153-р хичээл
Moронай 4–5
Оршил
Моронай санваартнуудын талх, дарсыг адислахдаа хэлдэг залбирлын үгийг оролцуулаад ариун ёслолыг хэрхэн гүйцэтгэх талаар Аврагчийн нифайчуудад өгсөн заавруудыг бичиглэжээ.
Заах зөвлөмж
Moронай 4–5
Моронай ариун ёслолыг хэрхэн гүйцэтгэдэг талаар тайлбарлав
Хэрэв боломжтой бол ариун ёслолын талх болон усны тосгуурыг харуул. (Эдгээрийг харуулах нь тохиромжтой жишээ байж болох ч ариун ёслолыг хэрхэн гүйцэтгэхийг ямар нэгэн байдлаар дуурайж үзүүлэх ёсгүй.) Суралцагчдад цаас өгөөд цаасан дээрээ ариун ёслолын залбирлуудаас санаж байгаа хэсгээ бичихийг хүс. Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа Их Эзэний ариун ёслолыг гүйцэтгэхэд зориулж өгсөн эдгээр залбирлыг Моронай цэдэгтээ багтаасан гэдгийг тайлбарла. Тэднээр Моронай 4:3 эсвэл Моронай 5:2-ыг уншуулж, хариултуудаа бататгахыг хүс. Дараа нь асуу:
-
Хэрэв өөр шашинд итгэлтэй танай нэг найз чамтай хамт ариун ёслолд суух гэж байгаа бол та ариун ёслолын утга учир, үүний ач холбогдлын талаар юу гэж тайлбарлах вэ?
Суралцагчдад ариун ёслолын зорилгуудын нэгийг нь ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Моронай 4:1–3-ыг мөн өөр нэг суралцагчаас Моронай 5:1–2-ыг чангаар уншихыг хүс. Суралцагчдаас ариун ёслолын талх, ус юуг төлөөлдгийг тайлбарласан хэсгийг Моронай 4:3 мөн Моронай 5:2-оос хайж олохыг хүс. Та суралцагчдад судрын энэ хэсгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. (Өнөөдөр Сүм Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтийн дагуу ариун ёслол дээр дарсны оронд усыг ашигладаг гэдгийг сануулж болно [С ба Г 27:2]-ыг үзнэ үү).
-
Талх юуг төлөөлдөг вэ? (Есүс Христийн бие махбод. Maтай 26:26; 3 Нифай 18:6–7-г үзнэ үү.)
-
Ус юуг төлөөлдөг вэ? (Есүс Христийн цус. Maтай 26:27–28; 3 Нифай 18:8–11-ийг үзнэ үү.)
-
Яагаад Аврагчийн бие болон цус бидэнд чухал вэ? (Суралцагчид асуултад хариулахдаа загалмай дээрх Аврагчийн бие махбодын өвдөлт, үхлийг дурдах ёстой. Тэд Түүний амилалтыг мөн дурдах ёстой. Тэрээр Өөр дээрээ үхлийг авснаас хойш гурван өдрийн дараа Түүний бие махбод нь сүнстэйгээ эргэж нэгдсэн юм. Тэд бидний нүглийг өөр дээрээ авах үед Түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн аймшигт сүнслэг өвдөлт, зовлонг мөн дурдах ёстой. Тэрээр Өөр дээрээ бие махбодын үхлийг авсан учраас хүн бүр амилах болно. Тэрээр бидний нүглийн төлөө зовсон учраас бид наманчлах юм бол нүглээсээ уучлагдах болно.)
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич: Ариун ёслолын бэлгэдлүүд бидэнд … санахад тусалдаг. Суралцагчдаас уг ариун ёслолын чухал зорилгыг хэрхэн нэгтгэн дүгнэж болохыг асуу. Дараа нь дараах өгүүлбэрийг харан самбар дээрх үнэнийг бүрэн гүйцэд болго: Ариун ёслолын бэлгэдлүүд Есүс Христийн Цагаатгалыг санахад бидэнд тусалдаг.
Суралцагчдыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйтийн асуусан дараах асуултыг тунгаан бодоход урь:
“Бид Сүмийн гишүүдийн хувьд өөрсдийн Их Эзэн Аврагч, Түүний золиослол болон Түүнд өртэй өөрсдийн байдлыг хэр санадаг вэ?” (“Remembering the Savior’s Atonement,” Ensign, 1988 оны 4-р сарын 7).
-
Бид ариун ёслолын үеэр Цагаатгалыг санахын тулд юу хийж болох вэ?
-
Та ариун ёслолын үеэр Аврагчийн Цагаатгалыг чин сэтгэлээсээ тунгаан бодсоноор ямар туршлага хуримтлуулсан бэ?
Суралцагчдыг өөрсдийн бодлыг хуваалцсаны дараа дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараагийн ариун ёслолын үеэр Цагаатгалд бодол санаагаа төвлөрүүлэх нэг арга замыг бичихэд урь. (Та цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.)
Суралцагчдад ариун ёслолын нэмэлт зорилгуудын талаар ойлгоход нь туслахын тулд хичээл эхлэхээс өмнө хариултуудыг нь хаалтан дотор бичин, дараах хүснэгтийг зур. Суралцагчдыг уг хүснэгтийг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ зурахад урь.
Би юу хийх гэрээ хийсэн бэ? |
Гэрээнийхээ энэ хэсгийг биелүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? |
Би гэрээнийхээ уг хэсгийг биелүүлэхийн тулд юу хийж болох вэ? |
---|---|---|
| ||
| ||
|
Суралцагчдад бид ариун ёслолоос хүртсэнээр Бурхантай гэрээнүүд хийдэг бөгөөд тэдгээр нь ариун нандин гэрээ гэдгийг сануул. Суралцагчдыг Моронай 4:3-ыг дотроо уншихад урь. Тэднээс хүснэгтийн эхний багананд ариун ёслолоос хүртэхдээ хийдэг гурван амлалтыг бичихийг хүс. Тэднээс хариултуудаа өөрсдийн хажууд сууж байгаа хүнтэй хамт шалгахыг хүс. Тэгээд тэднээс хоёр дахь баганыг өөрсдөө бөглөхийг хүс. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас юу бичсэнээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцах хооронд тэдэнд гэрээний хэсэг бүрийн талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах материалуудаас заримыг эсвэл бүгдийг нь ашигла.
Суралцагчдад Есүс Христийн нэрийг өөрсөд дэрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авах амлалтыг өгдөг. Энэ нь бид өөрсдийгөө Түүний нүдээр харах ёстой гэсэн үг. Бид амьдралдаа Түүнийг үргэлж нэгдүгээрт тавина. Бид өөрсдөө юу хүсч байгаа эсвэл дэлхий биднээс юу хүсэхийг шаардаж байгаагаас илүү Түүний хүсч байгаа зүйлийг хүсэх болно” (“That We May Be One,” Ensign, 1998 оны 5-р сар, 67).
Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа гэрчилснээр Түүний шавь нарын адил амьдрах үүргийг хүлээн авдаг гэдгийг тайлбарла. Бид энэ нэрийг доромжлох эсвэл буруушаах зүйл хийхгүй гэдгээ амладаг. Бид Түүнд болон бусдад үйлчлэх үүргийг хүлээн авдаг. Бид Түүгээр болон Түүний Сүмээр бусдад танигдахад бэлэн байгаагаа харуулдаг.
-
Та өөрийн дээр Их Эзэний нэрийг авахад бэлэн байгаагаа харуулахын тулд юу хийсэн бэ? Энэ нь таны амьдралд ямар үр нөлөө үзүүлсэн бэ?
Суралцагчдыг Моронай 4:3 дээрх талхны залбирлын үгийг Моронай 5:2 дээрх дарсны залбирлын үгтэй харьцуулахад урь. Тэднээс ямар ялгаатай болон адил төстэй талыг анзаарсныг асуу. “Үргэлж түүнийг санаж” гэдэг амлалт хоёулан дээр нь гарсныг онцол.
-
“Түүнийг үргэлж санаж” гэдэг нь юу гэсэн үг вэ?
Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншиж өгөхийг хүс: Ангийнхнаас Аврагчийг үргэлж санахад туслах юуг бид хийж болох тухай олж сонсохыг хүс.
“Бид Түүнийг үргэлж санах боломжийг олгодог юмсыг—тэр дундаа байнга залбирах болон судраас судлах, төлөөлөгчдийн сургаалуудыг нухацтай судлах, ариун ёслолоос зохистойгоор хүртэх, ням гаргийн шүтэн бишрэх үйл ажиллагаануудад оролцох, жинхэнэ шавь байх талаар Сүнс болон туршлага юу зааж буйг тэмдэглэн авч санаж байхыг эн тэргүүнд тавих ёстой.
“Бусад юмс, ялангуяа амьдралын чинь тодорхой үед өөрт чинь шаардлагатай ямар нэг зүйл санаанд чинь орж ирж болно. …
“… Цаг хугацаа өнгөрөх тусам Аврагчийг үргэлж санаж, дагах бидний хүсэл, чадвар өсөн нэмэгдэх болно гэдгийг би нотолж чадна. Бид эцсийг хүртэл тэвчээртэй хөдөлмөрлөж, бидэнд хэрэгтэй ялган таних чадвар, тэнгэрлэг тусламжийн төлөө үргэлж залбирах ёстой” (“To Always Remember Him,” Ensign, 2011 оны 4-р сар, 51).
-
Та “түүнийг үргэлж санаж” байхын тулд юу хийсэн бэ?
-
Аврагчийг үргэлж санах нь гэрээнүүдийнхээ бусад хэсгийг биелүүлэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь яагаад бидэнд чухал гэж бодож байна вэ?
Зарлигуудыг дагах амлалтыг онцлохын тулд нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө: товхимлын дараах хэсгийг уншихад урь.
“Тэнгэрлэг Эцэг та нарт муугаас сайныг ялгах чадвар мөн өөрийнхөө төлөө сонголт хийх эрхийг өгсөн. Амьдрал хэмээх бэлгээс гадна амьдралаа удирдах эрх нь Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг юм. Дэлхий дээр байх хугацаандаа та нар Бурханы зарлигуудыг дагаж, Түүнд хайраа үзүүлэхээр сонгох эрхээ ашиглах эсэхээ шалгуулдаг” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [2011], 2).
-
Та Бурханы зарлигуудыг дагахад өөртөө туслахын тулд өдөр бүр юу хийдэг вэ?
Суралцагчдыг долоо хоног бүр ариун ёслолоор дамжуулан шинэчилдэг амлалтуудынхаа талаар ярилцсаны дараа тэднээс гэрээнийхээ хэсэг бүрийг долоо хоногийн турш илүү сайн биелүүлэхийн тулд хийх нэг зүйлийг хүснэгтийн гурав дахь багананд бичихийг хүс. Тэднийг зарим санаагаа хуваалцахад урь (тэд хэт хувийн шинжтэй зүйлсийг хуваалцах шаардлагагүй гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул).
Бид Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахих үед Тэрээр биднийг адислахыг амласан гэдгийг тайлбарла (С ба Г 82:10-ыг үзнэ үү). Суралцагчдаас Моронай 4:3 болон Моронай 5:2-г уншихдаа биднийг ариун ёслолоос хүртэхдээ шинэчилдэг амлалтуудаа сахих үед Их Эзэн юуг бидэнд хийж өгнө гэж амласныг хайж олохыг хүс. Самбар дээрх хүснэгтийн доор дараах бүрэн бус өгүүлбэрийг бич: Бид ариун ёслолын гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиснаар … Суралцагчдыг Моронай 4:3 болон Моронай 5:2-оос сурсан зүйлс дээрээ тулгуурлан өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь. (Өгүүлбэрийг дараах маягаар гүйцээж болно: Бид ариун ёслолын гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих юм бол Их Эзэний Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгаж чадна.)
-
Бидэнтэй Сүнс үргэлж хамт байх амлалт нь уг гэрээг сахих бидний хичээл зүтгэлийг хэрхэн үнэлж байна вэ?
Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншиж өгөхийг хүс: Суралцагчдаас Сүнс бидний төлөө юу хийж чадахыг олж сонсохыг хүс.
“Их Эзэний Сүнс бидний удирдамж болж, мөнх бус аяллын үед удирдамж, заавар, сүнслэг хамгаалалтаар адислах болно” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 31).
-
Та хэзээ Ариун Сүнсний нөхөрлөлтэй байснаар удирдамж, заавар, чиглүүлэл, хамгаалалтыг хүлээн авсан бэ? (Та суралцагчдаас туршлагаа хуваалцахыг хүсэхийн сацуу өөрийнхөө туршлагын талаар хуваалцаж болно.)
-
Долоо хоног бүр ариун ёслолын үеэр бид ариун ёслолын залбирлууд дахь гэрээнүүдээ хэр сайн сахиж байгаагаа мэдэх боломжтой байдаг. Энэ нь Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах бидний хичээл зүтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Та өнөөдөр ариун ёслолоос хүртэх тухай сурсан зүйлээ тунгаан бодох үед ариун ёслолын залбирлын аль хэсэг танд хамгийн онцгой санагдсан бэ? Яагаад?
Суралцагчдыг ариун ёслолоос хүртэх үедээ Аврагчийн Цагаатгалыг тунгаан бодоход урамшуул. Тэднийг хүснэгтээ дахин шалгаж, ариун ёслолын гэрээнүүдээ илүү бүрэн дүүрэн сахих санаануудаа хэрэгжүүлэхэд урь. Бид уг гэрээг сахиснаар өөрсөдтэйгөө Түүний Сүнсийг үргэлж хамт байлгах Их Эзэний амлалтыг тэдэнд сануул. Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ хийдэг гэрээгээ санаж, биелүүлснээр бидний амьдралд ирэх адислалуудын талаар гэрчил.