Номын сан
60-р хичээл: Moзая 15–17


60-р хичээл

Moзая 15–17

Оршил

Абинадай хаан Ноа болон түүний санваартнуудад үргэлжлүүлэн номлохдоо Гэтэлгэгчийнх нь хувьд Есүс Христийн үүргийн тухай гэрчилсэн. Ноагийн санваартнуудын нэг болох Алма Абинадайн үгсэд итгэсэн. Хаан Ноа Алмаг өөрийн шүүхээс хөөж, зарц нартаа түүнийг хөнөөхийг тушаасан боловч Алма зугтаан, Абинадайгаас сонссон зүйлсээ бичиж тэмдэглэсэн. Абинадай Их Эзэний хуваалц гэж түүнд илгээсэн захиасыг хүргэсний дараа хаан Ноа болон санваартнууд нь түүнийг хэлсэн үгээсээ буцахгүй бол хөнөөхөөр заналхийлжээ. Гэрчлэлээсээ татгалзаагүй учраас тэрээр “шатаагдаж үхэхийн зовлон амсан”, “өөрийн үгсийн үнэнийг амиараа лацдан баталжээ” (Moзая 17:20).

Заах зөвлөмж

Moзая 15–16

Абинадай Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийн тухай заадаг

Суралцагчдад гэтэлгэх, гэтэлгэнэ, гэтэлгэсэн ба гэтэлгэл гэдэг үгсийгMoзая 15–16-аас олох хоёр минутын хугацаа өг. Та тэдэнд энэ үгсийг тэмдэглэхийг санал болгож болно. Судрын хэсэгт нэг үгийг хэд хэдэн удаа бичсэн байвал энэ нь зохиогчийн захиаст маш чухал үүрэгтэйг илтгэж байгаа хэрэг юм гэдгийг тайлбарла. Өнөөдрийн хичээл дээр Абинадайн захиасыг судлахдаа гэтэлгэлийн тухай анхаарахад нь суралцагчдыг дэмж.

Суралцагчдад Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийг ойлгоход нь туслахын тулд самбар дээр дараах графикийг зур:

Зураг
Offender

“Гэмт хэрэгтэн” гэдэг үгийг заан, тэд гэмт хэрэг хийсэн гэж төсөөлөхийг тэднээс хүс. Тэд их хэмжээний торгууль төлөх болсон ч үүнийг өөрсдөө хууль ёсны, зөв шударга аргаар төлөхгүй байх ямар ч арга зам байхгүй. Ийм хэрэгт орооцолдсон бол тэд яах вэ? хэмээн тэднээс асуу. Тэдэнд гэр бүлийн гишүүн эсвэл найз нь тэр торгуулийг нь төлж өгөхийг санал болгосон хэмээн төсөөлөхийг тэднээс хүс.

  • Та тэр хүнд хэрхэн хандах вэ?

Гэр бүлийн гишүүн эсвэл найз нь тэрхүү торгуулийг төлснөөр тэд шийтгэлээс гэтэлгэгдэх болно гэдгийг тэдэнд тайлбарла. Гэтэлгэх гэдэг үг нь өрнөөс гаргах эсвэл төлөөсийг нь төлөөд чөлөөлөх гэсэн утгатай. Та тэдэнд Moзая 15 дээр бичсэн гэтэлгэх гэдэг үгийн ард эдгээр тодорхойлтыг бичихийг санал болгож болно.

Гэмт хэрэгтэн гэдэг үгийн ард Бид гэж бич. Шийтгэл гэдэг үгийн дор Шударга ёс гэж бич. Бид нүгэл үйлдэн, Бурханы үгийг зөрчсөн тул наманчлах ёстой гэдгийг тайлбарла. Өөрөөр хэлбэл бид шударга ёсны шаардлагыг биелүүлэх ёстой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг унш: Бурханы хуулиудыг зөрчсөнөөр ямар үр дагаврууд ирдэг талаарх дараах үгсийг сонсохыг суралцагчдаас хүс:

“Шударга ёс … нь бүх зөрчигдсөн хуулиудыг биелүүлэхийг шаарддаг. Та Бурханы хуулиудыг сахиснаар адислагддаг боловч энэ нь таны зөрчсөн хуулийн үр дагаврыг цайруулахгүй. Зөрчсөн хуулиудынхаа асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ нь таны амьдралыг золгүй болгон, таныг Бурхан руу буцахад саад болох болно (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 42).

  • Ахлагч Скоттын хэлснээр, Бурханы хуулиудыг зөрчсөн хүн ямар үр дагавруудыг амсдаг вэ?

Суралцагчид Бурханы хуулиудыг зөрчсөнөөр ирэх үр дагавруудыг нэрлэх үед самбар дээрээс Торгууль гэдэг үгийг арилга. Оронд нь Гаслан зовлон ба Бурханы оршихуйгаас таслагдах гэдэг үгсийг самбарт бич. Суралцагчдаас Moзая 15:1, 8–9-ийг дор бүрнээ уншихыг хүс. Тэдгээр хэсгүүдэд байгаа зарим сургаалыг ойлгоход нь туслахын тулд та тэднээс дараах асуултуудыг асуу:

  • Өмгөөлөн зуучлах гэдэг үг нь хоёр юм уу бүлэг хүмүүсийн хооронд орж, тэднийг ойлголцоход—өөрөөр хэлбэл нэг нэгэнтэйгээ зохицоход туслах гэсэн үг юм. Есүс Христ ирж, бидний төлөө “өмгөөлөл” хийсэн гэдэг нь та нарын хувьд юу гэсэн утга илэрхийлж байна вэ?

  • Хооронд гэдэг үг нь дунд гэсэн утгатай. Аврагч “[бид] болон шударга ёсны хооронд” зогсдог гэдэг нь та нарын бодлоор юу гэсэн утгатай вэ? “Шударга ёсны шаардлагыг” хангах гэдэг нь та нарын бодлоор юу гэсэн утгатай вэ?

Шударга ёс нь биднийг нүглүүдийнхээ төлөө шийтгэгдэхийг шаарддаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Аврагч шударга ёсны шаардлагуудыг арилгаагүй; Тэрээр шударга ёсны шаардлагыг хангахын тулд бид болон шударга ёсны хооронд зогсдог. Тэрээр биднийг шийтгэлээс чөлөөлөх гэтэлгэлийн үнийг төлсөн. Самбар дээр Аврагчийн зургийг гэмт хэрэгтэн ба шийтгэл гэсэн үгсийн дунд байрлуул (Их Эзэн Есүс Христ [64001] гэх мэт зураг).

Зураг
Offender Us

Суралцагчдаас Moзая 15:5–7 -г дор бүрнээ уншаад Есүс Христ тэднийг гэтэлгэхийн тулд шударга ёсны шаардлагууд болон тэдний хооронд зогссон тухай тунгаан бодохыг хүс.

Дараах үгсийг самбар дээр бич:

Гэтэлгэгдэхээр сонгосон хүмүүс

Гэтэлгэгдэхээс татгалзсан хүмүүс

Moзая 15:11–12

Moзая 16:2–5, 12

Суралцагчдыг 2 бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээс Moзая 15:11–12-ийг уншаад гэтэлгэгдэхийг сонгосон хүмүүсийн тухай олохыг хүс. Нөгөө бүлгээс Moзая 16:2–5, 12-ыг уншаад гэтэлгэгдэхээс татгалзсан хүмүүсийн тухай олохыг хүс. Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа эхний бүлгийн суралцагчдаас юу олж мэдсэн тухайг нь асуу.

  • Moзая 15:11–12-оос харахад хэн өөрсдийн нүглээс гэтэлгэгдэх вэ? (Суралцагчид бошиглогчдын үгсийг сонсон, Түүний гэтэлгэх хүч чадалд итгэж, нүглээсээ наманчилдаг хүмүүсийн төлөө Есүс Христ шударга ёсны шаардлагыг нь хангаж өгдөг гэдгийг ойлгосон эсэхийг магадал.)

Есүс Христийн төлсөн төлбөр нь наманчилж, зарлигуудыг сахин мөн Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахихыг хичээн, гэтэлгэгдэхэд тэнцэхүйц зохистой байхыг сонгодог хүмүүст өгөгддөг хувийн бэлэг юм.

Цагаатгалын хувийн шинж чанарыг онцлохын тулд суралцагчдыг Мозая 15:10-ыг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдын анхаарлыг “тэрээр өөрийн үрсийг харах болно” гэсэн үг рүү хандуул. Та тэдэнд эдгээр үгийг судар дээрээ тэмдэглэхийг хүсч болно. Үрсийг гэдэг нь хүүхдүүд гэсэн үгийг илэрхийлж байгааг тайлбарла.

  • Бид хэзээ “Христийн хүүхдүүд” болох талаар суралцсан бэ? (Суралцагчдад Moзая 5-д байдаг хаан Бенжамины үгсийг сануул. 55-р хичээлийг мөн үзнэ үү.)

Moзая 15:10 дээрх “өөрийн үрсийг” гэдэг үгийн оронд өөрийн нэрийг тавьж бичихийг та тэдэнд санал болгож болно. Энэ нь тэдний хувьд юу гэсэн утгатай болохыг тунгаан бодохыг хүс.

  • Энэхүү захиас нь Цагаатгалын тухай таны ойлголтод хэрхэн нөлөөлөх вэ?

Moзая 16:2–5, 12-ыг уншсан суралцагчдаас гэтэлгэгдэхээс татгалзсан хүмүүсийн тухай юу олж мэдсэнийг асуу. Гэтэлгэгдэхээс татгалзах нь ямар аюултай болохыг онцлон тэмдэглэхийн тулд суралцагчдаас Moзая 16:5-ыг дор бүрнээ уншихыг хүс.

  • Гэмт хэрэгтэн нүглээ үргэлжлүүлэн, наманчлахаас татгалзах юм бол самбар дээрх график ямар болох вэ? гэж суралцагчдаас асуу. (Суралцагчдыг хариулах үед Есүс Христийн зургийг графикаас ав. Тиймэрхүү хүмүүсийн хувьд гэтэлгэл байхгүй байсан бол маш хэцүү байх байсан гэдгийг та онцлон хэл.)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 19:16–17-г уншаад наманчлахаас мөн Аврагчийн гэтэлгэлийг хүлээн авахаас татгалздаг хүмүүст юу тохиолдохыг олж мэдэхийг хүс. Та тэднийг судар дээрээ Moзая 16:5-ын ард С ба Г 19:16–17 гэж бичихийг дэмжиж болно.

Самбар дээр Аврагчийн зургийг өмнөх байрлалд нь буцаан тавь.

  • Өнөөдөр та өөрийн Гэтэлгэгчийн тухай ямар үнэнүүдийг сурсан бэ?

Суралцагчид энэ асуултад хариулсны дараа Аврагч биднийг нүглийн шийтгэлээс гэтэлгэхийг санал болгодог гэдгийг заахаас гадна Аврагч биднийг үхлээс гэтэлгэдэг хэмээн Абинадай заасан гэдгийг тайлбарла. Цөөн хэдэн суралцагчаас Moзая 16:6–11-ийг ээлж дараалан чанга уншихыг хүс. Есүс Христийн Цагаатгалын ачаар бүх хүн амилах болно гэдэг гэрчлэлээ хуваалц. Та зөв шударга хүмүүс аз жаргалтайгаар амилуулагдах болно гэдгийг онцлон хэлж болно.

Суралцагчдаас Аврагчийн тухай өөрийн сэтгэгдэл мөн Түүний санал болгосон гэтэлгэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ бичихийг хүс.

Moзая 17

Алма Абинадайд итгэснээр хөөгддөг; Абинадай шатаагдсан

Суралцагчдаас асуу:

  • Та нар хэн нэгнийг өөрийнх нь хувьд хэчнээн хэцүү байсан ч зөв шударга зүйлийн төлөө зогсож байдгийг хэзээ нэгэн цагт харсан уу? Юу тохиолдсон юм бол?

Зураг
Abinadi Before King Noah

Хаан Ноагийн өмнө зогсож буй Абинадайн зургийг үзүүл (62042; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 75-р зураг). Абинадай өөрийн захиасыг өгч дуусахад Алма хэмээх санваартан Абинадай үнэн зүйлийг ярьсан бөгөөд түүнийг суллах хэрэгтэй хэмээн хааныг ятгахыг оролддог гэж тайлбарлан Moзая 17:1–6-г тоймлон дүгнэ. Хаан Алмаг хөөж, түүнийг алж болохын тулд зарц нараа илгээв. Алма нуугдан, Абинадайн үгсийг бичив. Гурав хоногийн дараа хаан санваартнуудтайгаа зөвлөсний дараа Абинадайд үхэх ял оноов.

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Хамтрагчидтайгаа судрын дараах хэсгүүдийг уншихыг тэднээс хүс: Абинадайн сонголтуудын тухай Moзая 17:7–10, хаан Ноагийн сонголтуудын тухай Moзая 17:11–12. Тэднээс Абинадайн сонголтуудыг хаан Ноагийн сонголтуудтай харьцуулахыг хүс. Дараах асуултуудын талаар ярилцахыг тэднээс мөн хүс. (Та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно.)

  • Абинадайн хэлсэн үгс яагаад хаан Ноад тэгж туссан бэ? (Moзая 17:11-ийг үзнэ үү.) Хаан Ноагийн санваартнууд өөрт нь хэрхэн нөлөөлсөн бэ? (Moзая 17:12–13-ыг үзнэ үү.)

  • Абинадайн жишээнээс бид юу сурч болох вэ? (Бид ямар ч нөхцөл байдалд орсон Бурханд үнэнч байж чадна гэж суралцагчид хариулж болох юм.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг боломжтой бол хувилан тарааж өг.

Зөв шударгын төлөө зоригтой зогс. Бид төвийг сахидаг цаг үед амьдарч байна. … Бидэнд өдөр тутам тулгардаг нөхцөл байдлуудын аль нь зөвийг бид мэддэг. … Бид өөрсдийнхөө итгэлийг дагах хүч чадлаа хөгжүүлэн өсгөх ёстой” (“Building Your Tabernacle,” Ensign, 1992 оны 11-р сар, 52).

Та тэднээс судрууд дээрээ Moзая 17:9–12-ын ард Нөхцөл байдал ямар ч байсан би Бурханд үнэнч хэвээр байх болно хэмээн бичихийг хүсч болно. Moзая 17:19 дээр байдаг “Ай Бурхан минь, бодгалийг минь хүлээн аваач” хэмээх Абинадайн сүүлчийн үгсэд суралцагчдын анхаарлыг хандуул. Дараа нь Moзая 17:20-ийг чанга унших нэг суралцагчийг урь.

  • Абинадайн сүүлчийн үгсийн юу нь та нарт гайхалтай санагдаж байна вэ?

Дараах асуултад хариулан, судар судлах тэмдэглэлдээ бичихийг тэднээс хүс:

  • Ямар ч нөхцөл байдалд Бурханд үнэнч байхын тулд та нар юу хийх вэ?

Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчаас бичсэн зүйлийнхээ тухай хуваалцахад урь. Сайн мэдээ тэдний хувьд ямар утга учиртай болохыг мөн хэцүү цаг үед Их Эзэнд үнэнч байсан туршлагаасаа хуваалцах хүсэлтэй суралцагч байгаа эсэхийг асуу. Төгсгөлд нь гэрчлэлээ хуваалц.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 15:9 Шударга ёс ба нигүүлсэл

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт бидэнд шударга ёс ба нигүүлслийн адислалын тухай ийн заасан:

“Бид амьдралдаа бүгдээрээ алдаа хийдэг. Бидний хийдэг алдаа мөнхийн хуулийг зөрчдөг. Шударга ёс бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ертөнцийн таталцах хүч бидэнд зайлшгүй шаардлагатай байдгийн адил шударга ёс нь аз жаргалын төлөвлөгөөний зайлшгүй чухал хэсэг мөн. Мөнхийн хуулиудыг сахидаг бол шударга ёс нь таны найз болж чадна. Харин мөнхийн хуулиудыг хайхрахгүй аваас шударга ёс та нарт сүйрлийг авчрах болно. Шударга ёс нь Бурханы хуулиудыг сахиснаар хүлээн авах адислалуудыг баталгаажуулдаг. Шударга ёс нь зөрчигдсөн хуулиудыг биелүүлэхийг шаарддаг. Та Бурханы хуулиудыг сахиснаар адислагддаг боловч энэ нь таны зөрчсөн хуулийн үр дагаврыг цайруулахгүй. Зөрчсөн хуулиудынхаа асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ нь таны амьдралыг золгүй болгон, таныг Бурхан руу буцахад саад болох болно. Зөвхөн амьдрал, заасан зүйлс ба ялангуяа Есүс Христийн Цагаатгал таныг энэхүү хэцүү байдлаас чөлөөлж чадна.

Зөрчигдсөн хуулийн үр дагаврууд нь нигүүлслээр дамжуулан Бурханы хуулиудад дуулгавартай байж, тогтмол наманчилснаар төлөгддөг. Ийм наманчлал ба дуулгавартай байдал нь Цагаатгалын бүрэн дүүрэн гайхамшгийг амьдралдаа авахад зайлшгүй шаардлагатай. Гэтэлгэгч таныг шударгаар шүүн, таны наманчлалын дагуу нигүүлсэн уучилж чадна. Цагаатгалаар дамжуулан та дуулгавартай байдлаараа хүлээн авсан адислалуудаа хадгалах болно гэсэн шударга ёсны баталгаатайгаар амьдарч чадна. Түүний нигүүлслээр дамжуулан та зөрчигдсөн хуулийн үр дагавруудыг шийдвэрлэж чадна (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign асвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 41–42).

Хэвлэх