Номын сан
53-р хичээл: Мозая 3


53-р хичээл

Moзая 3

Оршил

Ард түмэндээ хандсан үгээ үргэлжлүүлэхдээ хаан Бенжамин Есүс Христийн тохинууллын талаар тэнгэр элчийн хэлсэн үгсийг дамжуулсан. Нүгэл үйлдэгсэд нь Есүс Христэд итгэх итгэл ба наманчлалаар дамжуулан авралыг хүлээн авч чадна гэдгийг хаан Бенжамин гэрчилсэн. Мөн тэр Ариун Сүнсний таталтанд автагддаг хүн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, “эгэл хүмүүнээ орхиж, хүүхэд шиг хүлцэнгүй” болдог гэж заасан (Moзая 3:19).

Заах зөвлөмж

Тэмдэглэл: Та өмнөх хичээл дээр тэднээс Moзая 2:17-г чээжилж, хэрэгжүүлэхийг хүссэн бол тэдэнд туршлагаасаа хуваалцах боломжийг энэ хичээл дээр гаргаж өгнө. Үүнийг хийхэд дэндүү их цаг зарцуулахгүй байхад анхаар. Moзая 3-ын сургаал ба зарчмуудыг ярилцах хангалттай цаг үлдээ.

Moзая 3:1–10

Хаан Бенжамин Есүс Христийн Цагаатгалын тухай тэнгэр элчийн хэлсэн үгийг дамжуулдаг

Хоосон шилэн аяга ба устай сав гаргаж тавь. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхийг урин, хэн нэгэнд амтлуулахын тулд уснаас хийж өгөхийг хүс. Дараа нь ханатлаа ус уухыг хүссэн хүнд ус хийж өгөхийг хүс. Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодохыг хүс:

  • Хэрэв энэ ус нь баяр баясгаланг төлөөлж байсан бол та нар үүнээс хэр зэрэг их уухыг хүсэх байсан бэ?

Moзая 3-т заасан зүйлс нь баяр баясгалангаар дүүрэн байж болохоо хэрхэн мэдэхэд тусална гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчаас Moзая 3:2–5-ыг чанга уншихыг хүс. Moзая 3-т өгүүлсэн хаан Бенжамины захиасын эх сурвалж нь юу болохыг олж мэдэхийг тэднээс хүс.

Mозая 3 нь тэнгэр элчийн “агуу их баясгалангийн баярт мэдээг” агуулсан гэдгийг онцлон хэл (Moзая 3:3). Хэдэн суралцагчаар Moзая 3:5–10-ыг ээлж дараалан чанга уншуул. Есүс Христийн номлолыг илүү их талархах сэтгэлээр хүлээн авахад туслах үгс эсвэл өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. Та тэднээс эдгээр үгс ба өгүүлбэрүүдийг тэмдэглэж авахыг хүсч болно. Уншсан үгс ба өгүүлбэрүүдээ бусадтайгаа хуваалцахыг цөөн хэдэн суралцагчаас хүс.

  • Аврагчийн номлолын тухай ойлгоход тань Moзая 3:7 хэрхэн тусалсан бэ?

  • Тэнгэр элчүүд энэ захиас нь яагаад агуу их баяр баясгаланг авчирна гэж хэлсэн гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Moзая 3:5–10-ын товч агуулгыг судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ нэг өгүүлбэрт багтаан бичихийг хүс. Тэднийг бичиж дууссаны дараа цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. Тэдний бичсэн товчлол нь тэнгэр элчийн заасан бид нүглээсээ аврагдаж болохын тулд Есүс Христ зовж тарчилсан юм гэдэг зарчмыг агуулсан байх ёстой.

Та тэдний хэрхэн хариулсныг дараах асуултыг асууснаар мэдэж болно:

  • Та нарын төлөө Аврагчийн хийсэн зүйлсийн талаар бодоход танд ямар санагддаг вэ?

Аврагчийн тарчлалыг гүн гүнзгий ойлгоход нь тэдэнд туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс И.Тэйлмэжийн дараах үгсийг хуваалц:

“Цэцэрлэг дэх Христийн тарчлалыг хүч чадал болон учир шалтгааны аль ч талаас нь эгэл хүний хязгаарлагдмал оюун ухаанаар ойлгох аргагүй юм. … Дэлхий дээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан өөр хэн ч давж гарахааргүй тийм ачаан дор тэр зовон тарчилж байсан юм. Энэ нь түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн бие махбодын өвдөлт бас оюун ухааны шаналал төдий байсангүй харин гагцхүү Бурхан л тэсэн гарч чадах сүнсний шаналал байлаа. … Шаналлын тэрхүү мөчид Христ ‘энэ дэлхийн хун тайж’ Сатантай тулгарч, түүний учруулж болох аймшгийг даван туулсан юм. … Аврагч Адамаас эхлээд дэлхийн төгсгөл хүртэл бүх хүн төрөлхтний нүглийн зовлонг Өөртөө хүлээн авсан нь зарим талаар энгийн хүмүүс ойлгох аргагүй байдаг. (Jesus the Christ, 3дахь хэвлэл. [1916], 613).

Moзая 3:11–27

Бид эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн Цагаатгалаар гэгээнтэн болж чадна гэдгийг хаан Бенжамин гэрчилсэн

Хаан Бенжамин тэнгэр элчийн дүрсэлсэн өөр өөр хүмүүсийн тухай мөн Есүс Христийн Цагаатгал нь тэр бүх хүнд хэрхэн үйлчилдэг болох талаар хуваалцсаныг суралцагчдад ярь. Дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг Moзая 3:11–13, 16-г дор бүрнээ уншиж, дараах асуултуудад хариулахыг хүс.

Цагаатгал хэрхэн үйлчилдэг вэ?

Сайн мэдээний талаар сонсолгүй нас барсан хүмүүст Цагаатгал хэрхэн үйлчлэх вэ?

Бурханыг эсэргүүцэж, зориудаар нүгэл хийсэн хүмүүст Цагаатгал хэрхэн үйлчлэх вэ?

Хариуцлагын насанд хүрэлгүй нас барсан хүүхдүүдэд Цагаатгал хэрхэн үйлчлэх вэ?

Тэдэнд тунгаан бодох цаг олго. Дараа нь тэднээс эдгээр асуултад хариулахыг хүс. (Эхний асуултад хариулахад нь туслахын тулд та тэднээс Сургаал ба Гэрээ 137:7–10-ыг уншихыг хүсч болно. Гуравдахь асуултад хариулахад нь туслахын тулд та тэднээс Moронай 8:8, 17 ба Сургаал ба Гэрээ 29:46–47-г уншихыг хүсч болно.)

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Цагаатгал хэрхэн үйлчилдэг тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгсийг унш:

“Бид … ‘түүний цус … өөрсдийн талаарх Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан тэд, өөрөөр хэлбэл үл мэдэн нүгэл үйлдсэн тэдний нүглүүдийг цагаатгах болно’ хэмээн уншдаг (Moзая 3:11). Үүнтэй мөн ижил ‘Христийн цус [бяцхан хүүхдүүдийн] нүглүүдийг цагаатгасан бөлгөө’ (Moзая 3:16). Амилалт ба цэвэр болох Цагаатгалын хүчний эдгээр сургаал нь Бурхан зөвхөн сонгосон цөөн хүнээ аварна гэсэн үзлийг няцаадаг юм. Түүний ач ивээл бүх хүнд өгөгдсөн. Мормоны Номын эдгээр сургаал нь бүх хүнийг хайрладаг Бурханы хайр ба бүх хүнд зориулсан Түүний Цагаатгалын тухай бидний ойлголтыг нэмдэг” (“All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона 2006 оны 5-р сар, 77).

  • Бидэнд Цагаатгал хэрхэн үйлчилдэг талаар Moзая 3:12-оос бид ямар зарчмыг сурдаг вэ? (Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилснаар нүглээсээ аврагдах болно.)

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлаагүй хүмүүст юу тохиолдоно гэж энэ хэсэгт бичсэн бэ?

Moзая 3:19 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцлон хэл. Та мөн суралцагчдыг энэ эшлэлүүдийг дараа нь олоход хялбар болгохын тулд ялгаж тэмдэглэхэд нь дэмжиж болно. Moзая 3:19 дээр тэнгэр элчийн хэлсэн “эгэл хүн” гэснийг онцол. Энэ үгийг ойлгохын тулд судруудын удирдамжаас дараах тайлбарыг унш.

Эгэл хүн бол “Ариун Сүнсний удирдамжаар биш, харин маханбодын хүсэл эрмэлзэл хийгээд дур таашаал, мэдрэмжээр нөлөөлөгдөхөөр сонгодог хүн. Ийм хүн биеийн зүйлсийг ойлгох ч сүнсний зүйлүүдийг ойлгож чадахгүй. Бүх хүн Адам, Ева хоёрын уналтын улмаас шунаг сэтгэлтэй буюу мөнх бус болсон байна. Хүн болгон Есүс Христийн Цагаатгалаар дамжин, эгэл хүн байхаа больж, дахин төрөх ёстой” (Судруудын удирдамж, “Эгэл хүн,” scriptures.lds.org).

Дараах асуултуудыг самбар дээр бич. Moзая 3:19-ийг дор бүрнээ уншиж, асуултуудын хариултыг олохыг хүс.

Тэнгэр элч эгэл хүний Бурхантай харьцах харьцааг хэрхэн дүрсэлсэн байна вэ?

Бид эгэл хүний шинжээ хэрхэн орхиж болно гэж энэ хэсэгт бичсэн бэ?

Хүмүүн нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан “эгэл хүнээ” орхихоос ч илүү их зүйлийг хийж чадна гэдгийг онцлон хэл. Тэрээр “ариун хүмүүс болж чадна.” Биднийг нүглээс аврахаас гадна Аврагч биднийг өөрсдийнхөө хүчээр хийхээс илүү сайн хүмүүс болгон өөрчилдөг. Тэрээр биднийг Түүнтэй илүү адилхан болоход тусалдаг. Энэхүү сургаалыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг унш:

“Их Эзэний уул өөд авирч, Түүний ариун газарт зогсоход цэвэр гартай, ариун зүрхтэй байх шаардлагатай [Дуулал 24:3–4-ийг үзнэ үү].

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Аврагчийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүний чанараа гээж, нүглээ даван туулж мөн муу ёрын сүнсний нөлөөнөөс зайлсхийхэд бидний гар цэвэр болдог. Бид сайн зүйлс хийж, илүү сайн хүмүүс болохын тулд Түүний хүчийг хүлээн авах үед бидний зүрх сэтгэл ариусдаг. Бидний зохистой хүсэл ба сайн ажил үйлс бүхэн маань цэвэр гар, ариун зүрх сэтгэлийг өгч чаддаггүй. Харин Есүс Христийн Цагаатгал нь биднийг нүглээсээ уучлагдахад туслах ариусган аврах хүч ба дан ганц өөрсдийн хүчээрээ хүрч чадахааргүй сайн хүн болоход минь туслах ариусан хүчирхэгжих хүчийг хоёуланг нь өгдөг. Цагаатгалын хэмжээлшгүй хүч нь нүгэлтэн ч бай, гэгээнтэн ч бай бидний хүн нэг бүрд үйлчилдэг (“Clean Hands and a Pure Heart,” Ensign эсвэл Лиахона 2007 оны 11-р сар, 82).

Суралцагчдыг Moзая 3:19-өөс сурсан зүйлээ дүгнэхэд нь тусалж дараах асуултыг асуу:

  • Та нар Moзая 3:19-өөс сайн мэдээний ямар ямар үнэнүүдийг сурсан бэ?

Суралцагчид уг шүлгээс дараах сургаалуудыг дурдаж болох юм:

Эгэл хүн бол Бурханы дайсан.

Бид Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүнээ орхидог.

Христийн Цагаатгалаар дамжуулан бид эгэл хүмүүнээ орхиж, гэгээнтэн болж чадна.

Суралцагчдаас дараах асуултуудын нэгэнд хариулж, судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих юм уу, асуултуудыг бичсэн тараах материал бэлдэх эсвэл асуултуудыг удаанаар уншиж өгч, тэднийг судар судлах тэмдэглэлдээ бичих боломжийг олгож болно.)

  • Та “Ариун Сүнсний таталтад” бүрэн орохын тулд юу хийж болох вэ? Та үүнийг илүү сайн хийхийн тулд ирэх долоо хоногт юу хийх вэ?

  • Moзая 3:19-д таны хөгжүүлэх ёстой хүүхдийн ямар ямар шинж чанаруудыг бичсэн байна вэ? Тэдгээр шинж чанарыг хөгжүүлэхийн тулд та ирэх долоо хоногт юу хийх вэ?

Аврагчийн Цагаатгалд илүү их талархалтай байхад нь туслахын тулд Moзая 3:23–26-г тэдэнд уншиж өг. 26-р шүлэгт бичсэн “Бурханы хилэнгийн аяга” гэдэг үгс нь зориудаар нүгэл үйлдээд, наманчилдаггүй хүмүүсийн хожмын зовлон шаналлын тухай юм гэдгийг тэдэнд тайлбарла. Дараа нь Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг уншихыг тэднээс хүс. Суралцагчдаас 18-р шүлгээс аяга гэдэг үгийг сонсохыг хүс.

  • Биднийг “Бурханы хилэнгийн аяганаас” уулгахгүйн тулд Есүс Христ юу хийсэн бэ? (Тэрээр Өөрөө тэрхүү аяганаас хүртэж, бидний нүглийн шийтгэлийг Өөртөө авсан юм. Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилбал тэрхүү шийтгэлийг амсахгүй.)

Хичээл дээр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалцаж, энэхүү хичээлээ төгсгө.

Төгс эзэмших судар—Moзая 3:19

Суралцагчдыг Moзая 3:19-ийг чээжлэхэд нь туслахын тулд тэднийг хоёр хоёроор нь бүлэг болго. Тэднээс Moзая 3:19-ийг хамтрагчтайгаа хоёулаа нэг нэг үгээр нь ээлж дараалан чанга уншихыг хүс. Энэхүү дасгалыг хэд хэдэн удаа давтан хийхийг тэднээс хүс. Хэрэв та хүсвэл тэднийг нэг үгээр биш, хоёроос гурван үгээр ээлж дараалан уншуулж болно.

Энэхүү дасгалыг давтан хийх нь тэдэнд шүлгийн агуулгыг ойлгож, санахад нь хялбар байх болно. Мозая 3:19-ийг бүрэн чээжлэхийг тэдэнд уриал.

Тэмдэглэл: Энэ хичээлийн цагаас шалтгаалан та энэ үйл ажиллагааг өөрийн туршлагаас үзүүлж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 3:5–11 Есүс Христийн Цагаатгалын талаар суралцах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Ж.Скотт заахдаа: “Бид Есүс Христийн Цагаатгалын талаар чадлынхаа хэрээр ойлгохыг хичээх ёстой.

“Бидний хэн нь ч мөнх бус амьдралдаа Цагаатгалын бүхий л үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгож хэзээ ч чадахгүй.

“Бид бүгдээрээ Есүс Христийн Цагаатгалын ач холбогдлын талаарх ойлголтоо батжуулах зайлшгүй шаардлагатай. Ингэснээр энэхүү ойлголт нь бидний амьдралын үндэс суурь байх болно. Энэ дэлхий ёс суртахуунгүй, цэвэр ариун бус жишигтэй болох тусам Есүс Христийн Цагаатгалын тухай ойлголт ба итгэл нь бидний амжилттай амьдрах хүч чадлын үндэс болох болно. Энэ нь хэцүү бэрхшээлтэй үед итгэлийг, үймээн самуунтай цагт амар амгаланг бидэнд өгөх болно.

“Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн тэнгэрлэг дуудлагын төгс биелэлтийн юутай ч харьцуулшгүй, мөнхийн бөгөөд хэмжээлшгүй чанарын тухай бие даан судалж, илүү сайн ойлгож, үүнд талархахыг би та нарт чин сэтгэлээсээ уриалж байна. Судруудын тухай сайтар тунгаан бодож, эрж хайн, чин сэтгэлээсээ залбирах аваас Түүний үнэлж баршгүй Цагаатгалын талаарх ойлголт тань бэхжих болно. Есүс Христийн Цагаатгалын тухай ойлгох бас нэг сайн арга бол ариун сүмд тогтмол орох явдал юм” (“Тэр амьд! Түүний нэр алдаршиг!” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 84).

Moзая 3:19. Ариун ёслол ба гэгээнтэн болох нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ариун ёслол ба “Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болох” (Moзая 3:19) бидний хүч чармайлтын тухай ийн тайлбарласан:

“Ариун ёслолын цуглаан нь сүмийн бүх цуглаанаас хамгийн ариун, нандин нь юм. Аврагч амилсныхаа дараа нифайчуудын дунд ариун ёслолыг эхлүүлсэн билээ. Хэрэв бид Түүний шавь бөгөөд Түүний сүмийн итгэлтэй гишүүд байхыг хүсвэл ариун ёслолыг санаж, хүндэлж байх ёстой. Энэ нь бидэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Аврагчийг даган, наманчилж, Христийн Цагаатгалаар дамжуулан, гэгээнтэн болох хүслээ харуулах боломжийг олгодог (“Бид Есүс Христийг дагадаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 91).

Хэвлэх