65-р хичээл
Moзая 25
Оршил
Moзая 25-д Зенифийн хүмүүсийн цэдгийн төгсгөл хэсэг оршдог (Moзая 7–24-ийг үзнэ үү). Лимхайн хүмүүс болон Алмаг дагаж явсан хүмүүс Зарахемла руу эсэн мэнд буцаж, хаан Мозаягийн удирдлагад нэгдэв. Эдгээр бүлгийг ирсний дараа Лимхай болон түүний хүмүүс баптисм хүртэцгээв. Хаан Мозая Алмад сүм байгуулах мөн нифайчуудын дунд Бурханы сүмийн үйл ажиллагааг явуулах эрх мэдлийг олгов.
Заах зөвлөмж
Moзая 25:1–13
Зарахемлад цугларсан хүмүүс нэгдэж мөн Нифайн хүүхдүүд хэмээн дуудагдах болов
Их Эзэн хүмүүст удирдамж, хүч чадал өгч, хамгаалж эсвэл чөлөөлж тусалсан тухай уншсан буюу сонссон түүхээсээ санахыг суралцагчдаас хүс. Тэд судруудад өгүүлсэн үйл явдал ба Сүмийн түүхээс эсвэл гэр бүл, найз нөхдийнхөө амьдралд тохиолдсон туршлагаас бодож болно гэдгийг тэдэнд зөвлө. Жишээ болгон тойргийнхоо үйл ажиллагааны үеэр бүлгээсээ түрүүлэн, толгод уруудан ганцаараа алхсан охины ярьсан дараах түүхийг хуваалц.
“Анхааруулсан дуу хоолой надад “Буц” хэмээн намуухан боловч баттай хэлсэн юм. Би үүнийг бараг ойшоогоогүй, гэвч энэ дуу хоолой дахин ирсэн. Энэ удаа би дуу хоолойг дагаж, бүлэг рүүгээ буцсан. Бид доош алхахдаа маш том хоёр хар бух ууртайгаар хурдан наашилж байгааг харлаа. Том бух нь бидэн рүү хараад, туурайгаараа газар сэндийлж эхлэв. … Манай санваарын удирдагчид тэднийг сатааруулж байх зуур бид хашаа руу авирч амжсан юм.
Буудалласан газартаа ирэх үедээ би хэрэв Сүнсний анхааруулах үгсийг сонсоогүй бол маш хүнд гэмтэж эсвэл бүр үхэж ч болох байснаа ухаарсан билээ. Тэнгэрлэг Эцэг маань надад анхаарал халамж тавьж, намайг аюулаас сэргийлдэг гэдгийг би мэдэж авсан. Их Эзэний тэрхүү анхааруулгад би гүнээ талархдаг. Энэ үйл явдал миний гэрчлэлийг өсгөж, би Их Эзэнийг илүү их хайрладаг болсон” (“Turn Back,” New Era, 2010 оны 11-р сар, 47).
Нэг эсвэл хоёр суралцагчийг Бурханы хүч чадал ба сайн сайхныг илэрхийлсэн гэж бодож байгаа хэн нэгэнд тохиолдсон түүхээс хуваалцахад урь. Суралцагчдаас доорх асуултыг асуу:
-
Энэ нь та нарт бусдын амьдралд тохиолдсон Бурханы сайхан сэтгэл болон хүч чадлын жишээг сонсоход хэрхэн тусалдаг вэ?
Лимхай болон Алмагийн хүмүүс боолчлолоос оргоод Зарахемлад амьдардаг хүмүүстэй нэгдсэний дараа хаан Мозая бүх хүнд тэдний цэдгийг уншиж өгсөн гэдгийг тайлбарлан, Moзая 25:1–6-г товчхон дүгнэ. Суралцагчдаар Moзая 25:7-г дор бүрнээ уншиж, Зенифийн хүмүүстэй Бурханы хийсэн тохиролцооны тухай цэдгүүдийг уншин, хүмүүс яасан бэ гэдгийг олуул. Уншиж олсон зүйлийнхээ талаар хуваалцах суралцагчийг урь.
Дараах хүснэгтийг самбар дээр зур. Moзая 25:8–11-ээс бид хүмүүс Зениф ба Алмагийн хүмүүсийн цэдгүүдийг уншаад хэрхэн хүлээн авсан тухай илүү ихийг мэдэж авах болно гэдгийг тайлбарла. Үүний талаар хүмүүсийн сонссон болон мэдэрсэн зүйлийн тухай судрын эшлэлүүдийг олохыг суралцагчдаас хүс. Эхний эшлэлийн хариултыг жишээ болгон хашилтад хийсэн байгаа.
Хүмүүсийн сонссон зүйл |
Хүмүүсийн мэдэрсэн зүйл | |
---|---|---|
(Тэд Лимхайн хүмүүс боолчлолоос хэрхэн чөлөөлөгдсөн тухай сонссон) |
(Энэ нь тэдэнд асар их баяр хөөрийг авчирсан) | |
Суралцагчдад судрын эшлэлээс суралцах хангалттай хугацаа өгсний дараа цөөн хэдэн суралцагчийг олсон хариултаа самбар дээр бичихэд урь. Moзая 25:8–11-ийг уншаад уг судраас амьдралдаа юуг нь хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэхийг суралцагчдаас хүс. Тэднийг хариулсны дараа хүмүүсийн Бурхантай хийсэн тохиролцооны талаар суралцахдаа бид Бурханы сайхан сэтгэлд талархалтай байж, баяр хөөрийг мэдэрч чадна гэдгийг ойлгоход нь тэдэнд туслаарай. (Эдгээрийг судалснаар суралцагчид нүглээс ирэх гуниг, зовлонгийн талаар мөн мэдэж авна.)
-
Бусдыг суралцах явцдаа Бурханы сайхан сэтгэлийг мэдрэхэд нь туслахын тулд бид ямар материалуудыг ашиглах ёстой вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич. Тэд судар, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, сүмийн сэтгүүл, сүмийн удирдагчид болон бусад хүмүүсийн намтар, гэр бүлийн түүхүүд гэж хариулж болох юм.)
Самбар дээр жагсаан бичсэн материалуудаас Бурхан хүмүүст сайхан сэтггэлээр хандсан тухай сурч байсан үеэ бодоход суралцагчдыг урь.
-
Эдгээр материалаас Бурхан хүмүүст сайхан сэтгэлээр ханддаг тухай суралцсан нь та нарт ямар эерэг үр нөлөө үзүүлсэн бэ?
-
Бурхан сайхан сэтгэлээр хүмүүстэй тохиролцсон талаар байнга суралцдаг хүнд ямар үр дүн гарах вэ?
Самбар дээр бичсэн зүйлсээс нэгийг нь сонгоод тэдгээрээс Бурханы сайхан сэтгэлийн тухай сүнслэг түүхүүдийг олоход нь тэднийг дэмж.
Moзая 25:14–24
Алма Нифайн газар нутаг даяар Бурханы сүмийг байгуулдаг
Нифайчуудын дундах Сүмийн зохион байгуулалт ба тэдний заадаг зүйлсийг судлахад нь суралцагчдыг бэлтгэхийн тулд дараах асуултуудыг асуу:
-
Өөрийн харьяалагддаг тойрог, салбараас өөр тойрог, салбарт та нар очиж байсан уу? Та нарын өөрийн харьяалагддаг тойрог, салбартай та нарын зочилсон тойрог, салбарын юу нь ижил төстэй байсан бэ?
-
Сүмийн тойрог, салбар бүрд Сүмийн зохион байгуулалт ба заадаг зүйлс нь ижил байдгийг харах нь яагаад тустай вэ?
Мозая ард түмэндээ хандан уншиж мөн үг хэлснийхээ дараа Алмаг тэдэнд заахыг урьсан гэдгийг хэлж Moзая 25:14–17-г товчлон дүгнээрэй. Дараа нь Лимхай хаан болон түүний хүмүүс баптисм хүртэхийг хүссэн. Алма тэдэнд баптисм хүртээж мөн уг нутаг даяар сүмийг байгуулж эхэлсэн.
Moзая 25:18–22-ыг цөөн хэдэн суралцагчаар ээлж дараалан чанга уншуул. Алмагийн үед нифайчуудын дунд Сүм хэрхэн зохион байгуулагдан, удирдагдаж байсан тухай ойлгож сонсохыг тэднээс хүс. Сүм нь бүх гишүүддээ үнэнийг хүлээн авахад нь тусалдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Нифайчуудын сүм манай өнөө үеийн сүмтэй юугаараа адил вэ? (Moзая 25:21 дээр дурдсан “өөр өөр хэсэг” гэдэг нь манай тойрог ба салбаруудтай адил юм. Салбарын ерөнхийлөгч, бишоп ба гадасны ерөнхийлөгчид Алмагийн үеийн сүмийг удирддаг байсан санваартан ба багш нартай ижил.)
-
Moзая 25:15–16, 22-т бичсэнээс харахад Мозаягийн үеийн сүмийн багш, санваартнууд ямар үнэний тухай онцлон заадаг байсан бэ? (Их Эзэн хожмын өдрүүдэд ч үүнтэй ижил төстэй зааварчилгааг эцэг эх, сүмийн удирдагчид болон номлогчдод өгдөг гэдгийг та онцлон тэмдэглэж болно. [ С ба Г 15:6; 19:31; 68:25-ыг үзнэ үү.])
-
Бурханд итгэлтэй байх ба наманчлалын тухай үргэлж заах нь яагаад чухал байдаг вэ?
Суралцагчдаас Moзая 25:23–24-ийг уншаад Бурханы Сүмд нэгдэн орсон хүмүүсийн хүлээн авсан адислалын тухай өгүүлсэн хэсгүүдийг олохыг хүс.
-
Бурханы Сүмд нэгдэн орж, баптисм хүртсэн хүмүүс хэрхэн адислагдсан бэ?
-
Сүмийн гишүүний хувьд та нарыг Их Эзэн ямар арга замуудаар адисалсан бэ?
Самбар дээр дараах зарчмыг бич: Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг хүлээн авч, үүний дагуу амьдрах аваас Их Эзэн Өөрийн Сүнсийг бидний дээрээс юүлэх болно.
Тэд гэрээнүүдээ сахиж мөн Сүнсийг хүлээн авдаг байх аваас Сүмийн гишүүний адислалуудыг илүү ихээр хүлээн авахад тусалдаг гэдгийг гэрчлээрэй.