Номын сан
157-р хичээл: Моронай 8


157-р хичээл

Моронай 8

Оршил

Моронай ариун цэдгүүдийг үргэлжүүлэн цэдэглэхдээ өөрийн эцэг Мормоноос хүлээн авсан захидлыг дурджээ. Мормон уг захидалдаа бага насны хүүхдүүд яагаад баптисм хүртэх шаардлагагүйг тайлбарласан илчлэлтийг бичиглэжээ. Мормон Бурхантай хамт оршихын тулд биднийг хэрхэн бэлтгэх ёстойг заасан байдаг. Тэрээр өөрийн захидлын төгсгөлд нифайчуудын ёс бус байдал хийгээд устгалын талаарх санаа зовнилоо илэрхийлжээ.

Заах зөвлөмж

Моронай 8:1–24

Мормон бага насны хүүхдүүд Христээр амьд хэмээн заажээ

Баптисм хүртэж буй охин

Хичээл эхлэхийн өмнө баптисм хүртэж буй охин зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 104) эсвэл найман настай баптисм хүртэж буй өөр хүүхдийн зургийг үзүүл. Дараах асуултыг самбар дээр бич:

Хүүхдүүд найман нас хүртлээ яагаад баптисм хүртдэггүй вэ?

Суралцагчдыг хичээлдээ ирэх үед тэднийг самбар дээрх зургийг харж, асуултын талаар тунгаан бодоход урь.

Хичээл эхлэх үед суралцагчдад Мормон өөрийн хүү Моронайд бичсэн захидалдаа бага насны хүүхдүүдийн авралын талаар заасан гэдгийг хэл. Нэг сурагчийг Моронай 8:4–6-г чангаар уншиж, бусад суралцагчаас Мормон юунд санаа зовниж байсныг хайж олохыг хүс. (Та 6-р шүлгэн дээр гарсан ноцтой гэдэг үг нь ичгүүртэй эсвэл гунигтай гашуудалтай гэсэн үг гэдгийг тайлбарлах шаардлагатай болж болно.)

Суралцагчдыг сурсан зүйлсээ хуваалцсаны дараа тэднийг Моронай 8:7-г дотроо уншиж, Мормон уг асуудлын талаар олж мэдсэн үедээ юу хийснийг хайж олуул.

  • Бид Мормоны үлгэр жишээнээс юу сурч болох вэ?

Нэг суралцагчийг Моронай 8:8–9-ийг чангаар уншиж, бусад суралцагчийг Мормоны залбирлын хариултыг олж сонсоход урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа та “Адамын зүхэл” гэдэг нь Уналтын улмаас Адам Бурханы оршихуйгаас тусгаарлагдсаныг хэлж байгааг тайлбарлаж болно. Зарим хүн Уналтаас болж бүх хүүхэд нүгэлтэй төрдөг хэмээн буруу ташаа ойлгодог. Тэд энэ буруу ойлголтоороо бага насны хүүхдүүд баптисм хүртэхгүйгээр нас барвал Бурханы оршихуйд очих зохисгүй гэж боддог. Та үүнийг тайлбарлахдаа итгэлийн хоёрдугаар тунхгийг эш татаж болно. Та тэдэнд Моронай 8:8–9-ийг Итгэлийн Тунхаг 1:2-той хамт холбогдох эшлэл ашиглахыг зөвлөж болно.

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Наманчлал болон баптисм нь … хүн бүхэнд шаардлагатай.

Суралцагчдыг Моронай 8:10-ыг дотроо уншаад самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх үгсийг олоход урь. Суралцагчдыг хариултуудаа хэлсний дараа өгүүлбэрийг дараах маягаар гүйцээ: Наманчлал болон баптисм нь хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэх чадвартай хүн бүхэнд шаардлагатай. Та суралцагчдыг Моронай 8:10 дахь уг үнэнийг зааж буй хэсгийг тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.

Энэ нь нүгэл бол “Бурханы зарлигуудад санаатайгаар дуулгаваргүй байх” (Судруудын удирдамж, “Нүгэл”, scriptures.lds.org) гэдгийг тодотгоход тусална. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг унш:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид өөрсдийн сургаалаас хариуцлагын насанд хүрэхээс өмнө бяцхан хүүхдүүд ‘нүгэл үйлдэх чадваргүй’ (Moро. 8:8) гэдгийг ойлгодог. Хариуцлагын наснаас өмнө хүүхдүүд алдаа гаргаж болно бүр засаж залруулах шаардлагатай ноцтой, хор хохирол учруулсан алдаануудыг гаргаж болно. Гэхдээ тэдний үйлдлүүд нүгэл хэмээн тооцогдохгүй” (“Sins and Mistakes,” Ensign, 1996 оны 10-р сар, 65).

Ангийг тэнцүү тоотой хоёр бүлэг болгон хуваарил. Ангийн нэг хэсгийг Моронай 8:11–18-ыг, нөгөө хэсгийг Моронай 8:11, 19–24-ийг дотроо уншихад урь. (Та судруудыг самбар дээр бичиж болно.) Тэднийг уншиж эхлэхээс өмнө хоёр хэсэг дэх суралцагчдаас Мормон бага насны хүүхдүүдийн баптисмын талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдад унших хангалттай цаг өгсний дараа хэсэг бүрээс хэдэн хүүхдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та суралцагчдад Мормоны заасан зүйлийн талаар илүү сайн тунгаан бодоход нь туслахын тулд дараах асуултуудыг ашиглаж болно:

  • Та бага насны хүүхдүүд “Христээр амьд” гэдэг нь юу гэсэн үг гэж бодож байна вэ? (Моронай 8:12, 22). (Тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг. Тэд нүгэл үйлдэж чадахгүй. Сатанд бага насны хүүхдүүдийг уруу татах хүч байхгүй. Моронай 8:10; С ба Г 29:46–47-г үзнэ үү.)

  • Бид Христээр амьд байхын тулд юу хийх ёстой вэ? (2 Нифай 25:23–26; Моронай 8:10-ыг үзнэ үү.)

  • Бид бага насны хүүхдүүд хэрхэн аврагддаг талаар энэ шүлгүүдээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч дараах үнэнийг илэрхийлэх ёстой: Бага насны хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар дамжин аврагддаг. Суралцагчид мөн бага насны хүүхдүүд Христээр амьд, Бурхан ялгаварлагч Бурхан биш, мөн Бурхан өөрчлөгддөггүй гэдгийг онцолж болно.)

Дараах жишээнүүдийг самбар дээр бич эсвэл тараах материал болго. Суралцагч бүрийг тэднээс нэгийг сонгоход урь. Дараа нь суралцагчдыг Моронай 8:8–23-аас нэг эсвэл хоёр шүлэг сонгоод эдгээр шүлгүүд дэх үнэнүүд тэдний сонгосон жишээнүүд дээрх асуудлуудын талаар юу өгүүлж байгааг тайлбарлахыг хүс.

1-р жишээ: Та номлогчийн хувьд хоёр сартай охин нь нас барснаас болж маш ихээр шаналж байгаа гэр бүлтэй уулзжээ. Тэдний Сүмийн удирдагч тэдэнд бага насны хүүхдүүд Адамын уналтаас болж нүгэлтэй төрдөг гэжээ. Тэрээр тэдний охин нас барахаасаа өмнө баптисм хүртээгүй учраас аврагдаж чадахгүй гэжээ.

2-р жишээ: Танай нэг найз номлогчидтой уулзаж, сүмд тантай хамт явдаг болжээ. Тэр Сүмд нэгдэхийг хүсч байгаа боловч баптисм хүртэхээс зайлсхийжээ. Тэр “би бяцхан хүүхэд байхдаа баптисм хүртсэн. Энэ хангалттай биш гэж үү?” гэжээ.

Суралцагчдыг хоёр дахь жишээний талаар санал бодлоо хуваалцах хооронд та наманчлал болон баптисм нь “хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэх чадвартай” (Моронай 8:10) хүмүүст зориулагдсан гэдгийг тэдэнд сануул. Их Эзэн бяцхан хүүхдүүд найман насандаа Түүний өмнө хариуцлага хүлээж эхэлдэг гэжээ. Уг үнэний талаарх илчлэлтийг Эхлэл 17:11-ийн Иосеф Смитийн орчуулга (Библийн Хаан Жэймсийн хувилбарын хожмын үеийн гэгээнтэн хэвлэлийн хавсралт) мөн Сургаал ба Гэрээ 68:25–27-оос харж болно.

Moронай 8:25–30

Мормон хариуцлага хүлээх чадвартай хүмүүс Бурхантай хамт амьдрахын тулд юу хийх ёстойг заажээ

Мормон Моронайд яагаад бага насны хүүхдүүдэд баптисм шаардлагагүйг заасны дараа хариуцлага хүлээх чадвартай хүмүүст яагаад баптисм хэрэгтэйг заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Мормон 8:25–26-г чангаар уншихыг хүс. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, итгэлээ хөгжүүлж, наманчилж, баптисм хүртдэг хүмүүст ирдэг адислалуудыг хайж олохыг хүс.

  • Эдгээр шүлгээс та ямар адислалуудыг харж байна вэ? (Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд та тэдний хариултыг самбар дээр жагсааж болно. Тэдний хариултууд: итгэл, наманчлал, баптисм нь нүглүүдийн ангижрал, даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдал, Ариун Сүнсний айлчлал, найдвар, төгс хайр руу хөтөлдөг бөгөөд эцэстээ Бурхантай хамт орших адислалыг авчирдаг гэх зэрэг байж болно.)

Суралцагчид Моронай 8:25–26-аас олж харсан адислалуудаа жагсаах хооронд та эдгээр нэмэлт асуултыг асууж болно.

  • Та яагаад гэм нүглийн ангижралыг хүлээн авах нь даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй байдлыг авчирдаг гэж бодож байна вэ?

  • Даруу, зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанартай байх нь хэрхэн Ариун Сүнснийг бидний амьдралд урьдаг вэ?

  • Яагаад Ариун Сүнс биднийг Бурхантай амьдрахад бэлтгэхэд тусалдаг вэ?

  • Бид эцсээ хүртэл тэвчих төгс хайртай байхын тулд яагаад хичээнгүй мөн залбирдаг байх ёстой вэ?

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Зарлигуудыг дуулгавартай дагах итгэлтэй байснаар бид  …бэлтгэдэг Ариун Сүнсийг хүлээн авч чадна.

Суралцагчдыг уг зарчмыг гүйцээх хэсгийг Моронай 8:25–26-аас олж мэдэхэд урь: Зарлигуудыг дуулгавартай дагах итгэлтэй байснаар бид Бурхантай хамт амьдрахад бэлтгэдэг Ариун Сүнсийг хүлээн авч чадна.

Нэг суралцагчийг Моронай 8:27-г чангаар уншихад урьж, бусад суралцагчаас нифайчуудын бардамналын үр дагаврыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдыг Моронай 8:26 болон Моронай 8:27-г дотроо уншиж, даруу байдал болон зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанарын үр дүнг бардамналын үр дагавартай харьцуулахад урь.

Өөр нэг суралцагчаас Моронай 8:28-ыг чангаар уншихыг хүс. Мормон нифайчуудын талаарх санаа зовнилоо илэрхийлсний дараа “тэдэнд наманчлал ирээсэй хэмээн, тэдний төлөө залбир, хүү минь” гэж хэлснийг онцол. Суралцагчдад хэн нэгэн тэдний төлөө залбирах үед тэдний амьдралд ирэх хүч чадлын тухай сануул.

Хичээлийг дуусгахдаа суралцагчдыг бага насны хүүхдүүдийг болон гэрээндээ үнэнч байхыг хичээж байгаа хүн бүрийг аврах Цагаатгалын хүчний талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Моронай 8:8. “Адамын зүхэл тэднээс надаар зайлуулагдсан болой”

Зарим хүн Адам, Евагийн уналтаас болоод дэлхийд ирж буй бяцхан хүүхдүүд нүгэлтэй төрдөг гэдэгт итгэдэг. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит энэ нь буруу сургаал гэдгийг тайлбарлажээ:

“Хүн төрөлхтөн, бүр дөнгөж төрсөн бяцхан хүүхдүүд төрөхдөө ‘нүгэлтэй төрдөг’ (өөрөөр хэлбэл Адамын зөрчил) гэдэгт итгэдэг хүмүүс Есүс Христийн цагаатгагч цусны нигүүлслийг үгүйсгэдэг. Библи (мөн манай орчин үеийн судрууд) Есүс Христ бол үнэхээр амьд бөгөөд бүх хүн төрөлхтнийг Уналтаас аварсан Гэтэлгэгч гэж заадаг. Тэрээр Адамын зөрчлөөр унасан хүн төрөлхтний өрийг цайруулсан. Бидний бодгалийн өр бүрэн төлөгдсөн. Хэн нэгний үйлдлээс болж, өмнөөс нь төлөх ёстой үлдсэн өр гэж үгүй бөгөөд, алив амьд юмс ‘анхны гэм нүглээс’ чөлөөлөгдсөн. Бяцхан хүүхдүүд дэлхий дээр зүхлийн дор ‘нүгэлтэй ирдэг’ гэдэг сургаал нь Бурханы мэлмийд жигшүүрт хэрэг бөгөөд цагаатгалын хүч, нигүүлслийг үгүйсгэж буй явдал юм. (Моронай 8-р бүлгийг үзнэ үү.)”(Church History and Modern Revelation: A Course of Study for the Melchizedek Priesthood Quorums, 4 vols. [1949], 4:99).

Моронай 8:10. Хариуцлага хүлээх нас

Наманчлал нь хариуцлага хүлээх чадвартай хүмүүст зориулагдсан юм. “Бага насны хүүхдүүд наманчилж чадахгүй” (Moroni 8:19). Наймаас доош насны хүүхдүүд Бурханы өмнө хариуцлага хүлээх чадваргүй байдаг (С ба Г 68:25–27-г үз) учраас тэднээс наманчлал шаардлагагүй. Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй, ухамсартайгаар наманчилж чадахгүй тэдгээр хүмүүсийг мөн хариуцлага хүлээх чадваргүй гэж тооцож болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брус Р.Макконки хүүхдүүд хэрхэн хариуцлага хүлээх чадвартай болдгийг тайлбарлажээ:

“Хариуцлага хүлээх чадвар нь хүүхдүүдийн амьдралд гэнэт ирдэг зүйл биш юм. Хүүхдүүд цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар хариуцлага хүлээх чадвартай болдог. Хариуцлага хүлээх чадвартай болно гэдэг нь тодорхой жил, өдөр, цаг шаарддаг хүрэх ёстой зорилго биш бөгөөд энэ нь үйл явц юм. Их Эзэн орчин үеийн илчлэлтдээ ‘Тэд нүгэл үйлдэж эс чадна, учир нь тэд миний өмнө хариуцлага хүлээж эхлэх хүртэл бага насны хүүхдүүдийг уруу татах хүч Сатанд өгөгдсөн нь үгүй’ гэжээ.(С ба Г 29:47.) Байгалийн жамаараа өсч торниж байгаа тэдгээр хүмүүсийн амьдралд хариуцлага хүлээх чадвар бодит болж, нүгэл нүгэлд тооцогдох цаг ирдэг. Энэ бол найман нас буюу баптисмын нас юм.(С ба Г 68:27.)” (“The Salvation of Little Children,” Ensign, 1977 оны 4-р сар, 6).

Моронай 8:8–24. Бяцхан хүүхдүүдийн баптисм

Бошиглогч Иосеф Смит бага насны хүүхдүүдэд баптисм шаардлагагүй гэж заажээ:

“‘[Бид] бяцхан хүүхдүүдийн баптисмд итгэдэг үү?’ Биш.) Учир нь энэ тухай Библийн хаана ч дурдаагүй байдаг. Баптисм гэм нүглийн ангижралын төлөө өгөгдсөн байдаг. Хүүхдүүдэд гэм нүгэл байхгүй. Хүүхэд бүр Христээр амьд бөгөөд найман наснаас дээш тэд итгэл, наманчлалаар дамжуулан Христээр амьд болдог” (History of the Church, 5:499).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакер бяцхан хүүгээ алдсанаас болж шаналж байгаа ээжтэй уулзаж тайтгаруулсан бүрэн цагийн номлогчдын талаар ярьжээ:

“Хоёр номлогч өмнөд Америкийн ууланд номлодог байжээ. Нэг өдөр тэд уулын оройгоос тээр тэнд цугласан олон хүнийг харжээ. Номлогчдод олон хүнд сайн мэдээг түгээх боломж тэр бүр олдоггүй байсан учраас тэд тэнд очихоор шийджээ.

“Бяцхан хүү живж нас баржээ. Тэнд түүний оршуулгын ёслол болж байлаа. Хүүгийн эцэг эх хүүхдийнх нь оршуулга дээр ‘үг хэлэх’ номтонг олохоор хүн явуулсан байна. Түүнийг гашуудаж шаналсан эцэг эхийн өөдөөс хараад үгээ хэлж эхлэхэд номлогчид ард нь зогсож байлаа. Хэрэв эцэг эх түүний үгсээс тайтгарал авахыг хүсч байсан бол тэд сэтгэлээр унах нь гарцаагүй.

“Тэрээр бяцхан хүүд баптисм хүртээгээгүйд эцэг эхийг нь буруутган, зэмлэжээ. Тэд ямар нэгэн зүйлээс болж хүүхдийнхээ баптисмыг хойшлуулсан байлаа. Тэрээр бяцхан хүү там руу явсан гэж шулуухан хэлэв. Энэ нь тэдний буруу байсан бөгөөд тэд түүний эцэс төгсгөлгүй зовлонгийн буруутан нь гэжээ.

Үг хэлж дуусаад оршуулгын ёслол өндөрлөх үед ахлагчид бяцхан хүүгийн эцэг эх дээр очжээ. ‘Бид бол Их Эзэний үйлчлэгчид. Бидэнд танд хүргэх захиас байна’ гэж тэд хэлсэн байна. Хоёр ахлагч гуньж, гутарсан эцэг эхэд илчлэлтүүдээс уншиж өгч, амьд бөгөөд үхсэн аль алиных нь гэтэлгэлд зориулж өгөгдсөн түлхүүрүүд сэргээгдсэнийг гэрчилжээ.

“Би тэрхүү үг хэлсэн номтонг өрөвддөг. Тэр өөрт байгаа гэрэл, мэдлэгийн хэрээр л ярьсан байх. Гэсэн ч түүнд илүүг өгөх боломж байсан. Бидэнд сайн мэдээний бүрэн дүүрэн байдал бий.

“Ахлагчид тайтгаруулагч, багш, Их Эзэний үйлчлэгч, Есүс Христийн сайн мэдээний эрх мэдэл бүхий номлогчид болон ирсэн юм” (“Бяцхан хүү тэднийг удирдах болно,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 7).