143-р хичээл
Ифер 1
Оршил
Лимхайн илгээсэн хэсэг хүмүүсийн олсон 24 алтан ялтсаас Моронай Иферийн номыг хураангуйлжээ. (Мозая 8:7–11-ийг үзнэ үү). Эдгээр ялтсуудад Жаредын хүмүүсийн түүх бичигдсэн байна. Жаредчуудын энэхүү цэдэг нь Их Эзэн Бабелын цамхаг дээр хүмүүсийн хэлийг будлиулсан үед Жаред болон түүний ах өөрсдийн гэр бүл, найз нөхдийнхөө төлөө Их Эзэний нигүүлсэл ба удирдамжийг эрэлхийлснээр эхэлдэг. (Эхлэл 11-ийг үзнэ үү). Жаредын ахыг итгэлтэй залбирсан учраас Их Эзэн тэдний хэлийг хэвээр нь үлдээсэн юм. Их Эзэн тэднийг амлагдсан нутаг руу удирдан, тэнд тэднийг агуу үндэстэн болгоно хэмээн мэдэгджээ.
Заах зөвлөмж
Ифер 1:1–32
Моронай Иферийн удмын бичгийг Бабелын цамхагт байсан Жаред хүртэл цэдэглэсэн нь
Иферийн ном хаанаас ирснийг санахад нь суралцагчдад туслахын тулд энэ гарын авлагын хавсралтын Moзая 7–24 дэх аяллын тоймыг тэдэнтэй хамт дүгнэ. Тэднийг аялал 4 дээр очоод Зарахемлаг олохыг хүс. Дараа нь тэднийг Лимхайн хүмүүс энэ аяллаараа олж мэдсэн зүйлсийг хайж олоход урь. Тэгээд Иферийн номын эхний хуудсыг гаргахыг тэднээс хүс. Гарчгийн доорх дүгнэлт нь Лимхайн хүмүүсийн олсон 24 ялтсаас Иферийн номыг бичсэнийг тайлбарлажээ.
Моронай эцгийнхээ бичээсүүдийг дуусгасны дараа 24 алтан ялтсыг хураангуйлсан гэдгийг тайлбарла. Энэхүү цэдэг нь нифайчууд болон леменчүүдээс өмнө Америк тивд амьдарч байсан жаредчуудын түүхийг агуулдаг. Суралцагчдаас Ифер 1:1–5-ыг чимээгүй уншиж, Моронай жаредчуудийн цэдгийг хураангуйлахдаа юуг бичихээр сонгосныг олж мэдэхийг хүс. Олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
Хэрэв танд Бабелын цамхгийн зураг байвал үзүүлж болно. Ифер 1:5-д гардаг цамхгийн талаар тэдний юу мэддэг болон уг цамхгийг барихаар оролдсон хүмүүст юу тохиолдсоныг дүгнэхийг тэднээс хүс. (Үүнийг Бабелын цамхаг гэж нэрлэдэг байсан бөгөөд цамхгийг барьж байсан хүмүүсийн хэлийг Их Эзэн будлиулснаас гадна тэднийг ёс бусынх нь улмаас тараажээ Эхлэл 11:1–9-ийг үзнэ үү).
Та жаредчууд болон нифайчуудын түүхийн хоорондын харилцан холбоог ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Мормоны Номын хавчуурган дээрх (зүйлийн дугаар 32336) он тооллыг харахыг тэдэнд санал болгож болно. Моронай бошиглогч Иферийн өвөг дээдсийн талаар бичсэн 24 алтан ялтсан дээрх жаредчуудын гарал үүсэл, түүхийг Моронай өөрийн цэдэгт эмхэтгэн бичсэнийг тайлбарла. Тэрээр Бабелын цамхаг баригдаж байх үед амьдарч байсан Иферийн өвөг дээдэс Жаред гэгч хүний тухай бичсэн байна.
Ифер 1:33–43
Жаредын ахын залбирлаар дамжуулан түүний гэр бүл, найз нөхөд нь ач ивээл ба удирдамжийг хүлээн авдаг байв
Эргэн тойрондоо байгаа хүмүүсийн ярьдаг хэлийг ойлгохгүй нөхцөлд орж байсан эсэхийг суралцагчдаас асуу. Тэр үед сэтгэл санаа нь ямархуу байсныг хуваалцахыг тэднээс хүс. Бабелын цамхагт байсан хүмүүс өөрсдийнх нь хэлийг будлиулсныг ойлгосон үед тэдэнд ямар санагдсаныг төсөөлөн бодохыг хүс. Дараах асуултуудыг чимээгүй тунгаан бодохыг тэднээс хүс:
-
Хэрэв танд ийм нөхцөл байдал тулгарсан бол энэ талаараа хэнтэй ярилцахыг хамгийн их хүсэх байсан бэ? Яагаад?
Суралцагчдаас Ифер 1:33–34-ийг чимээгүй уншихыг хүс. Уншихынх нь өмнө, тэднээс (1) Жаред хэнтэй ярилцах боломжтой байхыг хүссэнийг, (2) тэрээр асуудлаа шийдүүлэхийн тулд юу хийснийг олж мэдэхийг хүс. (Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ харилцах боломжтой байхыг хүссэн мөн хэлийг нь будлиулахгүй байхын төлөө залбирахыг ахаасаа хүссэн.) Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа доорх асуултуудыг тэднээс асуу:
-
“Их Эзэнд залбиран гуй” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?
-
Та нар Ифер 1:33–34-өөс Жаред ахынхаа тухай болон ахынхаа залбирлын талаар бодсон бодлоос юу сурсан бэ?
Ангийг хоёр хоёроор нь болгон хуваарил. Хосуудыг Ифер 1:35–42 хүртэл ээлжлэн чангаар уншуул. Тэднээс Жаредын ахын залбирлууд болон түүний залбирлуудад хариулсан Их Эзэний хариултыг хайж олохыг хүс. Суралцагчдад унших хангалттай цаг өгсний дараа дараах асуултуудыг асуу:
-
Жаредын ахын залбирлуудаас юу нь танд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Жаредын ахын залбирлуудад Их Эзэн хэрхэн хариулсан бэ?
-
Жаредын ахын залбирсан байдал болон түүний залбиралд хариулсан Их Эзэний арга замаас бид ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчдыг санаа бодлоо хуваалцахдаа тэдний төлөөх Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл ба хайрын талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Самбар дээр дараах зарчмуудыг бич: Хэрэв бид Бурханд хандан байнга итгэлтэйгээр гуйвал Тэр бидэнд өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандах болно.)
Хичээлийн өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. (Эсвэл тэдэнд тараах материал болгон өгөх буюу тэднээр бичүүлэхийн тулд чангаар, удаан уншиж өгч болно.)
Суралцагчдыг энэ асуултуудад дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ хариулж бичихийг хүс. Та тэдэнд бичсэн зүйлээ хуваалцах боломж олгож болно. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд бид Түүнд хандан залбирсан үед Тэр биднийг адислахыг хүсдэг гэдгийг мэддэгээ тэдэнд гэрчил.
Ифер 1-р бүлэгт гардаг түүх нь биднийг хайрлах Бурханы хайр болон залбирлаар дамжин ирдэг адислалуудын талаар илүү гүнзгий ойлголтыг бидэнд өгөх болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Ифер 1:34, 36, 38-ыг дотроо уншиж, Жаред ахаасаа юу гэж залбирахыг гуйсныг олж мэдэхийг хүс. Та нэг суралцагчийг самбарын өмнө гарч, бусдынхаа хариултыг жагсаан бичихэд урь. Та тэр суралцагчийг самбар дээр бичсэн “Тэнгэрлэг Эцэгээс залбиран гуй” гэсэн зарчмын доор бичихийг санал болгож болно.
Ифер 1:38-ын төгсгөл дэх “Их Эзэнд итгэлтэй байцгаая ” гэсэн өгүүлбэрийг тэмдэглэхийг та суралцагчдадаа санал болгож болно. Жаредын үйлдлүүд болон түүний ах Их Эзэнд дуулгавартай байх итгэл, хүсэл эрмэлзлээ харуулсан гэдгийг онцолж хэл. Тэд өөрсдөдөө хэрэгтэй байсан адислалуудыг итгэлтэй гуйсан.
Суралцагчдыг Ифер 1:35, 37, 40–42-ыг дотроо уншин, Жаред ба түүний ах, тэдний гэр бүл, найз нөхдийг Бурхан хэрхэн адисалсан арга замуудыг эдгээр шүлгүүдээс хайж олохыг хүс. Суралцагчдын хайж олсон үгсийг самбар дээрх хайр энэрэл гэсэн зарчмын дор жагсаан бичиж байгаа суралцагчаар бичүүлж болно. Жаредын ахын хүсэлт болон Их Эзэний өгсөн адислалуудын хоорондох уялдаа холбоог тэд ойлгосон эсэхийг анхаар.
Нэг суралцагчаар Ифер 1:43-ыг чангаар уншуул. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Жаредын ах онцгойлон гуйгаагүй ч Бурханы тэдэнд амласан адислалуудыг хайж олохыг суралцагчдаас хүс.
-
Бурхан өөр ямар адислалуудыг хүмүүст амласан бэ? (Бурхан тэднийг хаашаа явах ёстой хэмээн хүсч байгааг асуухыг Жаред ахаасаа хүсчээ. Их Эзэн тэднийг “дэлхийн бүх нутгаас дээгүүр сонгомол нутаг” тийш удирдана хэмээн Жаред бодсон [Ифер 1:38]. Их Эзэн тэднийг амлагдсан нутаг руу удирдахаар амлажээ. Үүнээс гадна, тэдэнд аяллынхаа бэлтгэлийг хэрхэн хангах талаар тодорхой заавар өгсөн байна. Тэрээр мөн тэдний гэр бүлээс агуу үндэстэнг төрүүлэх бөгөөд энэ дэлхий дээр тэднээс илүү агуу үндэстэн байхгүй байх болно гэдгийг амлажээ.)
2 Нифай 4:35-ыг нээхийг суралцагчдаас хүс. (Та тэдэнд 2 Нифай 4:35-ыг Ифер 1:43-ын шүлгүүдийн дэргэд судар дээрээ тэмдэглэн бичихийг санал болгож болно.) Дараа нь 2 Нифай 4:35, Ифер 1:43-ыг дотроо уншиж, Бурхан бидний залбирлын хариуд өгдөг адислалуудын талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байгааг олж мэдэхийг тэднээс хүс.
-
2 Нифай 4:35-д Бурхан залбиралд хэрхэн хариулдаг талаар Нифай бидэнд юу заадаг вэ? (Бурхан гуйсан нэгэнд өгөөмрөөр өгөх болно. Та өгөөмрөөр гэдэг нь сэтгэл харамгүй гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.) Ифер 1:43 дахь түүх 2 Нифай 4:35-д Нифайн тунхагласан зүйлийг хэрхэн баталж байна вэ?
-
Ифер 1:43-т өгүүлснээр, Их Эзэн ямар шалтгаанаар жаредчуудын гуйснаас илүү адислалуудыг амласан бэ? (Тэд итгэлтэйгээр залбирсан учир Их Эзэн тэдэнд нэмэлт адислал амласан. Та Ифер 1:43 дахь “чи надад хандан ийм удаан хугацаагаар залбиран гуйсны учир” гэсэн хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
-
Бид Ифер 1:43-аас ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгээр хариулж болох ч дараах зарчмыг хэлэх хэрэгтэй: Хэрэв бид Бурханд үргэлж итгэлтэй залбирах юм бол хүсэн хүлээснээсээ илүү их адислал хүлээн авах болно. Та суралцагчдаас энэ шүлгийг судартаа тэмдэглэж авахыг хүсч болно.)
-
Та энэ зарчмыг хэзээ өөрийнхөө амьдралд эсвэл өөрийнхөө таньдаг хэн нэгний амьдралд харсан бэ?
Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа та өөрийнхөө эсвэл өөр хэн нэгний амьдралын туршлагаас хуваалцаж болно. Бошиглогч Иосеф Смит бол энэ зарчмын гаргуун сайн жишээ юм. Тэр аль сүм үнэн болохыг (Иосеф Смит—Түүх 1:10–20-ийг үзнэ үү) мөн Их Эзэний өмнө өөрөө ямар байдалтай байгаагаа мэдэхийн тулд (Иосеф Смит—Түүх 1:29–47-г үзнэ үү) залбирснаар хүсэн хүлээснээсээ илүү их адислал хүлээн авсан билээ.
Суралцагчдыг чин сэтгэлээсээ залбирахын төлөө хүч чармайлт гаргахад нь урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга. Мөн Тэнгэрлэг Эцэг өрөвч энэрэнгүй сэтгэлээр дүүрэн бөгөөд тэдний залбиралд итгэлийнх нь дагуу хариулж, Өөрийнхөө мэддэг зүйлсийн дагуу тэдний амьдралд агуу адислал авчрах болно гэдгийг санахад тэднийг урамшуулан дэмж.