Номын сан
59-р хичээл: Мозая 12:18–14:12


59-р хичээл

Moзая 12:18–14:12

Оршил

Хаан Ноа болон түүний санваартнууд Абинадайг байцааж байхад бошиглогч тэднийг зарлигуудыг зааж, сахиагүй учраас зэмлэсэн байна. Хаан Ноа өөрийн санваартнуудад Абинадайг алахыг тушаасан боловч Бурхан түүнийг хамгаалж, үргэлжлүүлэн заах хүчийг өгчээ. Абинадай Исаиагаас эш татан Есүс Христ ба Түүний Цагаатгалын талаар гэрчилсэн.

Заах зөвлөмж

Moзая 12:18–13:26

Абинадай хаан Ноа болон түүний санваартнуудыг зарлигуудыг зааж мөн сахихыг эсэргүүцсэнийх нь төлөө зэмлэсэн

Хичээлээ эхлэхийн тулд дараах үгсийг самбар дээр бич:

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарна гэдэг нь юу гэсэн үг болохыг БИ МЭДНЭ.

БИ Есүс Христийн сайн мэдээний дагуу АМЬДАРДАГ.

Эдгээр өгүүлбэр тэднийг хэрхэн илэрхийлж байгааг 1-10 гэсэн оноогоор дор бүрнээ дүгнэхийг хүс (10 оноо нь хамгийн сайн гэсэн үнэлгээ юм).

  • Энэ хоёр өгүүлбэрийн дагуу өөрсдийгөө үнэнээр нь дүгнэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг Абинадайн үгсийн талаар ярилцаж байх үед сайн мэдээг мэддэг байх нь яагаад чухал болохыг тэдэнд тайлбарла. Абинадай хаан Ноа болон түүний санваартнуудын эсрэг зөгнөн ярьсан тул тэд түүнийг шоронд хорьсон тухай өмнөх хичээл дээр үзсэн гэдгийг сануул (Moзая 12:1–17-г үзнэ үү). Дараа нь Абинадай хаан Ноа болон түүний санваартнуудын өмнө авчрагдсан гэдгийг тайлбарлан, Moзая 12:18–24-ийг нэгтгэн дүгнэ. Санваартнууд түүнийг байцааж, төөрөгдүүлэн буруу зүйл хэлүүлж, хэлсэн үгийг нь мушгихыг оролдсон. Тэдний нэг нь түүнээс судрын нэг хэсгийг тайлбарлахыг шаарджээ.

Moзая 12:25–30-ийг дор бүрнээ уншаад, Абинадай яагаад Ноа болон түүний санваартнуудыг зэмлэсэн болохыг олж мэдэхийг тэднээс хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлээ тайлагнасны дараа тэднээс дараах асуултуудыг асуу:

  • Ноа болон түүний санваартнууд Их Эзэний замуудыг гажуудуулсан хэмээн Абинадай хэлсэн (Moзая 12:26-г үзнэ үү). Өөрөөр хэлбэл тэд ариун нандин зүйлсийг бузарлан, амьдралын зөв замаас хазайсан юм. Ноа болон түүний санваартнууд ямар аргаар Их Эзэний замуудыг гажуудуулсан бэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд санваартнууд аврал Мосегийн хуулиар ирдэг хэмээн тунхагласан гэдгийг онцлон хэл (Moзая 12:32-ыг үзнэ үү). Тэд тэгж тунхагласан хэдий ч Мосегийн хуулийн нэг хэсэг болох Арван зарлигийг сахидаггүй мөн хүмүүст үүнийг сахихыг заадаггүй байсан (Moзая 11:1–15; 12:27–29, 37; 13:25–26-г үзнэ үү).

Самбар дээрх тодорхойлолтод тэдний анхаарлыг хандуул.

  • Уг тодорхойлолт бүр дээр 1-10 хүртэлх оноогоор Ноа болон түүний санваартнуудыг хэрхэн дүгнэж болох вэ?

Moзая 12:31–33-ыг чанга унших нэг суралцагчийг урь. Ноа болон түүний санваартнуудад Абинадайн заасан зарчмыг олохыг хүс. (Тэрээр хэрэв бид Бурханы зарлигуудыг сахих юм бол аврагдах болно хэмээн заасан.)

Далын ахлагч Ф. Мелвин Хэммондын хэлсэн дараах жишээг хуваалц. Суралцагчид зарлигуудыг мэддэг мөн эдгээрийг сахидаг байхын чухлыг ойлгон, сонсохыг дэмж.

“Олон жилийн өмнө эргэж ирсэн нэгэн номлогч ариун ёслолын цуглаан дээр судруудаас судалсны дүнд сайн мэдээг үнэн гэж мэддэг ба өөрийн амийг Их Эзэн ба Түүний Сүмийн төлөө өгөхөд бэлэн байна хэмээн зоригтойгоор мэдэгдсэн билээ. Хоёрхон долоо хоногийн дараа тэрээр бишопынхоо өмнө хэсэгхэн хугацаанд сул дорой байдлаасаа болоод өөрийн ариун журмыг алдсан хэмээн ичиж зовон, айж балмагдан өгүүлсэн байна. Тэрээр түр зуурын сэтгэлийн хөдөлгөөндөө автаад Аврагчийн төлөө тунхаглаж байсан зүйлээ мартсан ажээ. Хэдийгээр тэр Бурханы үгээс судалдаг боловч сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэн, Христийн адил даруу төлөв амьдраагүй байна.

“Нэгэн сайхан охин Залуу эмэгтэйчүүдийн батламжаа авахын тулд бүх шалгуурыг нь даван туулсан. Тэмдэглэлийн дэвтрээ маш сайн хөтлөх нь түүний хувийн зорилго байв. Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ зөвхөн зохистой залуу эрэгтэйчүүдтэй болзон, өөрийг нь ариун сүм рүү хөтлөх тэрхүү онцгой нэгнийг олох болно хэмээн үргэлж бичдэг байлаа. Тэр арван найман нас хүрээд өөрийн зорилгыг умартан, сүмийн гишүүн бус залуутай гэрлэхээр гэрээсээ зугтжээ. Түүнийг бүхнээс илүү хайрладаг— эцэг эх, багш, найз нар нь түүний төлөө маш их шаналсан байна. Тэр хуулийн шаардлага болон амьдрал дээр жинхэнэ шавь байхын хоорондын холбоог сайн ойлгоогүй байна” (“Eliminating the Void between Information and Application,” СБС-ийн сургалтын шууд дамжуулах нэвтрүүлэг, 2003 оны 8-р сар, 17, si.lds.org).

  • Авралыг хүлээн авахын тулд зарлигуудыг зөвхөн мэддэг байх нь яагаад хангалттай бус вэ?

Abinadi before King Noah

Хаан Ноагийн өмнө зогсож буй Абинадайн зургийг харуул (62042; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 75-р зураг). Зургийг тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Хаан Ноа Абинадайг хөнөөхийг тушаасан. Их Эзэн Абинадайг хамгаалж байна.) Түүхийг сайн ойлгоход нь туслахын тулд гурван суралцагчийг сонгон авч, жүжигчилсэн тоглолт хийлгэ. Нэг суралцагч нь өгүүлэгч болно. Хоёр дахь суралцагч нь хаан Ноагийн үгийг уншина. Гурав дахь суралцагч нь Абинадайн үгсийг уншина. Өгүүлэгч ба Ноагийн үгсийг унших хоёр суралцагчаар Moзая 13:1–2-ыг дүр дүрээр нь уншуул. Дараа нь Абинадайн дүрд тоглож буй суралцагчаар Moзая 13:3–4-ийг уншуулан, хариулуул. Тэгээд өгүүлэгч Moзая 13:5–6-г уншина. Эцэст нь Абинадайн дүрд тоглож буй суралцагч Moзая 13:7–11-ийг уншина.

Суралцагчдын анхаарлыг Moзая 13:11-д хандуул.

  • Зүрх сэтгэлдээ зарлигуудыг бичнэ гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Зарлигуудыг зүрх сэтгэлдээ бичнэ гэдэг нь бид сайн мэдээг мэдэж мөн үүний дагуу амьдарна гэсэн үг юм гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Абинадай хаан ба түүний санваартнуудын мэддэг, тэдний ёс бусыг илчилсэн судрын хэсгээс уншсан учраас Ноа Абинадайг хөнөөхийг эрэлхийлсэн гэдгийг онцлон хэл. Суралцагчдаас Moзая 12:34–36-г дор бүрнээ уншаад Абинадайн Ноа болон түүний санваартнуудад уншсан судартай төстэй байгаа эсэхийг үзэхийг хүс. Абинадай Арван зарлигийг уншиж эхэлсэн болохыг ойлгоход нь тусал.

Самбар дээр хоёр том чулуун хавтан зур. Арван зарлигийн нэг зарлигийг уг хоёр хавтангийн нэг дээр нь бичих суралцагчийг урь. Суралцагчаас шохойгоо Арван зарлигийн нэгийг бичих дараагийн суралцагчид дамжуулан өг гэж хэлнэ үү. Суралцагчид өөрсдийн санаж байгаа бүх зарлигийг бичиж дуустал үргэлжлүүлэн хий. Өөрсдийн хариултуудыг Moзая 12:34–36 ба 13:12–24-тэй тулган шалгахыг тэднээс хүс. Та тэднээс Арван зарлигийг бичсэн эдгээр шүлэг ба Египетээс гарсан нь 20:3–17-г (төгс эзэмших судрын хэсэг) судартаа тэмдэглэн авахыг хүсч болно.

хоосон чулуун хавтан

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах үгсийг унш:

“Арван зарлиг нь чулуун хавтан дээр Иеховагийн хуруугаар Израилийн хүүхдүүд болон тэдний бүх үр садын аз жаргал, аюулгүй байдлын төлөө бичигдсэн юм” (“Our Solemn Responsibilities,” Ensign, 1991 оны 11-р сар, 51).

Суралцагчдаас Арван зарлигийг уншиж, эдгээрийг сахихын тулд гаргадаг хүч чармайлтынхаа талаар тунгаан бодохыг хүс.

Moзая 13:27–14:12

Абинадай Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан авах авралын тухай заасан

Дараах зүйлсийг самбар дээр бич (та үүнийг хичээл эхлэхээс өмнө бичиж болно). Хоосон зайнд юу бичиж болохыг суралцагчдаас асуу.

“Бид хэчнээн дуулгавартай, хичээл зүтгэлтэй байсан ч … гүйгээр үхлээс мөн өөрсдийн нүглээс аврагдаж чадахгүй …”

Ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгсийг унш:

“Бид хэчнээн дуулгавартай, хичээл зүтгэлтэй байсан ч Есүс Христийн Цагаатгалын ивээлгүйгээр үхлээс мөн өөрсдийн нүглээс аврагдаж чадахгүй. Мормоны Номонд үүнийг тодорхой тайлбарласан байдаг. Мормоны Номонд “аврал зөвхөн хуулиар ирэх нь үгүй” хэмээн заадаг (Moзая 13:28). Өөрөөр хэлбэл, зөвхөн зарлигуудыг сахиснаар аврал ирдэггүй юм. … Бурханд бүх зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа үйлчилж, Түүнд дуулгавартай байдаг тэдгээр нь ч “ашиггүй зарц” нар байх болно (Moзая 2:21). Хүмүүн нь өөрөө өөрийгөө аварч чадахгүй (“Another Testament of Jesus Christ,” Ensign, 1994 оны 3-р сар, 67).

Үүнийг уншиж дуусахдаа Есүс Христийн Цагаатгалын ивээл гэж самбар дээр бич. Дараа нь цөөн хэдэн суралцагчаар Moзая 13:28, 32–35-ыг ээлж дараалан уншуул. Тэднээс ахлагч Өүксийн хэлсэн үгтэй төстэй үг ба өгүүлбэрүүдийг олохыг хүс. Хэд хэдэн суралцагчаас өөрсдийн олсон үг ба өгүүлбэрээ хуваалцахыг хүс. (Хариултууд нь “Цагаатгал,” “Бурханы гэтэлгэл,” “Мессиагийн ирэлт,” ба “Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэх [болно].”)

Moзая 13:28 ба 32 дээр өгүүлсэн “хуулийн” тухай үгс нь золиослол, баяр найр ба бусад гүйцэтгэлүүдтэй холбоотой хатуу чанга зарлигуудыг агуулсан Мосегийн хуулиас эш татсан гэдгийг тайлбарла. Энэхүү хууль нь израильчуудад Бурханыг санаж мөн Есүс Христийн Цагаатгалд итгэж найддаг байхад нь туслахын тулд өгөгдсөн юм. Цаг хугацааны явцад израильчууд Есүс Христийн Аврагчийн үүргийг ойлгохоо больж, Мосегийн хуулийг дуулгавартай сахиснаар л аврагдаж болно хэмээн ташаа боддог болсон.

  • Абинадай Есүс Христийн Цагаатгалгүйгээр хэн ч аврагдаж чадахгүй хэмээн гэрчилсэн (Moзая 13:28, 32-ыг үзнэ үү). Энэхүү үнэнийг ойлгох нь яагаад чухал вэ?

Абинадай Ноа болон түүний санваартнуудад Есүс Христийн тухай Исаиагийн бошиглолоос эш татан ярьсан. Суралцагчдаас Moзая 14:3–12-ыг дор бүрнээ уншихыг хүс. Аврагч тэднийг аврахын тулд юу хийснийг дүрсэлсэн үг ба өгүүлбэрийг олохыг суралцагчдаас хүс.

Суралцагчдад энэ хэсгүүдийг судлах хэдэн минут өгсний дараа уншсан зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс. Та тэдний хариултыг самбарт бичиж болно. Тэдний төлөө Аврагчийн үүрсэн уй гашуу, шаналлыг мөн тэдний нүглийн өмнөөс зовсон Түүний зовлон зүдгүүрийн тухай бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах үгсийг уншиж өг. Дараах өгүүлбэрийг хэрхэн дуусгахыг дор бүрнээ бодохыг хүс:

Есүс Христ миний … зовлонг үүрсэн.

Есүс Христ миний … зөрчлүүдийн төлөө гэмтэн, шархадсан юм.

“Түүний шархны судлаар бид анагаагдана” (Moзая 14:5) гэсэн үг нь юу гэсэн утгатай болохыг суралцагчдаас асуу. Шархны судал гэдэг үг нь Аврагчийг ташуурдахад Түүний бие дээр үлдсэн шархыг төлөөлж байгаа гэдгийг та тайлбарлаж өгч болно (Иохан 19:1-ийг үзнэ үү). Энэ үг нь ерөнхийдөө Түүний зовлон шаналлыг илэрхийлж байгаа юм.

Энэ талаар суралцагчид сэтгэгдлээ хуваалцсаны дараа Аврагчийн зовлон шаналал ба зарлигуудыг сахих бидний хичээл зүтгэлээр дамжуулан бид энэ амьдралд амар амгалан ба уучлалыг, ирэх амьдралдаа авралыг хүлээн авах болно (С ба Г 59:23; Итгэлийн Тунхаг 1:3-ыг үзнэ үү). Зарлигуудыг сахиснаараа Аврагчид талархаж, Түүнийг хайрладаг болохоо харуулахыг суралцагчдаас хүс.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 13:34. “Бурхан өөрөө хүмүүний үрсийн дунд доош ирэх ёстой ”

Бурхан гэдэг үг нь ер нь бол Тэнгэрлэг Эцэгийг хэлдэг боловч Moзая 13:34 дээр энэ үг нь Есүс Христийг илэрхийлж байна. Хуучин Гэрээний үеийн гэгээнтнүүд Есүс Христийг Иехова мөн Абрахам, Исаак, Иаков нарын Бурхан хэмээн мэддэг байв. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэймс И.Талмаж судрууд нь бидэнд Есүс Христийн тэнгэрлэг байдал ба Түүний бурханлаг чанарыг ойлгоход тусалдаг тухай ийн заасан:

“Есүс Христ бол Адам, Енох нар ба Ноаг хүртэлх үеийн өмнөх үеийн бүх патриархууд болон бошиглогчдод Өөрийгөө илчилсэн Бүтээгч Бурхан; Абрахам, Исаак, Иаков нарын Бурхан; нэгдсэн ард түмэн Израилын Бурхан, Еврей үндэстэн бутарсны дараа Ефраим болон Иудагийн Бурхан, Мосегоос Малахи хүртэлх бошиглогчдод Өөрийгөө мэдүүлсэн Бурхан, Хуучин Гэрээний болон нифайчуудын Бурхан байсан, одоо ч хэвээр байгаа билээ. Есүс Христ бол Мөнхийн Иехова байсан, одоо ч байгаа билээ” (Jesus the Christ, 3rd ed. [1916], 32).

Moзая 13:27–35. Мосегийн хууль ба Есүс Христ

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Мосегийн хууль Есүс Христийн сайн мэдээтэй хэрхэн холбогддог тухай ийн заасан:

“Орчин цагийн уншигчид маань Мосегийн хуулийг—балар эртний эсвэл өнөө үед—тохирохгүй, уйтгартай, зарц хүн шиг үг дуугүй үйлдэх ёстой, зөвхөн Христ болон түүний сайн мэдээг хүлээн зөвшөөрдөггүй, зөрүүд хүмүүсийн дагадаг ёслол хэмээн үзэх ёсгүй. Бурханы өөрийн гараар өгөгдсөн мөн зөвхөн зөв шударга руу хөтлөх зам болох сайн мэдээний бүрэн дүүрэн байдлын дараа орох, энэхүү түүхэн гэрээг Христийн хэн болохыг тодорхойлох хэв шинж, тусгал, бэлэг тэмдэг болон дүр төрхийн хосгүй цуглуулга хэмээн харах нь зүйтэй. Ийм учраас энэ нь (чухал болоод цэвэр ариун байдалдаа одоо ч) сүнслэг байдал руу удирдан чиглүүлэгч, Христ рүү очих үүд мөн бөгөөд эдгээрийг чанд сахиснаар үүрэг хариуцлага ба ёс журмын хуулиудаар дамжуулан мөнх бус байдал болоод мөнхийн амьдралын ариун байдлын дээд хуулиуд руу хөтөлдөг.

… Мосегийн хууль нь бүгдийг хамарсан учраас үүнээс өмнө оршиж байсан Есүс Христийн сайн мэдээний олон үндсэн хэсгийг багтаасан юм. Энэ нь Есүс Христийн мэдээний эсрэг ямар ч зүйл агуулаагүй бөгөөд хэзээ ч үүнээс салангид эсвэл тусгаарлагдмал зүйл биш юм. Үүний зорилго нь дээд хуулиас хэзээ ч өөр байгаагүй. Мосегийн хууль ба дээд хууль хоёр хоёулаа хүмүүсийг Христэд авчрах нэг зорилготой юм” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 136–37, 147; мөн 2 Нифай 11:4; Moзая 16:14–15-ыг үзнэ үү).

Moзая 14:5. Цагаатгалаар дамжуулан эдгээх нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард Аврагчийн Цагаатгалын үеэр Түүний мэдэрсэн зовлон шаналлын учраас бидний хүлээн авч чадах болсон эдгээлтийн тухай ийн гэрчилсэн:

“Хүн төрөлхтний Аврагч ба Гэтэлгэгч, Есүс Христийн хайрын ач ивээлээр ирдэг энэхүү агуу бэлэг нь ямар их амар амгалан, тайвшралыг бидэнд өгдөг юм бэ.

“… Хэдийгээр Түүний амьдрал цэвэр ариун, нүглээс ангид байсан ч Тэрээр—таны, миний, бид бүгдийн, энэ дэлхий дээр амьдарч байсан бүх хүний төлөө эцсийн төлөөсийг төлсөн юм. Түүний оюун санаа болон сүнслэг байдлын зовлон шаналал агуу их байсан учраас Түүний сүв бүрээс цус шүүрч байлаа (Лук 22:44; С ба Г 19:18-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч Есүс Түүнд итгэх итгэлэй байн, нүглээ наманчилж, санваарын зохих эрх мэдлээр баптисм хүртэн, гишүүний баталгаагаар Ариун Сүнсний ариусгах бэлгийг хүлээн авч, бусад чухал ёслолуудыг хүлээн авснаар бид угаагдан, цэвэр— болж болохын тулд Өөрийн хүслээр зовон шаналсан билээ. Их Эзэний Цагаатгалгүйгээр эдгээр адислалуудын аль нь ч бидэнд боломжгүй бөгөөд бид Бурханы оршихуйд амьдрахаар зохистой мөн бэлэн байж чадахгүй байсан (“The Atonement and the Value of One Soul,” Ensign, Лиахона 2004 оны 5-р сар, 84–85).