Номын сан
159-р хичээл: Моронай 10:1–7, 27–29


159-р хичээл

Моронай 10:1–7, 27–29

Оршил

Моронай өөрийнх нь гэрчлэлийг унших леменчүүд болон бусад бүх хүнийг түүний үгс үнэн эсэхийг баталгаажуулахын тулд Бурханаас асуухыг ухуулсан байдаг. Тэрээр Бурхан Ариун Сүнсний хүчээр Мормоны Ном үнэн гэдгийг мөн Есүс Христ бодит гэдгийг нотлох болно хэмээн заажээ. Моронай мөн тэр бидэнтэй Бурханы шүүлтийн тавцангийн өмнө уулзах бөгөөд Их Эзэн Өөрөө Моронайн үгс үнэн гэдгийг нотлох болно хэмээн тунхагласан байна. (Тайлбар: Та Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцах суралцагчдад зориулж хичээлийн төгсгөлд цаг гаргаж болно. Хангалттай цаг байгаа эсэхийг баталгаажуулахын тулд суралцагчдад тань хамгийн тустай байж болох хэсгүүдийг уг хичээлээс залбирч сонго.

Заах зөвлөмж

Моронай 10:1–7

Моронай биднийг Мормоны Ном болон Есүс Христийн талаар гэрчлэлтэй болохыг ухуулсан байдаг

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр тулгуур чулуутай нуман хаалга зур (та 4-р хичээл дээр ашигласан үзүүлэнг ашиглаж болно). Зургаар хичээлийг эхлүүл.

  • Нуман хаалганд тулгуур чулуу ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

  • Тулгуур чулуу Мормоны Номтой хэрхэн адилтгагдах вэ? (Хэрэв суралцагчдад уг асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та тэдэнд Мормоны Номын удиртгал хэсэг дээрх зургаа дахь догол мөрний бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгийг уншихыг зөвлөж болно.)

Мормоны Номын удиртгал хэсгийн сүүлийн догол мөрийг дотроо уншихад суралцагчдыг урь. Тэднийг уншиж эхлэхээс өмнө Мормоны Номын гэрчлэлтэй болсноор олж мэдэх гурван үнэнийг хайж олохыг хүс.

  • Нуман хаалгыг тулгуур чулуу барьж тогтоодог шиг Мормоны Номын гэрчлэлтэй болсноор бидний гэрчлэлийн өөр ямар хэсгүүд хүчирхэгжих вэ?

  • Мормоны Номын гэрчлэлийг өөртөө олж авах нь яагаад чухал вэ?

Бошиглогч Иосеф Смитийг алтан ялтсуудыг хүлээн авахаас өмнө ойролцоогоор 1400 жилийн тэртээ Моронай эцгийнхээ цэдгийг хожмын үед Мормоны Номыг хүлээн авах хүмүүст хандсан сүүлчийн ухуулга, гуйлтаар төгсгөсөн гэдгийг тайлбарлаж, Моронай 10:1–2-ыг нэгтгэн дүгнэ. (Ухуулах гэдэг үг нь хэн нэгнийг хүчтэйгээр урамшуулах эсвэл ятгах гэсэн үг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Уг үг Моронай 10-т найман удаа давтагдсан байдаг.)

Моронай Мормоны Номыг хүлээн авах бүх хүмүүсийг үүний үнэн хийгээд бурханлаг байдлын талаар гэрчлэлтэй болоход ухуулсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Моронай 10:3–4-ыг дотроо уншаад Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Номын талаар гэрчлэлтэй болоход шаардлагатай зүйлсийг тодорхойлсон хэсгийг хайж олоход урь. Та тэдэнд тэдгээр хэсгүүдээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдыг олж мэдсэн хэсгээ хуваалцах хооронд тэдний хариултуудыг самбар дээр бич. Тэдний хариултууд дараах хэсгүүдийг багтаах ёстой:

“Тэдгээрийг унш”

“Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар сана”

“Үүнийг зүрх сэтгэлдээ тунгаа”

“Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуу”

Суралцагчдад хэн нэгэн Мормон Ном үнэн гэдэг гэрчлэлийг Ариун Сүнснээс хүлээн авахын тулд юу хийх ёстойг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Моронайн заасан шаардлагатай зүйлс бүрийг ярилцахдаа дараах заах санаануудыг ашигла.

1. “Тэдгээрийг унш”

Моронай биднийг “тэдгээрийг уншихыг” буюу Мормоны Номыг уншихад урьсан. Нэг суралцагчийг Далын чуулгын ахлагч Тад Р.Каллистэрийн хэлсэн Мормоны Номыг унших нь өөрт нь хэрхэн тусалсан тухай нэгэн залуу эмэгтэйн дараах түүхийг чангаар уншихад урь.

“14 настай охин сургуулийнхаа нэг найзтай шашны талаар яриа өрнүүлжээ. Түүний найз нь түүнээс ‘Чи ямар шашинд хамаарагддаг вэ?’ гэж асуужээ.

Тэр ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, мормончууд’ гэжээ.

Найз нь ‘Би тэр сүмийг мэднэ. Тэр чинь үнэн сүм биш гэдгийг би мэднэ’ гэсэн байна.

‘Чи яаж мэдсэн юм бэ?’ гэж тэр асуужээ.

‘Би энэ талаар судалсан’ гэж найз нь хариулсан байна.

Харин тэр ‘Чи Мормоны Номыг уншиж үзсэн үү?’ гэж асуужээ.

‘Үгүй ээ, би уншиж үзээгүй’ гэж найз нь хариулжээ.

“Тэгэхэд нөгөөх ялдам залуу эмэгтэй ‘Чи манай сүмийг судлаагүй л байна шүү дээ. Би Мормоны Номын хуудас бүрийг уншсан. Би энэ сүм үнэн гэдгийг мэднэ’ гэжээ” (“The Book of Mormon—a Book from God,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 76).

  • Мормоны Номыг унших нь үүний үнэний талаар гэрчлэлтэй болоход яагаад хамгийн чухал вэ?

  • Мормоны Номыг энэ жил уншсанаар Мормоны Номын талаарх болон үүний заадаг үнэнүүдийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

2. “Их Эзэн хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар сана”

Моронай Мормоны Номыг уншдаг, үүний үнэнийг мэдэхийг хүсдэг хүмүүс “Их Эзэн хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг” (Моронай10:3) санах ёстой гэжээ. Их Эзэний нигүүлслийн жишээнүүдийг таньж, санаж явах нь бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд бэлтгэдэг гэдгийг тайлбарла. Нигүүлсэнгүй гэдгийн өөр нэг утга нь өрөвч, энэрэнгүй юм. Суралцагчдыг хэсэг хугацааны турш тэд хэзээ тэдэнд хандсан Их Эзэний нигүүлсэл буюу өрөвч сэтгэлийг мэдэрч эсвэл өөр хэн нэгний амьдралд харсан тухайгаа тунгаан бодоход урь.

Тэдэнд чухал санагдсан Мормоны Номон дахь Их Эзэний нигүүлслийн жишээнүүдээсээ хуваалцахад суралцагчдыг урь.

  • Их Эзэний нигүүлслийг санах нь хэн нэгэнд Ариун Сүнсэнд дуулгавартай байж, Мормоны Номын гэрчлэлийг хүлээн авахад хэрхэн тусалдаг вэ?

  • Та амьдралдаа Их Эзэний нигүүлслийн ямар нотолгоонуудыг харсан бэ?

  • Та өөрийн амьдрал дахь Их Эзэний нигүүлслийг санаснаар юуг мэдэрдэг вэ?

3. “[Их Эзэний нигүүлслийг] зүрх сэтгэлдээ тунгаа”

Моронай бид Их Эзэний нигүүлслийг зүрх сэтгэлдээ тунгаах ёстой гэж заажээ. Бидэнд болон бусдад нигүүлслээ үзүүлсэн Их Эзэний арга замуудыг тунгаан бодох нь Ариун Сүнсний нөлөөг хүлээн авахад биднийг бэлтгэдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдад энэ нь хэрхэн хэрэгждэгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны өгсөн дараах тайлбарыг уншихад урь:

Ахлагч Марвин Ж.Аштон

“Толь бичгүүдэд тунгаан бодох гэдгийг сүнслэгээр тунгаах, гүн гүнзгий бодох, эргэцүүлэх, бясалгах гэж тайлбарладаг. …

“Тунгаан бодсоноор бид Сүнсэнд нөлөөлж, удирдах боломжийг олгодог. Тунгаан бодох нь зүрх сэтгэл болон оюун ухааны хооронд байдаг хүчирхэг холбоос юм. Бид судруудыг унших үед бидний зүрх сэтгэл, оюун ухаан нөлөөлөгддөг. Хэрэв бид тунгаан бодох бэлгийг ашиглавал эдгээр мөнхийн үнэнийг хүлээн авч, тэдгээрийг өөрсдийн өдөр тутмын үйлдэлд хэрхэн хэрэгжүүлж болохыг ухаарах болно. …

Тунгаан бодох нь оюун ухааны удаан хугацааны эрэл хайгуул юм. Энэ нь үүнийг ашиглаж сурсан хүмүүст агуу бэлэг юм. Хэрэв бид тунгаан бодох бэлгийг ашиглавал гүн ойлголтыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлж чадна ” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20).

  • Мормоны Номыг унших үедээ тунгаан бодох нь хэзээ танд Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд тусалсан бэ?

  • Бид судруудыг судлахдаа илүү сайн тунгаан бодохын тулд юу хийж болох вэ?

4. “[Есүс] Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуу”

Моронай хэрэв бид Мормоны Номын үнэний талаар гэрч хүлээн авахыг хүсч байвал Бурханаас “[Есүс] Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр” асуух ёстой гэж заажээ. Чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух гэдэг нь “Бурханаас хүлээн авсан хариултаа үйлдэл болгох зорилготой” (Preach My Gospel: A Guide to Missionary Service [2004], 111) байхыг хэлдэг гэдгийг тайлбарла. Нэгэн эр Мормоны Номын үнэний талаар гэрчийг хүлээн авахын тулд үнэн хүсэлтэйгээр залбирсан тухай дараах түүхийг хуваалц:

“Юу зөв болохыг мэдэхийн төлөө үе үе залбирдаг байсан ч чин сэтгэлийн асуултын оронд өнгөрсөн үеийн бодол санаа зонхилдог байв. Тэгээд нэг үдэш би ‘үнэн хүсэлтэйгээр’ залбирахаар шийдлээ.

“Би Түүнийг мэдэхийг бас Түүний үнэн Сүмийн гишүүн байхыг хүсч байгаагаа Тэнгэрлэг Эцэгт хэллээ. ‘Хэрэв Та Иосеф Смит үнэхээр бошиглогч мөн үү гэдгийг мөн Мормоны Ном үнэн үү гэдгийг надад мэдүүлэх юм бол би Таны надаар хийлгэх юуг ч болов хийх болно. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн Сүм юм бол би энэ сүмийг дагаж, хэзээ ч үүнийг орхихгүй’ хэмээн би амлалаа.

Тэгээд ямар нэгэн онцгой сонин зүйл мэдэгдсэнгүй, харин амар амгаланг мэдэрч унтахаар хэвтлээ. Хэдэн цагийн дараа би ‘Иосеф Смит бол үнэн бошиглогч, Мормоны Ном үнэн’ гэсэн тод томруун бодолтойгоор сэрлээ. Уг бодолтой хамт үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгалангийн мэдрэмж ирэв. Дахиад унтсан ч дараа нь мөн л нөгөөх бодол, мэдрэмжтэйгээр сэрж билээ.

Тэр үеэс хойш би Иосеф Смит бол үнэн бошиглогч гэдэгт огт эргэлздэггүй болсон. Энэ бол Аврагчийн ажил бөгөөд Тэнгэрлэг Эцэг бидний чин сэтгэлийн гуйлтад хариулдаг гэдгийг би мэднэ” (Rodolfo Armando Pérez Bonilla, “How I Know,” Ensign, 2011 оны 10-р сар, 64).

Суралцагчдыг Моронай 10:4-ийг эрж олон Моронайн дүрсэлсэн үйл явцыг дагасан хүмүүсийн төлөө Бурхан юу хийдгийг олж мэдэхэд урь.

  • Моронай Мормоны Номыг түүний зааварласан замаар эрэлхийлдэг хүмүүст юуг амласан бэ?

  • Ариун Сүнс ямар арга замуудаар Мормоны Ном үнэн гэдгийг гэрчилж болох вэ? (Суралцагчид ихэнх илчлэлт гайхамшигтай, гайхмаар арга замуудаар ирдэггүйг ойлгож байгаа эсэхийг тодруул. Зарим хүн агуу сүнслэг туршлагуудтай байж болох ч ихэнх хүмүүст амар амгалангийн мэдрэмж, баталгаа гэх зэрэг даруу, энгийн арга замуудаар ирдэг. Та бид судруудыг судлах үед Сүнс бидний уншиж буй зүйлийн үнэнийг гэрчилж болно гэдгийг тайлбарлаж болно. Бид Мормоны Номын үнэнийг мэдэхийн тулд зорилготойгоор асуувал Сүнс бидний аль хэдийнээ хүлээн авсан гэрчлэлийг бататгах болно.)

Нэг суралцагчийг Моронай 10:5–7-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, бид Ариун Сүнсээр дамжуулан өөр юуг мэдэж чадна гэж Моронай амласныг олж мэдэхийг хүс. Моронай 10:4–5 бол төгс эзэмших судар гэдгийг онцол. Та суралцагчдад уг судрын хэсгийг өөр тэмдэглэгээгээр тэмдэглэхийг зөвлөж болно. Тэгснээр тэд үүнийг амархан олох боломжтой болно.

  • Бид Моронай 10:3–7-аас юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой: Хэрэв бид итгэлтэй, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуух юм бол Ариун Сүнсээр дамжуулан Мормоны Ном болон Есүс Христийн талаар гэрчлэлтэй болж чадна.)

Суралцагчдыг дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ Мормоны Номын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж эсвэл гэрчлэлтэй болохын тулд юу хийх зорилгоо бичихэд урь. Тэднийг Моронай 10:4 дээр заасан зарчмыг хэрэгжүүлэхэд урамшуул.

Моронай 10:27–29

Моронай тэрээр бидэнтэй Бурханы шүүлтийн тавцан дээр уулзана гэж гэрчилжээ

Нэг суралцагчийг Моронай 10:27–29-г чангаар уншихад урь. Суралцагчдаас Моронай 10:27 дээрх асуултад хэрхэн хариулах талаараа бодохыг хүс. Мормоны Номыг хүлээн авсан хүмүүс үүнд хэрхэн хандсанаараа Бурханы өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг гэрчил.

Суралцагчдыг Мормоны Номын талаарх гэрчлэлээ хуваалцахад урихын тулд хичээлийн төгсгөлд хангалттай цаг гарга. Мормоны Номын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалц. Суралцагчдад тэд Мормоны Номыг амьдралынхаа туршид үргэлжлүүлэн судалснаар Есүс Христ болон Түүний сайн мэдээнд итгэх тэдний итгэл өсөх болно гэдгийг нотол.

төгс эзэмших судрын заалтТөгс эзэмших судар—Моронай 10:4–5

Моронай 10:4–5-ыг чээжилсэн суралцагчид Мормоны Номын захиасыг бусадтай хуваалцахад илүү сайн бэлтгэгдэх болно. Уг судрын хэсгийг самбар дээр бичээд суралцагчдыг ангиараа чангаар уншихад урь. Зургаан үгийг арилгаад суралцагчдаас дахин уншихыг хүс. Тэднийг унших хооронд орхисон үгсийг бич. Уг үйл явцыг судрын хэсгийн ихэнх хэсгийг эсвэл бүгдийг нь арилгах хүртэл үргэлжлүүл.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Моронай 10:3. “Үүнийг зүрх сэтгэлдээ тунгаа”

Ахлагч Жийн Р.Күк Моронай 10:3-ын талаар ийн тайлбарлажээ:

“Уг шүлгийн сүүлийн хэдэн үг ‘үүнийг зүрх сэтгэлдээ тунгаа’ хэмээх чухал зөвлөмжийг—хайрлажээ. Бидний тунгаан бодох ёстой зүйлийг тодорхойлсон ‘үүнийг’—гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь ‘Их Эзэн Адамын бүтээлтээс эхлэн та нар эдгээр зүйлийг хүлээн авах хүртэл хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар ирснийг’ хэлж байна. Бид бидний Тэнгэрлэг Эцэг хэр зөнч, хэр сайн, хэр өршөөмтгий, хэр хайраар дүүрэнг санах ёстой” (“Moroni’s Promise,” Ensign, 1994 оны 4-р сар, 12).

Их Эзэний нигүүлслийг санаж, тунгаан бодох Мормоны Номын төгсгөл дэх уг урилга нь “Сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно” (1 Нифай 1:20) хэмээх Нифайн тунхагийг харуулж буй төгсгөл юм.

Их Эзэний нигүүлсэлт байдлыг тунгаан бодохын хажуугаар Мормоны Номыг уншиж буй хүмүүс үүний хуудсууд дээрх мөнхийн үнэнүүдийг тунгаан бодох ёстой (Мормоны Номын удиртгал хэсгийг үзнэ үү).

Moронай 10:4. “Үнэн хүсэлтэйгээр” Бурханаас асуух тэдэнд Ариун Сүнс Мормоны Ном нь үнэн гэдгийг илчлэх болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Мормоны Номын үнэний талаар Бурханаас “үнэн хүсэлтэйгээр” асуух Моронайн ухуулгын талаар ийн хэлжээ:

“Моронай Мормоны Номын үнэнийг ямар нэгэн өөр шалтгаанаар эсвэл судалгааны зорилгоор мэдэхийг хүсч байвал тэр хүн ’чин сэтгэлтэйгээр асуусан’ ч Ариун Сүнсний илэрхийлэл ирнэ гэж амлаагүй билээ. Моронайн амлалт нь хүлээн авсан илэрхийллийнхээ дагуу үйлдэх чин хүсэлтэй хүмүүст өгөгдсөн юм. Өөр ямар нэгэн шалтгаан дээр үндэслэсэн залбиралд амлалт байдаггүй. Учир нь эдгээрийг ‘үнэн хүсэлтэйгээр ’ хийдэггүй юм” (Pure in Heart [1988], 19–20).

Моронай 10:27–29. Бидний аврал бид Мормоны Номыг хэрхэн хүлээж авснаас шалтгаална

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон Сүмийн бүх гишүүдэд дараах урилгыг илгээхдээ Мормоны Номын ач холбогдлын талаар онцолсон билээ:

“Ах, эгч нар аа, та бүхэн хувиараа болон Сүм нийтээрээ Мормоны Номын ач холбогдолд агуу хүндэтгэлтэйгээр хандахыг би бүх зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсч байна.

Би 10 гаруй жилийн өмнө Мормоны Номын талаар дараах үгийг хэлсэн: …

‘Хожмын Үеийн Гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг бүх амьдралд нь хангаж өгч чадах сүнсийг үл тоомсорлон үүнд хайхрамжгүй хандах болно. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьж байгаа хөрвөгч мөн үүнийг хийгээгүй хүн хоёр ялгаатай’ (Ensign, 1975 оны 5-р сар, p. 65).

Эдгээр үгсийг би өнөөдөр та нарт дахин батлан хэлж байна. Их Эзэнээс бидэнд өгсөн энэхүү гайхамшигтай, агуу бэлэгт хөнгөмсгөөр хандсанаар зүхлийг болон түүний гай гамшиг, шүүлтийг өөрсөд дээрээ дуудахгүй байцгаая. [С ба Г 84:54–58-ыг үзнэ үү. ] Харин Мормоны Номыг зүрх сэтгэлдээ нөөцөлснөөр ирэх амлалтыг авцгаая” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 7).