56-р хичээл
Moзая 7–8
Оршил
Хаан Бенжамины хүү Мозаяг хаан ширээнд суухаас ойролцоогоор 80 жилийн өмнө Зарахемлагаас Зениф гэгч хүнээр удирдуулсан бүлэг нифайчууд өөрсдийн “өвийн нутаг” хэмээн үздэг Нифайн нутагт амьдрахаар гардаг (Oмнаи 1:27–30-ийг үзнэ үү). Хаан Мозая хэсэг хүмүүсийг Аммоноор удирдуулан, Нифайн нутаг руу Зенифийн бүлэг хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэсэн болохыг мэдүүлэхээр илгээв. Аммон болон түүнтэй хамт явсан хүмүүс Зенифийн үр удмынхан леменчүүдийн боолчлолд орсон болохыг олж мэдэв. Зенифийн ач хүү Лимхай тэдний хаан болсон байлаа. Аммон ирсэн нь Лимхайн хүмүүст итгэл найдварыг төрүүлжээ. Лимхай Аммоноос өөрийн хүмүүсийн олсон 24 алтан ялтсыг орчуулж чадах эсэхийг асуужээ. Аммон түүнд Зарахемлагийн хаан Мозая үзмэрч учраас ялтсуудыг орчуулж чадна хэмээн хэлжээ.
Заах зөвлөмж
Moзая 7
Аммон Лихай-Нифайн нутагт ирж, хаан Лимхайн хүмүүс боолчлолд орсон болохыг олж мэдэв
Самбар дээр гашуудах: харамсах буюу гунигтай байх гэж бич.
-
Хүмүүсийн гашууддаг ямар ямар шалтгаан байдаг вэ?
Нэг суралцагчаас Moзая 7:24-ийг чанга уншин, бусад нь түүнийг дагаж уншихыг хүс. “Бүгд алдсын учир болой” гэдэг үгсийг онцлон хэл. Энэ үгс нь буруу сонголтууд хийснээсээ болж, ийм нөхцөл байдалд орсон бүлэг хүмүүсийн тухай юм. “Алдсын учир” ирсэн нөхцөл байдалдаа гашуудаж байсан эсэхээ санахыг суралцагчдаас хүс. Өнөөдөр тэд Moзая 7–8-ыг судалж, хаан Лимхай болон түүний хүмүүсийн харууслын шалтгаануудыг авч үзнэ. Лимхай ард түмнээ гуниг зовлонгоос нь ангижруулахын тулд юу хийхийг хүссэн болохыг олж уншихыг хүс.
Нэг суралцагчаас Moзая 7:1-ийг чанга уншихыг хүс. Энэ хэсэгт гарч байгаа хоёр газрыг тодорхойлохыг суралцагчдаас хүс. Энэ хичээлд хавсаргасан эхний графикийг самбар дээр зураад суралцагчдыг судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ зурахыг хүс. Та энэ графикийг хичээлдээ ашиглаж байхдаа үйл явдлууд нь Америк тивд болсон гэдгээс өөр Мормоны Номын газар зүйн байршлуудын талаар албан ёсны тайлбар Сүмд байхгүй гэдгийг тайлбарла.
Тэмдэглэл: Мозаягийн номноос судлах явцдаа тэд зурсан график дээрээ нэмж зурах болно. Самбар дээрх графикийг дуурайж зурахдаа эдгээр жижиг хэсгийг нэмж зурах хангалттай зай үлдээхийг тэдэнд сануул. Тэднийг графикаа зурж эхлэхээсээ өмнө хангалттай зай үлдээхийг сануул. (Бүрэн гүйцэд зурсан графикийг энэхүү гарын авлагын ар талд хавсаргасан байгаа.)
Лихайн хүмүүс амлагдсан нутагт ирээд Нифайн нутгийг (заримдаа Лихай-Нифайн нутаг буюу анхны өвийн нутаг хэмээн нэрлэдэг) үндэслэсэн гэдгийг тайлбарла. Лихайг нас бараад удаагүй байхад Их Эзэн Нифайд өөрийг нь даган хамт явах хүмүүсийг аваад цөл рүү зугт хэмээн тушаадаг. Нифайн хүмүүс Нифайн нутагт үргэлжлүүлэн амьдарсаар байсан ч Лемен, Лемүел хоёрыг дагасан хүмүүсээс тусгаарлагдсан байв. Олон жилийн дараа Их Эзэн хэсэг нифайчуудад Нифайн нутгаас дүрвэн гарахыг тушаадаг. Энэ бүлэг хүмүүс яваандаа Нифайн нутгийн хойд хэсэг болох Зарахемлад суурьшсан юм.
Үүнээс хойш хэд хэдэн үе удам өнгөрсний дараа Зениф гэгч хүн хэсэг нифайчуудыг удирдан “өөрсдийн өвийн нутгаа эзэмшихээр” Нифайн нутаг руу аялдаг (Oмнаи 1:27–30-ийг үзнэ үү). Зениф тэр бүс нутгийг эзлэхээр хэсэг хүмүүстэй хамт яваад бүтэлгүйтсэн ажээ (Moзая 9:1–2-ыг үзнэ үү). Суралцагчдыг Зарахемлагаас Нифайн нутаг руу сум зурж, “Зенифийн удирдсан бүлэг нифайчууд” гэж нэрлэхийг хүс. Энэ бүлэг хүмүүс Мозаяг хаан болохоос 80 орчим жилийн өмнө Зарахемлагаас гарсан байна.
Суралцагчдыг Moзая 7:1-ийг дахин анхааралтай уншаад Мозая юу мэдэхийг хүсч байсныг олж мэдэхэд урь. Тэднийг хариулсны дараа тэднээс Moзая 7:2–3-ыг уншаад Мозая асуултынхаа хариултыг авахын тулд юу хийсэн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар Аммоны удирдсан эрж хайх бүлгийн хүмүүсийн аяллыг төлөөлсөн нэг сумыг Зарахемлагаас Нифайн нутаг руу зуруул.
Зенифийн ач хүү Лимхайн захирдаг, Зенифийн үр удмын хүмүүс амьдардаг хотыг Аммон олсон тухай тайлбарлаж, Moзая 7:4–11-ийг нэгтгэн дүгнэ. Лимхай Аммоны бүлэг хүмүүсийг хотын хэрэмний гадна харсан. Тэднийг Ноагийн пристүүд хэмээн бодож, баривчлуулж, шоронд хорьжээ. (Moзая 21:23-ыг үзнэ үү). Лимхай хоёр хоногийн дараа тэднийг байцаав. Суралцагчдаас Moзая 7:12–15-ыг дор бүрнээ уншаад Лимхай Аммоныг хэн болох, хаанаас ирснийг мэдээд хэрхэн баярлаж байгаа тухай олж мэдэхийг хүс.
-
Лимхай яагаад Аммоныг Зарахемлагийн нутгаас ирсэн гэдгийг мэдээд ихэд баярласан бэ?
Самбар дээр бичсэн гашуудах гэдэг үгийг дахин харуул. Хаан Лимхай хүмүүсээ цуглуулан, тэдэнд Аммоныг танилцуулж мөн гуниг зовлон, харууслынхаа шалтгаануудыг ярьж, чөлөөлөгдөхийн тулд хаашаа хандах ёстойгоо мэдэхэд нь тусалж, Moзая 7:16–19-ийг нэгтгэн дүгнэ.
Самбар дээр гашуудах гэдэг үгийн дор шалтгаанууд гэсэн үгийг бич. Хэд хэдэн суралцагчаас Мозая 7:20–28-ыг ээлж дараалан чанга уншихыг хүс. Суралцагчдаас Лимхайн тодорхойлсноор хүмүүсийнхээ зовлон зүдгүүр, харуусал харамслын шалтгаанууд гэж үзсэн үйлдлүүдийг олохыг хүс. (Moзая 7:26-д дурдсан бошиглогч бол Лимхайн эцэг Ноагийн хаанчлалын үед шатаагдан алуулсан Абинадай гэдгийг суралцагчдад сануул.) Шүлгүүдийг уншиж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчаас самбарын урд гарч шалтгаанууд гэсэн үгийн дор өөрсдийнхөө олсон шалтгаануудыг жагсаан бичихэд урь.
-
Хүмүүсийн харууслын гол шалтгаан нь юу байсан бэ? (Алдас эсвэл нүгэл)
Суралцагчдаас Moзая 7:29–32-ыг дор бүрнээ уншихыг хүс. Хүмүүсийн нүгэл ба харуусал хоёрын хоорондын холбоог Лимхай ойлгосон тухай өгүүлсэн өгүүлбэрийг олж мэдэхийг тэднээс хүс. (Та тэдэнд хаягдал гэдэг үг нь үр тариаг ишнээс нь салгасан үлдэгдлийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно. Moзая 7:30-д “хаягдлыг хурааж авах болно” гэсэн нь ямар ч хэрэггүй зүйл авна гэсэн үг юм.) Цөөн хэдэн суралцагчаас сонгосон өгүүлбэрүүдээ уншихыг хүс.
-
Нүглийнхээ үр дагавруудыг ойлгох нь яагаад бидэнд хэрэгтэй вэ?
Нэг суралцагчаас Moзая 7:33-ыг чанга уншихыг хүс. Лимхай өөрийн хүмүүст юу хийхийг уриалсныг нь асуу.
-
Бид Лимхай болон түүний хүмүүсийн туршлагаас үйлдсэн нүглээ ухамсарлаж, үүндээ харамсах талаар ямар зарчмуудыг сурч болох вэ? (Энэ бүлгээс үнэнүүдийг олж нээснээр тэдэнд үйлдсэн нүглээ ухаарч, үүндээ харамсах нь биднийг Их Эзэн рүү хандахад чиглүүлдэг гэдгийг ойлгоход нь тусал. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Энэхүү зарчмыг сайн ойлгоход нь туслахын тулд тэдний хайрладаг хэн нэг хүн нүгэл үйлдээд, үүндээ харамсан, Их Эзэнд хандан наманчлахыг хүсч байгаа ч үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй байвал яах вэ гэдгийг төсөөлөн бодохыг тэднээс хүс. Moзая 7:33-т бичсэн, өөрийн хүмүүст өгсөн Лимхайн зөвлөгөө нь нүглийнхээ харууслыг даван туулах гол аргуудыг агуулсан гэдгийг гэрчил. Суралцагчдаас Moзая 7:33-ыг дор бүрнээ уншаад “Их Эзэнд хандахад” туслах өгүүлбэрийг олохыг хүс. (Та тэднээс эдгээр өгүүлбэрийг тэмдэглэж авахыг хүсч болох юм.)
Тэдэнд үүнийг хийх хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас сонгосон өгүүлбэрээ хуваалцахыг хүс. Хүн бүрээс сонгосон өгүүлбэрээ (1) өөрийн үгээр эсвэл (2) уг сонгосон зарчмыг нь хэрэгжүүлэхээр хичээж буй хэн нэгний үйлдэл ба зан төлөвийн тухай жишээ дурдан тайлбарлахыг хүс.
Тэдэнд болон хайртай хүмүүст нь харуусал төрүүлдэг, наманчлаагүй гэм нүгэл тэдэнд бий эсэх талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихийг тэднээс хүс:
-
Moзая 7:33-ыг та амьдралдаа өнөөдөр хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
Бид Их Эзэнд бүх зүрх сэтгэл, оюун бодлоороо хандах аваас Тэрээр биднийг үйлдсэн нүглээс нь ирэх гашуудлаас чөлөөлөх болно гэдэг гэрчлэлээ хуваалц.
Moзая 8
Аммон 24 алтан ялтсын тухай мэдээд үүнийг орчуулж чадах үзмэрчийн тухай Лимхайд хэлдэг
Самбарын өмнө хоёр суралцагчийг гарч ирэхийг хүс. Нэг суралцагчийн нүдийг боогоод хэдэн цаас, ном зэрэг зүйлсийг өрөөний эсрэг талд аюулгүй газар байрлуул. Хоёр дахь суралцагчаар нүдээ боолгосон нөгөөдөө зааварчлан, газарт байгаа зүйлсэд хүрэлгүйгээр өрөөний нөгөө хэсэгт очиход нь туслуул. Дараа нь хоёр дахь суралцагчийн нүдийг боо. Газарт тавьсан зүйлүүдээ өөрчлөн тавьж, эхний суралцагчаар зүг чиг заалгуул. Энэ удаа нүдээ боосон суралцагч эхний суралцагчийн зааврыг дагахгүй. (Хичээл эхлэхээс өмнө түүнд өгсөн зааврыг нь дагах хэрэггүй гэж урьдчилан хэлнэ.)
-
Бидний харж чадахгүй байгаа зүйлсийг харж чадах нэгнийг сонсох нь ямар ач холбогдолтой вэ?
Аммоныг ирэхээс өмнө Лимхай Зарахемлагаас тусламж авахын тулд хэсэг хүмүүсийг илгээсэн байсан гэдгийг тайлбарлан, Moзая 8:5–12-ыг нэгтгэн дүгнэ. Эдгээр хүмүүс аглаг буйдад олон өдөр төөрч, Зарахемлаг олж чадаагүй. Харин устгагдсан соёл иргэншлийн үлдэгдлийг олжээ. Тэд тэр нутгаас 24 алтан ялтсыг олсон. (Лимхайн хүмүүсийн олсон уг соёл иргэншлийн үлдэгдэл нь жаредчуудынх байсан гэдгийг тайлбарлаж өг. Уг 24 алтан ялтсаас авсан жаредчуудын цэдэг нь Мормоны Номын Иферийн номонд байдаг.) Энэ хуудсан дахь тайлбар зурагт үзүүлсний дагуу уг аяллыг самбар дээр зурсан график дээрээ нэмж зур. Суралцагчдаар бас өөрсдийнх нь график дээр нэмж зуруул. Хаан Лимхай уг 24 алтан ялтсан дээр сийлэгдсэн бичвэрийг ойлгохыг хүсч байсан гэдгийг тайлбарла. Тэр Аммоноос үүнийг орчуулж чадах хүнийг таних уу гэж асуусан.
Нэг суралцагчаар Moзая 8:13–15-д бичсэн Аммоны хариултыг уншуул. Иймэрхүү цэдгүүдийг орчуулах хүч чадалтай хүнийг Аммон юу гэж нэрлэсэн болохыг олж уншихыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас Moзая 8:16–19-ийг дор бүрнээ уншаад, үзмэрчийн авьяас чадварын тухай өөр юу гэж бичсэнийг олохыг хүс. Хэд хэдэн суралцагчаас олсон зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.
Дараах үгсийг самбар дээр бич: Их Эзэн хүн төрөлхтний тусын тулд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг.
-
Өнөөдөр энэ дэлхий дээр хэдэн үзмэрч байгаа вэ? (Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд нийлээд 15 үзмэрч байдаг.)
-
Бошиглогч, үзмэрч ба илчлэгчид бидэнд мэдүүлсэн ямар ямар зүйл байдаг вэ? (Хэрэв суралцагчид хариулж чадахгүй байвал та тэднээс үзмэрч бидэнд гэрлэлт, гэр бүл, боловсрол, үзвэр үйлчилгээ эсвэл бэлгийн амьдралын цэвэр ариун байдал зэргийн талаар юу заасныг асуу.)
-
Өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
Та тэдэнд таны амьдралыг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэрхэн адисалсан тухай гэрчлэлээ хуваалцаж болно. Саяхан болж өнгөрсөн Ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөл эсвэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хэлсэн үгсийг тунгаан бодож, зөвлөгөөг нь дагахад урь.