг бэрхшээл, зовлон зүдгүүрүүдээс чөлөөлнө гэдгийг Алма хүүдээ гэрчилсэн. Бид гэм нүглийнхээ уучлалыг мөн бодгальдаа амар амгаланг хүлээн авахын тулд нигүүлслийн төлөө Их Эзэнд залбирах ёстойг Алма мөн гэрчилжээ. Эцэст нь, зөв шударга зан чанарыг хөгжүүлэх нь биднийг бусдад зааж, үйлчлэхэд бэлтгэдгийг суралцагчид мэдсэн.

Оршил

Амюлек зорамчуудад Цагаатгал “хязгааргүй, мөнхийн” юм гэдгийг заасан (Aлмa 34:10). Суралцагчид энэхүү үнэнийг долоо хоног тутмын суралцах үйл ажиллагаагаар сурсан бөгөөд энэ хичээл нь Есүс Христийн Цагаатгалыг ойлгож, эрхэмлэн дээдлэх боломжийг тэдэнд олгодог.

Заах зөвлөмж

Aлмa 33–35

Алма, Амюлек хоёр зорамчуудад Есүс Христийн Цагаатгалын тухай заасан

Асуулт: Яагаад зөвхөн Есүс Христ дэлхийн гэм нүглийг цагаатгаж чадах вэ?

Суралцагчдад долоо хоног тутмын даалгавруудын хэсэг болгон Алма 34:10–14-ийг уншаад хязгааргүй , мөнхийн гэсэн үгсийг агуулсан өгүүлбэрүүдийг тэмдэглэх ёстойг сануул. Нэг суралцагчаас шүлгүүдийг чанга уншихыг хүсээд дараа нь олж мэдсэн өгүүлбэрүүдээ хуваалцахыг тэднээс хүс.

Есүс Христийн Цагаатгал төгс бөгөөд үүрд мөнхийн юм гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.

“Түүний Цагаатгал нь төгсгөлгүй бөгөөд хязгааргүй юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн хэзээ ч үл төгсөх үхлээс аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь Түүний юутай ч зүйрлэшгүй хүчтэй зовлон шаналлын улмаас хязгааргүй юм. … Энэ нь бүх хүний төлөө—нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь хязгааргүй тооны хүмүүст төдийгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй олон тоотой дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус хүмүүний ойлголтоос давсан хязгааргүй зүйл байлаа.

“Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хязгааргүй Цагаатгалыг хийж чадах цорын ганц нь байлаа. Энэхүү ер бусын залгамжлах эрхийнхээ улмаас Есүс хязгааргүй Хүмүүн байсан юм” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-сар, 35).

Асуулт: Амюлекийн сургаал болон ахлагч Нэлсоны хэлсэн үгс Есүс Христ яагаад дэлхийн нүглийг цагаатгаж чадах цорын ганц нь байсныг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?

Алма 34-өөс Есүс Христийн Цагаатгалын талаар өнөөдрийг хүртэл юу сурч мэдсэнийг нь суралцагчдаар дүгнүүл. Энэ хэсгээс бидний мэдэж болох нэг чухал зарчим бол Есүс Христийн хязгааргүй, мөнхийн Цагаатгал нь бүх хүн төрөлхтний авралыг боломжтой болгодог явдал мөн гэдгийг тайлбарла.

Дараах өгүүлбэрийг самбар эсвэл хуудас цаасан дээр бич:  … -гүй амьдралыг төсөөлөн бод.

Залуу хүмүүсийн ихэд дурладаг ямар нэг зүйлийг (гар утас гэх мэт) дээш өргөж харуул. Асуулт: Энэ зүйлгүйгээр амьдрал ямар байх вэ?

Дараа нь, лонх эсвэл шилэн аягатай ус өргөж харуул (эсвэл амьдралыг тэтгэхэд чухал өөр ямар нэг зүйлийг). Асуулт: Усгүй бол амьдрал ямар байх вэ?

Суралцагчдыг эдгээр асуултад хариулсны дараа, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ: Амьдралыг Есүс Христийн Цагаатгалгүйгээр төсөөлөн бод.

Дараах асуултуудыг асуу:

  • Хэрэв хүмүүс Есүс Христийг мэддэггүй эсвэл Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй бол тэд амьдралыг яаж харна хэмээн та төсөөлөн бодож байна вэ?

  • Таны хувьд Есүс Христийн Цагаатгалгүйгээр амьдрал хэр зэрэг өөр байна гэж боддог вэ? (Суралцагчдыг хариулахыг хүсэхээсээ өмнө энэ асуултыг эргэцүүлэн бодох хугацаа өг.)

Зорамчуудыг амьдралдаа Цагаатгалын адислалуудыг авчрахын тулд наманчлах хэрэгтэй гэдгийг Амюлек тэдэнд заасныг тайлбарла (Aлмa 34:15–17-г үзнэ үү). Тэд гэм нүглээ хүлээхээс эмээснээс эсвэл өөрчлөгдөгдөхдөө хангалттай хүчтэй биш байна хэмээн айснаас наманчлалаа хойшлуулж байсан эсэхийг суралцагчдаас асуу. Тэгээд асуу: Наманчлалаа хойшлуулах нь яагаад аюултай вэ?

Бид яагаад наманчлалаа хойшлуулж болохгүй талаар Амюлекийн заасан зүйлийг олж мэдэхийг хичээн, Алма 34:30–35-ыг ээлж дараалан чанга уншихад суралцагчдыг урь. Дараах асуултуудыг асууж, шүлгүүдийг ярилц:

  • Алма 34:32-ыг хар. Бид яагаад өнөөдөр наманчлах ёстой вэ? (Суралцагчдыг хариулах үед тэдэнд энэ зарчмыг ойлгоход нь тусал: Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе мөн.)

  • Алма 34:33-ыг хар. Энэ амьдралын зорилго юу вэ? Наманчлалаа хойш тавьсан хүмүүст юу тохиолдох вэ?

  • Алма 34:31-ийг хар. Одоо наманчилсан хүмүүст ямар амлалт өгөгдсөн бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгсийг унш:

“Цагаатгалын хүч та нарын төлөө ажиллаж эхлэхээс өмнө бүхнийг мэдэх хэрэггүй. Христэд итгэлтэй бай, тэгвэл хүссэн өдрөөс тань энэ нь ажиллаж эхлэх болно!” (“Washed Clean,” Ensign, 1997 оны 5-р сар, 10).

Асуулт: Ерөнхийлөгч Пакэрын хэлсэн эдгээр үгс танд юу зааж байна вэ? Энэ нь танд ямар учраас тустай вэ?

Алма 36

Алма хүү Хиламандаа зөвлөсөн нь

Суралцагчид тань Алма 36-д бичигдсэн, хүү Хиламандаа өгсөн Алмагийн зөвлөгөөг судалж, Алма нүглээ чин сэтгэлээсээ наманчлаад мэдэрсэн баяр баясгалангийн тухай мэдсэн байгаа. Суралцагчдаас Алма 36:19–22-ыг уншаад энэ шүлгүүд нь Цагаатгалын хүчний тухай юу заасныг судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүс (Хоёр дахь өдөр, даалгавар 3). Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Есүс Христийн Цагаатгал болон наманчлалаас ирэх баяр баясгалангийн тухай өөрийн гэрчлэлийг хуваалцсанаар хичээлээ дуусга.

Дараагийн хэсэг (Алма 39–44)

Бэлгийн харьцааны ноцтой нүгэл үйлдсэн хүү эсвэл охиноо хайраар дүүрэн бөгөөд санаа нь зовсон эцэг эсвэл эх нь хэрхэн залруулж зөв замд оруулж болох тухай бодохыг суралцагчдаас хүс. Алма ийм нөхцөлтэй тулгараад номлолд үйлчилж байхдаа нүгэл үйлдсэн хүү Кориантондоо чухал үнэнүүдийг заасан билээ.