Номын сан
67-р хичээл: Мозая 27


67-р хичээл

Moзая 27

Оршил

Залуу Алма ба хаан Мозаягийн хөвгүүд өөрсдийн эцгүүд болон Их Эзэний эсрэг босч, Бурханы сүмийг устгахаар эрэлхийлэв. Зөв шударга хүмүүсийн залбирлын хариуд тэдэн дээр тэнгэр элч ирж, нүглээ наманчлахад дуудсанаар тэдний оролдлого зогссон. Энэхүү гайхамшигт үйл явдлын үр дүнд тэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан дахин төрж мөн Зарахемлагийн нутаг даяар аялан, сайн мэдээг номлож, өөрсдийн учруулсан саад бэрхшээлийг зассан.

Заах зөвлөмж

Moзая 27:1–22

Тэнгэр элч Залуу Алма ба Мозаягийн хөвгүүдийг наманчлалд дууддаг

Moзая 27:1–7-г нэгтгэн дүгнэхдээ Зарахемлад олон үл итгэгч сүмд явдаг хүмүүсийг хавчин гадуурхаж эхэлсэн гэдгийг хэлж, энэхүү хичээлийн нөхцөл байдлыг тайлбарла. Хаан Мозая иймэрхүү үйлдлийг хориглосон тунхгийг хэвлэн гаргасны дараа ихэнх хүн үүнийг дагаж, амар амгалан дахин тогтов. Хэдий тийм боловч зарим хүн сүмийг устгахаар хичээсээр байлаа. Алмагийн хүү Алма, хаан Мозаягийн хүү Аммон, Аарон, Омнер ба Химнай тав бол тэдгээр хүмүүсийн нэг хэсэг байлаа. Алмагийн хүү Алмаг Залуу Алма гэж нэрлэдэг байв.

Нэг суралцагчийг Moзая 27:8–10-ыг чанга уншихад урь. Суралцагчдаас Залуу Алма ба Мозаягийн хөвгүүдийг дүрсэлсэн үгс ба хэсгийг олохыг хүс.

  • Алма болон Мозаягийн хөвгүүдийн тухай дүрсэлсэн ямар хэсэг нь та нарт хамгийн сонирхолтой санагдаж байна вэ? Яагаад? (Тэднийг хариулах үед тэдний хариултыг самбар дээр жагсаан бич. Самбар дээр хоёр дахь жагсаалтыг дараа бичих зай үлдээ.)

Дараах асуултуудыг дор бүрнээ тунгаан бодохыг суралцагчдаас хүс:

  • Хэрэв та нар энэ үед Зарахемлад амьдарч байсан бол Алма болон Мозаягийн хөвгүүдийн үйлдэлд хэрхэн хариулах байсан бэ?

Зураг
Conversion of Alma the Younger

Залуу Алмагийн хөрвөлтийн зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 77-р зураг). Энэхүү зураг дээр дүрсэлсэн үйл явдлыг Moзая 27:11–13-аас дор бүрнээ суралцагчдаас чимээгүй уншихад урь. Нэг суралцагчийг Moзая 27:14- ийг чанга уншихад урь. Тэнгэр элч Алма болон Мозаягийн хөвгүүд дээр ирсэн шалтгааныг олохыг тэднээс хүс.

  • Зовж шаналж байгаа нэгэндээ хэрхэн тусалж болох тухай энэ хэсэг юуг бидэнд зааж байна вэ? (Бусдын төлөө итгэлтэйгээр залбирах аваас Их Эзэн бидэнд хариулдаг гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг магадлаарай. Та энэ зарчмыг самбар дээр бичиж мөн суралцагчдыг судрууд дээрээ Moзая 27:14-ийн хажууд бичихийг санал болгож болно. Мөн энэхүү шүлгийн утга дүйх эшлэл Иаков 5:16-г нэмж бичихийг санал болго. Их Эзэн сүнслэгээр зовж шаналсан хүмүүсийн төлөөх бидний залбирлаас гадна бүх төрлийн хэрэгцээ ба сорилттой тулгарсан хүмүүсийн төлөөх бидний залбиралд мөн хариулдаг гэдгийг онцлон хэл.)

  • Хэн нэгэн хүний залбирлын ачаар та нарын амьдрал өөрчлөгдөж байсан уу?

  • Та нарын залбирал хэн нэгэн хүний амьдралыг өөрчилсөн гэдгийг та нар мэдэрч байсан уу?

Суралцагчдын бусдын төлөө үргэлжлүүлэн залбирч байхыг дэмж. Залуу Алма ба Мозаягийн хөвгүүдэд тохиолдсон явдал нь Их Эзэн бусдын төлөө залбирсан бидний залбиралд хариулдаг гэдгийн илрэл хэмээн гэрчил. Тэр бидний залбирсан хүмүүсийн сонгох чөлөөт эрхийг нь хаахгүй харин Тэрээр бидний залбирлыг сонсож, Өөрийн тогтоосон цагт, Өөрийн арга замаар хариулах болно.

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч Moзая 27:15–16-г чанга уншихад урь. Энэ нь Алма болон Мозаягийн хөвгүүдэд хэлсэн тэнгэр элчийн үгс гэдгийг тайлбарла. Тэнгэр элч “газрыг доргиход хүргэсэн аянгын дуу лугаа адил дуу хоолойгоор” ярьсан гэдгийг онцлон хэл (Moзая 27:11).

  • Тэнгэр элчийн хэлсэн ба хийсэн зүйлсээс юу нь та нарт гайхалтай санагдаж байна вэ? Яагаад энэ нь та нарт гайхалтай санагдаж байна вэ?

Тэнгэр элчийг захиасаа хэлсний дараа Алма амаа ч нээж чадахгүй, гараа ч хөдөлгөж чадахгүй болж , хүмүүсээр өргөгдөн эцгийнхээ өмнө хүргэгдсэн гэдгийг тайлбарлан, Moзая 27:19–22-ыг нэгтгэн дүгнэ (Moзая 27:19-ийг үзнэ үү). Алмагийн эцэг юу болсныг дуулаад “баясав, учир нь энэ бол Бурханы хүч байсныг тэрээр мэдэж байлаа” (Moзая 27:20). “Тэрээр хүүд нь, Их Эзэн юу хийснийг тэд гэрчилж болно хэмээн” олон хүмүүнийг цуглуулав (Moзая 27:21). Тэрээр мөн санваартнуудыг цуглуулж, тэд Алмаг хүч чадал олж, ярьж болохын тулд залбирч, мацаг барьсан (Moзая27:22-ыг үзнэ үү).

Moзая 27:23–31

Залуу Алма нүглээ наманчилж мөн дахин төрсөн

Алма ба Мозаягийн хөвгүүдийн тухай дүрслэн, самбар дээр бичсэн жагсаалт руугаа дахин оч. Уг жагсаалтыг Өмнө нь гэж нэрлэ. Самбарын нөгөө талд Дараа нь гэж бич. Суралцагчдыг Moзая 27:23–24, 28–29-ийг уншаад Алма хэрхэн өөрчлөгдсөн тухай дүрсэлсэн үгс ба хэсгийг олохыг урь. Цөөн хэдэн суралцагчдаар эдгээр үгс ба хэсгийг самбар дээр бичүүл.

  • Moзая 27:24 ба 28 дээр өгүүлсний дагуу Алма энэ өөрчлөлтөд хүргэх юуг хийсэн бэ? Их Эзэн юу хийсэн бэ? Бид өөрчлөгдөн мөн Аврагчийг дагахаар эрэлхийлэхдээ юу хийх ёстойгоо ойлгох нь яагаад чухал байдаг вэ? Их Эзэн бидний төлөө юу хийхийг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Өөрийгөө уучлагдах боломжгүй хэмээн боддог хүмүүст Алмад тохиолдсон зүйлийг судлах нь хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг Moзая 27:25–26-г чанга уншихад урь. Их Эзэний Алмад заасан сургаалыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. (Суралцагчид өөр өөрөөр тайлбарлаж болох ч тэд бидний хүн нэг бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан дахин төрөх ёстой гэдгийг ойлгосон байх ёстойг анхаараарай. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

Дахин төрнө гэдэг нь хилэнцийг үйлдэх хүсэлгүй харин Бурханы зүйлсийг эрэлхийлэх хүсэлтэй болж, Их Эзэний Сүнсээр зүрх сэтгэлдээ хүчтэй өөрчлөлтийг хийнэ гэсэн үг гэдгийг тэдэнд тайлбарла (Moзая 5:2-ыг үзнэ үү).

Та тэдэнд зүрх сэтгэлийн хүчтэй өөрчлөлт Алма болон Мозаягийн хөвгүүдэд тэр даруй ирсэн боловч энэ нь бидэнд Цагаатгалаар дамжин, илүү удаан хугацаанд ирдэг гэдгийг тайлбарлаж болно. Энэ нь нэг тохиолдлоор биш харин урт хугацааны үйл явцаар ирдэг. Энэхүү сургаалыг ойлгоход нь тэдэнд туслахын тулд нэг суралцагчаар ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг уншуул.

“Бид Бурхантай илүү адил болохыг эрэлхийлэхдээ сэтгэлээр унаж, итгэл найдвараа алдахгүйн тулд болгоомжтой байх ёстой. Христийнхтэй адил болох нь насан туршийн зорилго бөгөөд өсөлт хөгжил, өөрчлөлт нь удаан явагдаж, бараг боломжгүй юм шиг санагддаг. Судруудад амьдрал нь маш хурдан тэр чигээрээ өөрчлөгдсөн хүмүүсийн тухай гайхалтай түүхүүд байдаг. Жишээлбэл: Залуу Алма, Дамаск орох замд Паул, шөнөжин залбирсан Инос, Лемонай хаан. Нүгэлд автсан байсан хүмүүсийн өөрчлөлтийн тухай эдгээр гайхамшигт жишээ нь Цагаатгал бүр найдваргүй хүмүүст ч хүрдэг гэдгийг харуулдаг.

“Гэвч бид эдгээр гайхамшигт жишээг ярилцахдаа анхааралтай байх ёстой. Эдгээр нь үнэн бодит, маш хүчтэй жишээ мөн боловч маш ховор тохиолддог юм. Паул болгоны, Инос болгоны, Лемонай хаан болгоны хувьд наманчлалын энэхүү үйл явц нь удаан, анзаарагдамгүй явагддаг олон зуу, мянган хүн байдаг. Тэд бурханлаг амьдралыг цогцлуулж байгаагаа бараг анзааралгүйгээр өдөр өдрөөр Их Эзэн рүү ойртсоор байдаг. Тэд сайн сайхан, үйлчлэлээр дүүрэн болон амлалтын чимээгүйхэн амьдралаар амьдарцгаадаг билээ (“A Mighty Change of Heart” Ensign 1989 оны 10-р сар, 5).

Суралцагчид энэ хэлсэн үгнээс сурсан зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултуудаас нэгийг судар судлах тэмдэглэлдээ хариулан бичих цөөн минутыг өг. (Та эдгээр асуултыг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичих юм уу, асуултуудыг бичсэн тараах материал бэлдэж эсвэл асуултуудыг тэдэнд удаанаар уншиж өгч, тэднийг судар судлах тэмдэглэл дээрээ бичих боломжийг олгож болох юм.)

  • Та нүглээ наманчилж мөн Аврагчийг дагахын тулд чадах бүхнээ хийснээр Цагаатгалаар дамжуулан хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Та Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөж, Их Эзэн рүү ирэхийн тулд ямар зүйлийг хийж чадах вэ?

Цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлсээ хуваалцахыг мөн нүглээ наманчлан, Есүс Христ ба Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлснээр ирэх өөрчлөлтийн тухай ярихыг урь. (Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул. Тэд өнгөрсөн үед хийж байсан нүглүүдийнхээ талаар ярихгүй байх ёстойг анхаар.)

Moзая 27:32–37

Залуу Алма ба Мозаягийн хөвгүүд нутаг даяараа аялж, өөрсдийн хийсэн муу зүйлийг залруулан, Сүмийг хүчирхэгжүүлэхийг хичээж байлаа

Жинхэнэ наманчлал гэдэг нь зөвхөн буруу зүйлийг хийхээ зогсоох шийдвэр биш харин зүрх сэтгэлийн өөрчлөлт юм гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Moзая 27:32–37-г чанга уншихыг урь. Ангийнхнаас Алма болон Мозаягийн хөвгүүд хийж байсан буруу зүйлээ зогсоохоос гадна юу хийсэн болохыг асуу.

  • Алма болон Мозаягийн хөвгүүд үнэхээр өөрчлөгдсөн гэдгийг харуулах ямар жишээг та нар харж байна вэ?

  • Бид тэдний жишээнээс юу сурч болох вэ?

Суралцагчид дараах маягаар хариулж болно:

Их Эзэн ба Түүний сургаалын эсрэг тэмцсэн хүмүүс ч уучлагдах боломжтой.

Үнэн сэтгэлээсээ наманчлахын тулд тухайн хүн өөрийн хийсэн буруу зүйлийг залруулахын тулд боломжтой бүхнээ хийх ёстой. (Та тэдэнд бид заримдаа нөхөн төлөлт гэдэг үгийг хийсэн буруу зүйлээ залруулах мөн ухаалаг бус сонголтуудаа засах гэдэг утгаар хэрэглэдэг гэдгийг тайлбарлаж болно.)

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, бид зөв шударга болж чадна.

Алма ба Мозаягийн хөвгүүдэд тохиолдсон явдал нь биднийг өөрчлөх Есүс Христийн Цагаатгалын хүчийн жишээ гэдгийг гэрчлэн, хичээлээ өндөрлө. Эдгээр залуу эрэгтэйн адилаар, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж мөн Түүнийг дагахыг эрэлхийлдэг бүх хүнийг Аврагч уучлахыг хүсдэг гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 27:25. Дахин төрөх нь

Дахин төрөх үйл явцын тухай Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан байдаг:

“Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилж мөн санваарын эрх мэдлээр нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмыг хүртсэнээр дахин төрөх үйл явцыг эхэлдэг.

“… Бид баптисмын уснаас гарч ирсний дараа бидний бодгаль Аврагчийн сайн мэдээний үнэн ба гэрэлд үргэлжлүүлэн умбан, ариусгагдах шаардлагатай байдаг. Христийн сургаалд хайнга хандаж, Түүний сэргээгдсэн Сүмд дутуу дулимаг оролцох нь бидэнд шинэ амьдралаар алхах сүнслэг өөрчлөлтөд хүргэж чадахгүй. Харин гэрээнүүд болон амлалтдаа үнэнч байж, бодгалиа тэр чигээр нь Бурханд зориулах нь бид мөнхийн адислалуудыг хүлээн авах эсэхийг шийддэг.

Аврагчийн сайн мэдээнд бүрэн дүүрэн умбан ариусах нь дахин төрөх үйл явцын зайлшгүй чухал алхмууд юм (“Ye Must Be Born Again” Ensign эсвэл Лиахона 2007 оны 5-р сар, 21).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Мкконки мөн тайлбарлахдаа:

“Бид шударга бус байдлаа гээж, Сүнсний зүйлсийн дагуу амьдарснаар дахин төрдөг юм. Гэвч энэ нь тэр дороо, гэнэт болдоггүй. Энэ … бол үйл явц юм. Сударт бичсэн зарим нэг маш онцгой гайхамшгуудаас бусад тохиолдолд дахин төрөх нь удаан хугацаанд хийгддэг. Одоогийн байдлаар Сүмийн ихэнх гишүүний хувьд бид шат шатаар дахин төрж байна. Бид гэрлээ, мэдлэгээ мөн зарлигуудыг дагах зөв шударга хүслээ нэмэгдүүлэн, дахин төрдөг.

Сүмийн гишүүдийн хувьд хэрэв бид мөнх амьдрал руу хөтлөх замаа тодорхойлбол; хэрэв бид сүнслэгээр дахин төрөх үйл явцаа эхлэн мөн зөв замаар явбал; хэрэв бид бодгалиа ариусгах замаа тодорхойлон мөн бага багаар тэрхүү зам руу эргэвэл; хэрэв бид төгс төгөлдөр болох замаа тодорхойлон мөн алхам алхмаар, шат шатаар дэлхийн зүйлсийг даван туулж өөрсдийн бодгалиа төгөлдөржүүлэх аваас бид мөнх амьдралыг гарцаагүй, ямар ч асуултгүйгээр хүлээн авах нь баттай юм. Хэдийгээр бидний өмнө сүнслэг дахин төрөлт, төгс төгөлдөржилт түүнчлэн бүрэн ариусгал байгаа хэдий ч хэрэв бид замаа тодорхойлж, түүнийгээ өөрсдийн бүх хүчээр амьдралдаа дагаж чадвал энэ амьдралын дараа ч гэсэн бид яг л тэр замаараа үргэлжлүүлэн явах болно (“Jesus Christ and Him Crucified” Бригам Янгийн Их Сургууль 1976 хэлсэн үгс, 1976 оны 9-р сарын 5, 5–6, speeches.byu.edu).

Хэвлэх