Номын сан
113-р хичээл: Хиламан 13


113-р хичээл

Хиламан 13

Оршил

Аврагчийн төрөлтөөс хэдэн жилийн өмнө Их Эзэн Самуел нэртэй Лемен бошиглогчийг нифайчуудад наманчлалыг тунхаглуулахаар илгээсэн. Тэр Зарахемла дахь нифайчуудад Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх гэтэлгэлийн сайн мэдээг тунхагласан юм. Тэрээр мөн тэдэнд бошиглогчдыг үгүйсгэснийг нь болон шударга бус явдал дотроос аз жаргалыг эрэлхийлсэн тэдний зан авирын талаар ил тод хэлсэн юм. Хэрэв тэд наманчлахгүй бол тэдний дээр устгал ирэхийг тэр анхааруулсан.

Заах зөвлөмж

Хиламан 13

Самуел нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол тэдний дээр устгал ирэхийг анхааруулдаг

Хичээлийн өмнө энэ хичээлийн төгсгөлд хэрэглэх тараах материалыг бэлтгэ. Та тараах материалыг гурван хэсэг болгон хувааж, бүлэг бүрийн даалгаврыг цаасан дээр бичиж өгч болно. Мөн хичээлийн өмнө Хиламан 13-ын дараах бүдүүвчийг самбар дээр бич.

Хиламан 13:1–4. Их Эзэн Лемен үндэстэн Самуелыг нифайчуудад номлохоор дуудсан.

Хиламан 13:5–23. Нифайчууд наманчлахгүй бол тэдний дээр устгал ирэх болно гэдгийг Самуел тэдэнд анхааруулсан.

Хиламан 13:24–39. Самуел хүмүүст бошиглогчдыг үгүйсгэсэн болон наманчлахаас татгалзсаны үр дагавруудыг анхааруулсан.

Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр

“Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр” зургийг үзүүлэн хичээлээ эхлүүл (62370; Сайн мэдээний зургийн цомог [2009], 81-р хуудас). Суралцагчдаас нифайчууд яагаад Самуелыг алахыг эрэлхийлснийг мэдэж байгаа эсэхийг асуу. Суралцагчдыг хариулсны дараа Хиламан 13–16 дээр лемен бошиглогч Самуелын тухай цэдэг байдгийг тайлбарла. Энэ цэдэг нь Мормоны Номон дээр нифайчуудыг наманчлалд дуудсан зөвхөн ганцхан лемен бошиглогчийн тухай гардгаараа онцгой юм. Энэ үеэр леменчүүд нифайчуудаас илүү зөв шударга байсан. Самбар дээрх бүдүүвч дээрээс Хиламан 13-ын товч тоймыг өг.

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. (Боломжтой бол бүлэг бүр ижил тооны суралцагчидтай байх ёстой.) Суралцагч бүрд бүлгийнх нь даалгаврыг өг (хичээлийн төгсгөлд байгаа). Суралцагчдад Хиламан 13-аас бие даан суралцаж, дараа нь суралцсан зүйлээ нэг нэгэндээ заах ёстойг хэл. Суралцагч бүрээс авсан судрын хэсгийнхээ захиасын зарчмыг гаргаж, дагалдах асуултуудад хариулт бэлтгэхийг хүс. Суралцагчдад асуултуудаа бичих боломжийг олго. (Энэ үйл ажиллагаа нь бүх суралцагчийг хамруулах боломж олгох бөгөөд суралцагчид бие биетэйгээ мэдрэмж, бодол санаа болон гэрчлэлүүдээ эмээх зүйлгүй, тайван хуваалцах орчинг бүрдүүлнэ.)

Суралцагчдад бие даан суралцах хангалттай хугацаа өгсний дараа тэдэнд гурван бүлэг тус бүрд ажиллахыг даалга. Боломжтой бол, бүлэг бүрд нэг суралцагч Хиламан 13:1–7, 11-ийг, нөгөө нь Хиламан 13:17–23-ыг мөн нэг нь Хиламан 13:24–33-ыг судалсан байхаар хуваарилах хэрэгтэй. Хүн бүрд бүлгийнхээ нөхөдтэй хариултаа хуваалцах хангалттай цаг гарга. Жижиг бүлгийн хэлэлцүүлгийн үеэр ангийн дундуур тойрон явж, суралцагчдын хариултуудыг сонсон зөвлө. Зохистой гэж үзвэл өөрийн бодол санааг сонссон хэлэлцүүлэг дээр нэмж хэл.

Суралцагчид бие биедээ зааж дууссаны дараа хэдэн суралцагчийг урьж, үйл ажиллагааны үеэр бусдаасаа суралцсан үнэнийг эсвэл бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Нифайчууд 400 жилийн дотор устгагдана гэдгийг (Хиламан 13:9–10-ыг үзнэ үү) мөн тэдний дунд зөв шударга хүмүүс оршиж байсан тул тэд өдий хүртэл устгагдаагүй цорын ганц шалтгаан нь байсан (Хиламан 13:13–14-ийг үзнэ үү) гэдгийг тайлбарлан, Хиламан 13:9–14-ийг товч дүгнэн ярь. Их Эзэн Самуелыг нифайчууд руу илгээсэн ба тэр нифайчуудыг наманчилж, Их Эзэндээ эргэн очиход урьж, Их Эзэн түүний зүрх сэтгэлд юу хэлснийг ярьсан (Хиламан 13:11-ийг үзнэ үү) гэдгийг гэрчил.

Нэг суралцагчийг Хиламан 13:27–28-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчууд хуурамч бошиглогчдод хэрхэн хариулсныг олуул.

  • Самуелын хэлсэнчлэн нифайчууд худал хуурмаг зүйлс заасан хүмүүст хэрхэн хариулсан бэ? Яагаад зарим нь номлолыг хүлээн авч байхад бусад нь үгүйсгэсэн бэ?

  • Хиламан 13:27 дээр бидний уншсан мэдэгдэл ба зан төлөв нь бидний өнөөгийн өдрүүдэд хэрхэн илэрдэг вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг хүс:

“Бидний мэдэх ёстой зүйлсийг хэлсэн амьд бошиглогчийн үгсэд бид хэрхэн хандаж байгаа нь, эсвэл сонсохгүй байна уу гэдэг нь бидний итгэлийн сорилт юм” (“Fourteen Fundamentals in Following the Prophet” [БЯИС-ийн онцгой цуглаан дээр хэлсэн үг, 1980 оны 2-р сарын 26], 3–4, speeches.byu.edu).

  • Өнөөдөр зарим хүний хувьд бошиглогчдын ямар зөвлөмж дагахад хэцүү байдаг вэ?

  • Та нарын дагахаар сонгосон бошиглолын ямар зөвлөмжийн жишээ байна вэ? Энэ зөвлөмжийг дагаснаар та нар хэрхэн адислагдсан бэ?

Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ амьд бошиглогчийн зөвлөмжийг дагах чадвараа өсгөх нэг арга замын талаар бичихэд урь.

Суралцагчдад бичих хангалттай хугацаа өгсний дараа нэг суралцагчаас Хиламан 13:33–37-г чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчууд наманчлахгүй байснаараа эцэстээ юу болох, өөрсдийнхөө талаар тэд юу гэж хэлснийг олохыг хүс. Дараа нь өөр нэг суралцагчаас Хиламан 13:38-ыг чанга уншихыг хүс. Нифайчуудын ирээдүй үеийнхний талаар Самуелын тунхагласан харамсалтай үнэнийг цааш нь олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Нифайчуудын ирээдүй үеийнхний талаар Самуел харамсмаар ямар үнэнийг тунхагласан бэ?

  • Самуел “сорилтын чинь өдрүүд өнгөрсөн” гэж хэлсэн нь юу гэсэн утгатай вэ? (Нифайчуудын ирээдүй үеийнхэнд наманчлал дэндүү оройтсон байх болно. Учир нь тэд наманчлаагүй тул нүгэл нь тэднийг устгал руу хөтлөх болно.)

  • “Алдсыг үйлдэж аз жаргалыг” эрэлхийлэх нь яагаад буруу вэ? (Суралцагчдад жинхэнэ аз жаргал зөвхөн Бурханы зарлигуудыг сахиснаар ирнэ гэдгийг ойлгоход тусал.)

  • Хүмүүс алдсыг үйлдээд аз жаргалыг эрэлхийлдэг ямар арга замууд байдаг вэ?

Суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг сонсолгүй зүрх сэтгэлээ хатууртал эсэргүүцэж, гэм нүгэлд шаламгай байсан хувь хүмүүсийн тухай Мормоны Номон дээрх бусад баримтыг сануул. (Жишээлбэл, “мэдрэхээс өнгөрсөн” [1 Нифай 17:45] ба Бурханыг сонсохоос татгалзсан Лемен, Лемүел болон бошиглогч Абинадайн анхааруулгыг үл хайхран наманчлахаас татгалзсан Ноа хаан ба түүний хүмүүс.) Нифайчууд наманчлахаас татгалзсан учир өөрсдийнхөө ирээдүй үеийнхнийг устгалд аваачсан гэдгийг Самуел онцлон тэмдэглэсэн.

Суралцагчдад хувь хүн бүрд, наманчлалыг сонгосон бүх хүнд найдвар бий гэдгийг ойлгоход нь тусал. Наманчлалаар дамжуулан бид Их Эзэний уучлалыг хүлээн авч, зүрх сэтгэлээ хатууруулахаас сэргийлж чадна. Суралцагчдад бид наманчлалаар дамжуулан өөрсдийн замналыг засч чадна гэдгийг ойлгуулахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг унш:

“Нисэх онгоцны ахмад болох сургалтынхаа явцад би онгоцыг хэрхэн нисгэж, холын зайг хэрхэн туулдгийг мэдэх шаардлагатай байлаа. Хязгааргүй их далай, өргөн уудам цөлийн дээгүүр тив алгасан хийдэг нислэгийг зорьсон газарт нь эсэн мэнд гүйцэтгэхийн тулд ихэд анхааралтайгаар нягт нямбай төлөвлөх хэрэгтэй байдаг. Буулгүй нисдэг ийм нислэгүүд 14 хүртэл цаг үргэлжилж, 9000 бээр (14000 км) замыг туулдаг.

“Ийм урт нислэгийн үед аюулгүй эргэж ирэх цэг гэж нэрлэгддэг чухал шийдвэр гаргах цэг байдаг. Нисэх онгоц энэ цэгт хүрчихээд буцах замдаа орж, ниссэн буудалдаа эргэж ирэхэд хангалттай түлштэй байх ёстой. Аюулгүйгээр эргэх цэгийг өнгөрөөсний дараа ахмад энэ үйлдлийг дахин хийхгүй болж, зүгээр л цаашаа ниснэ гэсэн үг. Энэ цэгийг эргэлтгүй цэг гэж олонтоо нэрлэдэг нь ийм учиртай юм.

“… Бид нүгэл үйлдсэн л бол, замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил “буцах гарцгүй” болсон гэж бодоосой хэмээн Сатан хүсдэг. …

“… Бидний найдварыг алдагдуулж, түүнтэй адил золгүй болгож, уучлал ирэхээс өнгөрсөн гэдгийг итгүүлэхийн тулд Сатан тэр бүү хэл Бурханы шүүлтийг тодотгон нигүүсэл гэж үгүй хэмээн судруудаас үгсийг гуйвуулж ч болно. …

“Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орох юм бол, нүгэл бол эргэх гарцгүй цэг биш гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. Хэрэв бид Бурханы авралын төлөвлөгөөг дагах юм бол аюулгүй буцаж очих боломжтой” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 99).

  • Ерөнхийлөгч Угдорфын сургамж нүгэл үйлдсэн хэн нэгэнд хэрхэн найдвар төрүүлж болох вэ?

Суралцагчдыг ярилцсан үнэнүүдийнхээ талаар эргэцүүлэн бодоход урамшуулан дэмж. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа мэдрэмжийг дагахыг урамшуулан дэмж. Их Эзэний наманчлах урилгад анхаарлаа хандуулсан хүмүүст аз жаргал ирэх болно гэдгийг гэрчил.

Анхааруулга: Хичээлд өмнө нь тайлбарласан гурван бүлэгт зориулсан дараах тараах материалыг бэлтгэ.

1-р бүлэг—Хиламан 13:1–7, 11

Бошиглогчид өөрсдийнх нь зүрх сэтгэлд илчилсэн Бурханы захиасуудыг ярьдаг.

  1. Аль шүлгүүд энэ үнэний тухай заадаг вэ?

  2. Самуелын зүрх сэтгэлд Бурхан ямар захиасыг илчилсэн бэ?

  3. Самуелын хувьд яагаад энэ захиасыг хүргэхэд хүнд хэцүү байсан байж болох вэ?

  4. Нифайчуудад түүний захиас ямар нөлөө үзүүлнэ гэж Самуел найдсан бэ?

  5. Та нарын эцэг эх эсвэл Сүмийн удирдагч танд зориулан захиас өгөхөөр өдөөгдсөнийг хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

  6. Эдгээр шүлгээс ямар нэмэлт үнэнүүдийг олсон бэ?

2-р бүлэг—Хиламан 13:17–23

Их Эзэнээ санахаа болих үед бид бардамнал ба алдаст эмзэг өртөмтгий болдог.

  1. Ямар шүлгүүд энэ үнэнийг заадаг вэ?

  2. Нифайчууд алдаст шаргуу байх юм бол тэдний дээр ямар зүхэл ирнэ гэж Самуел хэлсэн бэ?

  3. Нифайчуудын баяжих хүсэл нь тэднийг өөр ямар нүглүүд рүү хөтөлсөн бэ?

  4. Өсвөр үеийнхний зүрх сэтгэлийг бардамнал ба нүгэлд хөтлөх ямар зүйлс байдаг вэ?

  5. “Та нарыг адисалсан зүйлүүдэд Их Эзэн Бурханаа санах” нь яагаад чухал вэ? (Хиламан 13:22)

  6. Эдгээр шүлгээс ямар нэмэлт үнэнүүдийг олж болох вэ?

3-р бүлэг—Хиламан 13:24–33

Хэрэв бид Их Эзэний бошиглогчдын үгсийг үгүйсгэх юм бол уй гашуу, харамслыг үзэх болно.

  1. Энэ үнэнийг аль шүлэгт заадаг вэ?

  2. Самуелын хэлсэнчлэн, нифайчууд жинхэнэ бошиглогчдыг яагаад үгүйсгэсэн бэ?

  3. Самуелын өгүүлсэнчлэн, зарим хүн худал хуурмаг бошиглогчдыг яагаад хүлээн авдаг вэ?

  4. Амьд бошиглогч, төлөөлөгчдийн тодорхой ямар сургаалууд байдаг вэ?

  5. Амьд бошиглогч, төлөөлөгчид зарим ямар “мунхаг мөн харалган удирдагчдаар дагуулагдах”-аас (Хиламан 13:29) зайлсхийхийг бидэнд анхааруулсан бэ?

  6. Эдгээр шүлгээс нэмэлт ямар үнэнүүдийг олж болох вэ?

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Хиламан 13:3. “Зүрх сэтгэлд нь ирэх аливаа зүйл”

Бошиглогч Самуел нифайчуудад юу номлохоо өөрийн дураар шийдээгүй. Бид Хиламан 13:3 дээрээс тэрээр “зүрх сэтгэлд нь ирэх аливаа зүйлийг” заасан тухай уншдаг. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр бидэнд ийм илчлэлт хэр ойрхон ирдэг тухай дараах тайлбарыг өгсөн:

“Илчлэлт биднийг сонсохоосоо илүүтэй мэдрэх үед ирдэг. Нифай тэнгэр элчид шийтгэгдсэн адармаатай ах нартаа ‘Гэвч та нар мэдрэхээсээ өнгөрсөн, тиймээс түүний үгсийг мэдэрч чадсангүй’ гэж хэлдэг.[1 Нифай 17:45; тодотгол нэмэгдсэн.]

“Судруудад ‘Хөшиг нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа’ [C ба Г 110:1] эсвэл ‘оюунд чинь зүрх сэтгэлд чинь би ярих болно’ [C ба Г 8:2] эсвэл ‘бибээр чиний оюуныг гэгээрүүлсэн’ [C ба Г 6:15] зэрэг ийм илэрхийллүүдээр дүүрэн байдаг.[С ба Г 100:5. ] Илчлэлтийн талаар заасан хэдэн зуун шүлгүүд байдаг” (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 60).

Хиламан 13:23–29. Амьд бошиглогчдыг дагах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард дараах амьд бошиглогч, төлөөлөгчид чухал болохыг дараах үгээрээ онцлон тэмдэглэсэн:

“Хайрт ах, эгч нар аа, сүмийн удирдагчдын зааж байгаа зүйлст анхаарлаа хандуулна уу. Та нарт болон гэр бүлд тань туслах сургаалуудыг хэрэгжүүл. Бид бүгдээрээ гэр бүлийнхээ нөхцөл байдлуудыг үл харгалзан бие биетэйгээ болон Тэнгэр дэх Эцэг ба Их Эзэн Есүс Христтэйгээ харьцах харьцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд орон гэртээ бошиглогчид, төлөөлөгчдийн сургаалуудыг авчирцгаая. Хэрэв та нар зөвхөн чихээрээ бус харин мөн зүрх сэтгэлээрээ сонсох юм бол Ариун Сүнс сүмийн ерөнхийлөгч түүний зөвлөхүүд, төлөөлөгчид болон сүмийн бусад удирдагчдын хүргэсэн захиасуудын үнэнийг тунхаглах болно гэдгийг би Их Эзэний нэрээр амлаж байна. Гэрчлэлүүд тань хүчирхэгжиж, баяр баясгалантайгаар бидний зөвлөмжийг дагахын тулд хувь хүмүүс ба гэр бүлүүдийн хувьд юу хийх ёстойг тань Сүнс та нарт сануулах болно” (“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 67).

Хиламан 13:38. Алдсыг үйлдэж, аз жаргалыг олдоггүй

Хэрэв нифайчууд алдсыг үйлдэж аз жаргалыг эрэлхийлэх аваас устгагдах болно гэдгийг Самуел тэдэнд анхааруулсан. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт аз жаргал зөвхөн зөв шударга байдлаар дамжин ирдгийг заасан:

“Сатан гял цал дүрсүүд, хангинах хөгжим, бие махбодын хэт цочирмог сэрэл зэргээр дамжуулан оюун санаа, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдгийг та нар анзаарсан уу? Тэрээр амьдралыг үйл хөдлөл, зугаа цэнгэл, сэрэл мэдрэхүйгээр дүүргэхийг үргэлж хичээдэг болохоор хэн ч түүний энэ уруу татагч урилгынх нь цаад үр дагаврыг олж мэдэж чаддаггүй. Энэ талаар бодож үзээрэй. Толгой эргүүлсэн тэр үйлдлүүд тааламжтай бөгөөд зөвшөөрч болмоор санагдсан учраас зарим хүмүүс Бурханы хамгийн гол зарлигуудыг зөрчихөөр уруу татагддаг. Тэдгээр зүйлс нь сэтгэл татмаар тэр бүү хэл хүсүүштэй санагддаг. Ноцтой үр дагаварт хүрэхээргүй, харин баяр баясгалантай, аз жаргалтай байх мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харин тэдгээр жүжгүүд нь зохиол болон бас жүжигчдээр хянагдаж байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Гаргах шийдвэрүүдийнх нь үр дүн найруулагчийн хүссэнээр л гуйвуулагдаж болно.

“Амьдрал бол тийм биш. Тийм ээ, ёс суртахууны сонгох эрх та нарт хүссэнээ сонгох боломжийг олгодог ч эдгээр сонголтуудын үр дүнг та нар хянаж чадахгүй. Хүмүүний хуурмаг бүтээлүүдтэй адилгүй нь та нарын сонголтуудын үр дагавруудыг Тэнгэрлэг Эцэг маань тогтоодог билээ. Түүний зарлигуудыг гуйвуулснаар бус харин дуулгавартай байснаар аз жаргалыг авчирдаг” (“How to Live Well amid Increasing Evil,” Ensign эсвэл Лиахонa, 2004 оны 5-р сар, 102).

Хиламан 13:38. “Бүрмөсөн дэндүү оройтох хүртлээ”

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл заахдаа:

“Наманчлалын агуу зарчим нь үргэлж боломжтой байдаг ч гэм нүгэлтэй, дуулгаваргүй хүмүүсийн хувьд энэ мэдэгдэл нэлээд ноцтой нөхцөл болох нь үнэн юм. Жишээлбэл, нүгэл нь дэндүү дасал болсноор, заримдаа хүмүүсийг эргэлтгүй эмгэнэлтэй байдалд хүргэдэг. Наманчлалгүйгээр уучлал гэж үгүй. Уучлалгүйгээр мөнхийн адислалууд алдагдах аюул тулгарна. Нүгэлтэн нүгэлдээ улам гүн шигдэх тусам алдаа нь улам бүр гүн нуувчинд орж, өөрчлөгдөх хүсэл нь суларснаар улам бүр найдвар нь алдагдаж, өөрөө эргэж авирахыг хүсэхээ болин эсвэл тэгэх хүч тамиргүй болж доош халтирдаг” гэжээ (The Miracle of Forgiveness [1969], 117).