151-р хичээл
Ифер 13–15
Оршил
Жаредчуудын соёл иргэншлийн тухай бошиглогч Иферийн цэдэг нь Их Эзэн болон Түүний бошиглогчдыг эсэргүүцэгчид хөгжин дэвждэггүйг гэрчлэн харуулдаг. Ифер жаредчуудын хаан Кориантумрт өөрөө болон гэр бүл нь наманчлахгүй бол, түүний хүмүүс устгагдана гэдгийг сэрэмжлүүлжээ. Кориантумр болоод түүний хүмүүс наманчлахаас татгалзсан учраас, дайн ба ёс бус байдал нь жаредчуудыг бүрэн устгагдах хүртэл олон жилийн турш улам газар авсан ажээ. Зөвхөн Ифер, Кориантумр хоёр л Иферийн бошиглол биелэгдсэний гэрч болон амьд үлдсэн юм. Эдгээр бүлгүүд нь мөн “үүнийг [амлагдсан нутгийг] эзэмших ямар ч үндэстэн Бурханд үйлчлэх болно, эс бөгөөс тэд устгагдах болно” (Ифер 2:9) гэсэн Бурханы тогтоол биелэгдсэнийг харуулдаг.
Заах зөвлөмж
Ифер 13:1–12
Моронай шинэ, хуучин хоёр Иерусалимын тухай Иферийн бошиглолуудыг цэдэглэсэн нь
Зарим хот онцгой шинж тэмдгүүдийг дүрсэлсэн нэрээрээ олонд танигдсан байдгийг тайлбарла. Дараах дүрсэлсэн нэрсийг уншиж, ямар хотуудыг ингэж нэрлэдгийг олохыг суралцагчдаас хүс: Гэрлийн хот (Францын Парис); Мөнхийн хот (Италийн Ром); Салхит хот (Чикаго, Иллиной, АНУ); Дорнын сувд (Филиппиний Maнила); Орд харшуудын хот (Мексикийн Mехико). Эдгээр дүрсэлсэн нэрс нь дээрх хотуудын тухай юу өгүүлж байгааг суралцагчдаас асуу.
Моронай, гурван хотын тухай Иферийн бошиглолыг цэдэглэснийг онцлон заа: Шинэ Иерусалим (Ифер 13:6–8, 10-ыг үзнэ үү); “тэнгэрээс бууж ирэх” Енохын хот, (Ифер 13:3; мөн Moсе 7:62–64-ийг үз); мөн Ариун газар дахь Иерусалим (Ифер 13:11-ийг үз). Ифер жаредчуудад, тэдний амьдарч байсан энэ газар нь ирээдүйн нэгэн онцгой агуу хотын байршил болохыг заасан (Ифер 13:2–3-ыг үз). Суралцагчдыг Ифер 13:4–8-ыг чимээгүй уншин, дээрх шүлгүүдэд дурдсан хотуудын нэрийг олоход урь.
-
Эдгээр хотын нэр юу вэ? (Иерусалим ба Шинэ Иерусалим.) Ифер Ариун газар дахь Иерусалим болон Америк тивд ирээдүйд нэгэн цагт баригдах Шинэ Иерусалимыг дүрслэхэд ямар нэрийг ашигласан бэ? (“Ариун хот.”)
-
“Ариун хот” хэмээн нэрлэгдсэн энэ хотод амьдрах нь ямар байх бол, та нар юу гэж бодож байна?
Ифер 13:10–11-ийг чимээгүй уншин, эдгээр ариун хотод амьдрах хүмүүс ямар шаардлага хангах ёстойг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Эдгээр хотод амьдрах хүмүүс ямар шаардлага хангасан байх ёстой вэ? (Тэдний өмсгөлүүд нь “хурганы цусаар угаагдан цагаан болсон байна.”)
-
Энэ хүмүүсийн өмсгөл “Хурганы цусаар угаагдан цагаан” болсон гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Бурханы хурга, Есүс Христийн цагаатгалаар нүгэл нь угаагдан цэвэр ариун болсон хүмүүс гэсэн утгатай; 1 Нифай 12:11; Aлма 5:21-ийг үз.)
Шинэ Иерусалимын өөр нэг нэр нь Сион болохыг тайлбарла (Moсе 7:62; Итгэлийн тунхаг 1:10-ыг үз). Шинэ Иерусалим ба Иерусалим хот ирээдүйд байгуулагдана, харин Сүмийн бүх гишүүн одоо өөрсдийн байгаа газрыг Сион болгохыг хичээх ёстой (С ба Г 6:6; 14:6-г үзнэ үү). Үндсэндээ, Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд” (С ба Г 97:21) юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах үгсийг унш:
“Сион бол оршин суугчдынх нь зан чанар, төлөв байдал, итгэл бишрэлийн улмаас Сион байдаг [ [Moсе 7:18-ыг үз.] ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн тэдний дунд ядуус байсангүй’ гэснийг санагтун (Moсе 7:18). Хэрэв бид Сионыг гэр орондоо, салбар, тойрог болон гадаснууддаа байгуулах юм бол, энэ жишиг рүү өсөн хөгжих ёстой: (1) нэг зүрх, нэг оюунтай болж нэгдэх; (2) хувиараа болон хамт олноороо ариун хүмүүс болох; мөн (3) ядуус ба тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах” нь чухал юм. (“Come to Zion,” Ensign ба Лиахона, 2008 оны 11-р сар, 38).
Гэр орон, салбар тойргоо илүү өндөр жишиг рүү зохион байгуулагдахад нь туслахын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өг. Бодол санаагаа судрын тэмдэглэл болон дэвтэртээ бичих цагийг та тэдэнд гарган өгч болно.
Ифер 13:13–15:34
Жаредчууд Иферийн бошиглосон сэрэмжлүүлгүүдийг эсэргүүцсэн бөгөөд ёс бус явдал, дайн дажин тэднийг устгагдах хүртэл улам хүчтэй болов
Жаредчууд Иферийг эсэргүүцэн өөрсдийнхөө дундаас түүнийг хөөн зайлуулсныг тайлбарлан Ифер 13:13–14-ийг хураангуйлан дүгнэ. Мөн өдөр нь тэр өөрийгөө “хадан агуйд нууж,” жаредчуудын тухай цэдгээ бичиж дуусгажээ. Шөнө нь гарч өөрийн хүмүүс жаредчуудыг ямархуу байдалтай байгааг хардаг байв. Тэр харсан зүйлсийнхээ тухай бичсэн ажээ.
Суралцагчдыг Ифер 13:15–19-ийг чимээгүй уншиж, Жаредчуудын нийгмийг хэрхэн дүрсэлснийг олоход урь. Уншиж дуусаны дараа Жаредчуудын нийгмийг өөрийн үгээр дүрслэн ярихыг тэднээс хүс. Дараа нь тэднийг Ифер 13:20–22-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Кориантумрт хэлүүлэхээр Иферт даалгасан захиасыг олохыг хүс.
-
Кориантумрт явуулсан Иферийн захиас юу байсан бэ? (Хэрэв Кориантумр болон түүний гэр бүл наманчлах юм бол, Их Эзэн хүмүүсийг чөлөөлж, Кориантумрт хаант улсаа захирах эрхийг үлдээх байсан. Хэрэв тэд наманчлахгүй бол, Кориантумраас бусад хаант улсын бүх хүн устгагдах байлаа. )
-
Кориантумр болон түүний хүмүүс хэрхэн хариулсан бэ?
Энэ нутагт дайн үргэлжилсээр байсныг тайлбарлаж, Ифер 13:23–14:20-ийг хураангуйлан дүгнэ. Шаред, Гилеад, Либ—хэмээх гурван эр хаант улсыг Кориантумраас салган авахыг чармайж байв. Эцэст нь, нууц хуйвалдаанууд улам газар авч, бүхэл үндэстэн дайнд мөхсөн юм. “Нутгийн гадаргуу дээрх бүх хүмүүс цус урсгаж, мөн тэднийг зогсоох хэн ч үгүй байв” (Ифер 13:31). Кориантумрын сүүлчийн дайсан бол Шиз хэмээх эр байв.
Суралцагчдыг Ифер 14:21–25, 30–31 болон 15:1–2-ыг чимээгүй уншин, эдгээр дайны учруулсан сүйрлийн цар хэмжээг эрж олохыг хүс. Дараа нь нэг суралцагчийг Ифер 15:3–5-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Кориантумр үлдсэн хүмүүсээ сүйрлээс аврахын тулд юу хийхийг хичээснийг олохыг хүс.
-
Кориантумр юу хийсэн бэ? (Тэр Шизэд хаант улсаа өгөхийг санал болгосон.)
-
Шиз Кориантумрт ямар хариу өгсөн бэ? (Хэрэв Кориантумрыг алахыг түүнд зөвшөөрөх юм бол тэрээр хүмүүсийг нь чөлөөлнө гэсэн. Мөн Ифер 14:24-ийг үзнэ үү.)
Ифер 15:6–11-ийг товчлон дүгнэхдээ Кориантумрын болон Шизийн хүмүүс өөр хоорондоо үргэлж тулалдсаар байсныг тайлбарла. Жаредчууд улс үндэстнээрээ сүйрсэн энэ тулалдаан Рама хэмээх толгодын орчим болсныг та тайлбарлаж болох юм. Олон зуун жилийн дараа, Кумора хэмээн нэрлэгдсэн энэхүү толгодын дэргэд нифайчуудын соёл иргэншил мөн устгагдсан билээ. (Ифер 15:11; Moрмон 6:6-г үзнэ үү.)
Ифер 15:12–17-г чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Тэднийг уншихын өмнө, жаредчуудын нөхцөл байдал ямар байсныг мөн энэхүү цэдэгт буй нэгэн харамсмаар зүйл юу байсныг олохыг хүс. Унших цаг өгсний дараа, хэдэн суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Ифер олон жилийн турш хүмүүст наманчлалыг сэрэмжлүүлж байсныг суралцагчдад сануул (Ифер 12:2–3; 13:20-ыг үзнэ үү). Дараах гүйцээж бичих өгүүлбэрийг самбарт бич. Хэрэв бид Их Эзэний наманчлах сэрэмжлүүлгийг эсэргүүцвэл …
Нэг суралцагчийг Ифер 15:18–19-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, самбарт буй өгүүлбэрийг хэрхэн гүйцээж болохыг асуу. Тэд санаагаа хуваалцсаны дараа өгүүлбэрт дараах зарчмыг оруулан нөхөж бич: Хэрэв бид Их Эзэний наманчлах сэрэмжлүүлгийг эсэргүүцэх юм бол Түүний Сүнснээс холдож, бидний зүрх сэтгэлийг Сатаны хүч эзэгнэх болно.
-
Жаредчууд эртхэн наманчлахаас татгалзсан нь эцэстээ тэдний өөрчлөгдөх чадварт хэрхэн нөлөөлсөн бэ?
Ифер 15:20–32-ыг дүгнэхдээ Кориантумр болон Шизийн армиуд зөвхөн Кориантумр, Шиз хоёрыг үлдэх хүртэл тулалдсаныг тайлбарла. Дараа нь Кориантумр Шизийг алжээ. Ганцхан Кориантумраас бусад Хаант улсын бүх хүн алагдсан байна. Тэр Зарахемлагийн нутгийг өвлөн авах бусад хүмүүстэй уулзахын тулд амьдарч байв. (Ифер 13:21; Oмнай 1:20–22). Иферээр дамжуулан Их Эзэний хэлсэн үгс биелэгдсэнийг харуулсан Ифер 15:33-ыг уншихыг суралцагчдаас хүс.
Жаредчуудын түүх бол наманчлалд дахин давтан дуудсан Их Эзэний урилгыг эсэргүүцэх нь юунд хүргэдгийн туйлын тодорхой жишээ юм. Хэдийгээр энэ нь жишээ ч гэсэн бид уг цэдэг дэх бидэнд туслах зарчмуудыг тогтоож болно. Өнөөдөр жаредчуудын адил олон хүн наманчлах тухай Бурханы урилгыг эсэргүүцсэнээр Их Эзэний Сүнсийг хүлээн авах боломжийг алдаж байна. Энэ хүмүүс наманчлахаас татгалзсанаа үргэлж зөвтгөн тайлбарладаг. Дараах тайлбаруудыг уншиж, эдгээр зүйлийг хэлсэн хүнд хариу болгож, тэд юу гэж хэлж болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Тэднийг санал бодлоо хуваалцсаны дараа Ифер 13–15-аас сурч мэдсэн зарчмуудыг нэрлэхэд суралцагчдыг урь.
-
“Би Сүмийн жишгүүдэд тохирохгүй кинонуудыг мэднэ, гэвч тэдгээр нь надад ямар ч муу нөлөө үзүүлэхгүй шүү дээ.”
-
“Найзуудтайгаа архи уух нь тийм ч муу зүйл биш,—бидэнд зүгээр л хөгжилтэй байдаг.
-
“Ангийн бүх сурагч хуулдаг болохоор би ч бас хуулдаг. Хэрэв би бусдаас хуулахгүй бол сайн дүн авч чадахгүй шүү дээ.”
-
“Энэ нь зүгээр нэг жижигхэн порно. Энэ нь намайг гадагшаа гаран, ёс суртахуунгүй юм хийхэд хүргэх зүйл биш. Түүнээс гадна би хүссэн цагтаа л үүнийг үзэхээ больж чадна.”
-
“Надад одоо наманчлах шаардлага байхгүй. Би номлолд гарах хүртлээ эсвэл ариун сүмд гэрлэх хүртлээ хүлээж болно.
Хүмүүс нүгэл үйлдээд наманчлахгүй бол үйлдсэн нүглийнхээ үр дагавартай үргэлж тулгардгийг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. Мөн нүгэл үйлдээд, үүнийгээ наманчилсны дараа, Их Эзэний Сүнсийг амьдралдаа дахин олж авч болно гэдгийг тэдэнд итгүүл. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгсийг унш:
Аврагч бидний нүглүүдийг уучлах чин хүсэлтэй байдгийг би гэрчилж байна. Их зүйлсийг мэдсэн ч дараа нь мөхлийг сонгосон цөөн хэдээс бусад хүмүүст уучлагдахгүй нүгэл гэж байхгүй. Бидний хүн нэг бүр нүглээс ариусан, Христэд ирэх боломжтой байдаг нь ямар гайхалтай онцгой боломж билээ. Бурханлаг уучлал бол бидний зүрх сэтгэлээс гэм буруу болон сэтгэлийн шаналал зовлонг зайлуулж, оронд нь баяр баясгалан ба ухамсрын амар амгаланг бий болгодог, сайн мэдээний хамгийн амтат үр жимсүүдийн нэг юм.” (“Би та нарыг өршөөж болохын тулд … уучил,” Ensign ба Лиахона, 2009 оны 11-р сар, 40–41).
Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй байхад саад учруулдаг ямар нэгэн нүгэл тэдний амьдралд байгаа эсэхийг шалгахад суралцагчдыг урь. Сүнсний нөхөрлөлийг хадгалж, Сатаны хүчийг эсэргүүцэхэд тэдэнд туслахуйц өөрчлөлт гаргахын тулд Цагаатгалын хүчинд найдвар тавихад нь тэдэнд урам дэм өг.
Та суралцагчдад Ифер 13–15-д заасан өөр нэг зарчмыг ойлгуулахын тулд дараах эшлэлүүдийг чимээгүй уншихыг хүс: Ифер 13:27; 14:24; 15:6, 22, 28. Уншихын өмнө, жаредчуудын уур хилэн, өс хонзон зэрэг мэдрэмжүүдийг харуулсан хэллэгийг олохыг хүс. (Та мөн суралцагчдаас эдгээр үгсийг олж тэмдэглэхийг хүсч болно.)
-
Ифер 13–15-ыг судалснаас харахад жаредчуудын өшөө авах хүсэл, уур хилэнгийн үр дагавар юу байсан бэ?
-
Бид жаредчуудын түүхийн эцсийн үйл явдлаас уур, өшөө хорслын тухай ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр зарчмуудыг хуваалцаж болох юм. Тэдний хариултад уур, өшөө хорсол нь хүмүүсийг өөрсдийг нь болоод бусдыг зовоох сонголтууд руу хөтөлдөг гэсэн хариулт байхад анхаар. )
-
Уур хилэн хувь хүмүүс болон гэр бүлд ямар үр дагаврууд авчирч болох вэ?
Бид өшөө авах хүсэл, уур хилэнгийн мэдрэмжээ даван туулахын тулд Есүс Христ рүү эргэж, Түүний Цагаатгалаар дамжуулан уучлал, тайвширлыг олж авч чадна гэдгийг гэрчил. Хэрэв суралцагчдаас хэн нэгэн өөр хүнд уур нь хүрдэг бол Их Эзэн рүү эргэн, тусламжийн төлөө залбирахад тэднийг дэмж.
Иферийн номын тойм
Иферийн номыг тоймлон дүгнэхэд туслах цагийг суралцагчдад гаргаж өг. Энэ номоос семинарын хичээлээр мөн хувиараа судар судлах үеэр юу сурснаа бодохыг тэднээс хүс. Хэрэгтэй гэж үзвэл, тэдэнд сануулахын тулд Иферийн номын зарим бүлгийг товч тоймлон дүгнэхэд урьж болно. Өгсөн хугацааны дараа, Иферийн номоос тэдэнд сүнслэгээр нөлөөлсөн эсвэл Есүс Христэд итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн зүйлсийг хуваалцахад цөөн суралцагчаас хүсч болно.