Номын сан
68-р хичээл: Мозая 28–29


68-р хичээл

Moзая 28–29

Оршил

Мозаягийн хөвгүүд хөрвөгдсөнийхөө дараа леменчүүдэд сайн мэдээг номлохыг маш ихээр хүссэн. Мозая Их Эзэнээс асуун, хөвгүүд нь амжилттай байж, хамгаалуулах болно гэдэг баталгааг хүлээн авсныхаа дараа тэднийг явахыг зөвшөөрсөн юм. Энэ үед Мозая өөрт нь хадгалуулсан ариун нандин ялтсууд дээр ажиллаж байлаа. Тэрээр жаредчуудын ялтсуудыг орчуулаад дараа нь бүх ялтсыг Залуу Алмад өгдөг. Түүний хөвгүүд хаан болохоос татгалзсан учир тэрээр уг нутагт засаглах шинэ загвар болох шүүгчдийн системийг үүсгэн байгуулдаг.

Заах зөвлөмж

Moзая 28:1–9

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд номлохыг хүсдэг

Хичээл эхлэхээс өмнө дараах үгсийг самбар дээр бич:

  1. Би бусдыг мөнхөд аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

  2. Би бусдад туслахын тулд золиослол хийх хүсэлтэй байдаг.

  3. Би сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсдэг.

Хичээлээ эхлэхдээ суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрүүдийг уншаад өөрсдөдөө дор бүрдээ дүгнэлт хийхийг хүс. Тэднийг 1-10 хүртэл оноогоор өөрсдийгөө дүгнэхийг урь. 1 гэсэн оноо нь тэднийг сайнаар харуулахгүй байгааг харин 10 гэсэн оноо нь тэднийг сайнаар дүрсэлж байгаа гэсэн үг.

Суралцагчдаас Moзая 27:8–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь.

  • Энэ үед Алма ба Мозаягийн хөвгүүд өөрсдийгөө ямар оноогоор дүгнэх байсан бэ?

Нэг суралцагчаас Moзая 28:1–4-ийг чанга уншихыг хүс.

  • Мозаягийн хөвгүүд хөрвөгдсөнийхөө дараа өөрсдөдөө ямар оноо өгөх байсан бэ? Moзая 28:1–4-ийн аль хэсэгт тэд хэр их өөрчлөгдсөн тухай дүрсэлсэн байна вэ?

  • Мозаягийн хөвгүүдийн хүсэл яагаад өөрчлөгдсөн бэ? (Тэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, бүх гэм нүглээ наманчилж мөн хөрвөгдсөн; Moзая 27:34–36-г үзнэ үү. Их Эзэний Сүнс тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай Moзая 28:4-өөс уншихыг та тэдэнд санал болгож болно.)

  • Түүхийн тухайн үеийн леменчүүдийн талаар сурч мэдсэн зүйлээсээ харахад номлогчид өөрсдөө ямар бэрхшээлүүдтэй тулгарч болох вэ?

  • Moзая 28:2-т өгүүлсний дагуу Мозаягийн хөвгүүд номлол нь леменчүүдийн амьдралыг өөрчилж чадна гэсэн ямар өөрчлөлтөд итгэсэн бэ?

  • Мозаягийн хөвгүүдийн хөрвөлт нь сайн мэдээг хуваалцах тэдний хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Бид энэ туршлагаас ямар зарчим сурч болох вэ? (Самбар дээр дараах зарчмыг бичиж, суралцагчдын хариултыг нэгтгэн дүгнэ: Бидний хувийн хөрвөлт сайн байх тусам сайн мэдээг хуваалцах бидний хүсэл нэмэгддэг.)

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихыг суралцагчдаас хүс. Та түүний хэлсэн энэ үгийг суралцагчид судар дээрээ Moзая 28:1–4-ийн дэргэд бичихэд нь дэмжиж болно.

“Сайн мэдээг хуваалцах хүсэл нь бидний хувийн хөрвөлтийн хэр хэмжээг харуулдаг үзүүлэлт юм” (“Sharing the Gospel,” Ensign, 2001 оны 11-р сар, 7).

Суралцагчдаас Их Эзэнтэй илүү ойртох тусмаа тэд хэрхэн сайн мэдээг бусадтай хуваалцах илүү их хүсэлтэй болсон талаараа тунгаан бодоход урь.

  • Сайн мэдээг бусадтай хуваалцах хүслийг амьдралд тань тохиолдсон ямар туршлагууд өдөөсөн бэ?

Суралцагчдаас тэдний таньдаг Сүмийн гишүүн залуу эрэгтэй номлолд үйлчлэхийг нэг их хүсдэггүй хэмээн төсөөлөн бодохыг хүс.

  • Энэ залуу эрэгтэй сайн мэдээг хуваалцах илүү их хүсэлтэй болохын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдыг санал бодлоо хуваалцах үед та тэднээс Есүс Христийн сайн мэдээнд илүү сайн хөрвөхөд өөрт нь юу нөлөөлсөн мөн тэрхүү нөлөөлсөн хүчин зүйлийн талаар номлолд үйлчлэхийг нэг их хүсдэггүй нөгөө залуу эрэгтэйд хэрхэн санал болгох талаар бодоход урь. Гүнзгий сайн хөрвөлт нь сайн мэдээг бусадтай хуваалцах илүү их хүсэлтэй болгодог гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.

Та сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэлтэй болсноо тэдэнтэй хуваалцаж болно. Ингэхдээ бид Их Эзэн рүү ойртож, Түүний Сүнсийг мэдрэх үед сайн мэдээг бусадтай хуваалцах илүү их хүсэлтэй болдог гэдгийг та гэрчилж болно.

Суралцагчдаас Moзая 28:5–8-ыг уншаад Мозая яагаад ийм аюултай номлолд хөвгүүдээ явахыг зөвшөөрсөн болохыг олж мэдэхийг хүс.

  • Мозаягийн залбирлын хариуд Их Эзэн Мозаягийн хөвгүүдэд ямар адислалууд амласан бэ?

Moзая 28:10–20

Мозая жаредчуудын ялтсуудыг орчуулж мөн гуулин ялтсуудыг Алмад шилжүүлсэн

Самбар дээр дараах зүйлсийг зур:

Зураг
алтан ялтсууд ба титэм

Титмийн зургийг зааж, суралцагчдаар Moзая 28:10-ыг уншуул. Хөвгүүд нь номлолд явсны дараа хаанд тулгарсан асуудлын талаар олж уншихыг тэднээс хүс. (Түүнд хаан ширээг нь залгамжлах хүн хэрэгтэй байв.)

Мозая өндөр настай болж, хаан Лимхай эцэгт нь, харин эцэг нь өөрт нь хадгалуулахаар өгсөн ариун нандин бичвэрүүдэд анхаарлаа хандуулж байсан гэдгийг тайлбарлаж, Moзая 28:11–19-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр үзмэрч байсан тул Зарахемла нутгийг олуулахаар хаан Лимхайн илгээсэн бүлэг хүмүүсийн олсон жаредчуудын ялтсуудыг орчуулсан (Moзая 8:7–9-ийг үзнэ үү). Самбар дээр зурсан алтан ялтсуудад суралцагчдын анхаарлыг хандуул.

Мозая хаант улсдаа удирдагчийг томилохоос гадна уг ялтсуудыг хадгалах хүнийг сонгох хэрэгтэй байлаа. Суралцагчдаас Moзая 28:20-ийг дор бүрнээ чимээгүй уншихыг хүс.

  • Ариун ялтсуудыг хэн хүлээн авсан бэ?

  • Энэ ялтсуудыг хадгалуулахаар Алмаг сонгосон нь яагаад сайн сонголт байсан бэ?

Moзая 29

Хүмүүс Мозаягийн зөвлөгөөг даган, төр засагтаа шүүгчдийн системийг бий болгов

Хаан эсвэл хатан болохыг хүсч байгаа суралцагчдыг гараа өргөхийг хүс. Гараа өргөсөн суралцагчдаас нэгийг нь титэм зурсан самбарын өмнө гарч ирэхийг хүс (эсвэл цаасан дээр зурсан титмийг түүний толгой дээр тавь). Хаан эсвэл хатан болоход ямар ашигтай болох талаар яриул.

Нэг суралцагчаас Moзая 29:1–3-ыг чанга уншихыг хүс.

  • Хүмүүс хэнийг хаанаа болгохыг хүссэн бэ?

  • Леменчүүдэд номлохын тулд Мозаягийн хөвгүүд юунаас татгалзсан бэ?

  • Өнөө үед залуу эрэгтэй, эмэгтэйчүүд номлолд үйлчлэхийн тулд ямар боломжуудаа золиосолж эсвэл хойшлуулж байгаа вэ?

Шинэ хаан сонгосноор хагарал бутрал, магадгүй бүр дайн тулаан ч гарч болзошгүй хэмээн хаан Мозая санаа зовж байсан гэдгийг тайлбарлан, Moзая 29:4–10-ыг нэгтгэн дүгнэ. Тэр мөн хэрэв шударга бус хаан эрх мэдлийг авбал гарч ирж болзошгүй асуудлуудын талаар дурдсан. Суралцагчдаар Moзая 29:16–18-ыг уншуулж, тэдгээр асуудлыг олуул.

Хаан Мозая нифайчуудыг цаашид хаанаар удирдуулахгүй байхыг санал болгосон. Харин хааны оронд ард түмнээс сонгосон шүүгчдээр удирдуулах шүүгчдийн засаглалыг санал болгосон.

Суралцагчдаас Moзая 29:11, 25-ыг дор бүрнээ чимээгүй уншаад шүүгчид нь хүмүүсийг хэрхэн шүүх ёстой байсан талаар хайхыг хүс. (“Бурханы зарлигуудын дагуу” мөн “эцэг өвгөдөөр маань бидэнд өгөгдсөн хуулиудын дагуу.”)

Самбар дээр Moзая 29:26–27, 30, 33–34, 37–38-ыг бич. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болго. Эдгээр шүлгээс хаан Мозаягийн санал болгосон засгийн газарт хүмүүсийн хүлээх үүрэг хариуцлагын талаар олж мэдэхийг хүс. Дараа нь хамтрагч бүрээр дараах асуултуудын талаар ярилцуул. (Та асуултуудыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон өгч болно.)

  • Хүмүүсийн саналын дагуу шийдвэр гаргах нь ямар ашиг тустай гэж хаан Мозая хэлсэн бэ? (Тэрээр хүмүүс “зөв зүйлийн эсрэгийг” хүсэх нь нийтлэг биш байдаг хэмээн хэлсэн. Тэрээр мөн бүх иргэд нь засаг төрийнхөө ачааг үүрэлцэж, “ижил эрхтэй” байх хэрэгтэй гэдэг талаар ярьсан.”)

  • Хүмүүс алдсыг сонговол ямар үр дагаварт хүрэх вэ? (Бурханы шүүлт тэдэнд ирж, тэд устгагдах болно.)

  • Moзая 29:34 дээр “хүн бүр өөрийн хувийг үүрч болохын тулд” хэмээн бичсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Энэ хэсэг нь иргэд орон нутгийнхаа болон үндэснийхээ засаг төрд оролцох үүрэг хариуцлагын талаар юуг илэрхийлж байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвеллийн хэлсэн дараах үгийг унш:

“Соёлын доройтолд удирдагчид ба дагалдагчид хоёулаа хариуцлага хүлээдэг. … Муу удирдагчийг шүүмжлэх амархан ч дагалдагчдыг шүүмжлэхгүй орхих нь бас буруу юм” (“Repent of [Our] Selfishness” Ensign, 1999 оны 5-р сар, 24).

  • Удирдагчид болон дагалдагчид хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг байх нь яагаад чухал вэ?

  • Та нар зөв шударга хууль болон удирдагчдаа дэмжихийн тулд юу хийж чадах вэ? (Та тэдэнд Итгэлийн Тунхаг 1:12-ыг уншихыг санал болгож болно.)

Хэдийгээр бүх улс оронд өөрсдийн удирдагчдыг сонгох эрх байдаггүй ч тэд хаана ч амьдардаг байлаа гэсэн Их Эзэнд найддаг хүмүүст Тэрээр үргэлж туслах болно гэдгийг хэл.

Нэг суралцагчийг Moзая 29:41–43-ыг чанга уншихад урь.

  • Ард түмэн хэнийг анхны тэргүүн ерөнхий шүүгчээр сонгосон бэ? Тэр зөв шударга удирдагчийн жишгээр амьдарсан уу? Түүний удирдлагын үр дүн нь ямар байсан бэ?

Суралцагчдаас Moзая 29-өөс сурсан зүйлээ өөрийн үгээр хуваалцахыг хүс. Тэд дараах үнэнүүдийг олж болох юм:

Шударга бус удирдагч нь маргаан ба нүглийг авчирдаг.

Олон хүн буруу зүйлийг сонгох нь тун ховор тохиолддог.

Хэрэв хүмүүс ёс бусыг сонговол Бурханы шүүлт тэдний дээр ирэх болно.

Хүн бүр зөв шударга хууль болон зөв шударга удирдагчдаа дэмжих үүрэгтэй.

Өнөөдрийн хичээл дээр заасан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Мозаягийн номын дүгнэлт

Суралцагчдад Мозаягийн номыг тоймлон дүгнэх цаг гарга. Тэднээс энэхүү номыг семинар дээр болон бие даан судлах явцдаа юу сурсныг асуу. Шаардлагатай бол тэднийг номоо гүйлгэн харж, эргэн санахад нь тусал. Тэдэнд эргэн санах хангалттай хугацаа олгосны дараа хэд хэдэн суралцагчаас энэ номын юу нь хамгийн гайхалтай санагдсаныг асуу.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Moзая 28:3. Сайн мэдээг хуваалцах хүсэл

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард гишүүд сайн мэдээг хуваалцах нэгэн үр дүнтэй аргыг санал болгосон.

“Гишүүн номлолын ажлыг үр дүнтэй хийхэд итгэлээр ажиллах нь хамгийн чухал байдаг. Их Эзэн болон Түүний амлалтад итгэх итгэлээ үзүүлэх нэг арга бол номлогчидтой бэлтгэгдсэн хүнийг уулзуулах өдрийг товлох юм. Би энэхүү энгийн аргаар итгэлээ хөгжүүлсэн зуу зуун гишүүний захидлыг хүлээн авч байсан. Тэдгээр гэр бүлүүд хэнд сайн мэдээгээ хуваалцах вэ гэдгээ сайн мэдэхгүй байсан ч өдөр товлож, залбирч, дараа нь олон хүмүүстэй ярилцсан байна. Их Эзэн бол Сайн Хоньчин бөгөөд Түүний үгсийг сонсоход бэлтгэгдсэн хонинуудаа мэддэг юм. Бид сайн мэдээг хуваалцахдаа Түүний тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх аваас Тэрээр биднийг удирдан чиглүүлэх болно” (“Creating a Gospel-Sharing Home” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 86).

Moзая 29:41–44. Шүүгчдийн засаглал

Засгийн газарт хаан Мозаягийн тогтоосон өөрчлөлт нь маш онцгой байсан тул тэр цагаас хойш Есүсийн төрөлт хүртэл (3 Нифай 2:8-ыг үзнэ үү) нифайчууд өөрсдийн цаг хугацааг шүүгчийн засаглалын эхлэлтэй холбон тоолдог байлаа. Өмнө нь нифайчууд цаг хугацаагаа Лихай Иерусалимыг орхисон үеэс тоолдог байв.

Хэвлэх