51-р хичээл
Мормоны үгс–Moзая 1
Оршил
Мормоны үгс хэмээх энэ ном нь Нифайн бага ялтсууд ба Мормоны хураангуйлсан Нифайн их ялтсуудын хоорондын гүүр нь болдог. Есүс Христийн төрөлтөөс бараг 400 гаруй жилийн хойно бичигдсэн энэхүү номонд Мормон Бурханаас удирдамж эрэлхийлж, энэ цэдэгт юу оруулах тухай Ариун Сүнсээр удирдуулсан хэмээн тайлбарласан. Тэрээр мөн Хаан Бенжамины тухай дурдаж, яагаад хаан Бенжамин ард түмнийхээ дунд тийм агуу нөлөөтэй байсан тухай үнэтэй санаануудыг өгсөн. Moзая 1-д хаан Бенжамин хөвгүүддээ заасан зүйлсийг багтаадаг. Бурханыг санахад мөн Түүний тушаалуудыг сахихад судрууд бидэнд тусалдаг хэмээн тэрээр заасан.
Заах зөвлөмж
Мормоны үгс 1:1–11
Бурхан олон цэдгийг мэргэн зорилгын төлөө хадгалсан гэдгийг Мормон гэрчилсэн
Ямар нэг зүйлийг хийхээр Сүнсээр өдөөгдөж байсан тухайгаа эргэн санахыг суралцагчдаас хүс. Тэднээс эдгээр туршлагынхаа тухай судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ бичихийг хүсч болно. Тэдэнд туршлагуудаа санахад нь туслахын тулд та эхлээд өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно. Дараа нь хичээлийн дундуур та хэдэн суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүсэх болно гэдгээ хэл.
Сүнсний өдөөлтийг дагах ёстой шалтгааныг сайн ойлгоогүй боловч дагасан нэг хүний жишээнээс өнөөдөр суралцах болно гэдгийг тэдэнд тайлбарла.
Мормоны үгсээс Мормоны Ном бичсэн өдрийг баримжаагаар (хуудасны доод талд эсвэл бүлгийн тоймд байгаа) олуул. Энэ өдрийг Омнаи ба Мозаягийн номуудын өдрүүдтэй харьцуулахыг тэднээс хүс.
-
Энэ өдрүүдээс та нар Мормоны үгсийн тухай юу мэдэж сурч болох вэ?
Ялтсуудыг эмхэтгэж буй Мормоны зургийг тавь (62520; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 73-р зураг). Нэг суралцагчаас Мормоны үгсийн 1:1–2-ыг чанга уншихыг хүс. Мормон Мормоны үгс хэмээх энэ номыг Мормоны Номын ихэнх үйл явдал болоод дууссаны дараа бичсэн гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Мормоны үгс бидэнд Мормоны Ном бол олон цэдгийн нийлбэр гэдгийг ойлгоход тусалдаг болохыг тайлбарла. Энэ нь түүнчлэн уг үйл явцыг илчлэлтээр удирдуулсан гэдгийг харуулдаг.
Нифайн бага ялтсууд болох Мормоны үгс ба Нифайн их ялтсуудын Мормоны хураангуй нь Мормоны Номонд хэрхэн хамтдаа оршдогийг ойлгуулахын тулд энэхүү гарын авлагын хавсралт дахь “Ялтсууд болон хэвлэгдсэн Мормоны номтой харилцах харилцаа” хүснэгтийг үзүүлж болно. Та мөн дараах зүйлийг хичээл эхлэхээс өмнө бэлдэж болно.
Хоёр ном, нэг цаас авчир. Нэг ном нь нөгөөгөөсөө хоёр дахин зузаан байх ёстой. Нимгэн номын ард нь Нифайн бага ялтсууд гэсэн бичигтэй цаас наа. Харин зузаан номын ард нь Нифайн их ялтсуудын Мормоны хураангуй гэсэн цаас наа. Нэг цаасан дээрээ Мормоны үгс гэж бич.
Нифайн их ялтсуудын Мормоны хураангуй гэсэн бичигтэй номоо дээш өргө. Нифайн их ялтсуудын цэдгүүд нь Мормоны Номын хамгийн гол эх сурвалж байсан гэдгийг тайлбарла. Энэ цэдгийн Мормоны хураангуйгаас Иосеф Смит Мозая, Алма, Хиламан, 3 Нифай ба 4 Нифайн номуудыг хөрвүүлсэн.
Суралцагчдыг Мормоны үгс 1:3-ыг дор бүрнээ уншихыг хүс. Нифайн их ялтсуудын нэг хэсгийг нь эмхэтгэснийхээ дараа Мормон юу олж нээснийг олж уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчид юун тухай уншсанаа хэлсний дараа “эдгээр ялтсууд” гэдэг нь Нифайн бага ялтсуудыг хэлсэн болохыг ойлгоход нь тусал. Нифайн бага ялтсуудыг төлөөлсөн номоо өргө. Энэхүү цэдгээс Иосеф Смит 1 Нифайгаас Омнаин ном хүртэл хөрвүүлсэн гэдгийг хэл.
Нифайн бага ялтсуудын тухай Мормон юу гэж бодож байсан тухай Мормоны үгс 1:4–6-г суралцагчдаар уншуул.
-
Нифайн бага ялтсуудын юу нь Мормонд сайхан санагдаж байсан бэ?
-
Нифайн бага ялтсуудаар Мормон юу хийсэн бэ?
Мормон Нифайн бага ялтсуудыг Нифайн их ялтсуудын хураангуйтай нийлүүлсэн гэдгийг харуулахын тулд нимгэн номыг зузаан номын дээр тавь.
Нэг суралцагчаар Мормоны үгсийн 1:7-г чанга уншуул. Мормон Нифайн бага ялтсуудыг Нифайн их ялтсуудын өөрийн хураангуйтай нийлүүлсэн шалтгааныг олохыг суралцагчдаас хүс.
-
Мормон бага ялтсуудыг их ялтсуудын өөрийн хураангуйтай яагаад нийлүүлсэн бэ? (Тэр Сүнсний өдөөлтийг дагасан.) Тэр эдгээрийг нийлүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан уу?
Бага ялтсууд чухал байж болох зарим шалтгааныг Мормон ойлгож байсан гэдгийг харахад нь суралцагчдад тусал. Бага ялтсуудын сүнслэг үнэ цэнийг Мормон ойлгож, тэдгээрт бичигдсэн Есүс Христийн ирэлтийн тухай бошиглолуудыг үнэлж байлаа (Мормоны үгс 1:4–6-г үзнэ үү). Гэсэн хэдий ч түүхийн ижил цаг үед бичигдсэн их ялтсуудад тэдгээрийг нийлүүлэх нь ямар хэрэгтэй болохыг тэр сайн мэдээгүй байсан. (Мормоны ойлгоогүй байсан нэг шалтгааны тухай энэхүү гарын авлагын Мормоны үгсийн танилцуулгаас үзнэ үү.)
Мормоны үгс 1:7-г уншаад Их Эзэний тухай Мормоны заасан сургаалыг олж мэдэхийг хүс. Их Эзэн бүх зүйлсийг мэддэг бөгөөд Тэрээр биднээр дамжуулан ажиллаж, Өөрийн хүслийг биелүүлж чаддаг гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг лавла.
-
Эдгээр сургаал нь Мормоныг хүлээн авсан сүнслэг өдөөлтөө дагахад нь хэрхэн тусалсан бэ?
-
Та нарыг Сүнснээс өдөөлтийг хүлээн авахад эдгээр үнэн хэрхэн тусалж чадах вэ?
Хичээлийн эхэнд бодож байсан эсвэл бичсэн туршлагынхаа тухай эргэн санахыг суралцагчдаас хүс. Хэдэн суралцагчийг урьж, хүлээн авсан өдөөлтийнхөө тухай, үүнд хэрхэн хариулж, ямар үр дүнд хүрсэн тухайгаа хуваалцахыг хүс. (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.) Суралцагчид туршлагаасаа хуваалцах үед та тэднээс дараах зүйлсийг асууж болно:
-
Хүлээн авсан сүнслэг өдөөлтөө дагасны дараа юу тохиолдохыг чи өмнө нь мэдэж байсан уу?
-
Чиний сүнслэг өдөөлтөө дагах итгэл болон шийдвэрт юу нөлөөлсөн бэ?
Их ялтсуудын Мормоны хураангуйг төлөөлсөн номон дээрээ Нифайн бага ялтсуудыг төлөөлсөн номыг тавиад өргө. Дараа нь Мормоны үгсийг төлөөлсөн цаасыг бас өргө.
-
Мормоны үгсийг эдгээр бусад цэдгийн хаана нь байрлуулах вэ?
Суралцагчдыг хариулж байх хооронд Мормоны үгсийг төлөөлсөн цаасаа хоёр номын завсар хий. Мормоны үгс нь Нифайн бага ялтсууд болон Мормоны хураангуйлсан Нифайн их ялтсуудын хооронд гүүр болдог гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Мормоны үгс 1:8-ыг чанга уншихад урь. Нифайн бага ялтсуудыг их ялтсуудын хураангуйтай нийлүүлэх хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлтийг дагахдаа Мормон юунд найдаж байсныг олохыг ангийнхнаас хүс.
Мормон бага ялтсуудыг нийлүүлэх сүнслэг өдөөлтийг дагасан учраас л бид энэ жил Мормоны Номоос (1 Нифай–Oмнаи) эдгээр бичвэрийг судлах боломжтой байгаа гэдгийг онцолж хэл.
-
Мормон Ариун Сүнсний өдөөлтийг дуулгавартай дагаснаар та нарын амьдралыг хэрхэн адисалсан бэ?
-
1 Нифайгаас Омнаиг дуустал заасан бүх зүйлсээс юунд нь та хамгийн талархалтай байгаа вэ? Та яагаад тэдгээр заасан зүйлд талархалтай байгаа вэ?
-
Сүнслэг өдөөлтүүдийг дагах Мормоны хүслийн тухай эргэцүүлэн бод. Сүнслэг өдөөлтүүдийг дагах хүсэл маань бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ хүсэл маань бусдын амьдралыг хэрхэн адислах вэ? (Бид Ариун Сүнсний өдөөлтийг дагах үед Их Эзэн биднээр дамжуулан бусдыг адисалж чаддаг гэдгийг тайлбарла.)
Бид Ариун Сүнсний өдөөлтүүдэд итгэлтэй хандах аваас Их Эзэн “тааллынхаа дагуу [бидэнд] оршин” ажиллах болно (Мормоны үгс 1:7).
Мормоны үгс 1:12–18
Хаан Бенжамин амар амгаланг тогтоов
Самбар дээр зөрчилдөөнөөс амар амгаланд хүрэх гэж бич. Мормоны үгс 1:12–18 дээр хаан Бенжамины засаглалын тухай бичсэн гэдгийг тайлбарла. Энэхүү зөв шударга хүн нь бошиглогч байсан ба ард түмний хаанаар үйлчилж байхдаа олон бэрхшээлтэй тулгарч байсан. Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, тэднээс хамтрагчтайгаа Мормоны үгс 1:12–18-ыг уншихыг хүс. Амар амгаланг тогтоохын тулд хаан Бенжамин болон бусад бошиглогч юу хийснийг ол.
Суралцагчдыг уншиж дууссаны дараа хаан Бенжамин болон түүний хүмүүс зөрчилдөөнөөс амар амгаланг олох хүртлээ юу юу хийсэн талаар судар судлах тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс. Цөөн хэдэн суралцагчаас дэвтэртээ бичсэн зүйлээ самбар дээр бичихийг хүс. Суралцагчдын дүгнэлт нь дараах үгстэй ижил төстэй байж болох юм:
Бид сүнслэгээр өдөөгдсөн бошиглогчдын удирдамжийг дагаснаар амар амгаланг тогтоож чадна.
Бид Их Эзэний хүчээр бэрхшээлүүдийг даван туулж чаддаг.
Амар амгаланг тогтоохын тулд бид бүх чадлаараа хөдөлмөрлөхөөр дуудагдсан.
Суралцагчдын анхаарлыг Мормоны үгс 1:17-д хандуул. Үүнд Мормон хэлэхдээ Бенжамин хаан болон “ариун хүмүүс олон байлаа … мөн тэд Бурханы үгийг хүчтэйгээр мөн эрх мэдэлтэйгээр ярьдаг байв” гэжээ. Суралцагчид дараагийн хичээлүүд дээр хаан Бенжамины хүч чадал болон эрх мэдлээр заасан номлолын тухай суралцах болно гэдгийг тайлбарла.
Moзая 1:1–18
Хаан Бенжамин хөвгүүддээ судруудын чухлыг заадаг
Хэрэв тэд судруудын талаар юу ч мэддэггүй байсан бол ямар байхыг төсөөлөн бодохыг хүс.
-
Судруудын талаар юу ч мэддэггүй байсан бол амьдрал тань ямар байх байсан бэ?
-
Шударга үнэн зүйлгүйгээр амьдрахад танд хамгийн хэцүү нь юу байх байсан бол?
Мозаягийн номыг товчхон танилцуул. Энэ номын эхэнд хаан Бенжамин өөрийн хөвгүүдийг судруудаас үргэлжлүүлэн сургахыг хүсч байсан тухай өгүүлдэг гэдгийг хэл (Moзая 1:2-ыг үзнэ үү). Хаан Бенжамин хөвгүүддээ зааж байхдаа тэд судруудыг хүлээн аваагүй байсан бол тэдний амьдрал өөр байх байсныг тайлбарласан байдаг.
Хэдэн суралцагчаар Moзая 1:3–8-ыг ээлж дараалан уншуул. Судруудтай байсан учраас нифайчууд хэрхэн адислагдсан тухай ойлгож уншихыг хүс. Сурч мэдсэн зүйлээ тайлагнахыг суралцагчдаас хүс.
-
Хаан Бенжамин хөвгүүдэд нь судрууд тус болно гэдэгт яагаад итгэж байсан бэ?
-
Хаан Бенжамин судруудыг судлах ба Бурханы тушаалуудыг сахих хоёрын хоорондын харилцааг үзүүлэх юу хийсэн бэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч тэд дараах үнэнийг тодорхойлсон байх ёстой: Судруудыг судлах нь биднийг тушаалуудыг мэдэж мөн дагахад тусалдаг. Та тэднээс энэ үнэнийг судар дээрээ Moзая 1:3–8-ын ард тэмдэглэхийг хүсч болно.)
-
Судраас судлах нь тушаалуудыг дагахад тань хэрхэн тусалж байсан бэ?
Судрууд үнэн бөгөөд эдгээр нь биднийг тушаалуудыг дагахад тусалдаг гэдэг гэрчлэлээ хуваалц.
Дараах асуултуудыг самбар дээр бич. (Та эдгээрийг хичээл эхлэхээс өмнө бичиж болно.)
Суралцагчдад нэг минут өгч, тэд эдгээр асуултаас хэдийг нь Moзая 1:10–18-аас олж чадахыг хар.
Суралцагчид асуултуудад товчхон хариулсны дараа та дараагийн хэдэн хичээлээр хаан Бенжамин өөрийн хүмүүст “зөрчилд байхаас бусдаар хэзээ ч арилгагдахгүй нэрийг” өгсөн ёслолын талаар судална гэдгийг тэдэнд хэл (Moзая 1:12).